| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 183/2022/02536/И |
| Дугаар | 210/МА2025/00759 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2025/00759
“*******” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/01681 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 453,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжпэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Нэхэмжлэгч нь “*******” ХХК-тай “Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх” БН/20/05/002 дугаартай гэрээг 2020 оны 05 сарын 08-ны өдөр байгуулсан ба гэрээний хугацааг 2020 оны 05 сарын 09-ний өдрөөс 2020 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл байхаар тогтоосон.
1.2. Уг гэрээний дагуу хариуцагчийн ирүүлсэн захиалснаар стандарт, технологийн чанарын шаардлага хангасан бетон зуурмагийг захиалагчийн ******* төслийн талбайд нийлүүлэх, захиалагч тал нь бүтээгдэхүүний төлбөрийн 50 хувийг бэлнээр, үлдэх хувьд нь орон сууц өгөхөөр талууд тохирсон.
1.3. Захиалагч тал орон сууцаа 2020 оны 12 сарын 30-ны өдрийн дотор ашиглалтад оруулаагүй шалтгаанаа цар тахалтай холбон тайлбарласан тайлбарыг бид хүлээн авсан тул 2021 оны 2 дугаар улиралд ашиглалтад орох ******* нэг өрөө, ******* хоёр өрөө,*******нэг өрөө, 1******* хоёр өрөө болон сонгогдоогүй бусад байраар хувааж төлөхийг зөвшөөрсөн. Гэвч дурдсан хугацаанд орон сууцыг мөн ашиглалтад оруулаагүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.
1.4. Гэрээний 7.2-т “Гэрээний төлбөрт дуусаагүй байгаа орон сууцны барилгыг шилжүүлэхээр талууд харилцан тохиролцож байгаа нөхцөлд тухайн орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаа хэтэрсэн нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алдангийг орон сууцны үнийн дүнгээс тооцох бөгөөд алдангийг Захиалагч талд үл маргах журмаар төлөх үүрэгтэй” гэсэн заасан.
1.5. Нэхэмжлэгчээс хариуцагч байгууллагад нийт 904,656,000 төгрөгийн үнэ бүхий 4,919 м.куб бетон зуурмагийг нийлүүлсэн ба хариуцагчаас бетон зуурмагийн төлбөрт 451,166,000 төгрөгийг шилжүүлсэн.
1.6. Иймд гэрээний 7.3-т “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээг нэг талын санаачилагаар цуцалж, урьдчилан төлсөн төлбөр, учирсан хохирол, зардлаа төлөхийг буруутай талаас шаардах эрхтэй” гэж заасныг үндэслэн гэрээг цуцалж, нийлүүлсэн зуурмагийн үлдэгдэл төлбөр 453,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. Манай компани нь ******* хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ******* төслийн үйлчилгээний төв болон орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр *******ХХК-тай “Барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г 2020 оны 04 сарын 27-ны өдөр байгуулсан. Уг гэрээний дагуу бид туслан гүйцэтгэгчээр “*******” ХХК-тай 2020 оны 05 сарын 08-ны өдрийн БН/20/05/002 дугаар “Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ”-г байгуулсан.
2.2. Нэхэмжлэлийн шаардлагад “...гэрээний хугацааг 2020 оны 05 сарын 09-ний өдрөөс 2020 оны 12 сарын 30-ны өдрийг дуустал хэмээн тогтоосон” гэж дурдсан. Гэрээний 11 дүгээр зүйлийн 11.1-т “... гэрээг хугацаанаас нь өмнө цуцалснаар буюу гэрээний нөхцөл бүрэн биелэгдсэнээр дуусгавар болно”, гэрээний 1.2-т “... гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөнө” гэж заасны дагуу гэрээнд дурдсан хугацаа дуусгавар болсон хэдий ч талууд гэрээг дуусгавар болгох талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй байдаг.
2.3. “*******” ХХК-аас 2020 оны 12 сарын 30-ны өдрөөс хойш төлбөрийн нэхэмжлэх явуулж, үүний дагуу бид төлбөр мөнгийг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсээр ирсэн нь уг гэрээ гэрээ хүчин төгөлдөр үргэлжилж байгаа талаар талууд маргаагүй.
2.4. Манай талаас гэрээний үүргээ биелүүлж, төлбөр тооцоог цаг тухайд нь нэхэмжлэгч талд шилжүүлсээр ирсэн. Нэхэмжлэлд “... гэрээгээ судлан үзэхэд 7.2-т “... дуусаагүй байгаа орон сууцны барилгыг шилжүүлэхээр талууд харилцан тохиролцож . алдангийг үл маргах журмаар төлөх үүрэгтэй” гэсэн. Гэвч дуусаагүй байгаа орон сууцаа манайд хэзээ өгөх нь тодорхойгүй байгаа ... манайхыг хууран мэхэлж, хямд буюу тал үнээр бетон зуурмагийг хугацаагүй авах зорилготой байсан” гэжээ.
2.5. Гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т бартерын зүйл болох орон сууцтай холбоотой хариуцлагын талаар заасан. Талууд баригдаж, ашиглалтад ороогүй орон сууцыг төлбөрийн зүйл болгон шилжүүлэн өгөх тухай гэрээнд тусгасан, харилцан тохиролцсон. Бартерын зүйл болох орон сууц ашиглалтад орох хугацаа нь давагдашгүй хүчин зүйл буюу “Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахалтай холбоотойгоор хойшилсон. Нэхэмжлэгч нь төлбөрийн нөхцөлийг өөрчлөх, уг бартерын зүйлтэй холбоотой алданги тооцуулах талаар манай талд санал, хүсэлт, мэдэгдлийг хүргүүлж байгаагүй. Гэрээнд төлбөр төлөх нөхцөл болон бетон зуурмагийн үнэ ханшид өөрчлөлт огт ороогүй бөгөөд бид гэрээнд заасны дагуу төлбөрийг шилжүүлж үүргээ гүйцэтгэсээр ирсэн.
2.6. Гэрээний 2.1.3-т “Бетон зуурмагийн үнэ нь түүхий эд материалын үнийн өөрчлөлтөөс хамааран харилцан өөрчлөгдөх тохиолдолд албан бичгээр мэдэгдэл хүргүүлнэ” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс бетон зуурмагийн үнэ ханшийн нэмэгдэлтэй холбоотой албан бичиг, мэдэгдлийг нэг ч удаа ирүүлж байгаагүй атлаа манай байгууллага руу нэхэмжлэх явуулахдаа гэрээнд заасан үнэ, ханшнаас нэмэгдүүлсэн байдлаар ирүүлж байсан. Энэ үйлдэл нь гэрээний 11 дүгээр зүйлийн 11.4-т заасныг зөрчиж байгаа тул бид нэхэмжлэхийн дагуу өндөр үнээр төлж байсан уг зөрүү төлбөрийг гэрээний үндсэн төлбөрөөс хасаж тооцуулах ёстой гэж үзэж байна.
2.7. Нэхэмжлэлийн шаардпага болох 453,500,000 төгрөгийг ямар үндэслэлээр хэрхэн шаардаж байгаа болон уг үнийн дүнгийн тооцоолол задаргааг тусгаагүй байх ба гэрээнд заасан төлбөр төлөх нөхцөлд өөрчлөлт ороогүй атал бартерт тооцсон төлбөрийн нөхцөлийг мөнгөн дүнгээр нэхэмжилж байгаа эсэх бартерын зүйл болох орон сууцтай холбоотой алдангийг нэхэмжилж байгаа эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
3.1. “*******” ХХК бетоноо нийлүүлээгүйгээс болж цутгалт авч чадаагүй ба үүнээс шалтгаалж барилгын 5 дугаар давхрын арматур тэр чигтээ зэвэрч ашиглах боломжгүй болж 2024 оны 10 сард захиалагч компани болох *******ХХК нь өөрсдийн ажилчдаар арматур, хэв хашмалыг буулгаад байна.
3.2. Хариуцагч захиалагч *******ХХК-тай 2020 оны 04 сарын 27-ны өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ хийсэн ба барилгын ажил зогссонтой холбогдуулан 2022 оны 12 сард тооцоо нийлсэн акт үйлдэн баталгаажуулсан. Тооцоо нийлсэн актаар барилгын 4 давхар хүртэлх ажил хийсэн гээд тооцоо нийлсэн байдаг. Бид цаашид хамтран ажиллахааргүй болсон тул тус гэрээтэй холбоотой олох ёстой байсан орлогоо нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэж байна.
3.3. Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 3.1-д 5 давхар 507,52 м.кв талбайтай, 1 м.кв гэрээт ажлын үнэлгээ материалтай 300,000 төгрөг байхаар тохирсон. Хэрвээ талууд хугацаандаа бетон зуурмагаа авсан байсан бол 152,256,000 төгрөг олох ёстой байсан ба 5 давхарт орох 180 м.куб бетон зуурмагийн /170,000/ үнэлгээ болох 30,600,000 төгрөгөө хасахад 121,656,000 төгрөг болж байна.
3.4. Мөн арматур угсралтын ажлаа хийхдээ дутуу хэв, тулгуур төмөр, хэв хашмалаа *******ХХК болон *******ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан авч хэрэглэсэн. 2022 оны 03 сарын 15-ны өдөр *******ХХК-тай тулгуур төмөр, хэв хашмал түрээслэх гэрээ байгуулан 385 ширхэг тулгуур төмрийг сарын 1,386,000 төгрөгөөр түрээсэлсэн ба түрээсийн төлбөр нийт 4,158,000 төгрөг, 2022 оны 04 сарын 05-ны өдөр *******ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан 160 ширхэг хэвийг сарын 3,168,000 төгрөгөөр түрээсэлсэн ба түрээсийн төлбөр 3,168,000 төгрөг болсон.
Иймд “*******” ХХК-аас олох ёстой байсан орлого болох 121,656,000 төгрөг, түрээсийн гэрээний хохиролд 7,326,000 төгрөг буюу нийт 128,982,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн хариу тайлбарын агуулга:
4.1. 2022 оны 03 сард талууд уулзаж, хариуцагчийн захирал ******* захирал нь “... танай мөнгийг бид нар удахгүй хөрөнгө оруулалт орж ирэх гэж байгаа, 04 сарын эхний долоо хоногт танайд өгнө” гэсэн боловч мөнгө нь орж ирээгүй тул 2022 оны 04 сарын 15-ны өдөр хариуцагч компанид албан тоот өгсөн.
4.2. Барилгын тухай хуулийн 4.1 дэх хэсэгт “... барилгын захиалагч болон туслан гүйцэтгэгчид хамгаалалтын горим гэдгийг мөрдөх ёстой” гэж заасан. Хамгаалалтын горим гэдэг нь Барилгын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 41.3 дахь хэсэгт хэрвээ барилга ямар нэгэн байдлаар түр зогсох тохиолдолд өөрсдөө агаар исэлдэлтээс, бороо цаснаас хамгаалах ёстой. Өвөл хүртэл арматураа бүтээдэг байтал хариуцагч компани өөрсдөө хамгаалалтын горимдоо ажиллаагүй байж манай бетон зуурмагийг зэвэрсэн, гандсан гэж байна. Барилгын тухай хуулиа захиалагч, туслан гүйцэтгэгч хоёулаа зөрчсөн. Тийм учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 2,425,450 төгрөг, хариуцагчаас төлсөн 1,188,060 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2,425,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.1а-т “ ... *******ХХК-аас “*******” ХХК-д барилгын санхүүжилт олгох боломжгүйгээс барилгын ажил зогссон үйл баримт тогтоогдсон” гэж дүгнэж, “*******” ХХК болон “*******” ХХК-ийн хоорондох 2020 оны 05 сарын 08-ны өдрийн Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээний үүрэг хариуцлагыг тооцохгүй байдлаар дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.
6.2. Учир нь гэрээний 2.1.1-т М350 маркийн бетон зуурмагийг м3-ийг 170,000 төгрөгөөр, М250 маркийн бетон зуурмагийг м3-ийг 155,000 төгрөгөөр, Гэрээний 4.1.1-2-т М350 бетон зуурмагийн 50 хувь бэлнээр 646,000,000 төгрөг, 50 хувьд *******төслөөс орон сууц шилжүүлэн өгөх, гэрээний 4.1.3-т М250-ийн нийт үнийн дүн болох 150,350,000 төгрөгийг *******төслөөс орон сууц шилжүүлэн өгөхөөр тохиролцсоны дагуу талууд бартерын 4 ширхэг орон сууцны гэрээг “*******” ХХК-д эрхээ шилжүүлсэн байдаг ч өөрсдөө гэрээгээ авч явсан бөгөөд шүүхээс гаргуулъя гэсэн хүсэлт гаргахад байхгүй гэдэг байснаа сүүлдээ, оллоо гээд шүүхэд гаргаж өгдөг бөгөөд манайх гарын үсэг зураагүй учир хүчингүй гэх тайлбар хийдэг.
6.3. Мөн гэрээний дагуу 4,752 м3 бетон зуурмагийн хүлээн авсан ба гэрээний үнээр тооцвол 791,935,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг хүлээн авсан ба түүнээс бэлнээр 451,166,000 төгрөгийг шилжүүлсэн буюу нийт үнийн дүнгийн 56,97 хувийг бэлнээр шилжүүлж гэрээнийхээ үүргийг зөрчөөгүй давуулан биелүүлсэн.
6.4. Улмаар бид арматур угсралтын ажлаа 2022 оны 03 сарын 15-ны өдөр эхэлж 2022 оны 04 сарын 12-ны өдөр дуусаж бетон зуурмагаа захиалахад 2022 оны 04 сарын 14-ний өдөр *******” ХХК-аас бетон зуурмагийн нэхэмжлэл ирсний дагуу 20,300,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл “*******” ХХК нь гэрээний 6.1.1, 6.1.6-д заасан үүргээ биелүүлэхгүй бетон зуурмагаа нийлүүлээгүй.
6.5. Гэрээний 7.4-д зааснаар бид өөр газраас бетон зуурмагаа захиалж авбал нийт үнийн дүнгийн 50 хувь хүртэлх хувийн анз бодож нийлүүлэгч талд төлөх учир өөр байгууллагаас бетон зуурмагаа авах боломжгүй болсон. Гэрээний 7.3-т “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, урьдчилан төлсөн төлбөр, учирсан хохирол, зардлаа төлөхийг буруутай талаас шаардах эрхтэй “ гэж заасны дагуу бид учирсан хохирлынхоо үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулан үнэлгээг гаргах хооронд Захиалагч компани болох *******ХХК нь өөрсдийн ажилчдаа оруулан зэвэрч муудсан арматур хэв хашмалыг буулгаж байснаас хохирол тогтоолгох боломжгүй болсон тул гэрээний дагуу олох ёстой байсан орлого 121,656,000 төгрөг болон түрээсийн гэрээний хохиролд 7,326,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна.
6.6. Анхан шатны шүүх тооцоо нийлсэн актыг эрхгүй этгээдээр гарын үсэг хариуцагч тал санаатай зуруулсан мэт тайлбар хийсэн. Гэтэл хавтаст хэрэгт уг н.******* гэх этгээд нь манай компанид албан ёсоор ажилладаггүй болохыг нийгмийн даатгалын лавлагаагаар нотолсон.
6.7. Гэтэл уг тооцоо нийлсэн актыг дүгнэвэл бидэнд нийлүүлсэн бетон нь гэрээнд заасан үнээс өндөр үнээр тооцоо бодсон. Мөн гэрээнд огт дурдагдаагүй маркийн бетон хүртэл бичигдсэн байсан. /150,400/ “Хэрэв бетоны үнэнд өөрчлөлт орсон бол гэрээний талууд өөрчлөлтөөс хамааран харилцан албан бичгээр мэдэгдэл хүргүүлнэ” гэх гэрээний 2.1.3-т заалтыг зөрчсөн.
6.8. Талуудын хооронд бетон зуурмаг худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан ба төлбөрийн нөхцөлийг гэрээний 4.1.2-т орон сууцаар 50 хувийг төлөхөөр харилцан тохиролцсон байдаг бөгөөд үүнд уг орон сууцыг хэзээ ашиглалтад орох талаар буюу хэзээ шилжүүлэх хугацааг тогтоогоогүй. Учир нь уг орон сууц нь нэхэмжлэгч компанийн бидэнд нийлүүлж буй бетоноор барьж байгаа барилга юм. Гэтэл бетоноо нийлүүлэхгүй байж орон сууц хугацаандаа ашиглалтад орсонгүй гэж дүгнэх нь хэнээс болж барилга хугацаандаа ашиглалтад орохгүй байгааг анхан шатны шүүх дүгнээгүй.
6.9. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.1.в-д “Хариуцагч “*******” ХХК нь тооцоо нийлсэн баримтаар тогтоогдсон төлбөрийн үлдэгдэл 453,500,000 төгрөгийн үнийн дүнд маргах атлаа тооцоо нийлсэн баримт үйлдсэнээс хойш 20,300,000 төгрөгийг төлсөн, уг мөнгөн хөрөнгийг 453,500,000 төгрөгөөс хасаж тооцуулна гэж тайлбарлаж буй нь зөрүүтэй байна” гэсэн нь үндэслэлгүй.
Учир нь талуудын хооронд тооцоо нийлсэн актад 2022 оны 04 сарын 14-ний өдөр уг 20,300,000 төгрөгийг шилжүүлсэн нь огт тусгаагүй байгаа нь уг тооцоо нийлсэн акт нь хүчингүй мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хурал дээр тооцоо нийлсэн актад 20,300,000 төгрөгийг тусгаагүй талаар тайлбарлахад шүүгч хүлээн аваагүй, манайхаас шилжүүлсэн төлбөр, бетоны үнийг гэрээнд зааснаас зөрүүтэй байгааг шүүх анхаарч үзээгүй болно.
6.10. Хариуцагчаас М250 маркийн бетон зуурмагийг 981 м3, М350 маркийн бетон зуурмагийг 3,764 м3 авсан нийт үнэ 791,935,000 төгрөг болж үүнээс бэлнээр 451,166,000 төгрөгийг төлж 340,769,000 төгрөг үлдсэн ба үүнээс нэмж төлсөн 20,300,000 төгрөг болон олох ёстой байсан орлого болох 128,982,000 төгрөгийг хасаж тооцоход 191,487,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Өөрөөр хэлбэл хууль бусаар биднээс 262,013,000 төгрөг нэмж нэхээд түүнийг нь анхан шатнаас хангаж шийдвэрлэсэн.
6.11. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс дээрх байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй, хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас 262,013,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
7.1. Талууд гэрээ байгуулсан эсэхэд маргадаггүй. Хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь тооцоо нийлсэн акттай уялдаж байх бөгөөд тухайн үед хэдий хэмжээний бетон нийлүүлэх байсан, барилга ашиглалтад орсон бол бид ийм хэмжээний ашиг олох ёстой байсан гэдгээ тооцоо нийлсэн актад үндэслэн гаргадаг тул тооцоо нийлсэн актыг үндэслэлтэй гэж үзэж байна.
7.2. Хариуцагч тал нь *******ийг тооцоо нийлэх эрхгүй гэдэг боловч тооцоо нийлсэн акт нь үндэслэлтэй болох нь хэргийн үйл баримт тогтоогддог, мөн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харагддаг.
7.3. Манай компанийг бетон зуурмагийн стандартад нийцэхгүй бараа бүтээгдэхүүн өгсөн гэдэг. Хэрэв тухайн үед стандартад нийцэхгүй байсан бараа бүтээгдэхүүнийг өгсөн бол манайх тухайн хэмжээгээр нь буцаах боломжтой байсан.
7.4. Анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцсон компанийн захирал нь Ковид-19 цар тахлаас шалтгаалж манай орон сууцны барилга зогссон гэдгээ тодорхойлж хэлдэг. 2021 оны 03 сарын 25-ны өдөр хүртэл нэхэмжлэгч компани 4,919 м.куб 904,656,000 төгрөгийн бетон зуурмагийг нийлүүлсэн. Үүнээс төлсөн мөнгийг нь хасахаар үлдэгдэл төлбөр нь 453,500,000 төгрөг бөгөөд анхан шатны шүүх үүнийг хариуцагчаас гаргуулсан нь үндэслэлтэй.
7.5. Сөрөг нэхэмжлэлийн тухайд олох ёстой байсан орлого гэх талаар тооцоолол байдаггүй. Өөрөөр хэлбэл татвар төлсөн гэх баримт байдаггүй тул сөрөг нэхэмжлэл огт үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 453,500,000 төгрөг гаруулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч, олох байсан орлого болон түрээсийн төлбөрт 128,982,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. “*******” ХХК нь “*******” ХХК-тай 2020 оны 05 сарын 08-ны өдөр “Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ” байгуулж, уг гэрээгээр “*******” ХХК нь М350 төрлийн бетон зуурмагаас 7600 м.куб, 1 м.куб-ыг 170,000 төгрөгөөр, М250 төрлийн бетон зуурмагаас 970 м.куб, 1 м.куб-ыг 155,000 төгрөгөөр тус тус тооцож 2020 оны 12 сарын 30-ны өдрийг дуустал нийлүүлэх, “*******” ХХК нь нийт 1,442,350,000 төгрөгийн үнийг төлөхдөө М350 төрлийн бетон зуурмагийн үнийн 50 хувь буюу 646,000,000 төгрөгийг бэлнээр, 50 хувь буюу 646,000,000 төгрөгийг ******* хороо, ******* баригдаж буй *******төслөөс орон сууц шилжүүлэн төлөхөөр харилцан тохиролцсон;
3.2. “*******” ХХК нь 4,919 м3 бетон зуурмаг нийлүүлсэн бетон зуурмагийн үнэд 451,166,000 төгрөг төлсөн;
3.3. Гэрээний талууд 2022 оны 04 сарын 25-ны өдөр “Тооцоо нийлэх акт” үйлдэж, 2020 оны 04 сараас 2021 оны 03 сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд “*******” ХХК-аас “*******” ХХК-д нийлүүлсэн бетон зуурмагийн төрөл, хэмжээг тогтоож, бетон зуурмагийн үнэд нийт 453,500,000 төгрөгийн төлөх төлбөрийн үлдэгдэлтэй байгааг баталгаажуулсан байна.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар дүгнэлт зөв болжээ.
5. Хэрэгт цугларсан баримтаар талуудын хооронд 2020 оны 05 сарын 08-ны өдөр байгуулагдсан “Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ”-гээр бетон зуурмагийн төлбөрийн 50 хувийг ******* хороонд баригдах *******төслөөс орон сууц шилжүүлж төлөх боломжгүй болсон, хариуцагч нь тооцоо нийлсэн актад дурдсан төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үүргийн зөрчил гаргасан үндэслэлээр нийлүүлсэн бетон зуурмагийн үнийг шаардах эрхтэй.
6. Хариуцагч “*******” ХХК-аас 2022 оны 04 сарын 14-ний өдөр 20,300,000 төгрөгийг “******* ХХК-д шилжүүлсэн үйл баримтыг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч тооцоо нийлсэн баримтад ороогүй болохыг зөвшөөрч, хасах талаар маргаагүй байхад анхан шатны шүүх “…“Тооцоо нийлэх акт”-д дурдсан 2020 оны 04 сараас 2021 оны 03 сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанаас өмнө төлсөн” гэж дүгнэж шийдвэрлэсэн алдааг залруулж, хариуцагч байгууллагаас 433,200,000 төгрөг гаруулж, нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулна. Энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.
7. Анхан шатны шүүх хариуцагч “*******” ХХК-ийн нэхэмжлэгч “*******” ХХК-д холбогдуулан гаргасан хохирол 128,982,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцжээ.
Нэхэмжлэгч “*******” ХХК нь 2021 оны 03 сарын 25-ны өдрийг хүртэл бетон зуурмагийг нийлүүлж байсан ба нийлүүлсэн бетон зуурмагийн үнийг “*******” ХХК төлөөгүй үүргийн зөрчил гаргасан үндэслэлээр бетон зуурмаг нийлүүлэлтийг зогсоосон байна.
Хариуцагч байгууллагаас “… гэрээгээр тохирсон бетон зуурмагийг нийлүүлээгүйгээс барилгын ажил зогсож, арматур төмөр зэвэрсэн, үүний улмаас олох байсан орлогоо олж чадаагүй” гэсэн үндэслэлээр гаргасан сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч тал үүргийн зөрчил гаргаагүй тул хохирол шаардах эрхгүй. Энэ талаар “*******” ХХК-аас гаргасан хохирол 128,982,000 төгрөгийг үндсэн үүрэгт тооцох талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
8. Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/01681 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “*******” ХХК-аас 433,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,300,000 төгрөгт холбогдох хэсэг болон хохиролд 128,982,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад “... 2,425,450 ...” гэснийг “... 2,323,950 ...” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,468,015 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
С.ЭНХБАЯР