| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/07816/И |
| Дугаар | 210/МА2025/00758 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2025/00758
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 11-ний өдрийн 197/ШШ2025/02215 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох,
Гэм хорын хохиролд 2,257,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохиролд 2,257,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
3.1. Хариуцагч ******* нь 2024 оны 08 сарын 15-ны өдөр ******* дэлгүүрийн урд замд Toyota harrier маркийн******* улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Kawasaki ninja 400 маркийн ******* улсын дугаартай мотоциклыг шүргэсэн зам тээврийн осол гаргасан;
3.2. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 сарын 26-ны өдрийн 11094 дугаар шинжээчийн дүгнэлтээр *******ын биед баруун тавхайн шаантаг хэлбэрийн ясны хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдсон;
3.3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 сарын 19-ний өдрийн 563 дугаар шинжээчийн дүгнэлтээр *******ын биед баруун өвдөгний үе, шагайн үенд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдож, хохирлын хөнгөн зэрэг тогтоогдсон;
3.4. Хариуцагч нь *******ын эрүүл мэндийн болон эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд нийт 2,545,000 төгрөг төлсөн үйл баримтад талууд маргаагүй.
4. Хариуцагч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт, 1.3-д заасан “... тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, *******ын биед хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм буруугийн асуудалд маргаангүй гэж үзнэ.
Анхан шатны шүүх Баянгол дүүрэг дэх ******* албан тушаалтай *******ын “цалингийн карт”-аар 2024 оны 09 сард цалин хөлс бодогдоогүй болох нь тогтоогдож байхад тухайн сарын цалин хөлсөөр хохирсон байдал тогтоогдохгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцэхгүй байна.
Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 2024 оны 05 сарын 21-ний өдрийн А/225/А/153/А/85 дугаар тушаалын хавсралтаар гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл нь түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан байхыг шаардана.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр *******ын биед хөнгөн зэргийн хохирол учирсны үр дагавар нь хөдөлмөрийн чадварыг 4 долоо хоног хүртэл хугацаагаар сарниулах тул эмнэлгийн магадалгаа болон бусад баримтаар 2024 оны 09 сард ажилласан эсэхийг тогтоох нь хэрэгт ач холбогдолгүй.
Нэхэмжлэгч ******* нь 2,257,000 төгрөгийн цалинтай болох нь төрийн албаны цалингийн нэгдсэн системээс авсан Баянгол дүүргийн Цагдаагийн газрын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан 2024 оны 09 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлого 2,257,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 11-ний өдрийн 197/ШШ2025/02215 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ас 2,257,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,062 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ас улсын тэмдэгтийн хураамжид 51,062 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,062 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
С.ЭНХБАЯР