| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 183/2020/01259/И |
| Дугаар | 210/МА2025/00755 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2025/00755
*******газрын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/01693 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******газрын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Урьдчилан төлсөн ажлын хөлсний зөрүү 5,177,678,710 төгрөг, гүйцэтгээгүй ажлыг үргэлжлүүлэн дуусгахад шаардлагатай 357,970,512 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн хохирол 1,044,557,703 төгрөг, алданги 2,558,839,355 төгрөг, нийт 9,139,046,280 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, прокурор *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Барилгын ажилд манай талаас гэрээний дагуу 2011 оны 08 сарын 09-ний өдрөөс 2020 оны 01 сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд 17,122,884,140 төгрөгийг шилжүүлсэн. 2023 оны 05 сарын 31-ний өдрийн *******газрын бүсийн хөдөлгөөний удирдлагын төвийн 03-05/2023 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 15 дахь хуудаст авагдсан хийж гүйцэтгэсэн ажлыг буюу өнөөдрийн байдлаар 11,935,205,430 төгрөгийг зарцуулсан байна гэж дүгнэсэн. Нэхэмжлэгчээс барилгын ажилд зориулж шилжүүлсэн мөнгө тодорхой, шинжээчийн дүгнэлттэй талууд маргадаггүй учраас зөрүү мөнгө болох хийж гүйцэтгэх ажилдаа зарцуулаагүй үлдсэн 5,177,678,710 төгрөг гэж тооцон хариуцагчаас гаргуулах хүсэлттэй байна.
1.2. Шинжээчийн дүгнэлтээр барилгын үлдэгдэл ажилд 5,535,649,222 төгрөг байна гэж илэрхийлсэн. Энэ барилгын ажил хийж дуусгах үүрэг нь хариуцагч талд байсан учраас хийж гүйцэтгэх хугацаандаа заасан ажлаа хийж дуусгаагүй. Иймд, барилгыг хугацаанд нь хүлээлгэж өгөөгүй хохиролд 357,970,512 төгрөгийг мөн нэхэмжилж байна.
1.3. Мөн гүйцэтгээгүй ажлын үнийн дүн буюу 5,535,649,222 төгрөгөөс Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас 2,558,839,350 төгрөгийн алданги гаргуулан авахаар шаардаж байна.
1.4. Түүнчлэн барьж гүйцэтгэх барилгын А блок нь оффисын зориулалттай бөгөөд уг барилгад *******газар, *******төв гэсэн 2 хуулийн этгээд үйл ажиллагаагаа явуулах байсан боловч байр цаг хугацаандаа ашиглалтад ороогүйгээс шалтгаалж *******төв нь оффисын зориулалтаар байр түрээсэлсэн ба 2019 оноос 2021 оныг дуусах хүртэл хугацаанд нийт 853,364,085 төгрөгийн зардал гаргасан. Мөн барилга хугацаандаа баригдаж ашиглалтад орж үйл ажиллагаа хэвийн байсан бол хүлээн зөвшөөрч бусдаас шаардах шаардлагагүй боловч өнөөдрийн байдлаар барилга маань зориулалтын дагуу ашиглагдаагүй байхад ус, дулаанаар хангах шаардлага гарч байгаа учраас үр ашиггүй зардал гаргасан тул ус, дулааны зардалд 2018- 2023 он хүртэл 218,746,251 төгрөг, цахилгааны зардалд төлсөн 2,217,296 төгрөг, нийт 1,074,557,703 төгрөг болж байна.
1.5. Иймд хариуцагчаас урьдчилан төлсөн ажлын хөлсний зөрүү 5,177,678,710 төгрөг, гүйцэтгээгүй ажлыг үргэлжлүүлэн дуусгахад шаардлагатай 357,970,512 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн хохирол 1,044,557,703 төгрөг, алданги 2,558,839,355 төгрөг, нийт 9,139,046,280 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. *******газар гэрээгээ цуцалчихсан. Гэрээ цуцлагдсантай холбогдуулаад гэрээнд заасан үүргийг биелүүлэх шаардлагагүй ба алданги тооцох үндэслэлгүй тул алдангийн асуудлыг манай тал хүлээн зөвшөөрөхгүй.
2.2. 2018 оноос хойш 2 гэрээний дагуу эхлээд ажлаа хийчхээд дараа нь гүйцэтгэлээ танилцуулж, санхүүжилтээ авдаг байсан ба 6 удаагийн гүйцэтгэлдээ 5 удаагийн санхүүжилт авсан. Үлдсэн санхүүжилтээ аваагүй. Үндсэн үүргээ гүйцэтгэж дуусаагүй байхад бид нараас 100 хувийн гүйцэтгэл шаардаж болохгүй. Иймд хохирлыг төлөх үүрэг хүлээхгүй.
2.3. Мөн хохирол гэж гаргуулах үндэслэл нь бодитой байх ёстой. Цахилгааны төлбөрийн баримт тодорхойгүй, аль тоолуурт хамааруулж нэхэмжлэх ирүүлж байгаа нь ойлгомжгүй. Гэрээгээ цуцалсан тохиолдолд төлбөрийг хариуцагч төлөх гэрээний зохицуулалт байхгүй, үүрэг хүлээхгүй. Гэрээ цуцалсантай холбоотой худалдах, худалдан авах гэрээний нөхцөлийг ашиглана гэж байгаа тохиолдолд худалдагч худалдан авалтын зардлаа өөрөө төлөх үүрэг хүлээж байгаа. Тэгэхээр цахилгаан, дулааны мөнгийг манайх төлөх үүрэг хүлээхгүй.
2.4. Шинжээчээс дүгнэлт гаргуулахдаа асуусан асуулт нь одоо дуусгавал хэчнээн төгрөгөөр барилга баригдаж дуусах юм бэ? гэдэг асуулгыг гаргаж ирээд дутуу хийсэн юм шиг байдлаар анх нэхэмжлэлийн шаардлагаасаа өөр зүйл ярьдаг. Хөрөнгийн үнэлгээний төвийн дүгнэлтийг хүчингүй болгоогүй хэр нь нэмж материал гаргуулах үндэслэлээр барилгын үнэлгээний төвөөс дүгнэлт гаргачихсан. Тэгэхээр өнөөдөр хөрөнгийн үнэлгээний төвийн дүгнэлт хүчинтэй гэж үзэж байна. Эндээс харахад хариуцагч нь нийтдээ 937,488,057 төгрөгийн илүү ажил хийсэн гээд хөрөнгийн үнэлгээний төвийн дүгнэлт байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Төрийг төлөөлж, прокурорын тайлбарын агуулга:
3.1. 2011 онд гэрээ байгуулагдаж бүсийн нислэгийн хөдөлгөөний төвийг барихаар талууд хоорондоо тохиролцож барилгын гүйцэтгэлийг 17,000,000,000 төгрөгөөр үнэлж хариуцагч талд шилжүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна гэж үзэж байна. 2011 оны 06 сарын 30-ны өдрөөс 2019 оны 07 сарын 08-ны өдөр хүртэл 8 жилийн хугацаанд барилгын үйл явц явагдсан гэж үзэж байгаа. Тухайн гэрээний төсөв нь улсын төсвөөс гарсан. Мөн барилга бариулах гэрээний үүргийн гүйцэтгэлийн зөрчил бий болсон байна. Хэрэв гэрээгээр тогтоосон хугацаанд барилгыг ашиглалтад оруулсан бол тухайн төрийн байгууллага үйл ажиллагаагаа доголдолгүй хэвийн явуулах бүрэн боломжтой байсан.
3.2. 2023 оны 05 сарын 31-ний өдөр 03052023 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд энэ дүгнэлтийг ач холбогдолтой нотлох баримт гэж манай талаас үзэж байна. Хариуцагч тал нь илүү зардал гаргасан, энэ илүү зардал нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарч нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна гэдэг. Хариуцагчийн зүгээс илүү гарсан зардал нь хэдэн төгрөг байсан, хавтаст хэргийн хэд дэх талд илүү гарсан зардлаа нотолсон нотлох баримт хавсаргаж өгсөн талаар тодорхой болгож өгөөч, манай талаас ач холбогдолтой гэж үзэж байгаа баримт нь ямар агуулгатай юм бэ гэхээр хамгийн сүүлд 2019 оны 07 сарын 08-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж хугацаа тогтоосон байдаг. Гэтэл энэ хугацаандаа гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээний үүргийн зөрчил үүссэн байна. Үүнтэй холбоотой нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргаж байгааг нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна.
3.3. 17,000,000,000 төгрөгөөр төсөв батлаад шинжээчийн дүгнэлтээр 11,000,000,000 төгрөгөөр барилга баригдаж, үлдсэн 5,5 тэрбум төгрөгтэй холбоотой дуусгаагүй ажил байна гээд дүгнэлт гаргачихсан. Нөгөө талаас шинжээчийн дүгнэлтэд өмнө хүлээж авсан асуудал яригдаад байгаа. Гэтэл хүлээж авсан ажилд тодорхой хэмжээний гүйцэтгээгүй ажил байна гэж дүгнэж байгаа нь өөрөө ажил гүйцэтгэгчийн доголдолтой холбоотой асуудал бас гарч байна гэж манай талаас харж байна. Төрийн ашиг, сонирхолд зөвхөн улсын төсөв хамаарахаас гадна төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулах боломж нөхцөл давхар хамаарч байна гэж үзэж байна.
3.4. Хариуцагч байгууллага заасан хугацаандаа барилгын ажлаа хийж гүйцэтгэсэн ч өнөөдрийн зардал гарах байсан боловч нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас энэ зардал гараагүй юм. Төрийн байгууллагын үйл ажиллагаа хэвийн байх боломж нөхцөл хангагдаагүй учраас төрийн эрх ашиг, тодорхой хэмжээнд хөндөгдөж байна.
3.5. Хариуцагч талаас илүү зардал гаргасан талаар тайлбарлаж байгаа боловч энэ талаар яг ямар ажил хийж гүйцэтгэсэн талаар тодорхойгүй, нотлох баримт байхгүй байна. Хэдий шүүхийн шийдвэрээр хариуцагчид тухайн мөнгийг олгохоор тохиролцсон ч үүргийн гүйцэтгэлийн зөрчилтэй холбоотой асуудлыг тухайн шүүхийн шийдвэрээр тогтоогоогүй. Шүүхийн шийдвэрээр тогтоосон мөнгө нь 17,000,000,000 төгрөгтөө орж байгаа ч дуусгаагүй ажлын үнийн дүнд үүргийн зөрчилтэй холбоотой мөнгөн дүн хамаарч байгаа гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах боломжтой байна гэж тайлбарлаж байна гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-аас 5,177,678,710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагын 3,991,137,499 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 26,046,343.5 төгрөгийг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлж, шинжээчийн зардалд 18,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******газарт олгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга
5.1. Хариуцагч ******* ХХК-аас 5,177,678,710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******газарт олгож шийдвэрлэсэн хэсэг нь зөв хэдий ч хариуцагч компаниас барилгыг хугацаанд нь хүлээлгэж өгөөгүйн алданги 2,558,839,355 төгрөг, гүйцэтгээгүй ажил үргэлжлүүлэн дуусгахад шаардлагатай 357,970,512 төгрөг, үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол 1,044,557,703 төгрөг нийт 3,991,137,499 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.
5.2. Тус шүүхээс ******* ТББ-ыг шинжээчээр томилсон ба 2023 оны 05 сарын 31-ний өдөр гарсан дүгнэлтээр барилгын ажлыг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахад шаардлагатай үлдэгдэл ажлын төсөвт өртөг нь 5,535,649,222 төгрөг гэж тогтоосон. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх мөнгөн дүнг харгалзан ... хариуцагч компани 2019 оны 07 сарын 08-ны өдрийн ******* ИНЕГ/ТББ/БУ-47/10/93 дугаар гэрээ, ******* ИНЕГ/ТББ/БУ-47/10/93-34/18 дугаар гэрээт ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх гэрээний нэмэлт өөрчлөлт-ийн дагуу 4,399,900,000 төгрөгийн санхүүжилтээр барилгын ажлыг гүйцэтгэж, 2019 оны 09 сарын 30-ны өдрийн дотор дуусгах боломжгүй байжээ. гэж үзсэн байна.
5.3. Талууд хооронд 2019 онд гэрээ байгуулж, 4,399,900,000 төгрөгийн санхүүжилтээр барилгын ажлыг гүйцэтгэж дуусгахаар тохиролцсон байтал түүнээс хойш 4 жилийн дараа буюу 2023 онд шинжээчийн дүгнэлтээр гарсан 5,535,649,222.0 төгрөгийг харгалзан ... барилгын ажлыг2019 оны 09 сарын 30-ны өдрийн дотор дуусгах боломжгүй байжээ ..., нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч компаниас барилгыг хугацаанд нь хүлээлгэж өгөөгүйн алданги 2,558,839,355 төгрөг, гүйцэтгээгүй ажлыг үргэлжлүүлэн дуусгахад шаардлагатай 357,970,512 төгрөг, үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол 1,044,557,703 төгрөгийг шаардах эрхгүй гэж тус тус үзсэн нь үндэслэлгүй байна.
5.4. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. гэж, 222 дугаар зүйлийн 222.1-т Дараах тохиолдолд үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ, 222.1.1-т үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол; 222.1.2-т үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол. гэж, 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. гэж, 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж тус тус заасан нэхэмжлэгчийн шаардах эрхийг зөрчиж байна.
5.5. Түүнчлэн алданги 2,558,839,355 төгрөгийг 2019 оны 07 сарын 08-ны өдрийн ******* ИНЕГ/ТББ/БУ-47/10/93 дугаар гэрээ, ******* ИНЕГ/ТББ/БУ-47/10/93-34/18 дугаар гэрээт ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж дуусах байсан 2019 оны 09 сарын 30-ны өдрөөс нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн 2023 оны 06 сарын 26-ны өдрийг хүртэл нийт 1729 хоногийн хугацаанд дээрх гэрээний 7-д ... Алданги ногдуулах хэмжээ хоногт 0.5 хувь ... гэж өөрчилсний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 5,177,678,710 төгрөгөөс нэг хоногт тооцох алданги (5,177,678,710*0.5%=25,888,393.55) төгрөг, нийт алданги (25,888,393.55*1729=44,761,032,447.95) төгрөг байх бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж заасны дагуу нийт алданги 44,761,032,447.95 төгрөг боловч хуульд нийцүүлэн 2,558,839,355 төгрөгөөр шаардсан.
5.6. Мөн үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол 1,044,557,703 төгрөг нь нотлох баримтаар хэрэгт авагдсан хариуцагч байгууллага хугацаандаа барилгыг ашиглалтад оруулаагүйн улмаас оффисын түрээс төлсөн зардал, ашиглаж эхлээгүй, дуусаагүй барилгын ашиглалтын зардал зэргээс бүрдэж байгаа бодит хохирол болно.
5.7. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагч ******* ХХК-аас 5,177,678,710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******газарт олгож шийдвэрлэсэн хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч компаниас барилгыг хугацаанд нь хүлээлгэж өгөөгүйн алданги 2,558,839,355 төгрөг, гүйцэтгээгүй ажил үргэлжлүүлэн дуусгахад шаардлагатай 357,970,512 төгрөг, үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол 1,044,557,703 төгрөг нийт 3,991,137,499 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу нийт 9,139,046,280 төгрөгөөр хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
6.1. 2011 онд гэрээ байгуулснаас хойш 2013 оны 07 сарын 15-ны өдөр шүүхийн шийдвэр гарсан бөгөөд дагнасан шүүх 1,000,000,000 төгрөгийг *******газарт олгох нь зүйтэй гэх агуулгаар шийдвэрлэсэн. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд шүүхээс гаргуулаад *******газарт олгох ёстой гэж шийдсэн мөнгийг дахин буцаан гаргуулах үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн нь буруу.
6.2. 2013 он буюу шүүхийн шийдвэр гарснаас хойш дуусаагүй барилгыг үргэлжлүүлэн гүйцэтгэх гэрээ нь Барилгын тухай хуулиар улаан шугам гэж ярьдаг барилгын ажлыг эхлүүлэн гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэнэ гэдэг. Бид энэ хэргээр 2018, 2019 онуудад сүүлийн 4,400,000,00 төгрөг, 1,700,000,000 төгрөгийн гэрээтэй холбоотой харилцан төлбөр төлөлцсөн дүнд үүрэг гүйцэтгэсэн маргааныг шийдвэрлэх ёстой байсан.
6.3. Тухайн 2 гэрээнд бид гүйцэтгэлээрээ мөнгө авдаг байсан бөгөөд 1 дүгээр хавтаст хэргийн 35 дугаар хуудсан авагдсан 2019 оны гэрээний 3-т 2011 онд авсан төлбөрөөс бид 600,000,000 төгрөгийг 4,400,000,000 төгрөгт багтааж өгөхгүй гэдгийг заасан. Учир нь бидэнд 2011 онд 4,400,000,000 төгрөг биш 3,800,000,000 төгрөгийг өгсөн. Уг мөнгө нь 2017 онд гэрээ байгуулж ажилд ороход үндсэн төсөл болох 2015 оны Өрнөл проект ХХК-ийн төсөлд заасан 6,500,000,000 төгрөгийн тал үнийн дүнгээр манайтай гэрээ байгуулж ажил хийж гүйцэтгэсэн. Үүнтэй холбоотой гэрээнүүдийг шинжээс буруу дүгнэсэн бөгөөд үүнийг шүүх хүлээж авсан нь хэргийг буруу шийдвэрлэхэд нөлөөлсөн.
6.4. Тухайн хэрэгт шинжээчийн дүгнэлтийн 3 дугаар хавтаст хэргийн 54 дүгээр талд манай хийж гүйцэтгэсэн ажлын нийт гүйцэтгэлийг 11,000,000,000 төгрөг гэж дүгнэсэн хэр нь манайх нийт гэрээний дагуу авсан мөнгө нь 14,000,000,000 төгрөг гэж дүгнэсэн. Энэ хоёр мөнгөн дүнгийн зөрүү нийт 2,728,369,370 төгрөгийн илүү төлбөр авсан гэж үзэх үндэслэл бүхий байхад шүүхийн шийдвэрийн 5-д заасан нийт мөнгөн дүнг нийлүүлээд ч 17,000,000,000 төгрөгт хүрэхгүй.
Шинжээчийн дүгнэлт буруу гарсан бөгөөд үүнийг үндэслээд шүүх хэргийг буруу шийдвэрлэсэн. Энэ асуудалтай холбоотойгоор давж заалдах гомдол гаргаагүй. Шүүх хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг бүхэлд нь хянаж үзээсэй гэж хүсэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч *******газар нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан урьдчилан төлсөн ажлын хөлсний зөрүү 5,177,678,710 төгрөг, гүйцэтгээгүй ажлыг үргэлжлүүлэн дуусгахад шаардлагатай 357,970,512 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн хохирол 1,044,557,703 төгрөг, алданги 2,558,839,355 төгрөг, нийт 9,139,046,280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* ХХК нь ... Үндсэн үүргээ гүйцэтгэж дуусаагүй байхад 100 хувийн гүйцэтгэл шаардаж байгаа нь үндэслэлгүй, мөн хохирлыг төлөх үүрэг хүлээхгүй ... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. *******газар нь ******* ХХК-тай 2011 оны 06 сарын 30-ны өдөр ИНЕГ/ТББ/БУ-47/10/93 дугаар Бүсийн нислэгийн хөдөлгөөний төвийн барилгын ажлын гэрээг байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь Бүсийн нислэгийн хөдөлгөөний төвийн барилгын ажлыг тендерийн баримт бичиг тусгагдсан зураг төсвийн дагуу гүйцэтгэж 2012 оны 12 сарын 30-ны өдөр ашиглалтад оруулах, гэрээний төлбөр 6,759,536,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон, /1хх-41-59/
3.2. Мөн талууд 2013 оны 04 сарын 01-ний өдөр захиалагч гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан №ИНЕГ/ТББ/10/93 тоот гэрээний нэмэлт гэрээг байгуулж, гэрээний хугацааг 2013 оны 11 сарын 30-ны өдөр хүртэл байхаар сунгасан, /1хх-38-40/
3.3. Түүнчлэн талуудын хооронд 2018 оны 04 сарын 06-ны өдөр ИНЕГ/ТББ/БУ-47/10/93-34/18 дугаар ******* ИНЕГ/ТББ/БУ-47/10/93 дугаар гэрээт ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх гэрээг, 2019 оны 07 сарын 08-ны өдөр ИНЕГ/ТББ/БУ-47/10/93-34/18-63/19 дугаар ******* ИНЕГ/ТББ/БУ-47/10/93 дугаар гэрээ, ******* ИНЕГ/ТББ/БУ-47/10/93-34/18 дугаар гэрээт ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулсан байна. /1хх-11-36/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
5. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллага нь гэрээгээр хүлээсэн үүргийг 2019 оны 09 сарын 30-ны өдөр бүрэн дуусгаж, мөн оны 10 сарын 30-ны өдөр улсын комисст хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь гэрээг цуцалж учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.
5.1. Хариуцагч ******* ХХК нь *******газрын бүсийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилга, угсралтын ажлыг нийт 8 жилийн хугацаанд гүйцэтгэсэн боловч ажлын үр дүн гараагүй, мөн нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүнд хүрээгүй болсон тул нэхэмжлэгч нь гэрээний улмаас учирсан хохирол шаардсан нь үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэгч талаас ажил гүйцэтгэх гэрээгээр хариуцагч талд ажлын хөлсөнд нийт 17,112,884,140 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтыг зөв тогтоожээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс *******-г шинжээчээр томилж, уг холбооны гаргасан дүгнэлтэд ... ******* ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын төсөвт өртгийг 11,935,205,430 төгрөг гэж тогтоосон ба уг дүгнэлтийг эс зөвшөөрч зохигч талуудаас дахин шинжээч томилох хүсэлт гаргаагүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч талын ажлын хөлсөнд хариуцагчид шилжүүлсэн 17,112,884,140 төгрөгөөс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гүйцэтгэсэн ажлын хөлс 11,935,205,430 төгрөгийг хасаж тооцон зөрүү 5,177,678,710 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт заасны дагуу цуцалсан тул мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцжээ.
Хариуцагч талаас ажлын хөлсний зөрүү 5,177,678,710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй болно.
5.2. Нэхэмжлэгч нь ... гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэхэд гарах зардал 5,535,649,222 төгрөгөөс ажлын хөлсний зөрүү 5,177,678,710 төгрөгийг хасаж үлдэх 357,970,512 төгрөгийг хохирол гэж шаардлагын үндэслэлийг тайлбарласан.
*******-г шинжээчээр томилж, уг холбооны гаргасан дүгнэлтээр талуудын гэрээгээр тохиролцсон цаашид гүйцэтгэж, ашиглалтад оруулахад гарах зардлын хэмжээг 5,535,649,222 төгрөг гэж тогтоожээ.
Анхан шатны шүүх хариуцагчийн гүйцэтгээгүй ажлын хөлс 5,535,649,222 төгрөгөөс илүү төлсөн 5,177,678,710 төгрөгийг хасаж тооцоход нэхэмжлэгч байгууллагад 357,970,512 төгрөгийн хохирол учирсан байхад үүрэг зөрчсөнд хариуцагчийг гэж буруутай гэж үзэх боломжгүй тул үүргийн зөрчилтэй холбоотой хохирлын талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт нийцэхгүй байна.
*******газрын бүсийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилга, угсралтын ажлыг 5,177,678,710 төгрөгөөр гүйцэтгэж, үр дүнг хүлээн авах боломжгүй бөгөөд *******газраас ажлыг гүйцэтгэхэд 357,970,512 төгрөгийн зардал зайлшгүй гарах тул хариуцагч байгууллагаас ажил гүйцэтгэх гэрээний хохиролд 357,970,512 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна. Энэ талаар нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангана.
5.3. Нэхэмжлэгч нь ... ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас *******төв нь оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оноос 2021 оныг дуусах хүртэл хугацаанд түрээсэлсэн нийт 853,364,085 төгрөгийн зардал гаргасан. Мөн ус, дулааны зардалд 2018-2023 он хүртэл 218,746,251 төгрөг, цахилгааны зардалд 2,217,296 төгрөг төлсөн. Дээр дурдсан зардал нь нийт 1,044,557,703 төгрөгийн хохирол учирсан гэж шаардлагын үндэслэлийг тодорхойлсон.
Анхан шатны шүүх хариуцагч нь гэрээний үүргийг гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч байгууллага нь ******* ХХК-аас *******төв нь оффисын зориулалтаар үл хөдлөх эд хөрөнгийг түрээсэлсэн байхад хохирол шаардах эрхгүй гэж буруу дүгнэсэн алдааг залруулна.
*******газар нь ******* ХХК-тай Байр талбай түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр албан байрны зориулалтаар түрээслэхээр тохиролцож, улмаар түрээсийн гэрээний үүрэгт нийт 853,364,085 төгрөг төлсөн болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байна.
Хэрэв, хариуцагч байгууллага нь гэрээгээр тогтоосон хугацаанд барилгын ажлыг гүйцэтгэж, үр дүнг хүлээлгэн өгсөн тохиолдолд нэхэмжлэгч нь бусдаас үл хөдлөх эд хөрөнгө түрээсэлж, үйл ажиллагаа явуулахгүй байсан тул *******газраас түрээсийн гэрээний үүрэгт ******* ХХК-д төлсөн 853,364,085 төгрөгийг хохиролд тооцно.
Түүнчлэн, хариуцагчийн гэрээний үүргийн зөрчлөөс шалтгаалан ашиглалтын зардалд нэхэмжлэгч нь 2018-2023 оны хооронд ус, дулааны зардалд 218,746,251 төгрөг, цахилгааны зардалд 2,217,296 төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна.
Түрээсийн төлбөр 853,364,085 төгрөг, мөн ус, дулаан, цахилгааны зардал болох 220,963,647 төгрөг, нийт 1,074,327,632 төгрөг нь баримтаар тогтоогдож байх тул хохиролд тооцож гаргуулахаар байх боловч нэхэмжлэгч нэхэмжлэлээ 1,044,557,703 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан зарчмаар энэ хэмжээгээр нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.
5.4. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар үүргийн ноцтой зөрчлийн улмаас ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан тохиолдолд гэрээний улмаас учирсан хохирол шаардах эрхтэй.
Гэтэл, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь илүү шилжүүлсэн ажлын хөлс 5,177,678,710 төгрөгийн 50 хувиар тооцож, алданги 2,558,839,355 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй байх тул алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй байна.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/01693 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-аас 6,580,206,925 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,558,839,355 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... 26,046,343.5 ... гэснийг ... 33,058,985 ... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
С.ЭНХБАЯР