| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 130/2024/00528/И |
| Дугаар | 212/МА2025/00022 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 212/МА2025/00022
Ш.Т-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 302/ШШ2025/00064 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч *********** багт оршин суух Ж овогт Ш.Т-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Д сумын Ерөнхий боловсролын 01 дүгээр сургууль /захирал М.Р/-д холбогдох,
“Баян-Өлгий аймгийн Д сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд орох үедээ боловсрол, мэргэжил, мэргэшлийн түвшнийг нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж ажилд орж ажиллаж байгаа Б.А-ыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн тус сургуулийн нярвын ажлаас чөлөөлж, намайг урьд эрхэлж байсан Д сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нярвын ажилд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга:
1.1. Нэхэмжлэгч Ш.Т-ийг Баян-Өлгий аймгийн Д сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал М.Р-ийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар тус сургуулийн нярвын ажилд томилсон байна. Гэтэл томилогдоод 7 хоногийн дараа захирал ажлын өрөөндөө дуудаж надад аймгийн Боловсролын газар болон Засаг даргын орлогч Х.Арман, мөн сумын Засаг дарга нараас Ардчилсан намыг дэмждэг ардын хүүхдийг томилж болохгүй, МАН-ын дэмжигчдээс ажилд авах ёстой байсан тул Ш.Т-ийг ажлаас хал, эсвэл өөрөө ажлаа өг хэмээн дарамталж байна. Чамайг ажлаас гаргахаар боллоо гэж хэлсэн байна.
1.2. Түүний дараа нэхэмжлэгч Ш.Т-ийг Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал М.Р-ийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/20 дугаартай тушаалаар нярвын ажлаас чөлөөлсөн. Тухайн тушаалд үндэслэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтын хувьд ажилтантайгаа харилцан тохиролцсон гэдэг байдлаар бичсэн. Бодит байдалд ажилтантайгаа ямар нэгэн байдлаар харилцан тохиролцсон зүйл байхгүй. Ажил олгогчоос нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхөд урьдчилж мэдэгдээгүй, тайлбар аваагүй байдаг. Хугацаагүй ажилд томилсон атлаа, ажлаас чөлөөлсөн үндэслэлээ тодорхой дурдаагүй байдаг. Нэгэнт Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж гаргасан тушаалыг хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй.
1.3. Б.А-ыг ажлаас халсны дараа шүүхийн журмаар ажилд тогтоосон асуудал бий. Гэхдээ Б.А-ыг ажилд эргүүлэн тогтооход хариуцагч талын зүгээс шүүхэд холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүйн улмаас ажилд эгүүлэн тогтоосон нөхцөл байдал бий. Б.А-ын хувьд тухайн ажлын байрны шаардлагыг хангахгүй, хуурамч бичиг баримт ашиглаж орсон гэдэг нь тогтоогдож байгаа. Шүүхийн шийдвэрт энэ талаар дурдагдсан. Авлигатай Тэмцэх газрын хяналт шалгалтаар тогтоогдсон. Түүнийг хуурамч бичиг баримт ашиглаж байгаа гэдгийг Цагдаагийн газар мөн шалгаж байгаа. Хэрэв энэ асуудал эцэслэн шийдэгдвэл Б.А- цаашид үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болно.
1.4. Иймд ажил олгогчийн нэхэмжлэгч Ш.Т-ийг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, мөн ажилд орох үедээ боловсрол, мэргэжил, мэргэшлийн түвшнийг нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж ажилд орж ажиллаж байгаа Б.А-ыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн нярвын ажлаас чөлөөлж, Баян-Өлгий аймгийн Д сумын Ерөнхий боловсролын 01 дүгээр сургуулийн нярвын ажилд Ш.Т-ийг эргүүлэн тогтоож өгнө үү.
2.Хариуцагч тайлбар, татгалзал:
2.1.Баян-Өлгий аймгийн Д сумын Ерөнхий боловсролын 01 дүгээр сургуульд нярвын нэг л орон тоо бий. Энэ орон тоонд шүүхийн шийдвэрийн дагуу Б.А- ажиллаж байгаа. Одоо түүнийг дахин ажлаас чөлөөлөх, нэхэмжлэгчийн нярвын орон тоонд томилох боломжгүй.
2.2. Б.А-ыг анх ажлаас чөлөөлөхөд, түүний оронд Ш.Т-ийг томилсон. Гэхдээ 9 хоног ажиллуулсны дараа түүнийг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлсөн үйл баримт бий. Ажлаас чөлөөлөгдсөний дараа Б.А- шүүхэд хандаж, анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхээр хянан хэлэлцэгдээд, эцсийн шийдвэр гарсан.
2.3. Нэхэмжлэгч Ш.Т-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй учир түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 302/ШШ2025/00064 дүгээр шийдвэрээр:
3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсгийн 158.2.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Т-ийн хариуцагч Баян-Өлгий аймгийн Д сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд орох үедээ боловсрол, мэргэжил, мэргэшлийн түвшнийг нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж ажилд орж ажиллаж байгаа Б.А-ыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн тус сургуулийн нярвын ажлаас чөлөөлж, намайг урьд эрхэлж байсан Д сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нярвын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1.Ж овогт Ш.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып би Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 302/ШШ2025/00064 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдлоо гаргаж байна.
4.2. Баян-Өлгий аймгийн Д сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал М.Р-ийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/20 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэл нь буруу байхад шүүх хүчингүй болгоогүй.
4.3. Д сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нярвын ажилд ажиллаж байгаа Б.А- нь ажилд орох үедээ боловсрол, мэргэжил, мэргэшлийн түвшнийг нотлох баримт бичгээ хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдсон учраас тухайн орон тоог сул орон тоо гэж үзэх ёстой. Иймээс 1 орон тоо байгаа учраас Ш.Т-ийг эгүүлэн томилох боломжгүй гэх байдлаар дүгнэлт хийснийг үндэслэлгүй гэж үзэж байна.
4.4. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ ханган шийдвэрлэж өгнө үү.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна. Б.А-ыг 3 шатны шүүхийн шийдвэрээр тухайн албан тушаалд эгүүлэн тогтоосон. Б.А- нь уг албан тушаалд ажиллаж байгаа. Мөн Б.А- нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжилсэн маргаан шүүхээр явж байна.
5.2. Ш.Т-ийн нэхэмжлэлтэй, иргэний хэрэг нь Б.А-ын иргэний хэрэг шийдвэрлэгдэх хүртэл түдгэлзэлтэй байсан. Б.А-ын нэхэмжлэлтэй иргэний хэрэг Улсын Дээд шүүхийн тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн цагаас Ш.Т-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг сэргээсэн. Нэг орон тоонд хоёр хүн ажиллах боломжгүй. Иймд үндэслэлгүй давж заалдах гомдол гаргаж байгаа гэж үзэж байна.
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүх Ш.Т-ийн Баян-Өлгий аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан гаргасан, тус сургуулийн захирлын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд орох үедээ боловсрол, мэргэжил, мэргэшлийн түвшнийг нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж ажилд орж ажиллаж байгаа Б.А-ыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн тус сургуулийн нярвын ажлаас чөлөөлж, намайг урьд эрхэлж байсан Д сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нярвын ажилд эгүүлэн тогтоолгох тухай анхан шатны шүүхийн гомдлоор авч хэлэлцсэн хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
7. Хэргийн материалаас үзэхэд, зохигчоос гаргаж өгсөн, тэдгээрийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргааны үйл баримтыг тогтооход хүрэлцээтэй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, маргааны үйл баримтад Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх эрх зүйн нийтлэг зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
8.Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
8.1. Баян-Өлгий аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/16 дугаартай тушаалаар Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.1 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалт, 64.2 дахь заалтуудын үндэслэн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тус сургуулийн нярваар нэхэмжлэгч Б.Т-ийг түр томилжээ.
8.2. Мөн өдөр буюу 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр захирлын Б/15 дугаартай тушаалаар сургуулийн нярав Б.А-ыг ажлаас чөлөөлсөн ба Б.А- уг шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2024/00632 дугаартай шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/15 дугаартай “Б.А-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.А-ыг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн нярвын ажилд эгүүлэн тогтоожээ.
8.3. Хариуцагч байгууллагын өмгөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаснаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 212/МА2024/00079 дүгээр магадлалаар хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг хариуцагчийн өмгөөлөгчөөс эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан ба Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 001/ХТ2024/01524 дүгээр тогтоолоор уг гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
8.4. Мөн сургуулийн захирлын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/20 дугаартай тушаалаар Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.1, 33.3.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 78.1.9 дэх заалтуудын үндэслэсэн тус сургуулийн нярваар түр томилогдсон Ш.Т-ийг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлжээ.
8.5. Улмаар нэхэмжлэгч Ш.Т- нь уг тушаалыг эс зөвшөөрч, 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Өлгий сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хуулийн хугацаанд хандсан боловч урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа амжилтгүй болж, маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхээр шүүхэд гомдол гаргасан байна.
9. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар тогтогдсон дээрх үйл баримтуудаас дүгнэвэл, нэхэмжлэгч Ш.Т-ийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Д сумын Ерөнхий боловсролын 01 дүгээр сургуулийн захирал М.Р нь тус сургуулийн нярвын ажилд 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн түр томилсон, мөн өдөр тус сургуулийн захирлын Б/15 дугаар тушаалаар тус сургуульд нярваар ажиллаж байсан Б.А-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт бодит байдалд нийцсэн байна.
10. Улмаар ажилтан Б.А- нь ажил олгогч Баян-Өлгий аймгийн Д сумын Ерөнхий боловсролын 01 дүгээр сургуулийн захирлын тушаалыг эс зөвшөөрч тус шүүхэд гомдол гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2024/00632 дугаартай шийдвэрээр түүнийг урьд эрхэлж байсан нярвын ажилд эгүүлэн тогтоосон ба уг шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Уг шүүхийн шийдвэрийг үндэслэн хариуцагч Баян-Өлгий аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал нь 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар мөн өдрөөс тус сургуулийн нярваар Б.А-ыг эгүүлэн томилжээ. Ажил олгогч сургуулийн захирлын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/20 дугаартай тушаалаар Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.1, 33.3.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 78.1.9 дэх заалтуудын үндэслэсэн тус сургуулийн нярваар түр томилогдсон Ш.Т-ийг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлснийг гомдолд дурдсан үндэслэлээр хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.
11. Маргаан бүхий Д сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нярвын орон тоонд Б.А-ыг эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй тул нэхэмжлэгчийн “...Б.А- нь ажилд орох үедээ боловсрол, мэргэжил, мэргэшлийн түвшнийг нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж ажилд орж ажиллаж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн тус сургуулийн нярвын ажлаас чөлөөлж, намайг урьд эрхэлж байсан Д сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нярвын ажилд эгүүлэн тогтоолгож өгнө үү” гэх гомдлыг үндэслэн түүнийг ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна.
Тодруулбал Ш.Т-ийг ажлаас чөлөөлж, түүнтэй үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн үйл ажиллагаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.5 дахь заалтад “тухайн ажлын байранд өмнө нь ажиллаж байсан хүнийг энэ хуулийн 61.1-д заасны дагуу эгүүлэн авах болсон” гэж, 61 дүгээр зүйлийн 61.1.2 дахь заалтад “хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” гэж заасан тус тус нийцсэн, маргааны үйл баримтад анхан шатны шүүх хуулийн эдгээр зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.
12. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх талаарх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэл тогтоогдоогүй, анхан шатны шүүх маргааны үйл баримт, ажил олгогчийн шийдвэрийн үндэслэлд заасан үйл баримтуудын нотломж зэрэгт хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэж хууль ёсны дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг оновчтой сонгож, зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Хуульд зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 302/ШШ2025/00064 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайыпын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ Ж.Отгонхишиг
ШҮҮГЧ Д.КӨБЕШ