| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/1033/Э |
| Дугаар | 1067 |
| Огноо | 2019-07-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 1067
2019 07 03 2019/ШЦТ/1067
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
Нарийн бичгийн дарга М.Баярмаа,
Хохирогч Н.Есөн-Эрдэнэ,
Өсвөр насны шүүгдэгч С.Н, хууль ёсны төлөөлөгч М.Алтангоо, тэдний өмгөөлөгч Ш.Сарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Над холбогдох эрүүгийн 1906 00647 1369 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч С.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Есөн-Эрдэнэтэй харилцан зодолдож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч С.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 00647 1369 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:
Хохирогч Н.Есөн-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо Натурын автобусны буудал дээр байх ТҮЦ-ийг ажилуулдаг. 2019 оны 01 сарын 16-ны өдөр манай ТҮЦ-ий ард Хүслэн гэх миний зүс таних охин хоёр залууг над руу явуулахгүй гээд хориод байх шиг харагдсан. Би явсаар гарцаар зам гартал миий араас нэг залуу гүйж ирээд толгой хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би "Яагаад байна" гэтэл надруу дайрсан би өмнөөс цохих гэтэл нэг залуу нь намайг гартай хамт тэврээд авсан. Гэтэл намайг эхэлж цохисон залуу миний нүүр рүү гараараа цохиж байсан ба доош тонгойхоор нүүр хэсэг рүү өвдөглөж, өшиглөж байсан. Тэр хавиар явж байсан хүмүүс салгасан. Би Хүслэнгийн 80620160 гэсэн дугаар руу өглөө нь “юу хийж байна” гэж мессеж бичсэн. Хүслэн ирээд зүгээр үү гэхээр нь “энэ юун хүмүүс юм” гэтэл миний хуучин найз, чиний өглөө бичсэн мессежийг харсан” гэж хэлсэн гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 8-12 дугаар хуудас/
Түүний шүүх хуралдаан гаргасан:
Гомдолтой байна. Уг нь намайг 2 хүүхэд зодсон юм. Миний хамар амьсгалахад хүндрэлтэй байна. Хурдан эмчилгээ хийлгэж хэвийн болгомоор байна. Хувийн эмнэлэгт үзүүлсэн. Хэвийн болгож эмчилгээ хийхэд 1.800.000 – 2.000.000 төгрөг болно гэсэн. Ийм хэмжээний мөнгө байхгүй болохоор эмчилгээ хийлгэж чадахгүй байна. Толгойн зураг авахуулсан баримтыг мөрдөгчид өгсөн байх ёстой. 130.000 орчим төгрөгийн зардал гарсан. Хамраа эмчлүүлээд зүгээр болгоод авчихмаар байна гэв.
Насанд хүрээгүй гэрч О.Хүслэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2019 оны 01 сарын 16-ны өдөр ТҮЦ-ний банди Есөн-Эрдэнэ миний утасны дугаарыг асуухаар нь би яах гэж байгаа юм гэж хэлсэн чинь зүгээр гэсэн. Тэгсэн миний найз банди Н ТҮЦ-ээс гарч ирээд яасын юу болсон юм гэж асуугаад Есөн- Эрдэнийн цээж рүү түлхсэн чинь Есөн-Эрдэнэ эргэж хараад Нын хамран тус
газар гараа 1 цохисон. Тэгээд тэд хоорондоо зодолдоод эхэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 19/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1443 дугаартай:
Н.Есөн-Эрдэнийн биед хамрын ясны хугарал, зүүн самалдагийн хөндийн дээд ханын хугарал, хамрын таславчийн хугарал, зовхины цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15/,
Өсвөр насны шүүгдэгч С.Нын мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 01 дүгээр сарын 16-ны 15:00 цагийн орчим үерхдэг охин Хүслэнтэй гэрийнхэн гадаа буюу Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Натур худалдааны төвийн автобусны буудал дээр уулзахаар тохирсон байсан. Би гэр рүү нь алхаж байсан чинь Хүслэн замын хойд талын ТҮЦ-нээс гарч ирээд надтай тааралдаад “ТҮЦ-ний худалдагч банди намайг юм худалдан авах гэхээр зүгээр байлгахгүй гарнаас бариад утасныхаа дугаарыг өгчих, дугаараа өгөхгүй бол гаргахгүй гээд байна” гэж надад ТҮЦ-ийг зааж өгсөн. Тэгсэн Хүслэнгийн зааж өгсөн ТҮЦ-ний худалдагч банди ТҮЦ-нээсээ гарч ирээд буруу хараад зогсож байхаар нь "яагаад хүүхэд зүгээр байлгахгүй байгаа юм гэж хэлээд нуруун тус газар нь гараараа түлхсэн чинь тэр залуу /н.Есөн-Эрдэнэ/ намайг яагаад байгаа пиздаа вэ гэж хэлээд зүүн гараараа миний хамран тус газарт цохихоор нь би гараа атгаж байгаад нүүрэн тус газарт нь 4, 5 удаа цохисон. Гудманд явсан эгч салгасан. Н.Есөн-Эрдэнэ намайг хөөгөөд байхаар нь Хүслэнг дагуулаад гэрт нь орсон. Миний хамар болон зүүн талын хацар хавдсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/,
-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 7/,
-С.Нын төрсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хорооны тодорхойлолт, Бадмаараг ахлах сургуулийн тодорхойлолт, нас тоолсон тэмдэглэл, сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 23-39/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Өсвөр насны шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Өсвөр насны шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас С.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч С.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд өсвөр насны шүүгдэгч С.Нын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Н.Есөн-Эрдэнэ нь хамрын гэмтлийг эмчлүүлэхэд 1.8 саяаас 2 сая төгрөгийн зардалтай гэсэн учир энэ хохиролыг гаргуулж авах хүсэлтэй байна. Мөн 128.000 төгрөгөөр толгойны зураг авахуулж ШШҮХ-д дүгнэлт гаргуулж зардал гарсаныг төлүүлж авна гэх боловч хавтаст хэрэгт хохирлын талаарх баримт гаргаж өгөөгүй, хохиролыг шийдвэрлэх боломжгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч Н.Есөн-Эрдэнэ нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс хохирол нэхэмжлэх эрхтэй юм.
Өсвөр насны шүүгдэгч С.Н нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ өсвөр насны шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг харгалзан шүүх хуралдааныг хаалттай явуулж, хуульд заасан ердийн журмаар явагдах ажиллагаанаас богино хугацаанд шийдвэрлэв.
Шүүх өсвар насны шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасныг журамлан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, өдөрт тодорхой цагийн хязгаарлалттайгаар хийлгэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Ныг нэг зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч С.Над оногдуулсан нэг зуун хорин цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялыг өдөрт гурван цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг өсвөр насны шүүгдэгч С.Н, түүний хууль ёсны төлөөлөгч М.Алтангоо нарт мэдэгдсүгэй.
5. Өсвөр насны шүүгдэгч С.Н нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Есөн-Эрдэнэ нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар өсвөр насны шүүгдэгч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч С.Над урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ