Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 1049

 

 

 

 

 

 

 

 

   2019        07         01                                  2019/ШЦТ/1049

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Н.Гэрэлмаа,   

Нарийн бичгийн дарга М.Баярмаа,

Хохирогч Д.Сангарагчаа,

Шүүгдэгч Л.Ж, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Жд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 01834 0677 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Ж нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Оршил" хотхоны орчим иргэн Д.Сангарагчаатай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                 /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 02443 0972 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч Л.Ж нь хохирогч Д.Сангарагчаагийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Д.Сангарагчаагийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Оршил хотхоны харуулын байранд ажил дээрээ байж байгаад 14 давхарт гарчихаад доошоо буугаад 1 давхарт Жтай орцны үүдэн дээр тааралдсан. Тэгээд би өрөөндөө орж ирчихээд байж байхад Ж чи Жарканыг ажлаас халуулсан. Одоо дахиад намайг ажлаас халуулна гэсэн гэлүү гээд намайг тэгж яриагүй байхад гүтгэсэн. Би бор аяганд цай хийж уугаад камер руу хараад сууж байхад намайг заамдаж аваад миний баруун талын нүд рүү гараа атгаж байгаад 3 удаа цохиод заамдаж аваад доошоо газарт унагаагаад толгойны дагз хэсгээр паар мөргүүлсэн. Тухайн үед би босч чадахгүй ухаан балартсан байхад Ж намайг нүүр рүү өшиглөх гэж байхад би паар түшээд боссон. Намайг босоход Ж босоод гараад явсан. Тухайн үед харуулын байранд Ж бид 2-оос өөр хүн байгаагүй. Би Жд зодуулж нүдэндээ хүндэвтэр гэмтэл авсан. 800.000 орчим төгрөг эрүүл мэнддээ зарцуулаад байна. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай. Би 5.000.000 төгрөг нэхэмжилж байна. Эмч гэмтсэн нүдийг үрэвсэл үүсээд хүндрэх юм бол  ширгээх хагалгаа хийнэ гэж байсан. Харин 7 хоногийн дараа дахин үзээд санасныг бодоход аятайхан болсон байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,

 

Гэрч Б.Буянжаргалын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ажил дээрээ байхад 17 цагийн орчимд гаднаас "Оршил" байрны харуул Сангарагчаа “би Жд зодуулчихлаа” гээд ороод ирэхээр нь би "Бат зохимж" ХХК-ний хариуцсан менежерт нь танай 2 ажилтанд хоорондоо зодолдоод нэгнийхээ нүдийгцохисон байна гэж хэлсэн. Тухайн үед Сангарагчаагийн баруун нүдэнд цус хурсан. Толгой дагз хэсэг нь хавдсан, өмдний зүүн өвдөг орчимд цус болсон байсан. Уг гэмтлийг Ж гэх хүн учруулсан гэж хэлж байсан. Ж намайг цай уугаад сууж байхад цохисон гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 4929 дугаартай:

Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний алимны дотор дээд салстад бүдэг улаан өнгийн цус харвалттай. Зүүн хөхлөг сэртэн орчимд 2х2 см, зүүн мөрний урд гадаргууд 2x1 см 2 ширхэг бүдэг хөх шаргал ногоон өнгийн туяа бүхий цус хуралттай. Зүүн өвдөгт 1,5x1 см зах ирмэг тэгш хар хүрэн өнгийн тав бүхий шархтай, тойроод 2х2 см талбайд цус хуралттай, бага зэрэг овойж хавдсан. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

 

УНТЭ-н нүдний тасгийн №7928 тоот евчний туухэнд: Өвчний түүх нээсэн 2019 оны 04 дүгээр сарын 20-ны 00:42 ... яаралтай тусламжийн хуудсанд: Гол зовиур: Баруун нүд юм харахгүй. Үндсэн зовиур: Толгой таллаж өвдөнө, баруун нүд харахгүй, чинэрч халуу дүүгэж өвдөнө. Одоогийн өвчний түүх: Сая хүнд зодуулсантай холбоотой баруун нүд юм харахгүй байна гэнэ. Биеийн байдал хүндэвтэр ... баруун нүд улайсан. Онош: Баруун нүдний гэмтэл.

VOD-PL

VOS-6/20 ph-6/20

Хэсэг газрын үзлэгт: Баруун нүд бифарглази (+), салстын дор цус хурсан, эвэрлэг салст бүтэн, эвэрлэг склер 10-2 цаг хүртэл урагдсаж ирис, хориод хавчуулагдсан, өмнөд камер дундаж, микрогифем (+), өмнөд камерт шилэнцэр (+), болор зүслэгт жигд бус, цааш уг харагдахгүй. Хүүхэн хараа татагдсан. Зүүн нүд тайван. ОД-ПХОР + шилэнцэрт тариа. Онош: Баруун нүдний битүү гэмтэл, склерийн урагдал, солонгон бүрхүүл, судаслаг бүрхүүлийн хавчуулагдал.

ГССҮТ-н 2019.04.19-ны өдрийн Толгойн КТГ-т: гавал ясанд хугарал тодорхойлогдохгүй. Гавлын хэлбэр зөв бус. Баруун гайморын хөндийн суурь хэсгийн салст бага зэрэг зузаарсан. Зүүн талын хөхлөг сэртэнгийн агааржилт буурсан, склероз өөрчлөлттэй. Нүдний ухархайн бүтэц хэвийн. Тархины бор ба цагаан эдийн ялгарал хэвийн. Тархины эдэд голомтот өөрчлөлтгүй. Субарахноидал зайнууд хэвийн. Ховдлуудын хэлбэр, хэмжээс хэвийн. Голын бүрдэл хазайлтгүй.

2019.04.21-ны үзлэгт: VOD-нм

2019.04.23-ны үзлэгт: OD-1/60, ph-1/ЗО

Жич: Одоогоор харааны байдал тогтворгүй байгаа тул хараа үнэлэх боломжгүй байна.

ДҮГНЭЛТ: Д.Сангарагчаагийн биед баруун эвэрлэгийн урагдал, солонгон бүрхүүл. судаслаг бүрхүүлийн хавчуулагдал, шилэнцэрийн цус хуралдалт, хүүхэн харааны татагдал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16/,

 

Шүүгдэгч Л.Жы мөрдөн байцаалтад өгсөн:  

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Би Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нугаг дэвсгэрт байрлах Оршил хотхоны байранд харуулын ажил хийдэг. Би А байранд ажилладаг. Харин Сангарагчаа Б байранд хамгаалагчаар ажилладаг юм. Би уг ажилд ороод Оюунцэцэг гэх эмэгтэйтэй дотносож хамт амьдрах болсон. Сангарагчаа нь бусдад намайг өөр эмэгтэйтэй явалддаг гэх мэтээр элдвээр худлаа яриад байдаг байсан. Би аргаа бараад эхнэрээ өөр газарт ажилд оруулсан. Би Сангарагчаад чи дандаа худлаа ярихаа боль гэж удаа дараа хэлсэн боловч болихгүй байсан.

Би 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ажил дээрээ байж байхдаа Сангарагчаагийн өрөөнд очиж “чи муу байна ш дээ, чи худлаа ярьсаар байгаад Оюунцэцэгийг явууллаа одоо болиорой гэж хэлтэл тэгсэн хүнийг чи муу яадаг юм” гээд надруу аягатай цайгаа цацсан. Миний уур хүрээд заамдаж аваад сууж байсан сандалыг нь мөргүүлтэл “чи муу яаж байна аа” гээд намайг өшиглөөд газарт унахаар нь би заамдаад толгойны ар хэсгээр нь паар мөргүүлээд чи цагдаа дуудаарай гэж хэлсэн. Сангарагчаа Ж ахаа миний нүдэнд цус хурсан байна гэж хэлэхээр нь чи сандал мөргөөд нүдэнд чинь цус хурсан гэж хэлсэн. Мөн Сангарагчаагийн өвдөгний хэсгээс нь цус гарсан байсан. Сангарагчаа нимгэн өмдтэй байсан болохооор шалан дээр унахдаа өвдөг нь халцарсан байх гэж бодож байна.

Сангарагчаа нь өмнө нь осолд ороод зүүн нүд нь муудсан нүд нь дандаа улайлттай байдаг байсан. Сангарагчаа надруу халуун цай цацаад миний гуяруу өшиглөхөөр нь заамдаж байгаад сууж байсан сандалны түшлэгийг нь толгойны дагз хэсэгээр нь нэг удаа мөргүүлсэн. Тэгтэл Сангарагчаа сандал дээрээ гараад өшиглөх гэж байгаад саваад унасан. Тэгэхээр нь би бос гээд саарал куртикны захнаас нь татахад өөрөө толгойгоороо паар мөргөсөн. Тэгэхээр нь би чи өөрөө паар мөргөсөн шүү паар цус болоогүй байна. Чи өөрөө цагдаагаа дуудаараа гээд би харуулын байрруугаа яваад хэсэг байж байгаад буцаад ирэхэд Сангарагчаа сандал дээр сууж байсан. Тэгэхээр нь би гараад явсан. Намайг явсан хойно цагдаа дуудсан байсан. Би хохирогч Д.Сангарагчаагийн биед халдсанаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн зүйлдээ гэмшиж байна. Би "Бат-зохиомж" ХХК-ний "Оршил" хотхонд харуулын ажил хийдэг сарын 400,000 төгрөгний цалин авдаг гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 31-33/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-ийн 2-3/,

-хохиролын талаарх баримтууд /хх-ийн 23-24, 39-41/,

-шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн хохиролд 500.000 төгрөг төлсөн банкны орлогын баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Л.Жы иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа газрын тодорхойлолт, Бат зохиомж ХХК-ийн тодорхойлолот /хх-ийн 19-22/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.   

  

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Л.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Л.Жы бусдын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Д.Сангарагчаа нь нийт 5.000.000 төгрөг нэхэмжилнэ гэх боловч хэрэгт үүнийг нотлох баримт байхгүй байна.

Хавтаст хэргийн 23 дугаар талд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн төлбөрийн баримт, ШШҮХүрээлэнгийн баримт, 1-р эмнэлгт байрладаг Өлзийдэн ХХК-ийн кассын баримт гэх нийт 525.960 төгрөгийн баримт, хавтаст хэргийн 39-41 дүгээр талд нийт 11 ширхэг 233.380 төгрөгийн дүн бүхий хохиролын баримтууд авагдсан байна.

Уг баримтуудыг шинжлэн үзэхэд 39-41 дүгээр талд авагдсан баримтууд нь ахуйн хэрэглээний бараа болон хүнсний бүтээгдэхүүн болох саван, шингэн саван, салфетка, нивэ тос, хербал цай, зайрмаг, шилтэй сэнгүр пиво, зөгийн бал зэрэг зүйлсийг худалдан авсан баримтууд, Элэгний төвийн үзлэгийн баримт зэрэг баримтууд байна.

Харин 23 дугаар талд авагдсан баримтууд нь хохирогчид учирсан гэмтлийг эмчилхэд зарцуулсан шууд зардал тооцох баримт мөн болно.

Шүүгдэгч Л.Ж нь хохирогч Д.Сангарагчаагийн 5002433169 дугаарын дансанд хохиролд тооцон 2 удаагийн орлогоор нийт 500.000 төгрөгийг төлсөн байна. Хохирогчийн эмчилгээнд зарцуулсан хохиролоос шүүгдэгч 25.960 төгрөгийг төлөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Хохирогчийн нэхэмжилсэн бусад нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт байхгүй, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол биш байх тул хэрэгсэхгүй болгож, цаашид хохирогч нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлж шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй.

 

Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт дэх Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Нүдний тасгийн №7928 дугаартай өвчний түүх дэх үзлэг хийж тэмдэглсэн баримтаар хохирогчид шинээр нүдний гэмтэл үүссэн, уг гэмтэл нь удаан хугацаагаар гэмтэлтэй байдлаар байх боломжгүй болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул өмгөөлөгчийн мөрдөн байцаалтад хэргийг буцааж хохирогчийн нүд урьд нь гэмтэлтэй байсан эсэхийг шалгуулах ажиллагааг хийлгэх тухай хүсэлтийг хүлээж авах үндэслэлгүй болно.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн өөрийн нь буруутай үйлдэл болох бусдыг өдөж байгаа байдал нөлөөлсөн байна.

 

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн гэмт хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар гаргаж байгаа дүгнэлт, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хэргийн оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан  торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Л.Ж нь уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Жыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Жыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Жд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Жаас 25.960 төгрөг гаргуулж хохирогч Д.Сангарагчаад олгож, нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролын талаарх баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Жд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БААСАНБАТ