Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2025/00760

 

 

*******ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/01763 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 17,205,373 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. *******ХК нь зээлдэгч *******, ******* нартай 2013 оны 05 сарын 21-ний өдөр 248 дугаартай Зээлийн гэрээг байгуулж, 14,000,000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлж, зээлдэгчийн *******тоот дансанд зээлийг олгосон.

1.2. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2013 оны 05 сарын 21-ний өдөр Барьцааны гэрээг байгуулж, *******ын өмчлөлийн ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэлтэй өмчлөх эрхтэй газрыг тус тус барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн.

1.3. Зээлдэгч ******* нь 2015 оны 01 сарын 02-ны өдөр хүнд өвчний улмаас нас барсан. Хамтран зээлдэгч ******* нь зээлийн төлбөрийг төлөөгүй 3543 хоног хугацаа хэтэрсэн байна

1.4. Банкны зүгээс зээлдэгч нартай тухай бүр утсаар ярих, биечлэн уулзах, мэдэгдэл хүргүүлэх зэргээр зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тухай сануулж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор урьдчилан мэдэгдэж байсан.

1.5. Иймд зээлийн гэрээний 3.3.1-д заасны дагуу хамтран зээлдэгч *******гаас үндсэн зээлд 7,234,049.80 төгрөг, хүүнд 8,502,287.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,469,036.19 төгрөг, нийт 17,205,373.85 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

1.6. Мөн барьцаа хөрөнгө *******ын нэр дээр байсан, одоог хүртэл өв залгамжлагдаагүй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах боломжгүй байгаа учир барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.

1.7. Тус зээлийн гэрээ нь даатгалтай зээл ба даатгалын хугацаа нь дуусахаас өмнө даатгалын гэрээний дагуу зээлийн тал хувийг төлөөч гэсний дагуу талийгаач *******ын ээж ******* нь шүүхэд хандаж, шүүхийн шийдвэрээр зээлийн даатгалын гэрээний 50 хувийг нь гаргуулж авсан байдаг. Гэтэл ээж нь нэхэмжлэгчид *******гаар зээлийн төлбөрийг төлүүл, даатгалын компаниас бидэнд 3,000,000 гаруй төгрөг олгосон, ******* үлдсэн төлбөрөө төлөх юм бол даатгалын компаниас олгосон мөнгийг төлнө гээд зээлийг төлөөгүй байна гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. ******* миний бие талийгаач *******той 2011 оноос 2015 оныг хүртэл хамтран амьдарсан. Би энэ үед банк, банк бусаас жижиг зээл авч хувиараа малгайны бизнес хийдэг, хийсэн бүтээгдэхүүнээ Улаанбаатар хотод Нарантуул зах, Хархорин зах, Хөвсгөл, Эрдэнэт, Дархан, Архангай зэрэг аймгуудын борлуулагч нарт бөөнддөг хувийн жижиг бизнестэй байсан.

2.2. 2011 онд *******тай амьдарч эхлэх үед талийгаач жижиг 4 ханатай гэртэй, эсгийний үйлдвэрийн тоног төхөөрөмжтэй, үйлдвэрлэл явуулах байргүй байсан. Би гэрээрээ малгайны үйлдвэрлэлээ тасралтгүй явуулж, талийгаач эсгийний үйлдвэрлэлээ ажиллуулж, бид хамтдаа хичээн ажилласны хүчинд байшинтай, үйлдвэрийн байртай болж, мөн гэр бүлийн бизнестэй болж сайхан амьдарч байсан. Тухайн үед бид 2 гэрлэлтийн баталгаагүй байсан тул байшингаа талийгаач *******ын нэр дээр авсан.

2.3. 2013 оны 5 сарын 21-ний өдөр талийгаач ******* *******наас 14,000,000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатайгаар авсан. Тус зээл нь тухайн үед *******тай хамтран ажиллаж байсан “*******” ХХК-ийн даатгал хийгдсэн, мөн би талийгаач *******той хамтран амьдарч байсан болохоор, хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан.

2.4. Талийгаач ******* нь уг авсан зээлээрээ ноос авч, үйлдвэртээ өргөтгөл барин, ноос задлах машин хийлгэсэн. 2015 онд ******* өвчний улмаас нас барсан. Түүнийг нас барсны дараа хүнтэй хамтран уг үйлдвэрийг ажиллуулж өр зээлийг нь төлье гэсэн боловч ээж, дүү нар нь “бид өөрсдөө төлнө, чи зайл” гээд намайг хөөсөн. *******инд би уг зээлийг төлөх боломжгүй талаар удаа дараа тайлбарласан.

2.5. Талийгаачийн ээж нь “*******” ХХК-аас даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 16-ны өдрийн шийдвэрээр уг зээлийн төлбөрийн 50 хувь болох 3,382,975.10 төгрөгийг авсан байдаг. Энэ даатгалын нөхөн төлбөрөөр талийгаач *******ын зээлийг ээж, дүү нар нь төлнө гэснээрээ төлөх байх гэж бодсон.

2.6. *******инд хариуцагчаас барьцааны гэрээний дагуу барьцаалсан үл хөдлөх хөрөнгө, газраас нь үүргийн гүйцэтгэлийг хангуулаад өгөөч гэж удаа дараа хэлж байсан. Талийгаач *******ын ээж дүү нар нь даатгалаас мөнгө авчихаад миний үхэн хатан өдөр шөнөгүй ажиллаж байж босгосон байшинг минь авчихаад зээлийг нь хаахгүй байгаад гомдолтой байна.

2.7. Миний тайлбарыг харгалзан үзэж шүүх *******ны тус зээлийг барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулж өгөхөөр, мөн миний Монгол банкны зээлийн мэдээллийн санд байгаа зээлийн мэдээллийг хэвийн ангилалтай болгож шийдвэрлэж өгнө үү. Барьцаанд байгаа хөрөнгийг талийгаачийн ээж, дүү нар нь эзэмшиж байгаа, мөн даатгалын мөнгийг авсан тул тэд нар төлөх ёстой гэж үзэж байна. Хариуцагч нь төлбөрийн чадвар байхгүй тул барьцаа хөрөнгөөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч *******гаас зээлийн гэрээний үүрэгт 17,205,373.85 /арван долоон сая хоёр зуун таван мянга гурван зуун далан гурван төгрөг наян таван мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,976.86 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 243,976.86 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагч нь үндсэн зээлдэгч ******* нас барах үед ямар зүйл болж байсан талаар шүүх хурал дээр бүгдийг нь үнэн зөвөөр тайлбарласан бөгөөд тухай үедээ даатгалын гэрээгээр талийгаачийн ээж *******, дүү нар шүүхэд хандаж даатгалын гэрээний төлбөрийг авсан талаар шүүх дүгнэсэн байхад ганцхан намайг тухайн хэргийн хариуцагчаар татаж надаас бүх төлбөрийг гаргуулахаар болсон нь хэт нэг талыг баримталсан шүүхийн шийдвэр гарсан байна.

4.2. Шүүхээс зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон, мөн зээлийн хүү зогсох бүрэн үндэслэл бүрдсэн байгаа болох нь хавтас хэргийн баримтаас харагдаж байхад надаас нийт 3,543 хоногийн хүүнд 8,502,287.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,469,036.19 төгрөг нийт зөвхөн хүүнд нийт 9,971,324.05 төгрөгийг гаргуулан шийдвэрлэж, хуулийг нэхэмжлэгчийн талд ашигтайгаар тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж байна.

4.3. Хариуцагч нь талийгаач ******* гэдэг хүнтэй хамтран амьдарсан 5 жилийн хугацаанд бий болгосон өрхийн үйлдвэрлэл, ажил, амьдрал хөрөнгө гээд бүх зүйлээсээ хөөгдөөд гараад явсан байхад ганцхан надаас зээлийн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх руу буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч *******ХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,205,373 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1. *******ХК нь *******, ******* нартай 2013 оны 05 сарын 21-ний өдөр №248 дугаар Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 14,000,000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, тохирсон хугацаанд авсан зээлээ хүүгийн хамтаар төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 2,4 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон;

 

3.2. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2023 оны 05 сарын 21-ний өдрийн №248 дугаар “Барьцааны гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд эрхийн улсын бүртгэлийн Y-******* дугаарт бүртгэлтэй, ******* тоотод байрлах хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэлтэй, ******* тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалахаар харилцан тохиролцсон;

 

3.3. Хонгор овогт ******* нь 2015 оны 01 сарын 02-ны өдөр нас барсан болох нь тогтоогдож байна.

 

4. Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

5. Анхан шатны шүүх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр *******гийн зээлийн гэрээний үүргийг хүлээх хэмжээг тогтоосон байхад бүхэлд нь гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт нийцэхгүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

5.1. Зээлдэгч *******, ******* нар нь 2013 оны 05 сарын 21-ний өдөр 248 дугаар Зээлийн гэрээний эрсдэлийг “*******” ХХК-д даатгуулсан ба зээлдэгч *******ын ээж ******* нь “... *******ын *******ХК-тай байгуулсан 248 дугаар зээлийн гэрээний үүрэг 6,795,950 төгрөгийг даатгалын нөхөн төлбөр” гэсэн үндэслэлээр шаардаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2016 оны 10 сарын 27-ны өдрийн 181/ШШ2016/01095 дугаар шийдвэрээр “*******” ХХК-аас даатгалын гэрээний нөхөн олговорт 3,382,975.10 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* д олгож шийдвэрлэсэн байна.

 

Дээрх шийдвэрийн үндэслэх хэсэгт “... ******* нь зээлийн гэрээний хамтран зээлдэгчийн хувьд зээлийн гэрээний 50 хувийн үүргийг хүлээх үүрэгтэй тул даатгуулагч *******од ногдох хэсэг 3,382,975 төгрөгийг “*******” ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч ******* д олгож ...” гэж дүгнэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.

 

5.2. *******ХК нь *******, ******* нартай байгуулсан 2013 оны 05 сарын 21-ний өдөр №248 дугаар Зээлийн гэрээний үндсэн үүргийн *******од холбогдох хэсгийг түүний өв залгамжлагч ******* авсан байх тул хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүргийг өөрт ногдох хэсгээр буюу үндсэн зээл 3,617,024 төгрөг, зээлийн хүү 4,251,143 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 734,518 төгрөг, нийт 8,602,686 төгрөгийн хэмжээгээр хариуцна.

 

5.3. Зээлдэгч *******ын 2013 оны 05 сарын 21-ний өдөр №248 дугаар “Зээлийн гэрээ”-ний үүргийг ******* нь даатгалын гэрээний дагуу шаардаж авсан атлаа нэхэмжлэгч байгууллагад төлөөгүй байхад *******ХК нь хариуцагч *******гаас зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь шаардаж байгаа нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт нийцэхгүй.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.9 дэх хэсэгт “Хамтран үүрэг гүйцэтгэгч нэг этгээд хэд хэдэн өвлөгчтэй бол тэдгээр нь тус бүрдээ өв залгамжлалаар өөрт ногдох өвтэй хувь тэнцүү хэмжээгээр үүрэг хүлээх боловч шаардлага нь үл хуваагдах шинжтэй бол энэ журам хамаарахгүй.” гэж заажээ.

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд мөнгөн хөрөнгө гаргуулах тухай шаардлагыг ногдох хэсгээр хуваан шаардаж болох тул ******* нь өвтэй тэнцүү хэмжээгээр үүрэг хүлээнэ.

 

Нэхэмжлэгч байгууллага нь өөрт учирсан хохирлоо бусдаас шаардах эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

 

5.4. Хариуцагч *******гаас зээлийн гэрээний үүрэгт 8,602,686 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ХК-д олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцнэ.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/01763 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч *******гаас зээлийн гэрээний үүрэгт 8,602,686 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 8,602,686 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “... 243,976.86 ...” гэснийг “... 152,593 ...” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ЗОЛЗАЯА

 

     ШҮҮГЧИД                                   Д.ЦОГТСАЙХАН

 

                                                         С.ЭНХБАЯР