Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 615

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Энэбишийн гудамж, 23 дугаар байр, 112 тоотод оршин суух Боршоонхон овогт Дамбасүрэнгийн Туяа /РД-ХИ64111262/-гийн,

            Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, Баянгол 52 дугаар гудамж 08 тоотод оршин суух Хороо овогт Оюунчимэгийн Дэлгэрцэцэг /РД-ЧВ79062566/-т холбогдох

            Зээлийн гэрээний үүрэгт 2.950.560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, мөн сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Шүрэнцэцэг, хариуцагч О.Дэлгэрцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг /ШТЭҮ-1118/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Саранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Туяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Шүрэнцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие зээлдэгч О.Дэлгэрцэцэгт 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нийт 5.000.000 төгрөгийг тохиролцсоны дагуу зээлдүүлсэн юм. Монгол улсын зохих хуулийн дагуу иргэн О.Дэлгэрцэцэгээс зээлийн үлдэгдэл болох 2.000.000 төгрөг, зээлийн хүү 600.000 төгрөг, алданги болох 702.000 төгрөг буюу нийт 3.302.000 төгрөгийг гаргуулж, хохирлыг минь барагдуулж өгнө үү гэжээ. Түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Зохигчид 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 5.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэйгээр, 6 сарын хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан. Хариуцагч О.Дэлгэрцэцэг 3.000.000 төгрөгийн зээлийг өдөрт 58.000 төгрөгөөр 60 хоногийн хугацаанд төлж, үндсэн зээл болон хүүгийн хамт төлж барагдуулахаар тохиролцсон. Төлбөрөө 3,3 хоногоор өгч байсан. 3 хоног нь 174 000 төгрөг болж байгаа, нийт 3.480.000 төгрөгийг төлсөн. Уг гэрээний дагуу 3.000.000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэл төлөхөөр тохиролцсон. Хүүнд 480.000 төгрөгийг л төлсөн. Үлдсэн 2.000.000 төгрөгийг төлөөгүй байгаа. Одоо би 2.000.000 төгрөгийг үндсэн зээл, 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны хүү 160.000 төгрөг, 2.160.000 төгрөгний 0,3 хувийн алдангийг тооцоход өдөрт 6.480 төгрөгний алданги төлөх тооцоо гарч байгаа тул 2015 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны 244 хоногийн алдангийг шаардаж байна. Гэвч энэ тооцооллоор алданги нь 1.581.120 төгрөг болсон боловч Иргэний хуульд заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул уг үнийн дүнгийн 50 хувиар тооцоод 790.560 төгрөг алдангид гаргуулмаар байна. Өөрөөр хэлбэл би зээлийн гэрээний үүрэгт үндсэн үүрэгт 2.000.000 төгрөг, зээлийн хүү 160.000 төгрөг, алданги 790.560 төгрөг, нийт 2.950.560 төгрөг гаргуулж, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 351.440 төгрөгөөр багасгаж байна гэв.    

 Хариуцагч О.Дэлгэрцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Дэлгэрцэцэг миний бие Д.Туяагаас 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр өөрийн найз Б.Сүглэгмаатай хувааж зээлэхээр тохиролцон 5.000.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй буцаан төлөхөөр зээлж авсан. Хэдийгээр миний нэр дээр 5.000.000 төгрөгийг зээлсэн хэдий ч энэ мөнгөний 3.000.000 төгрөгийг О.Дэлгэрцэцэг миний бие авч үлдэгдэл 2.000.000 төгрөгийг Б.Сүглэгмаа авсан. Үүнийг Д.Туяа мэдэж байгаа. Тухайн мөнгө зээлж авсан өдөр Б.Сүглэгмаа ажилтай завгүй байсан тул зээлдүүлэгч Д.Туяатай миний бие нотариатын газар орж өөрийн нэр дээр 5.000.000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн. Миний бие зээлж авсан 3.000.000 төгрөгийн зээлийг сарын 8 хувийн хүүтэй Б.Сүглэгмаагийн авсан 2.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй эргэж төлөхөөр тохиролцсон. Миний авсан 3.000.000 төгрөгийн 1.000.000 төгрөгийг 58 хоногийн хугацаатай өдрийн 20.000 төгрөг төлөхөөр тооцож, нийт 1.160.000 төгрөг болгож хугацаанд нь буцааж төлсөн. 2.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай 83 хоногийн дотор өдрийн 30.000 төгрөг төлөхөөр тооцож, нийт 2.480.000 төгрөг болгон хугацаанд нь төлж дуусгасан. Үндсэн 2.000.000 төгрөгийг Б.Сүглэгмаа нь тухайн мөнгөний сарын 10 хувийн хүү болох 200.000 төгрөгийг 2015 оныг дуустал буюу 6 сарын хугацаанд нийт 1.200.000 төгрөгийн хүүг зээлдүүлэгч Д.Туяад төлсөн. Д.Туяа нь шүүхэд Б.Сүглэгмаагийн нэр дээр нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж нэхэмжлэгч Д.Туяад зээлдэгч Б.Сүглэгмаа нь уг мөнгийг төлөх шаардлагагүй гэсэн. 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ/2016/03799 тоот шүүхийн шийдвэр гарсан. Жич Д.Туяагаас авсан 5.000.000 төгрөгнөөс Б.Сүглэгмаагийн зээлж авсан 2.000.000 төгрөгийн тухай 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Б.Сүглэгмаагийн нэр дээр болгож, гэрээ хийсэн. Энэхүү гэрээгээ үндэслэн зээлдүүлэгч Д.Туяа нь Б.Сүглэгмаагаас нэхэмжлэл гаргаж шүүхэд хандаж байсан бөгөөд улмаар шүүхийн шийдвэр нь гарсан байдаг. Иймээс миний бие энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хариуцахгүй. Энэхүү зээлийг сарын 8 хувийн хүүтэйгээр төлөхөөр гэрээ байгуулсан атлаа мөнгөө олгохдоо зээлийн нөхцлөө өөрчлөн, 1.000.000 төгрөгийг өдрөөр хүү тооцон өдөр тутам 20.000 төгрөгөөр буцаан төлөлт хийж 58 хоногоор, үлдсэн 2.000.000 төгрөгийг өдөр тутамд 30.000 төгрөгөөр буцаан төлөлт хийхээр 83 хоногт төлөхөөр тохиролцон өдөр болгон 50.000 төгрөг төлж хугацаанд нь дуусгасан юм. Ингээд нийт 1.160.000 төгрөг дээр 2.480.000 төгрөгийг нэмж тооцоход 3.640.000 болгон би төлсөн байгаа юм. Иймээс би Д.Туяагаас авсан 3.000.000 төгрөгийг төлсөн, өөр өр төлбөр байхгүй. Б.Сүглэгмаа нь Д.Туяагаас авсан 2.000.000 төгрөгийн хүүг сар тутам 200.000 төгрөгөөр тооцон 6 сар нийт 1.200.000 төгрөг төлсөн. Үлдэх зээлээ төлөхгүй байна гээд шүүхэд өгсөн байсан. Б.Сүглэгмаа нь урьд өмнө нь Д.Туяагаас авсан мөнгөний тооцоо бас дуусаагүй байсан болгоноо нийлүүлээд 22.000.000 төгрөг болгон шүүхээр шийдвэрлүүлсэн. Тиймээс үлдэх 2.000.000 төгрөгийг надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.       

Хариуцагчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчид байгаа зээлийн гэрээний 1 хувь дээр Б.Сүглэгмаа 2.000.000 төгрөгийг зээлж авсан нь үнэн болно гэсэн бичиг хийж өгсөн. Энэ гэрээний хувь дээр л Б.Сүглэгмаа гарын үсэг зурсан байгаа. Эндээс үзвэл Б.Сүглэгмаа, Д.Туяа нар нь зээлийн гэрээний харилцаатай байсан нь нотлогддог. Энэ мөнгө нь төлөгдөхгүй байсан учир Д.Туяа нь Б.Сүглэгмаад холбогдуулан 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дахин гэрээ байгуулсан байдаг. Тэр гэрээн дээрээ О.Дэлгэрцэцэгээс авсан 2.000.000 төгрөг дээр урд байгуулсан гэрээнийг хүү, алдангиа тооцоод 1.680.000 төгрөгийг нэмээд 3.860.000 төгрөгийн зээлийн гэрээг шинээр байгуулсан байдаг. Тухайн үед Б.Сүглэгмаа үүнийг зөвшөөрөөд Д.Туяатай зээлийн гэрээ байгуулсан байдаг. Үүний улмаас маргаан гарч Д.Туяа Б.Сүглэгмаад холбогдуулан 2016 оны 03 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Б.Сүглэгмаагаас нэхэмжилж байсан Д.Туяагийн нэхэмжлэл дээр 2016 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр 3.860.000 төгрөгийг зээлүүлсэн гэдэг байдлаар бичсэн. Энэ тухай баримт нь хэрэгт байгаа. Тухайн үед нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа он, сарыг бас өөр зээлийн он, сар, өдөртэй хольж будилж ярьж байсан. Би өөрөө тухайн шүүх хуралдаанд оролцож байсан. Хариуцагч Б.Сүглэгмаагийн тайлбар шүүхийн шийдвэрт авагдсан байдаг. Шүүх талуудын хооронд хууль бус хэлцэл хийгдсэн гэж үзэж, 2016 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл гэдэг байдлаар хэргийг шийдвэрлэж дуусгасан. Үүнээс хойш нэхэмжлэгч Д.Туяа нь хариуцагчаа солиод ингэж яваад байгаа нь үндэслэлгүй юм. Хэрэглээгүй, ашиглаагүй мөнгийг төлөх үндэслэл байхгүй. 5.000.000 төгрөгийг зээлүүлсэн нэртэй боловч 3.000.000 төгрөгийг буцаагаад төлсөн. Д.Туяад тухайн үед өөрт нь бэлнээр төлдөг байсан хар дэвтэр дээр данс тооцоогоор хөтлөдөг байсан. Тэр дэвтрийг нь нотлох баримтаар гаргуулж авах гэсэн боловч байхгүй гэсэн. Үнэндээ бол байгаа. Бидэнд гаргаж өгөөгүй. Д.Туяа нь хариуцагч О.Дэлгэрцэцэгээс 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 244 хоногийн алданги тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Учир нь зээлийн гэрээнд сунгалт хийгээгүй байдаг учраас илүү хоногоор тооцон шаардах эрх байхгүй. Гэрээнд заасан хугацаанаас илүү хугацааны хүү, алданги шаардах эрхгүй. Мөн нотлох баримтаар банкны хуулга гаргаж өгсөн. О.Дэлгэрцэцэг нэхэмжлэгч Д.Туяад ихэнх төлөлтөө бэлнээр төлдөг байсан. Зарим үед дансаар өгч байсан. Д.Туяагийн 2056861238 тоот дансанд нийт 970 000 төгрөг шилжүүлсэн байдаг. Энэ нь нотлох баримтаар тогтоогддог. Хариуцагч О.Дэлгэрцэцэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, харин ч давуу их мөнгө төлсөн байна. Б.Сүглэгмаа нь 2.000.000 төгрөг хүлээн авснаа зөвшөөрч байгаа, нэхэмжлэгч Д.Туяа Б.Сүглэгмаа 1.200.000 төгрөг төлснийг хүүнд авсан гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн байдаг. Д.Туяа хүмүүст зээл гаргадаг болох нь тодорхой байна. Зээл гаргахдаа өдрийн зээлээр гаргах сонирхолтой өдрийн зээлээр гаргах нь түүний хувьд ашигтай байдаг учраас 58 хоногийн зээлийн гэрээ хийх сонирхолтой байдаг. Энэ нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Энэ нь хэт өндөр хүү төлдөг байсан учраас хүүтэй нь төлөөд байгаа хэрнээ үндсэн зээлээс хасагддаггүй, сүүлдээ алданги тооцоод зээлдэгч нар шууд өрөнд ордог. Энэ байгуулж буй гэрээнүүд нь хуулийн шаардлага хангадаггүй. Хийгдсэн хэлцэл нь гэрээтэйгээ байнга зөрдөг. Ийм байдалтайгаар гэрээ байгуулдаг. Мөнгийг зээлдэгч нарт олгосон баримт байхгүй байдаг. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар тухайн зээлдэгчид мөнгийг олгосноор зээлийн харилцаа үүснэ. Түүнээс мөнгө шилжүүлээгүй байхад гэрээг хийсэнд тооцохгүй. О.Дэлгэрцэцэгт 5.000.000  төгрөгийг бэлнээр олгоогүй болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч тал хангалттай баримт гаргаж өгөөгүй болохоор гэрчийн мэдүүлгийг үндэслэл болгохоос өөр байдал байхгүй байна. Энэ нь гэрчийн гаргасан тайлбар мэдүүлэг мөн О.Дэлгэрцэцэгийн өөрийнх нь гаргасан тайлбар мөн нэхэмжлэгчийн мөнгө олгосон гэдгээ нотолсон нотолгоонуудыг гаргаж чадаагүй байдлуудаар тогтоогдож байгаа. Зэлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд 5.000.000 төгрөг шилжүүлээгүй учраас гэрээ хийгдсэн гэж тооцох үндэслэл байхгүй. Гэрээ нь зөвхөн хэлцэл байгуулагдсаныг л гэрчилнэ, ийм учраас мөнгийг шаардах эрх байхгүй, хариуцагчид хамааралгүй болох  нь тогтоогдоно. Ийм учраас нэхэмжлэгчийн шаардаж байгаа үндэслэл нь зөвхөн гэрээнд тулгуурлаж үндэслэлгүйгээр нэхэмжилж байна. Тухайн зээлийн гэрээнээс гарах үр дагавар нь надад хамаагүй гэж бодсон ч О.Дэлгэрцэцэг гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 3.000.000 төгрөгөө хүүгийн хамт төлсөн. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу тухайн гэрээний харилцаа 3.000.000 төгрөгөөс дээш үүсээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                                                    Ү Н Д Э С Л Э Х  Н Ь:

            Нэхэмжлэгч Д.Туяа нь хариуцагч О.Дэлгэрцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.302.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа 351.440 төгрөгөөр багасгаж, зээлийн гэрээний үүрэгт 2.950.560  төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болно.

Зохигчдын хооронд 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр тогтоогдож байна. Уг зээлийн гэрээгээр Д.Туяа нь О.Дэлгэрцэцэгт 5.000.000 төгрөгийг 86 хоногийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохиролцож, гарын үсэг зуран нотариатаар баталгаажуулсан байна.

Монгол улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зохигчид зээлийн гэрээг байгуулсан байх ба зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлж өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох тул зохигчдын хооронд 5.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан байна.

Гэвч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөггүй, нэхэмжлэгчээс 3.000.000 төгрөгийг л авсан, гэрээнээс үлдэх 2.000.000 төгрөгийг Б.Сүглэгмаад өгсөн тул би хариуцахгүй, 5.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт байхгүй, Б.Сүглэгмаа 2.000.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байгаа болон 5.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тухай баримт байхгүй тул би хариуцах боломжгүй, нэхэмжлэгч Д.Туяагаас авсан 3.000.000 төгрөгөө хүүгийн хамт төлж дуусгасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн гэрээний үүрэгт О.Дэлгэрцэцэгт 5.000.000 сая төгрөг зээлдүүлсэн нь үнэн, уг зээлийн гэрээний үндсэн болон бусад үүрэгт 3.480.000 төгрөгийг төлсөн тул зээлийн гэрээний үндсэн үүрэгт үлдэх 2.000.000 төгрөгийг, хүү, алдангийн хамт 2.950.560 төгрөг хариуцагчаас гаргуулна гэж маргадаг.

Гэвч зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний үндсэн үүрэгт 5.000.000 төгрөгийг зээлдүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрч Б.Сүглэгмаагийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч О.Дэлгэрцэцэг үүрэг хүлээсэн болох нь тогтоогдож байна. Иймд зээлийн гэрээнээс үүсэх үндсэн болон бусад үүргийг зээлдүүлэгчийн өмнө хүлээх үүргээс О.Дэлгэрцэцэг чөлөөлөгдөхгүй юм.

Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд О.Дэлгэрцэцэгээс 2.950.560 төгрөг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн гэрээний үүрэгт 3.480.000 төгрөг төлөгдсөн талаар хариуцагч маргадаггүй.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт зааснаар зээлийн гэрээнд хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийсэн байхыг шаарддаг бөгөөд зохигчдын хооронд байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээнд сарын 8 хувийн хүүг бичгээр тохиролцсон байх тул хүүг тооцон гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Зохигчид 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 86 хоногийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлийн гэрээний үндсэн нөхцлөөр гэрээг байгуулсан байх тул 5.000.000 төгрөгнөөс сарын хүүг 8 хувиар тооцоход /1сарын хүү 400.000 төгрөг, хоногийн хүү 13.333 төгрөг/ 83 хоногийн хүү 1.146.666 төгрөгийн хүүг төлөх үүргийг О.Дэлгэрцэцэг хүлээсэн байна.  Гэвч нэхэмжлэгч зээлийн гэрээний хүүнд 160.000 төгрөг нэхэмжилсэн байх тул энэ хэмжээгээр хүүг тооцон гаргуулах нь зүйд нийцнэ.

Хариуцагч О.Дэлгэрцэцэг нь зээлийн гэрээний үндсэн үүрэгт төлөгдвөл зохих 6.146.666/5.000.000-1.146.666=6.146.666/ төгрөгөөс төлөгдсөн гэх 3.480.000 төгрөгийг хасч 2.666.666 төгрөгийн үүргийг биелүүлээгүй болох нь үндэслэлтэй ч нэхэмжлэгч зээлийн гэрээний үндсэн үүрэгт 2.000.000 төгрөг нэхэмжилсэн тул энэ хэмжээгээр тооцон гаргуулах нь зүйд нийцнэ.

Түүнчлэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасны дагуу хууль болон гэрээнд заасан  хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр алдангийг тооцон гаргуулах хууль зүйн үндэслэлийг заасан байх тул шүүх алдангийг тооцон гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх алдангийг тооцохдоо гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хэмжээг 2.666.666 төгрөгөөс тооцон гаргуулах нь зүйтэй байна гэж үзэв. Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцохоор тохиролцсон байх тул алдангийг 0,3 хувиар тооцон гаргуулах хууль зүйн үндэслэлтэй. Иймээс хариуцагч О.Дэлгэрцэцэгт хоногт 7.999 төгрөгний алдангийг төлөх үүрэг үүсч байх ба нэхэмжлэгч 244 хоногийн алдангийг нэхэмжилсан байх тул  нийт 1.951.999 төгрөгийн алданги нэхэмжлэх эрхтэй байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 1.333.333 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй хэдий ч нэхэмжлэгч 790.560 төгрөгийн алдангийг нэхэмжилсэн тул энэ хэмжээгээр тооцон гаргуулах нь зүйд нийцнэ.

Иймээс хариуцагч О.Дэлгэрцэцэгээс зээлийн гэрээний үндсэн үүрэгт 2.000.000 төгрөг, ззэлийн гэрээний хүүнд 160.000 төгрөг, бусад үүрэг буюу алдангид 790.560 төгрөг, нийт 2.950.560 төгрөг гаргуулах нь үндэслэлтэй байна.  

Хариуцагч татгалзлаа нотлох гэж шүүхэд 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ, 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2016/03799 дугаартай шүүхийн шийдвэрийг ирүүлсэн байх бөгөөд энэ нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй, хамааралгүй, хэрэгт ач холбогдолгүй байх тул нотлох баримтаас хасч, үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон хариуцагч О.Дэлгэрцэцэгээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар зээлийн гэрээний үүрэгт 2.950.560 төгрөг гаргуулан шийдвэрлэв.

            Мөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67.785 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч О.Дэлгэрцэцэгээс 62.159 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Туяад олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Монгол улсын иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар хариуцагч О.Дэлгэрцэцэгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.950.560 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Туяад олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67.785 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч О.Дэлгэрцэцэгээс 62.159 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Д.Туяад буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б. БАЯРМАА