| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/1025/Э |
| Дугаар | 1030 |
| Огноо | 2019-06-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 1030
2019 06 27 2019/ШЦТ/1030
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Э.Намуун,
Нарийн бичгийн дарга М.Баярмаа,
Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайжууд овогт Гонгорын Год холбогдох эрүүгийн 1906 03456 1481 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Мазаалай" гэх нэртэй цахим тоглоомын газар насанд хүрээгүй Э.Билгүүнийг программ хааж байгаад үнэгүй тоглолоо гэх шалтгаанаар нүүр рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 03456 1481 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:
Насанд хүрээгүй хохирогч Э.Билгүүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мазаалай” цахим тоглоомын газарт өөрийн найзууд болох Алтаншагай, Ганцог, Золбоо нарын хамт тоглож байгаад 14 цаг 10 минутын үед цаг дуусч дөрвүүлээ гарах гэж байтал үүдэнд цаг хийж өгдөг хүн нь над руу зааж мөн манай найз Алтаншагай руу зааж тэр шилтэй нөхөртэй хамт хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд Алтаншагай бид хоёр хүлээгээд байж байтал 10 орчим минутын дараа тус тоглоомын газрын эзэн гээд нэг ах орж ирээд та хоёр уу гэж асуусан. Тэгэхээр нь бид хоёр тиймээ гэж хэлсэн чинь тэр ах Алтаншагайг түрүүлээд хацар руу нь гараараа цохиод авсан. Тэгээд дараа нь намайг нөгөө гараараа цохисон. Тэгтэл миний баруун хөмсөг сэтэрч, цус гарсан. Тэгээд Алтаншагайг дахиад нэг цохисон. Тэрнийхээ дараа над руу хараад явж наад цусаа угаа гэж хэлсэн. Алтаншагай бид хоёрыг цохиулж байхад Ганцог, Золбоо нар хараад зогсож байсан. Тэгээд тэр ах Ганцог, Золбоо нарт хандаж та нар найз нь юм бол явж цусыг нь угаалга гэж хэлээд бие засах өрөө рүү нь орцгоосон гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/,
Гэрч Б.Золбоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 13-14 цагийн үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мазаалай” цахим тоглоомын газарт найзууд болох Билгүүн, Алтаншагай, Ганцог нарын хамт бид 4 тоглосон юм. Тухайн үед Ганцог бид хоёрын цаг дуусаад Билгүүн, Алтаншагай хоёрыг тоглож дуусахыг хүлээж байгаад бид 4 хамтдаа цахим тоглоомын газраас гарч байтал ажиллуулж байсан хүн нь та нар хүлээж бай гэсэн. Тэгээд бид нар хүлээгээд зогсож байтал гаднаас тухайн газрын эзэн нь гээд нэг ах орж ирээд Билгүүн, Алтаншагай хоёрт хандаж та хоёр байсан юм уу гээд хоёуланг нь нэг нэг удаа цохисон. Тухайн үед Алтаншагай гайгүй харагдсан. Харин Билгүүний баруун талын хөмсөгнөес нь цус гарчихсан. Тэгээд Билгүүн ариун цэврийн өрөө орж цусаа угааж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 9 тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 7063 дугаартай:
Э.Билгүүний биед баруун хөмсөгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чаварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 14 тал/,
Шүүгдэгч Г.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би 2016 оноос эхлэн Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Мазаалай" цахим тоглоомын газрыг хариуцан ажиллуулж байгаа юм. 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн үед манай писи тоглоомын газар ажиллаж байгаа Мөнххишиг намайг дуудсан юм. Дуудсан шалтгаан нь тоглоомын газарт нөгөө хүүхдүүд ирчихсэн, програм хааж байгаад үнэгүй тоглоод байна гэж хэлсэн. Тэгээд би 13-14 цагийн үед яваад очиход 17-18 орчим насны 2 эрэгтэй хүүхдийг гарах гэж байхад нь манай ажилчид хүлээлгэж байсан. Тэгээд би тэр 2 хүүхдэд хандаж та нар яагаад ингэж тоглож байгаа юм бэ гэж асуусан. Тэгсэн чинь надад ямар нэг хариулт өгөөгүй юм. Тухайн үед би та нар үнэгүй тоглоод, надаас хулгай хийсэн байна шүү дээ гэж хэлсэн. Тэгэхэд нөгөө 2 хүүхэд тэгсэн гэж хэлсэн. Тэгсэн гэж хэлэхээр нь би жоохон уурлаад тэр хоёр хүүхдийг нэгийг нь алгадаад нөгөөхийг нь гараа атгаж байгаад цохичихсон юм. Надад цохиулсан нэг хүүхдийнх нь хөмсөгнөөс цус гарчихсан. Тухайн үед би хөмсөгнөөс чинь цус гараад байна, 00 руу ороод цусаа угаа гээд явуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/,
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/,
-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 3 тал/,
-Г.Гын иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 18-19 тал/,
-шүүгдэгчийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 44 тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Г.Гын иргэн Э.Билгүүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Г нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянга төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Год оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэргийн учир шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Год хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ