Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 1033

 

                                                                                                                       

 

 

 

 

 

 

   2019       06         27                                   2019/ШЗ/1033

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,   

Нарийн бичгийн дарга Б.Номинзул,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бт холбогдох эрүүгийн 1906 03233 1479 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах 89 дүгээр байрны 60 тоотод эхнэр Э.Батзаяаг зодож эрүүл мэндэд нь "духанд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд үүдэн 2 дугаар шүдний хугарал, баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал, хүзүүнд зулгаралт, зүүн бугалга, баруун тохойд зулгаралт, цус хуралт" бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.              /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 03233 1479 дүгээр хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

 

Хохирогч Э.Батзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... хамт амьдрах хугацаандаа нөхөр надад гар хүрч үзээгүй. Би ямар нэгэн байгууллагад хандаж байгаагүй. Таарамж зүгээр хааяа гэр бүлийн дунд хэрүүл маргаан байдаг. Манай хадам ээж, хадам ах хоёр бид хоёртой 7 жил хамт амьдарсан. Энэ хүмүүсээс болоод маргаан хэрүүл үүсдэг. Надад гэр бүлийн ямар нэгэн хүчирхийлэлд өртөөд байдаг асуудал байхгүй. Тухайн өдөр би найзтайгаа 2-3 пиво уугаад байж байтал нөхөр намайг очиж авсан. Гэртээ харих замдаа бид хоёр мөнгөний асуудлаас болоод хэрэлдсэн. Тэгээд гэртээ орж ирээд би том охиноо хөдөө явуулна гэтэл хадам ээж уурлаад явуулахгүй гэхээр нь би өрөөндөө ороод унтах гэтэл хадам ээж "удмаараа архичин, аав ээж нь архичин, наадах чинь архичин байх нь аргагүй" гэж хэлэхээр нь би өрөөнөөсөө гарч ирээд "та юу гэж хүн доромжлоод байгаа юм " гэхэд нөхөр ирээд намайг багалзуурдаад түлхтэл би духаараа хана мөргөөд газар унасан. Тэгтэл дух хавдаад овойсон. Тэгэхээр нь би "та хоёр яагаад намайг ингэж байгаа юм" гэхэд ээж нь хүүгээ "чи яагаад айлын хүүхэд ингэж байгаа юм хойшоо бол" гэж хүүгээ холдуулчихаад өөрөө намайг хойлооноос бариад түлхсэн. Ээжийнх нь түлхэлтээс унаж бэртсэн зүйл байхгүй. Би хөргөгчин дээр байсан аяга аваад шидсэн чинь нөхөр уурлаад нүүр лүү цохиод авахад би манарсан. Тэгээд би гараад гүйсэн. Миний дух хавдаж гэмтсэн, зүүн хацар хавдсан, хоёр гарын бугалга хөхөрсөн, нөхөр намайг хоёр гарнаас бариад нааш цааш угзраад байсан. Хана мөргөхөд шүд гэмтсэн байж магадгүй. Тухайн үед би согтуу байсан, нөхөр уугаагүй байсан. Бид эвлэрээд хамт амьдарч байгаа. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №6539 дугаартай:

Э.Батзаяагийн биед духанд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд үүдэн 2 дугаар шүдний хугарал, баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал, хүзүүнд зулгаралт, зүүн бугалга, баруун тохойд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19/,

 

Шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалтад өгсөн:

...Тухайн өдөр эхнэр найзтайгаа уулзаад ууж байна гэхээр нь 23 цаг өнгөрөөгөөд Санхүү Эдийн засгийн дээд сургуулийн замын эсрэг талын баарнаас очиж авсан. Очиж аваад харих замдаа бид хоёр маргалдсан. Тэгээд гэрийн гадаа ирээд би тамхи татчихаад орно чи орж бай, ороод ээжтэй битгий муудалцаарай гэж хэлсэн. Тэгээд би удалгүй тамхиа татчихаад гэрт яваад ортол эхнэр ээж хоёр хэрэлдэж байхаар нь би эхнэрийг боль гэж хэлээд жижиг өрөөнд түлхээд оруултал эргэж гарч ирээд ээжийг элдэв янзаар доромжилсон. Тэгэхээр нь хоёр гарын бугалганаас нь бариад эхнэрийг болиоч чи гэхэд тайвшрахгүй байхаар нь жижиг өрөө рүү түлхтэл жижиг өрөөний хаалганы хана дух хэсгээрээ мөргөсөн. Тэгтэл бүүр илүү их орилж чарлаад байхаар нь би "би гарлаа, тамхи татаж тайвширъя" гэж хэлэхэд ээжийг шуналтай авгай минь зайл гэх мэтээр доромжлоод ээж охин хоёрын хажуу талын хана руу аяга аваад шидэхээр нь болиоч чи гэж хэлээд зүүн хацар луу нь алгадчихаад хагархай аяга цэвэрлэж байтал гараад зугатаачихсан. Батзаяагийн дух хэсэгт нь арьс нь шалбарч овойж хавдсан байсан. Дээд талын урд соёо гэх юмуу шүд нь эмтэрсэн байсан. Алгадахад хацар нь улайсан харагдаж байсан. Би эхнэртээ гар хүрэх нь байтугай үг хэлээд байдаггүй. Би эхнэртэйгээ эвлэрсэн. Дахин гэмт хэрэг зөрчил үйлдэхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 29/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 3-4/,

Хохирогчийн аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 7/,

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 23/,

Б.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 31-33/,

Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай оролцогч нарын хүсэлт /хх-ийн 40-41/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Бийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.Бийн хүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.            

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Б нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ