| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 102/2016/03951/И |
| Дугаар | 677 |
| Огноо | 2016-08-23 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 677
| 2016 оны 08 сарын 23 өдөр | Дугаар 184/ШШ2016/00677
| Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 63/2 байрны 38 тоотод оршин суух Гал овогт Самбуугийн Түвдэндорж/РД-АЮ55071814/-ийн,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамжинд оршин байх “Ерөнхий боловсролын 62 дугаар сургууль”-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, мөн сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч С.Түвдэндорж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Саранцэцэг нар оролцов. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунтуяа шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй гэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Түвдэндорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн өглөөний 9 цагаас 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн өглөөний 9 цаг хүртэл 24 цагаар ээлжид гараад буусан. Дараа нь 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр би дараагийн гараа болох өдрөө очсон боловч миний халагдах тушаал гарсан гэж хэлсэн. Яагаад гэхэд чи Монгол ардын намын гишүүн хүн байна гэсэн. Надад ямар ч намын харьяалал байхгүй. 1996 онд би нурууны гэмтэл авсан. Миний энэ нурууны өвчин жил болгоны 5 сар болон 11 саруудад сэдэрдэг. Улмаар тухайн үед 2015 оны 11 сарын эмчилгээ яг хийгдэх байсан учир би тэр эмчилгээндээ явах гээд халагдах тушаалаа аваад явсан. Энэ эмчилгээндээ сая 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр дахин яваад ирсэн. Нийт би 3 удаагийн эмчилгээнд явсан. Эмчилгээнд явахдаа голдуу ээлжийн амралтаа аваад явдаг байсан. Өмнө нь би 2015 оны 01 дүгээр сарын үед нэхэмжлэл гаргасан. Түүний дагуу шүүхээр шийдүүлээд буцаад ажилдаа орсон. 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр давж заалдах шатны шүүхийн магадлал гарч ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Түүнээс хойш би 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа очсон санагдаж байна. Ажиллах гэтэл намайг ээлжийн амралтаа аваад амарчихаад ир гээд явуулсан. Тэгээд 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр намайг очиход та 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл халаалт ирэхээр ажилла гэсэн. Энэ хугацаанд намайг ажилд авсан тушаал байхгүй. Огноог нь сайн мэдэхгүй байна. Нэг тушаал хэрэгт өгсөн байгаа. Тэгээд 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр очиход график гаргаад, 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс ирж ажилдаа ор гэсэн. Улмаар 2015 оны 11 дүгээр сарын 05-ний өглөө би буугаад 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө ажилдаа очиход намайг ажлаас халсан байсан. Тэгэхээр нь би юм хэлээгүй гараад ирсэн. Одоо ажилдаа буцаад орох хүсэлтэй байна. Одоогоор 2 ээлжийн л ажилтан байгаа. 62 дугаар сургуулийн сантехникийн слесараар ажиллаж байсан тул уг ажилд минь эгүүлэн тогтоож өгнө үү. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ажиллаагүй үеийн цалингаа гаргуулах хүсэлтэй байна. Намайг ажлаас халахдаа надад 1 сарын өмнө мэдэгдэх ёстой. Яг тушаал гарсан өдөр би ажиллаж байсан. Би өөрөө тэтгэвэрт гарна гэсэн өргөдлөө өгөөгүй байхад халсан. Мөн иргэн хүний өөрийнх нь эрхийг харгалзаж үзэх ёстой. Би өөрийгөө 61 нас хүрсэн ч гэсэн тэр насны хүмүүсээс биологийн наснаас 10 насаар залуу гэж боддог. Ядаж надад сарын өмнө мэдэгдсэн бол би асуудал үүсгэн ингэж явахгүй байсан. Ажлаа хийгээд л байж байхад маргааш нь тушаал гарсан байсан. Өмнөх шүүх хуралдаан хойшилж би холбогдох нотлох баримтуудыг шүүхэд өгсөн. Өөрт холбогдолтой бүх материалуудыг сургууль дээрээ очоод шүүлгэхэд сургуулийн захирлын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/106 дугаартай тушаал байхгүй байсан. Миний Б/106 дугаартай тушаал дээр н.Цоодол гэж хүний тушаал гарсан байсан. Манай бичиг хэргийн ажилтан тухайн үед солигдсон байсан. Тэр хүн шүүж дахин гаргаж ирсэн. Шүүлгэхэд н.Цоодол гэсэн нотлох баримтыг өгсөн байгаа. Би энэ талаарх нотлох баримтын шүүхэд өгөх гэсэн юм гэж хэлээд тамга даруулан авч ирж өгсөн. Тухайн үед миний тушаалыг нөхөж гаргасан байх гэж би ойлгоод байгаа. Би 2015 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр би ажил дээр очиход чамайг ажилд гаргахгүй гэсэн захиралтай уулз гэж хэлсэн. Тэгээд ороод уулзахад чамайг ажлаас халсан гэсэн. Тэгвэл би тушаалаа авья гэхэд нарийн бичиг дээр очоод ав гэсэн. Тэгээд нарийн бичиг дээр очоод авах гэтэл би ажилтай байна та жаахан байж байгаа эргэж ирээд авчих гэсэн. Улмаар байж байгаад ороход за та байж байгаарай би гарын үсэг зуруулчихаад ирье гэсэн. Ийм учраас энэ тушаалыг би нөхөн гаргасан байх гэсэн бодол төрж байгаа. 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн өглөө надад мэдэгдэх хуудас өгсөн. Мэдэгдэх хуудсан дээр намайг 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс ажлаас чөлөөлөх тухай бичсэн байсан. Тэгж бичсэн байж намайг 11 сарын 04-ний өдөр ажиллаж байхад гаргасан тушаал байх ба ажил олгогчид хоорондоо хуйвалдан гаргасан тушаал гэж ойлгож байгаа. Ажил үүрэг гүйцэтгэж байхад нөхөж тушаал гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дахь хэсэгт заасан заалтыг мэдэгдэх хуудсыг бичсэн мөртлөө надад боломж олгоогүй эндээс үзэхэд энэ тушаал бол хуулийн шаардлага хангаагүй. Ажил хүлээлцэх хугацаа байхгүй, ажилтай байсан өдөр гарсан гэх мэтчилэн хууль бус юм. Би хэдий тэтгэврийн нас хүрсэн ч гэсэн би өөрөө тэтгэвэрт гарах өргөдлөө өгөөгүй байхад хууль бусаар намайг халсан. Яагаад гэвэл тушаал гаргасан захирлын үүргийг гүйцэтгэдэг С.Намжилмаа болон нягтлан Ч.Нямзагд нар нь тэтгэвэрт гарах настай хүмүүс. Ч.Нямзагд нь 2014 онд тэтгэвэрт гарсан. Эдгээр хүмүүс нь надтай нас адил хүмүүс. С.Намжилмаа нь одоог хүртэл тэтгэвэртээ гараагүй ажиллаж байгаа. 62 дугаар сургууль нь дотроо хахууль мөнгө төгрөг өгсөн хүмүүс нь л ажилтай үлддэг. Яг үнэнээр явж байгаа бид нар шиг хүмүүс иймэрхүү байдалд орж байгаа. Үүнээс үүдээд энэ хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин, мөн ажилд маань эргүүлэн оруулж өгнө үү. Мөн ажилдаа орчиход тэтгэвэрт гарах өргөдлөө би өөрөө бичиж өгнө. Нэр төртэйгөөр ажлаасаа гармаар байна. Ч.Намжилмаа намайг танд амралтын мөнгө цалин бүгдийг нь өгье битгий энэ сургууль дээр үзэгд гэж хэлсэн. Б/106 дугаартай тушаал дээр н.Цоодол гэж хүний тушаал байсан. Миний тушаалыг шинээр орсон байсан нарийн бичиг хүүхэн хамгийн хойноос гаргаж ирж өгсөн. Тэгээд би гуйж байж энэ Б/106 дугаартай тушаалыг авсан. Шүүх дээр давхардсан тушаал байгаа учраас би тайлбарлах хэрэгтэй байна гэж хэлээд авсан. Миний гэх тушаалыг бүх тушаалуудын хамгийн хойд талаас нь гаргаж ирсэн. Миний тушаал алга байна гэхэд ямар сонин юм бэ та өөрөө үз гэж хэлсэн. Үзэж байхад гэнэт саналаа гээд хойноос нь гаргаж ирсэн. Шинэ нарийн бичиг нь тушаалуудыг гялгар уутанд хийдэг юм байна. Өмнөх нарийн бичиг маань нэг бүрчлэн үддэг байсан. Тиймээс намайг халсан тушаал нь миний бодлоор нөхөөд гаргасан намайг хэлмэгдүүлсэн тушаал байна гэж ойлгож байна гэв.
Хариуцагч “Ерөнхий боловсролын 62 дугаар сургууль” шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд нэхэмжлэгч С.Түвдэндоржийн гаргасан нэхэмжлэлийн дагуу түүний ажлаас халагдсан тушаалтай танилцахад 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б29 тоот тушаалаар халагдсан байх бөгөөд тухайн тушаалыг гаргасан С.Намжилмаа нь захирлын ажлыг хавсран гүйцэтгэгчээс чөлөөлөгдсөн байна. Цагийн бүртгэлээс үзэхэд С.Түвдэндорж 11 сарын 04-ний өдрөөс хойш ажиллаагүй байна гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Ү Н Д Э С Л Э Х Н Ь:
Нэхэмжлэгч С.Түвдэндорж нь хариуцагч “Ерөнхий боловсролын 62 дугаар сургууль”-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажиллаагүй байсан хугацааны цалин хөлс олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан байна.
С.Түвдэндожийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхээр шийдвэрлүүлэх маргаанд хамаарахын зэрэгцээ болон гомдол гаргах хугацааг зөрчөөгүй байна гэж үзлээ. Нэхэмжлэгч С.Түвдэндорж нь шүүхэд нэхэмжлэлээ анх 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гаргасан боловч нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэсэн боловч 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр дахин шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байдаг.
“Ерөнхий боловсролын 62 дугаар сургууль”-ийн захирлын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/106 тоот тушаалаар С.Түвдэндоржийг хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 37 дугаар зүйлийн 37.1.3 дах заалт, 42 дугаар зүйлийн 1 дэх заалтуудыг үндэслэн слесарь Самбуу овогтой Түвдэндоржийг 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн, цаашид хөдөлмөрийн гэрээ сунгагдах боломжгүй болсон гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.
Нэхэмжлэгч нь түүнийг ажлаас халсан тушаал хууль бус, уг тушаалыг нөхөн гаргасан, хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж тайлбарладаг. Харин хариуцагч “Ерөнхий боловсролын 62 дугаар сургууль”-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа болон татгалзаж байгаагаа хариу тайлбартаа тусгаагүй байх ба түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ирж зөвшөөрөл, татгалзалдаа илэрхийлж тайлбар өгөөгүй байдаг.
Хариуцагч “Ерөнхий боловсролын 62 дугаар сургууль”-ийн захирлын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/106 дугаартай тушаалын хууль зүйн үндэслэлийг хянавал хариуцагч нь Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т зааснаар ажилтан 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн, 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон, 42 дугаар зүйлийн 42.1-т ажлаас халагдсан ажилтанд 1 сар ба түүнээс дээш хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгохтой холбогдсон зүйл заалтыг баримталсан нь хууль зөрчөөгүй мэт боловч ажил олгогч “Ерөнхий боловсролын 62 дугаар сургууль” нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилтан С.Түвдэндоржийг ажилд нь эгүүлэн тогтоосонтой холбогдуулан хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байдаг. Гэвч уг тушаалд хөдөлмөрийн гэрээг захиргаатай байгуулсан мэтээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан нь хууль зөрчсөн байна. Нэхэмжлэгчийн тайлбараар хариуцагч байгууллага С.Түвдэндоржтой хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй гэдэг.
Хэргийн үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч С. Түвдэндоржийг “Ерөнхий боловсролын 62 дугаар сургууль”-ийн захирлын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/42 дугаар тушаалд дурдсанаар 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 712 дугаартай дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шийдвэр болон Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 160 дугаар магадлалаар 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс слесараар авч ажиллуулж хөдөлмөрийн гэрээ байгуулахаар ажил олгогч шийдвэрлэсэн байдаг.
Гэвч ажил олгогч шүүхийн шийдвэрийн дагуу байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй болох нь тогтоогдож байна.
С.Түвдэндоржийг ажилд эгүүлэн авч ажиллуулсан гэх боловч “Ерөнхий боловсролын 62 дугаар сургууль”-ийн захирлын 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/29 дугаартай тушаалаар С.Түвдэндоржид ээлжийн амралтыг 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс ажлын 29 хоногоор олгохоор шийдвэрлэсэн байна.
С.Түвдэндоржийн ээлжийн амралтын хугацаа 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс дууссан боловч энэ хугацаанаас ажиллуулалгүй 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс ажиллуулсан гэж нэхэмжлэгч тайлбарладаг. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл ажилласан гэдэг.
Эндээс үзвэл ажил олгогч нь шүүхийн шийдвэрийн дагуу С.Түвдэндоржийг ажилд нь эгүүлэн тогтоож, байнгын ажлын байранд тавигдах шаардлагыг зөрчиж хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтгүйгээр ажиллуулж, тогтмол цалин хөлсийг бодож олгож байгаагүй болох нь тогтоогдож байна./ХХ-ийн 43 дугаар хуудас/
С.Түвдэндоржийг халсан гэх 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/106 дугаартай тушаалаар жижүүр М.Цоодол болон С.Түвдэндорж нарыг ажлаас халсан байхын зэрэгцээ жижүүр М.Цоодол болон слесарь С.Түвдэндоржийг ажлаас чөлөөлсөн 2 тусдаа хууль зүйн үндэслэлтэй, 2 өөр агуулгатай, нэг дугаартай тушаалуудыг шүүхэд үнэлүүлэхээр зохигчид ирүүлсэн байна. /ХХ-ийн 6,35,36 дугаар хуудас/ Энэ үйл баримтаас үзвэл 1 тушаалын дугаараар 2 өөр ажилтныг халж, чөлөөлсөн шийдвэрийг гаргасан нь хариуцагч Монгол улсын хөдөлмөрийн хууль болон албан хэрэг хөтлөлтийн журам, стандартыг зөрчсөн болох нь тогтоогдож байна. Энэ тушаалын хууль зүйн хүчин чадал үгүйсгэгдэж байх тул уг тушаал нь тухайн ажилтнуудын эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлж, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн хариуцагч “Ерөнхий боловсролын 62 дугаар сургууль” хариу тайлбартаа С.Түвдэндоржийг 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б29 тоот тушаалаар халагдсан гэх боловч уг тушаалыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй, хариуцагчтай холбоотой цалингийн тодорхойлолт болон холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байдаг.
Хариуцагч нь С.Түвдэндоржийн цагийн бүртгэл гэх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн боловч он, сар, өдөр мэдэгдэхгүй нотлох баримтын шаардлага хангахгүй баримтуудыг гаргаж өгсөн байх ба Нийслэлийн боловсролын газрын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/45 дугаар тушаал, Нийслэлийн боловсролын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/45 дугаар тушаал, Нийслэлийн засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/29 дугаар захирамж зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд уг баримтууд нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй байх тул шүүх үнэлээгүй болно.
Хариуцагч “Ерөнхий боловсролын 62 дугаар сургууль” нь С.Түвдэндоржид өгсөн мэдэгдэлд 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцлахыг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мэдэгдсэн боловч түүнийг 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс ажлаас чөлөөлж, тушаал гаргасан нь зөрчилтэй байдаг. Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар ажил олгогч ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар мэдэгдэх үүрэг хүлээгээгүй ч мэдэгдэлд заасан хугацааг баримтлаагүй байна./ХХ-ийн 4 дүгээр хуудас/
Нэхэмжлэгч С.Түвдэндоржийн хариуцагч “Ерөнхий боловсролын 62 дугаар сургууль”-д холбогдуулан гаргасан Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь С.Түвдэндоржийг шүүхийн шийдвэрийн дагуу хууль ёсоор ажиллуулах эрх зүйн зохицуулалт, шаардлагыг хариуцагч нэгэнт зөрчсөн байх тул түүнийг дахин ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан нь мөн адил хууль зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч С.Түвдэндорж нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлсөө гаргуулах эрхтэй ч нэхэмжлэгч 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс хойших цалин нэхэмжилсэн нь уг хугацаанаас тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Иймд 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны 318 хоногийн цалинг гаргуулах нь зүйтэй байна. Хариуцагч байгууллага нь цалингийн тодорхойлолт болон нийгмийн даатгалын дэвтэрт 2015 оны 05 дугаар сар хүртэл, 2015 оны 10 сард бичилт хийж дэвтрийг хаасан байх тул сүүлийн 3 сарын цалингийн дундажийг тооцон гаргах боломжгүй байна. Иймээс “Ерөнхий боловсролын 62 дугаар сургууль”-ийн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн захирлын Б/42 дугаартай тушаалд С.Түвдэндоржийн сарын үндсэн цалинг ТҮ-3-ийн 4 дүгээр шатлалаар 452.155 төгрөг байхаар тогтоосон байна. Иймд тушаалд дурдагдсан 1 сарын үндсэн цалингаас тооцоход 1 өдөрт дунджаар 20.552,5 төгрөгийн цалин авдаг болох нь тогтоогдож байна. Үүнийг 318 хоногоор үржүүлэхэд 6.535.695 төгрөг болж байх тул уг цалинг хариуцагчаас гаргуулах нь зүйд нийцнэ гэж үзлээ.
Иймд хариуцагч “Ерөнхий боловсролын 62 дугаар сургууль” нь шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх ба хууль бус тушаал гаргаж С.Түвдэндоржийг ажлаас чөлөөлсөн болох нь тогтоогдож байна. Түүнчлэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох үед нэхэмжлэгч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй байсан болох нь тогтоогдож байх тул түүнийг “Ерөнхий боловсролын 62 дугаар сургууль”-д слесарийн ажилд эгүүлэн тогтоож, дундаж цалин олговрыг 452.155 төгрөгөөр, 1 өдрийн цалинг 20.552,5 төгрөгөөр тооцон, ажилгүй байсан хугацааны цалин олговорт болох 6.535.695 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ
Түүнчлэн нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар С.Түвдэндоржийг “Ерөнхий боловсролын 62 дугаар сургууль”-ийн слесарийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “Ерөнхий боловсролын 62 дугаар сургууль”-иас 6.535.695 төгрөг гаргуулан С.Түвдэндоржид олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч С.Түвдэндоржийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч “Ерөнхий боловсролын 62 дугаар сургууль”-д даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б. БАЯРМАА