Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 1050

 

 

 

 

 

 

 

  2019        07          01                                   2019/ШЦТ/1050 

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга М.Баярмаа,

Улсын яллагч Б.Ганбулган,

Шүүгдэгч А.Б, Ж.Э, тэдний өмгөөлөгч Л.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б, Ж.Э нарт холбогдох эрүүгийн 1906 02942 1342 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Э, А.Б нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Гэр бүл март" дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа иргэн Т.Сүхбаатарын гар цүнх, бэлэн 200 ам.доллар, 500,000 төгрөг, жолооны үнэмлэх, автобусны карт, дэлгүүрүүдийн хөнгөлөлтийн 8 ширхэг карт зэрэг эд зүйлсийг хулгайлж, 1,086,700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.                                                                                                         /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч А.Б, Ж.Э нар нь бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Т.Сүхбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн:

Би 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Гэр бүл март" худалдааны төвийн хүнсний дэлгүүрээр үйлчлүүлсэн. Түрдэг тэрэгний тавиур дээр нь өөрийн бор өнгийн жижиг гар цүнхээ тавьчхаад түрж яваад архины тасаг дээр очоод лангуу руу нь орох гэтэл тэрэг нь орохгүй болохоор нь түр тэргээ үлдээж 2 алхам холдож барааны үнийг харсан. Тэгээд эргээд хартал миний түрж явсан тэрэг байхгүй болохоор нь тэр хавиар харсан чинь лангууны дунд нэг тэрэг байхаар нь очсон чинь миний гар цүнх байхгүй байсан. Үлдээчихсэн юм байх гэж бодоод дэлгүүрээс гарч машинаа онгойлгож үзтэл байхгүй байсан. Тэгээд би буцаж дэлгүүр рүү ороод хяналтын камерын бичлэгийг шүүлгүүлж үзсэн чинь 2 залуу, 1 эмэгтэй, 1 хүүхэд хамт явж байгаад 2 эрэгтэй хүн нь миний цүнхийг хүн харж байгаад нэг нь аваад өвөртөө хийгээд явж байгаа бичлэг байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хадсан юм. Миний гар цүнхэнд дотор нийт 400,000-500,000 орчим төгрөг, шинэ 100 доллар 2 ширхэг, миний жолооны үнэмлэх, бусад дэлгүүрийн хөнгөлөлтийн картууд байсан юм. Миний цүнх бор өнгийн Picard гэсэн цүнх байсан. Тухайн өдөр гэрээсээ нийт 1,000 доллар авч гарсан юм. Тэгээд 800 долларыг нь зээ хүү Билэгтийн дансанд шилжүүлсэн. Үлдсэн 200 долларыг нь гар цүнхэндээ хийсэн байсан.

2019 оны 05 дугаар сарын 14-ны өдөр цагдаагийн байгууллагаас алдсан бор өнгийн арьсан цүнх, болон бусад бичиг баримт 180,100 төгрөг хүлээн авсан, миний цүнхэнд байсан 200 доллар байхгүй мөн 500 орчим мянган төгрөгөөс дутуу надад хүлээлгэн өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/,

 

Гэрч А.Амартүвшингийн мөрдөн байцаалтанд өгсөн:

... бид хэд дэлгүүрээс пицца, талх аваад гарсан. Машинд суугаад хөдлөөд явж байх замдаа эхлээд пиццагаа машинд задлаад идсэн. Тэгсэн чинь манай ах Б урд талын суудал дээр нэг юм ухаад байхаар нь юу бэ гэж асуусан чинь бид хоёр дэлгүүр дотроос түрүүвч олсон гэж хэлсэн. Тэгээд би эргүүлээд яах гэж хүний юм авсан юм бэ гэхэд ах Б онгойлгоод хоосон юм байна гэж хэлсэн. Тэгэхэд нь би яах гээд байгаа юм бэ хүний юм буцааж өг, түрүүнд нь хүн олоод юмыг нь авчихсан байсан юм биш үү гэж хэлсэн. Буцааж оруулж өг гэж хэлсэн. Замдаа пиццагаа идээд явсан, нөгөө хоёр буцааж өгнө гэж хэлсэн. Тэгээд гэртээ хариад юмнуудаа машинаасаа буулгаад гэртээ оруулж ирсэн. Гэрт орж ирсэн хойно манай ах тэр түрүүвчииг онгойлгож үзээд бүүр ард нь мөнгө байна ш тээ гээд гаргаад ирсэн. Тэгэхээр нь би мөнгөтэй бол буцаагаад далд хий мөнгө төгрөг үрж болохгүй гээд цааш нь далд хийлгэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 27/,

 

"Тод Үнэлгээ" ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 06/222 дугаартай:

Хохирогч Т.Сүхбатаарын хулгайд алдагдсан эд зүйлсийн зах зээлийн үнэлгээг нь 1,086,700 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх-ийн 32/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

-эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 4/,

-эд мөрийн баримтыг хураан авах тухай тогтоол, тооцох тогтоол /хх-ийн 5, 13/,

-“Гэр бүл март" дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-17/,

-хохиролд 850.100 төгрөг төлж хохирогчийн данс руу шилжүүлсэн тухай шүүхэд гаргаж өгсөн баримт

 

Шүүгдэгч Ж.Эгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулганы гаргасан 1906029421342a дугаартай тогтоолыг уншиж танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна.

2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр орой 18 цагийн орчимд харих гээд эхнэр Амартүвшин, охин Хонгорзул, хадам ах Б нарын хамт хотын төвөөс явж байгаад Чулуун овооны Гэр бүл март дэлгүүр дээр зогсоод бид дөрөв дэлгүүрээс идэж уух юм авахаар орсон. Дотроос уух юм, пицца зэргийг аваад
эхнэр охин хоёр түрүүлээд алхаад кассруу явсан. Хадам ах Б бид хоёр ардаас нь алхаад явж байхдаа түрдэг сагсан дотор бор өнгийн хавтас байхаар нь энд нэг ийм юм байна гээд Бд харуулсан чинь авчихгүй юу гэж надад хэлэхээр би аваад энгэртээ хийсэн. Машин дотор суугаад дэлгүүрээс авсан бор өнгийн хавтсыг Б онгойлгож үзэхэд баахан карт нэг жижиг богино харандаа өөр зүйл харагдаагүй. ...Манай эхнэр Амартүвшин бид хоёрыг юу үзээд байгаа юм гэж асуухаар нь дэлгүүр дотор сагсанд байсан эзэнгүй юм байхаар нь авчихсан гэсэн чинь бид хоёрыг загнаад наадахаа эргүүлж өг, цагдаад хэл гэж хэлсэн. Тэгээд гэрт очоод Б сайн үзье гээд дотор талыг нь сайн үзэхэд хойд далд газар нь 10,000 төгрөг, 20,000 төгрөг нийлсэн 180,000 төгрөг, 2 ширхэг 50 төгрөг байсан, тэгээд эхнэр өг гээд байхаар нь орой болсон байна, маргааш тэглээ ч амралтын өдөр юм чинь 7 хоног эхлэхээр өгье гэж хэлсэн байсан. Тэгээд 3 хоногийн дараа цагдаагаас яриад бид хоёрыг дуудаж уулзсан. Тэгээд тэр бор өнгийн гар цүнхийг цагдаа нарт хүлээлгэн өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 43/,

 

Шүүгдэгч А.Бы мөрдөн байцаалтад өгсөн:

... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын тогтоолыг уншиж танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна.

2019 оны 05 дугаар сарын 10-ны 17 цагийн үед Чулуун овоо өнгөрөөд Гэр бүл март гэсэн нэртэй дэлгүүрлүү орж ойр зуурын идэж уух юм авъя гээд орсон. ...Хонгорзул Амартүвшин хоёр идэх уух юм аа сагсанд хийгээд кассруу түрүүлээд явж байсан ба яаг миний урд хүргэн Э би ард нь алхаж байсан. Тэгтэл лангууны голд түрдэг тэргэн дотор бор өнгийн хавтас шиг ганц ширхэг зүйл байна гэж Э надад хэлэхээр нь гоё хавтас байна авчихгүй юу гэж хэлсэн чинь Э түрдэг сагс дотор байсан бор өнгийн хавтас шиг зүйлийг аваад зүүн сугандаа хавчуулаад явсан. Бид хэд авсан юмаа кассан дээр бичүүлээд хамт гараад машин дотор ороод тэр хавтастай зүйлийг би онгойлгоод үзэхэд ил харагдах мөнгө байхгүй, бичиг баримтууд байсан. Тэгсэн чинь дүү охин Амартүвшин хаанаас авсан юм хэний юм бэ хэрэгт орчих бий цагдаад бүртгүүлээрэй гэсэн. Бид хэд гэртээ очоод Э бид хоёр бор өнгийн хавтсанд байсан эд зүйлийг бүгдэнг гаргаж үзэхэд дотор нь холбоо барих утасны дугаар байхгүй байсан. Хамгийн ар талын хавтсанд нь 180,000 төгрөг байсан. Тэр мөнгө төгрөгийг үрж хэрэглэсэн юм байхгүй. 2-3 хоногийн дараа цагдаагийн газраас дуудахаар нь Этэй хамт эд зүйлийг зарж борлуулж үрэгдүүлээгүй хүлээлгэн өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 52/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс А.Б, Ж.Э нарын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 55-84/,

Ж.Эд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 726 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлсэн эсэх талаарх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 3/14955 дугаар албан бичиг зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Ж.Э, А.Б нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Гэр бүл март" дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа иргэн Т.Сүхбаатарын түрдэг тэргэний сагсанд хийгээд түрж яваад түр орхисон байсан түрийвчийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын дээрх мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.  

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Ж.Э, А.Б нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

 

Шүүгдэгч Ж.Э, А.Б нарыг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Хохирогч Т.Сүхбаатарт учирсан хохиролыг нөхөн төлж барагдуулсан талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн, уг баримтадаас хохиролыг бүрэн барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгч Ж.Э, А.Б нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, учруулсан хохиролоо төлсөн, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.

 

Шүүхээс ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг бүрэн төлж барагдуулсан байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ж.Э нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 726 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж уг ялаас эдлээгүй байна.

Өмнө ял оногдуулсан боловч эдлээгүй ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялтай нэгтгэн эдлүүлэх нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б, Э нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шүүгдэгч Ж.Э, А.Б нарыг шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эд оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 726 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх эдлээгүй ялд нэмж нэгтгэн нийт ялыг 540 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э, А.Б нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагийн хугацаагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч Ж.Э, А.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Э, А.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ