| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/08416/И |
| Дугаар | 210/МА2025/00757 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2025/00757
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/01602 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:*******т холбогдох,
45,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* нь *******ын зуучилж өгсний дагуу 2021 оны 08 сард ******* барилгын шалны цутгалтын ажлыг хүлээн авч 2021 оны 11 сарын 02-ны өдөр хийж хүлээлгэж өгсөн. Миний авсан ажил нь 9,000 м.кв буюу нийт 32,000,000 төгрөгийн ажил байсан ба үүнээс 7,000,000 төгрөгийг тухайн ажил хийж байх үед авсан бөгөөд үлдэгдэл 25,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаанд авч чадаагүй.
1.2. 2023 оны 05 сарын 31-ний өдөр*******тай уулзан дээрх ажлын төлбөрт 45,000,000 төгрөгийн үнэлгээтэй Сонгинохайрхан дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах ******* өрөө байрыг авахаар тохиролцож, орон сууцны төлбөрийн зөрүү 20,000,000 төгрөгийг 2023 оны 05 сарын 31-ний өдөр ******* /РД:*******/ гэх хүний Хаан банкны ******* тоот дансанд шилжүүлэн өгөхөөр тохиролцож гэрээ байгуулсан.
1.3. Тухайн орон сууцыг ашиглалтад ороход ордерыг шилжүүлэн авах гэрээг*******тай хийсэн. Үүнээс хойш 2 жилийн хугацаанд тухайн орон сууц ашиглалтад ороогүй бөгөөд өөрийн нэр дээр шилжүүлэн авах талаар хэд хэдэн удаа холбогдсон боловч******* нь тухайн барилгад 6,700,000 төгрөгийн өртэй гэх шалтгаанаар шилжүүлж өгөөгүй.*******т энэ асуудлыг хэлсэн боловч шийдэж өгч чадаагүй.
1.4. Одоо уг барилгын оффис байхгүй. Нягтлантай нь холбоо барихад ажлаасаа гарсан гэх бөгөөд уг барилгын гүйцэтгэгч “*******” ХХК-ийн захирал гэх ******* олдохгүй,*******тай холбогдож чадахгүй байгаа бөгөөд уг барилга нь холбогдох эзэнгүй зогссон байдалтай байна. Иймд ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 45,000,000 төгрөгийг*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. Энэ ажлын гэрээ, барилгын ажлын мөнгө дандаа дансаар гэсэн зарчим баримталдаг. Заавал гэрээ хийж байж ажил хийдэг. ******* нь надтай 12 жил ажиллаж байгаа, уг ажлыг *******ад өгсөн.
2.2. *******ын доор ажиллаж байгаа ажилчдын цалинг сайн мэдэхгүй, ажлын хөлсийг *******ын данс руу шилжүүлдэг байсан.
2.3. Тухайн үед ******* нь тэр байрыг хямдхан манай нэг ажилчин авъя гээд байна, та ажлын хөлсөндөө оролцуулаад өгөх үү, 45,000,000 төгрөгийн ажлын хөлсийг дараа нь тохирчихъё гэж хүсэлт тавьсны дагуу дээрх байрыг зарсан. ******* гэдэг нэрийг нь ч би мэдэхгүй *******ын ажилчид надад харьяалагддаггүй. Уг асуудал надад хамааралгүй, би хариуцагчаар оролцох шаардлагагүй. 20,000,000 төгрөг авсан үүнийг нэхэмжилж байгаа бол би энэ байраа зараад 20,000,000 төгрөгийг өгнө. 25,000,000 төгрөгийн хувьд хоорондын тооцоо байхгүй ******* миний өгсөн мөнгөөр ажилчдаа цалинжуулаад явдаг байсан гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч*******аас 20,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 257,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Хариуцагч******* нь 2025 оны 05 сарын 31-ний өдөр *******гийн барилгын ажлын хөлс 25,000,000 төгрөгийг өгөхгүй удсан тул Сонгинохайрхан дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах ******* өрөө байрыг ажлын хөлсөндөө авч, зөрүү 20,000,000 төгрөгийг төлөхөөр санал хэлж бичгийн тохиролцоо хийж баталгаажуулан гарын үсэг зурсан байдаг.
4.2. Тойргийн шүүхийн шүүгч ******* иргэний хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг баримталсан буруу шийдвэр гаргаж байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 756-д гэрч энэ хуулийн 43.3-т заасан эрх, үүргийг ойлгосны үндсэн дээр үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээсний дагуу гэрч *******, н.******* нараар гэрчлүүлэхээр шүүхэд бичгээр хүсэлт өгөөд шүүх дээр 2 удаа дагуулж очиход хүлээж аваагүй. 2025 оны 02 сарын 21-ний өдөр нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт гаргуулах тухай хүсэлт гаргасныг мөн хүлээж авахгүй гэсэн хариу өгсөн.
4.3. Гэрч ******* нь барилгын ажилд зуучлагч, барилгын инженер ******* нь барилгын ажлын гүйцэтгэлийг хүлээн авагч инженерээр ажиллаж байснаа нотлоод тодорхойлолт гаргасан байдаг.
4.4. Нэхэмжлэгч ******* нь хийж гүйцэтгэсэн барилгын ажлын гүйцэтгэлийн хөлсөө авч чадахгүй 2 жил гаран болж, зуучлагч ******* нь ажлын хөлс, зардлыг******* хариуцна надад тооцоо байхгүй гэж нотолдог. Ерөнхий инженер нь н.******* нь ажлаа хийж дууссан гэдгээ нотлоод байхад хууль зөрчин хүлээж авахгүй гэж буруу шийдвэр гаргаад байгаад гомдолтой байна. Ийм тодорхой баримт материалтай хэргийг шийдвэрлэж чадахгүй шүүгч 1 сарын дараа шийдвэрээ гаргаж байгаад харамсаж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:
5.1. *******д ажил өгөөгүй, надаас мөнгө аваагүй. Би ажлын хөлсөө дансаар шилжүүлдэг. Би *******ад ажил өгсөн ба *******ын доор нэхэмжлэгч ******* ажилладаг. ******* нь нэхэмжлэгчид 5,000,000 төгрөгийн өглөгтэй мөн тухайн орон сууц худалдаж авсан 6,500,000 төгрөг дутуу гэж хэлсэн.
5.2. Харин би *******ад 3 жилийн баталгаат хугацааны мөнгө гэж 13,500,000 төгрөгийн өртэй. Надаа “та тэр хямдхан орон сууцаа *******д өгчих” гэж хэлэхээр нь 45,000,000 төгрөгөөр 1 өрөө орон сууц өгсөн.
Тухайн тохиролцооны бичгийг би хийж өгсөн ба ажлын хөлс гэж 25,000,000 төгрөг, бэлэн 20,000,000 төгрөг гэж бичсэн учраас надаас ажил авсан гэж мөнгө нэхэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 45,000,000 төгрөг гаруулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь 20,000,000 төгрөгт тооцогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх 25,000,000 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.
3. Талуудын хооронд 2023 оны 05 сарын 31-ний өдрийн “Тохиролцоо” гэсэн нэртэй гэрээг бичгээр үйлдэж, уг гэрээгээр “... өмнө гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр болох 25,000,000 төгрөгийн төлбөрт СХД-ийн *******ы нутаг дэвсгэрт баригдаж буй *******өрөө орон сууцыг 45,000,000 төгрөгөөр тооцож *******д ашиглалтад ороход ордерыг шилжүүлж өгөх, Дээрх орон сууцны зөрүү болох 20,000,000 төгрөгийг *******т 2023.05.31-ний өдрийн дотор шилжүүлэхээр тохиролцов ...” гэж талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурсан байна.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар үндэслэл бүхий дүгнэлт өгчээ.
4. Нэхэмжлэгч нь дээрх хэлцлээр тохиролцсон орон сууцны үнийн зөрүү 20,000,000 төгрөгийг хариуцагч*******ийн нэрлэн заасан этгээдэд шилжүүлсэн болох нь тогтоогдсон.
Анхан шатны шүүх хариуцагч*******аас 20,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.
5. Анхан шатны шүүх хариуцагч******* шал цутгах ажил гүйцэтгүүлэхээр уг хүсэл зоригийг нэхэмжлэгч *******д илэрхийлээгүй, зохигчдын хооронд шал цутгах ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцоогүй тул ажил гүйцэтгэх хэлцэл байгуулагдсан гэж шүүх үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх зарчимд нийцэхгүй байна.
5.1. Хэрэгт цугларсан баримтаар ******* орон сууцны 1, 2 дугаар блокийн барилгын шал цутгах ажлыг хариуцагч******* нь *******аар гүйцэтгүүлэхээр тохиролцсон, *******ад төлөх шал цутгалтын ажлын хөлсний үлдэгдэл 25,000,000 төгрөгийг орон сууцны төлбөрт тооцож, *******д шилжүүлэхээр тохиролцсон болох нь тогтоогдож байна.
5.2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг нотлох зорилгоор *******аас гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй боловч нэхэмжлэгч талаас *******аас болсон үйл баримтын талаар авсан нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод “Миний бие ******* нь 2021 оны 09 сард Хан-Уул дүүргийн *******нд байрлах “*******” ХХК-ийн барьж байгаа 16 давхар блок байрны шалны цутгалтын ажлыг*******тай уулзаж ажлын санал тавихад нь *******д хийлгэх санал болгосноор уг ажлыг ******* хийж гүйцэтгэсэн. *******д ажлын урьдчилгаа хөлсийг 7 саяар тооцож*******аас гаргуулан авч өгсөн. Үлдэгдэл 25 сая төгрөгийг бартераар******* гаргаж өгнө гэж тохиролцсон. Би*******ийг *******тай уулзуулж ажлыг хийж дуусгуулсан. Надад тооцоо байхгүй.” гэж дурдсан нь хэргийн бусад баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байхад ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсээгүй гэж буруу дүгнэж нэхэмжлэлийн шаардлагаас 25,000,000 төгрөг тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцэхгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн *******ны нутаг дэвсгэрт баригдаж буй “*******өрөө орон сууцны үнэ 45,000,000 төгрөгийг төлөх зорилгоор******* болон ******* нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт зааснаар туслан гүйцэтгэгчээр орсон ажлын хөлс 25,000,000 төгрөгийг харилцан тооцсон байна.
5.3. Зохигчдын хооронд байгуулсан 2023 оны 05 сарын 31-ний өдрийн “Тохиролцоо” гэсэн нэртэй гэрээг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар тайлбарлахад хариуцагч******* нь *******гийн гүйцэтгэсэн ажлын хөлс 25,000,000 төгрөгийг орон сууцны төлбөрт оруулан тооцохоор тохиролцсон гэж үзнэ.
5.4. Хариуцагч нь нэхэмжлэлийн тайлбар, татгалзлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.
6. Нэхэмжлэгч нь орон сууц худалдах-худалдан авах гэрээ хэрэгжих боломжгүй болсон, өнөөдрийн хүртэл орон сууцны өмчлөх эрх шилжээгүй гэсэн үндэслэлээр талуудын хооронд байгуулсан “Тохиролцоо” нэртэй гэрээнээс татгалзаж, орон сууцны үнэд шилжүүлсэн 45,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардаж байгаа нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/01602 шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч*******аас 45,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 382,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас улсын тэмдэгтийн хураамжид 382,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
С.ЭНХБАЯР