| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 182/2024/05782/И |
| Дугаар | 210/МА2025/00756 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2025/00756
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/01875 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний зарим хэсгээс татгалзаж, 5,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Нэхэмжлэгч нь *******хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* худалдааны төвд махны худалдаа эрхэлдэг бөгөөд 2021 оны 07 дугаар сард мал мах авах хүсэлтэй байгаа талаараа Хэнтий аймгаас ******* захад мах авчирч зардаг ******* гэх эмэгтэйд хэлсэн.
1.2. Тухайн үед ******* нь би чамд мал авч өгье, хургатай эм хонийг 150,000 төгрөгөөр чамд өгье гэхээр нь би зөвшөөрч нийт 100 ширхэг хургатай эм хонийг тус бүрийг нь 150,000 төгрөг буюу нийт 15,000,000 төгрөгөөр түүнээс худалдан авахаар тохиролцсон. Үүний дагуу 2021 оны 07 сарын 05-ны өдөр *******гийн хэлсний дагуу түүний өгсөн ******* ын гэх Хаан банкны ******* тоот данс руу 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Талууд тохиролцохдоо мөнгийг 07 сарын 05-ны өдөр төлж харин хургатай эм хонио тухайн жилийн намар нь буюу мөнгөө өгснөөс хойш 3 сарын дараа өгч авахаар болсон.
1.3. Гэтэл 2021 оны намар 11 сарын сүүлээр надад талыг нь буюу 50 хургатай хонийг өгсөн ба үлдэх 50 хургатай хонийг өгөөгүй. Талыг нь өгөх болсон шалтгаанаа өвөлжилт хүндрэлтэй, цас ихтэй байсан тул авч ирэх боломжгүй, ирэх 2022 оны хавар өгье гэсэн тул зөвшөөрсөн. Гэвч элдэв шалтгаан хэлээд өнөөдрийг хүртэл үлдэгдэл малыг өгөөгүй тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2024 оны 06 сарын 20-ны өдрийн 743 тоот тогтоолоор худалдах, худалдан авах гэрээний харилцаа байх тул маргаанаа иргэний шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан.
1.4. Хариуцагчаас нийт 50 хургатай хонийг 7,500,000 төгрөгт, мөн 4,730,000 төгрөгийн мах авсан ба энэ талаар маргаан байхгүй. Анх гаргасан нэхэмжлэлийн 5,500,000 төгрөг гаргуулах шаардлагаа 2,730,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 2,770,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. 2019 онд ******* нь таньдаг хөдөөгийн хүнд хэлж хургатай хонь авч өгөөч гэж гэж байсан ба тухайн үед би мэдэхгүй байна гээд өнгөрсөн. 2020 онд дахин гуйсан болохоор олон жил хамтарч ажиллаж ирсэн ******* д санал болгоход зөвшөөрсөн тул *******д бодит байдлыг хэлэхэд, ******* зөвшөөрч, ******* ын ******* тоот дансанд 15,000,000 төгрөг шилжүүлсэн. Ажил төрөл нь амжихгүйгээс 2021 оны өвөл 12 сарын эхээр 50 эм хонь, 50 хурга нийт 100 хонийг *******д өгсөн.
2.2. Надад итгэж миний таньдаг ******* д өгсөн учир би ирсэн 100 хонины тооцоонд оролцож хүлээн авсан. 50 хурга 594 кг, 50 хонь 970 кг, тэр өдрийн ханшаар 11,200,000 төгрөг болсон. Үүнээс зардал нь 1,231,000 төгрөг болсныг ******* төлсөн учир 100 хонь нь 9,969,000 төгрөг болоод 5,031,000 төгрөг үлдсэн.
2.3. ******* 2023 оны 06 сарын 29-ний өдөр *******ийн 26 хонины гулууз 567 кг 4,730,000 төгрөгийн махыг надаас худалдаж авах зорилгоор аваад тооцоог хийхгүй хоёр cap гаруй болоод өгөхгүй байсан учир ******* аас 4,730,000 төгрөгийг гаргуулж *******т өгсөн. Иймд *******д нийт 14,699,000 төгрөгийг төлүүлсэн байхад ******* миний дансанд ороогүй мөнгийг надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4-т заасныг баримтлан хариуцагч *******гаас 2,770,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 59,270 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Худалдах худалдан авах гэрээг ******* болон ******* д хоёрын хооронд хийгдэж төлбөр тооцоогоо ******* ын дансанд хийсэн байхад шүүхээс буруу дүгнэж намайг *******тэй худалдах худалдан авах гэрээ хийсэн ба гэрээний үүргийг намайг хариуцахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Миний хувьд гэрээ хийгээд дансаараа нэг ч төгрөг аваагүй болно. Би хоёр хүнийг хооронд нь танилаараа холбож өгч тусалсан юм.
4.2. Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс дээрх байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй шийдвэрлэсэн байх тул 191/ШШ2025/01875 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 2,770,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч ******* ... *******тай 2021 оны 07-р сард хургатай эм хонийг 150,000 төгрөгөөр тооцож нийт зуун тооны хургатай хонь худалдан авахаар тохиролцсоны үндсэн дээр 15,000,000 төгрөгийг ******* гэх хүний дансанд шилжүүлж, 50 хургатай хонийг аваагүй гэж, хариуцагч нь ... Бидний хооронд ямар ч гэрээ байгуулагдаагүй. ******* хургатай хонио *******д зарж мөнгийг нь авсан гэж тус тус тайлбарласан.
Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.
Хариуцагч нь ... *******тэй гэрээ байгуулаагүй, ******* гэх хүн хургатай хонь худалдаж байгааг *******д хэлж би зуучилсан, мөнгийг ******* дансаараа авсан учир би хариуцахгүй гэсэн тайлбар, татгалзал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх зуучлалын гэрээний харилцаа үүсээгүй гэсэн дүгнэлт Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт нийцсэн байна.
4. Нэхэмжлэгч ******* нь 2021 оны 07 сарын 05-ны өдөр ... 100 хонь ******* ... гэсэн гүйлгээний утгатайгаар 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн ба хариуцагч нь нийт 50 хургатай хонь болон 4,730,000 төгрөгийн махыг нэхэмжлэгчид өгсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.
5. Анхан шатны шүүх хариуцагч гэрээний үүргийн дийлэнх хэсгийг биелүүлсэн үндэслэлээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т үүргийг ялимгүй зөрчсөн бол талууд гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасан тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхгүй талаар дүгнэлт үндэслэлтэй байна.
Түүнчлэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгө хүлээн авсан тохиолдолд үнийг төлөх үүрэгтэй.
6. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр нэг хургатай хонийг 150,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, хариуцагч нь 7,500,000 төгрөгийн үнэ бүхий 50 хургатай хонь болон 4,730,000 төгрөгийн махыг нэхэмжлэгч төлсөн байх тул анхан шатны шүүх хариуцагчаас 2,770,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.
7. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт Худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлнө. гэж заасан зохицуулалт нь нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралгүй, харин худалдагч дутуу төлсөн эд хөрөнгийн үнийг төлөх үүргийг зохицуулсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгээс хасна.
8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/01875 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтаас ... 254 дүгээр зүйлийн 254.4 гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
С.ЭНХБАЯР