Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/00029

 

Н.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

    Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2017/00837 дугаар шийдвэр,

  Орхон аймгийн  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 154 дүгээр магадлалтай,

           Нэхэмжлэгч: Н.А

           Хариуцагч: “А” ХХК

           Хариуцагч: Онарт холбогдох

           Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

           Нэхэмжлэгч Н.Аийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

           Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

       Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.А миний бие эхнэр 2 хүүхдийн хамт Уртын гол багийн 8-52 тоот хашаа байшинд 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа болно. 2015 онд Хаан банкнаас 10.000.000 төгрөгийн хэрэглээний зээл авсан бөгөөд сар бүр төлж байгаад 2016 оны эхээр зээлээ төлөхөд хүндрэл гарч төлөлтөө сүүлдээ төлж барагдуулах боломжгүй байдал үүсэж Хаан банк шүүхэд хандсан болно. 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 726 дугаартай шүүгчийн захирамжаар 8 835 650 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэн юм. Тэгээд шүүхийн гүйцэтгэх хуудсын дагуу шийдвэр гүйцэтгэлийн газраас гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байна. Үнэлгээчнээр А ХХК-ийг томилоод одоогоор манай хашаа байшинг маш бага үнээр үнэлгээ гаргасан байх тул үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. А ХХК-ийн үнэлгээ 20 303 600 төгрөгөөр тогтоогдсон байх ба би хашаа байшингаа 25 000 000 төгрөгөөр үнэлүүлэх хүсэлтэй байна. Үүнээс ч өндөр үнэлгээтэй манай урд талын хашаа байшин зарагдсан байдаг. Манай урд талын гудамжинд байдаг айл 28 000 000 төгрөгөөр хашаа байшингаа борлуулсан байхад, үнэлгээний газраас тэр хавийн айлын зарагдсан зах зээлийн ханшийг судлахгүйгээр өөр газар буюу Рашаант багийн үнэлгээг харьцуулж, судалж үнэлгээ гаргасан байна. Уртын голд байрладаг хашаа байшин нь Рашаант багт байрлах хашаа байшингийн зах зээлийн үнэлгээнээс илүү өндөр үнэтэй зарагддаг юм. Гэтэл ийм маягаар харьцуулж үнэлгээ гаргаж байгаа нь үнэлгээ нь бодит байдалд нийцээгүй, шударга бус үнэлгээ гаргасан гэж үзэж байна. Иймд А ХХК-ийн гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

        Хариуцагч Ошүүхэд гаргасан хариу тайлбартаа: Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 726 дугаар шүүгчийн захирамжаар Л.Оюунтунгалаг, Н.А нараас 9.018.245 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 159.402 төгрөгийг тус тус гаргуулж Хаан банкны Орхон аймаг дахь салбарт олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр авагч Хаан банкнаас төлбөрийн үлдэгдэл 8.835.650 төгрөгийг албадан гаргуулахаар тус албатай зардал урамшууллын гэрээ байгуулан 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Тус албанаас төлбөр төлөгч нарт төлбөрийг сайн дураар төлөх 5 сарын хугацаа өгсөн боловч төлбөрийг сайн дураар төлөөгүй төлбөрийг төлөөгүй тул шийдвэр гүйцэтгэгч Л.Ганбат нь 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 16-53-04 тоот битүүмжлэх актаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын голын Баянзамын 8-14 тоот хашаа, байшинг битүүмжилсэн. Төлбөр төлөгч нар нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хашаа, байшингаа үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдуул нүүн гарч очих газаргүй байгаа тул хавар хүртэл төлбөрийг сайн дураар төлөх хугацаа өгөхийг хүссэн хүсэлтийн дагуу тэдний амьдралын аргагүй байдлыг харгалзан, 2 наснаас 10 насны 2 хүүхэдтэй, тус албанаас дахин төлбөр төлөх боломжит хугацааг олгосон. Тус албанаас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хашаа, байшинг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 17-53-01 тоот хураах актаар хураан авч үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээчээр хөндлөнгийн А ХХК-ийг томилж үнэлгээ хийлгэсэн ба үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хашаа, байшинг 20.303.600 төгрөгөөр үнэлсэн. Шинжээчийн үнэлсэн үнэлгээг төлбөр төлөгч нарт 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 17-53-01 тоот мэдэгдлээр мэдэгдсэн. Иймд төлбөр төлөгч нар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж хугацаа авах зорилгоор үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж байх тул Н.А, Л.Оюунтунгалаг нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2017/00837 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д заасныг баримтлан А ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №ТХҮ-217-24 тоот үнэлгээг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д заасныг баримтлан 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2368 дугаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Хаан банкны нэхэмжлэлтэй Н.А, Л.Оюунтунгалаг нарт холбогдох 726 дугаар шүүгчийн захирамжтай хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж шийдвэрлэсэн байна.

        Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр  сарын 05-ны өдрийн 154 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2017/00837 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтанд “ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д…” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

        Нэхэмжлэгч Н.А хяналтын гомдолдоо: “...172.2.2 “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн тухайд: Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг буюу “Үнэлгээ гаргасан хариуцагч “А” ХХК-иас нэхэмжлэлтэй холбоотой хариу тайлбарыг шүүхээс тогтоосон хугацаанд ирүүлээгүй, түүнчлэн шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүхэд ирж тайлбар өгөөгүй нь нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл боллоо” гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т заасантай нийцсэн байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн байна. Учир нь энэ маргаан нь хоёр хариуцагчтай бөгөөд Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байхад Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцсэн байна гэж үндэслэчхээд ямар нотлох баримтыг үнэлсэн нь тодорхойгүйгээр хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийлгүй орхигдуулж зөвхөн хариуцагч “А” ХХК-ийн эс үйлдэхүйг үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас” нь үнэлж шийдвэрлээгүйг харуулж байна. Иймд ...магадлалд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул зохих хууль зүйн дүгнэлтийг хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т зааснаар өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

       Н.А 2017-05-03-ны өдөр А ХХК, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, үнэлгээ болон тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага тавьсан байна.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Н.А хоёр хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх нэг хариуцагч буюу Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд  холбогдох шаардлагыг шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-г зөрчсөн байна.

      Түүнчлэн, нэхэмжлэгч нь Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд  холбогдуулан “...тогтоол хүчингүй болгох...” шаардлага гаргасан боловч хариуцагч байгууллагын ямар ажиллагаанд холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхой бус байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь буруу болжээ.  

      Хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх, улмаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2017/00837 дугаар шийдвэр, Орхон аймгийн  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 154 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг Н.Ат захирамжаар буцааж олгосугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ