Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 212/МА2025/00020

 

 

Б.П-ын хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 302/ШШ2025/00103 дугаар шийдвэртэй,  *************** багт оршин суух хаягтай Ш овогт Б.П-ын хүсэлттэй, 

 

“Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 4 дүгээр багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байснаа тус тус тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, хүсэлт гаргагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлтийн агуулга: 

1.1. Хүсэлт гаргагч Б.П- нь Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 4 дүгээр багт оршин суудаг ба тэрээр нэгдлийн үеэс эхлэн малчин байсан бөгөөд насаараа мал маллаж байгаа малчин хүн. Тэрээр өндөр насны тэтгэвэрт гарах нас нь болж байгаа учир малчны журмаар өндөр насны тэтгэвэрт гарахаар материал бүрдүүлж байгаа. Гэтэл тус аймгийн Сагсай сумын мал тооллогын 1995-1999 оны мал тооллогын баримтыг архивд шилжүүлээгүйн улмаас тухайн хугацаандаа мал маллаж малчин байсан нь тогтоогдохгүй байна. Түүнээс болж тухайн хугацаандаа мал маллаж, малчин байснаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан.

1.2. Түүний малчнаар ажилласан нийт 20 жилийн хугацаа болж байна. Шүүхэд хүсэлт гаргагчийн Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 4 дүгээр багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал мал маллаж, малчин байсныг тогтоолгохоор хүсэлт гаргасан. 1996 онд төрсөн охин А-ны ХААТР маягтад Б.П-ыг Ардын аж ахуйд, мөн 1998, 2000 оны мал тооллогын А карт мөн гарч ирсэн. 2000 оны А картын хавсралтад 1999 оны тоолуулсан малын бүртгэл байна. Мөн шүүхэд түүний малчин мэргэжлийн үнэлэх зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Иймд шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 302/ШШ2025/00103 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ш овогт Б.П-ын Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 4 дүгээр багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоож, хүсэлтийн шаардлагаас нь үлдсэн буюу тус багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

 

3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

3.1. Анхан шатны шүүх хүсэлт гаргагч Б.П-ын Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 4 дүгээр багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон явдалд гомдолтой байна.

3.2. Малчин Б.П- нь Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 4 дүгээр багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсан нь Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Архивын тасгаас олгосон малчин Б.П-ын мал тооллогын А картуудын хуулбарууд, нийгмийн даатгалын дэвтэр, малчин мэргэжлийн үнэмлэх, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.08.01-ний өдрийн 130/ШШ2024/00693, 2024.12.13-ны өдрийн 130/ШШ2024/00994 дугаартай шийдвэрүүд, гэрлэлтийн баталгаа 1996 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн Ай-ийн ХААТР маягтад оршин суугаа газар: Сагсай сумын 4-р багт, эцгийн эрхэлдэг ажил "Ардын аж ахуйтан” гэсэн бичилтүүдээр тус тус нотлогдож байна.

3.3. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 130/ШШ2025/00103 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, хүсэлт гаргагч Б.П-ын Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 4 дүгээр багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг ханган өгч шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж өгөхийг хүсье гэв.

 

ХЯНАВАЛ:

4. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн анхан шатны шүүхийн онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх бүхэлд нь хянав.

 

5. Анхан шатны шүүх Б.П-ын хүсэлттэй, малчин байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

6. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг ойлгоно.

 

7. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа “Баян-Өлгий аймгийн  Сагсай сумын 4 дүгээр багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин байсныг тогтоолгох тухай” гэж тодорхойлж, анхан шатны шүүхээс Ш овогт Б.П-ын Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 4 дүгээр багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин байсныг тогтоож, хүсэлтийн шаардлагаас үлдсэн хэсэг болох 1996 онд бүтэн жилийн байдлаар малчнаар ажиллаж байсан тухай хүсэлтийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

8. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Б.П-ын малчнаар ажиллаж байсан талаар дараах нотлох баримтууд цугларчээ. Тухайлбал:

- Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2024/00693 дугаартай шийдвэрээр хүсэлт гаргагч Б.П-ын Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Енбекши ауыл нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, тус нэгдэлд 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байсан,

- Мөн шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн 130/ШШ2024/00994 дугаартай шийдвэрээр түүний Хилийн цэргийн 0119 дүгээр ангид 1986 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан болохыг тогтоосон,

- НДД№********* дугаартай Нийгмийн даатгалын дэвтрээр 2020 онд, 2021 оны 4-9 дүгээр сар хүртэл, 2022 оны 3 дугаар сараас 2024 оны 12 дугаар сар дуустал хугацаанд сайн дурын Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна. Мөн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр олгосон №******** дугаартай Баталгаажилтын хуудсаар 2017 оныг малчнаар Нийгмийн даатгалын шимтгэл төлүүлсэн,

- Хүсэлт гаргагчид 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Үйлдвэр, Хөдөө аж ахуйн болон Хөдөлмөрийн сайдаас олгосон ********** дугаартай Малчин мэргэжлийн үнэмлэх,

- Баян-Өлгий аймгийн Сагсай сумын мал тооллогын А дансны 2000 оны баримтын 11-рт Б.П-, хувийн малтай өрх 1, түүний ам бүлийн тоо 6, малчин өрх 1, түүний ам бүлийн тоо 6, малчдын тоо 2, 35-59, 35-54 насны эр, эм гэдэг дээр 2, нийт малчдаас эмэгтэй 1 гэж бичиж 2000 онд бүгд 149 толгой мал тоолуулсан талаар тусгасан,

- А дансны 2000 оны мал тооллогын хойд тал 11-рт бүгд 80, түүнээс энэ жил буюу 2000 оных 35, өнгөрсөн буюу 1999 оны төл байхгүй ба 2 ба дээш насны гэдэг дээр 2 нас эр хонь 2, 2 насны эм хонь 40, хуц 1, өнгөрсөн жилийн ямаа гэдэг дээр бүгд 51 түүнээс энэ жилийн төл 20, өнгөрсөн жилийн төл байхгүй, 2 насны ямаа гэдэг дээр эрэгтэй ямаа 2, 2 насны эмэгтэй ямаа 25 гэж тус тус тусгагдсан,

- Мөн архивын тасгаас хуулбарлаж ирүүлсэн 02 дугаартай Сагсай сумын 4 дүгээр  баг, 1998 оны эхний хагаст тоолуулсан малын тооны талаарх бүртгэлийн 30-рт П-ын нэр бичигдсэн бөгөөд оны эхний мал гэдэг дээр нийт 161, түүнээс тэмээ 1, адуу 8, үхэр 16, хонь 72, ямаа 64 гэж тусгасан,

- Хүсэлт гаргагчийн 1996 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин П.Айтгүлийн ХААТР-11 маягтын эцэг, эхийн эрхэлдэг ажил гэдэг хэсэгт “АААтан” буюу “Ардын аж ахуйд ажилтан” гэж тусгасан,

- Хүсэлт гаргагчийн №********* дугаартай Баталгаажилтын хуудсанд 1990 оны 12 дугаар сараас 2000 он дуустал хугацааг нөхөн тооцсон зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт авагджээ.

 

9. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтууд, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Наранцэцэгийн тайлбар зэргийг хооронд нь харьцуулан шинжлээд, нэгтгэн дүгнэвэл хүсэлт гаргагчийн Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 4 дүгээр багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

10. Анхан шатны шүүхээс “Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 12/54 дүгээр албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагчийн 1996 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин П.Ай-ийн эцэг, эхийн хөдөлмөр эрхэлсэн байдал гэдэг дээр нийгмийн бүлэг болон ажилладаг байгууллага хэсэгт  нь тус тус бичигдээгүй хоосон байсан ба эрхэлдэг ажил гэдэг дээр “Ардын аж ахуйтан” гэж бичигдсэн байна. “Ардын аж ахуйтан” гэж бичигдсэнийг харьцуулан үнэлэх бусад бичгийн нотлох баримт байхгүй тул хүсэлт гаргагчийн 1996 онд мал маллаж, малчин байсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй болно” гэж дүгнэж, хүсэлтийн нийт шаардлагаас 1996 онд малчнаар ажиллаж байсан байдлыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь, хооронд нь харьцуулах замаар бодитой үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцээгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд Б.П- нь Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 4 дүгээр багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал малчнаар ажиллаж байсан гэх үйл баримт нотлогдсон байхад шүүх  “Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 4 дүгээр багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал мал маллаж малчин байсныг тогтоолгох тухай” хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь, харьцуулах замаар бодитой үнэлээгүй байна.

 

11. Хэдийгээр Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 20 дугаар албан бичгээр Баян-Өлгий аймгийн Сагсай сумын мал тооллогын А дансны 1995-1999 онуудын баримтуудыг архивд шилжүүлээгүй гэх боловч хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хүсэлтийн шаардлагад хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд, тухайлбал Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2024/00693 дугаартай шийдвэр, НДД№******** дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, ************** дугаартай Малчин мэргэжлийн үнэмлэх, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын мал тооллогын А дансны 1998, 2000, 2017, 2018, 2020 оны баримт, 1996 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин П.Ай-ийн ХААТР-11 маягт зэрэг нотлох баримтуудаас үзэхэд хүсэлт гаргагч Б.П- нь 1989 онд Сагсай сумын “Енбекши ауыл” нэгдэлд малчин байснаас эхэлж тасралтгүй мал маллаж, малчин байсан нь тогтоогдсон учраас түүний хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй болно. Хүсэлт гаргагчийн  1996 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин П.Ай-ийн ХААТР-11 маягтын эрхэлдэг ажил гэдэг дээр “Ардын аж ахуйтан” гэж бичигдсэнээс үзэхэд уг нотлох баримт нь хүсэлт гаргагчийн 1996 оны шаардлагад хамааралтай байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, үнэлэв.

 

            12. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 130/ШШ2025/00103 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл мал маллаж, малчин байсныг тогтоож өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 302/ШШ2025/00103 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан Ш овогт Б.П-ыг Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 4 дүгээр багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчнаар ажиллаж байсныг тогтоосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн давж заалдах гомдлыг хүлээж авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж Б.П-т буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК 

                       

ШҮҮГЧ                                                Ж.ОТГОНХИШИГ

 

                                   ШҮҮГЧ                                                 Д.КӨБЕШ