Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 212/МА2025/00021

 

 

 

 

 

 

 

 

2025 04 11 212/МА2025/00021

 

 

Ө.Буянцэцэгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж тусгайлсан журмаар шийдвэрлэсэн, 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 302/ШШ2025/00013 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Алтай сумын 5 дугаар багт оршин суух Улаан соён овогт Өтнөөгийн Буянцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт оршин суух Улаан соён овогт Самдангийн Сарангоод холбогдох,

 

10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч С.Сарангоогийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бакен, хариуцагч С.Сарангоо, түүний өмгөөлөгч Д.Айбек нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар, давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

2. Нэхэмжлэгч Ө.Буянцэцэг нь хариуцагч С.Сарангоод холбогдуулан 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ ...С.Сарангоо Зайд сургуульд багшилдаг ба Дотоод хэргийн их сургуулиас хүн танина, мөнгө төгрөгийг төлөх юм бол манай охин Б.Бүжинг тус сургуульд элсүүлж өгч болно, нийтдээ 10,000,000 төгрөг өг гэсний дагуу 2023.06.17-ны өдөр нөхөр Д.Батмөнхийн ХААН банк дахь 5181040653 тоот данснаас 2,000,000 төгрөгийг, өөрийн данснаас 2023.06.19-ний өдөр 4,000,000 төгрөгийг С.Сарангоогийн ХААН банк дахь 5845310153 дансанд, дараа нь С.Сарангоогийн өгсөн О.Ариунгэрэл гэдэг хүний дансанд гурван удаагийн шилжүүлгээр 4,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн боловч охин Б.Бүжинг Дотоод хэргийн их сургуульд оруулж чадсангүй. Иймд зуучлалын хөлсөнд шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг С.Сарангоогоос гаргуулж өгнө үү гэж тайлбарлаж,

хариуцагч эс зөвшөөрсөн үндэслэлээ Миний үеэл дүү Батмөнхийн Бүжин 2023 оны 6 дугаар сард Дотоод хэргийн их сургуульд орох зорилготой элсэлтийн ерөнхий шалгалтад орсон боловч хангалтгүй дүн аваад надаас таньж мэдэх хүн байна уу гэхээр туслах үүднээс цэргийн байгууллагад ажилладаг фейсбүүкийн найз Отгонбаярын Ариунгэрэлд хэлсэн. Ариунгэрэл нь би оруулж чадна, оноо хангалтгүй бол мөнгө төгрөгөөр ярьж оруулна гэснийг Д.Батмөнх, Ө.Буянцэцэг нарт дамжуулж хэлсэн. Бүжингийн аав ээж нь хүүхдийг минь оруулж өгвөл мөнгө төгрөг хамаагүй өгнө гэж хэлсэн. Тэгээд миний дансанд нийт 6,000,000 төгрөг шилжүүлснийг миний бие О.Ариунгэрэлийн дансанд Сарангоо гэсэн утгаар шилжүүлсэн. Надад шилжүүлсэн дээрх мөнгийг би хувьдаа завшиж ашиглаагүй. Намар болоод хичээл сургууль эхлэх үед бүтэхгүй бол мөнгийг буцааж өгөхийг хэлсэн. Биднийг залилан мэхэлснийг одоо л мэдэж байна гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зуучлалын хөлсөнд төлсөн 10,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулах гэж шаардсан. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж хуульчилсан. Зуучлалын гэрээ нь зуучлагч болон зуучлуулагч нарын хооронд байгуулагдах бөгөөд зуучлагч нь гуравдагч этгээдтэй хүчин төгөлдөр гэрээ, хэлцэл байгуулах үүрэг хүлээх бол зуучлуулагч нь тодорхой хөлс төлөх үүрэгтэй. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчийн тайлбараас үзэхэд талуудын хооронд Иргэний хуульд заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл хариуцагч С.Сарангоо, О.Ариунгэрэл нарын хооронд хүчин төгөлдөр гэрээ хэлцэл хуулийн хүрээнд хийгдсэн талаарх үйл баримт тогтоогдохгүй байна. Энэ талаар хариуцагч нотлох баримт ирүүлээгүй болно.

 

5. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, ХААН банкны харилцагч Өтнөө Буянцэцэгийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2023.06.19-ний өдөр 5845310153 дугаартай данстай харьцаж Буянцэцэг гэсэн агуулгаар 4,000,000 төгрөгийн зарлага хийгдсэн, мөн ХААН банкны харилцагч Самданы Сарангоогийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2023.06.19-ний өдөр Буянцэцэг гэсэн агуулгаар 4,000,000 төгрөгийн орлого хийгдсэн нь тус тус тогтоогджээ. Зохигчийн тайлбараар Д.Батмөнхийн данснаас 2,000,000 төгрөгийг Сарангоогийн дансанд, нэхэмжлэгчээс болон Б.Бүжин, Д.Батмөнх нарын данснаас Ариунгэрэлийн дансанд нийт 4,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

 

6.Талуудын хооронд зуучлалын гэрээ байгуулагдаагүй, хариуцагч С.Сарангоогийн Дотоод хэргийн их сургуулиас хүн танина, мөнгө төгрөгийг төлөх юм бол нэхэмжлэгчийн охин Б.Бүжинг тус сургуульд элсүүлж өгнө гэх амлалт бүхий үүрэг нь хууль ёсны үйл ажиллагаа мөн эсэх нь тогтоогдоогүй, тэрээр ийм эрх хэмжээгүй гэдэг нь нотлогдсон учраас давж заалдах шатны шүүх хуралдаанаас хариуцагч С.Сарангоогийн нэхэмжлэгч Ө.Буянцэцэгийн өмнө хүлээсэн уг амлалт буюу үүргийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтаар хууль зөрчсөн буюу хүчин төгөлдөр бус үүрэг гэж дүгнэв.

 

7. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэг, 492.1.1 дэх заалтаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүрэг үүсэхэд эд хөрөнгө олдсон, эсхүл хадгалагдсан байх, эд хөрөнгийг бусдын зардлаар олж авсан, эсхүл хадгалсан байх, эд хөрөнгө олсон, хадгалсан явдал нь хууль болон гэрээнд үндэслэгдээгүй байх урьдчилсан нөхцөлийг хуулиар тодорхойлсон байна.

Талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн болон хуульд зааснаар мөнгөн хөрөнгө шилжсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч Ө.Буянцэцэгээс хариуцагч С.Сарангоод 4,000,000 төгрөг шилжүүлсэн нь нотлогдож байгаа тул уг шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг өмчлөгч нь буцаан шаардах эрхтэй, нэхэмжлэл үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлсэн, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримтад Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

8. Хариуцагчаас ...Ө.Буянцэцэг миний ХААН банк дахь 5845310153 тоот дансанд шилжүүлсэн 4,000,000 төгрөгийг би хувьдаа ашиглаж, завшсан асуудал байгаагүй, О.Ариунгэрэлийн дансанд шилжүүлж өгөөрэй гэснээр түүний дансанд шилжүүлж өгсөн...иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хүчингүй болгож өгнө үү гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлд хамаарахгүй тул түүний гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээнэ.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэртэй холбогдуулж нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан хэлэлцсэнийг тэмдэглэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 302/ШШ2025/00013 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Сарангоогийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ

 

ШҮҮГЧ Д.КӨБЕШ