| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/1055/Э |
| Дугаар | 1079 |
| Огноо | 2019-07-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 1079
2019 07 04 2019/ШЦТ/1079
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч М.Очбадрах,
Нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,
Шүүгдэгч М.М, Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М, Н.Н нарт холбогдох эрүүгийн 1906 02879 1364 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
М.М, Н.Н
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Н, М.М нар нь бүлэглэн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гүрэн" нэртэй караокед иргэн Э.Бямбанасанг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.М, Н.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 02879 1364 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:
Хохирогч Э.Бямбанасангийн мөрдөн байцаалтанд өгсөн:
... тооцоогоо хийх гээд зогсч байхад гаднаас үл таних миний харснаар 3 залуу орж ирсэн. Ганзориг дээр ирээд яриад нэг залуу түүнийг цамцаараа ороолгосон. Би боль гэж хэлээд текний эсрэг зүг рүү эргээд хартал нүүрэн тус газар цохьсон. Хэн цохьсоныг харж амжаагүй доошоо тонгойтол нүүр рүү өшиглөөд би газар унасан. Би газар унаад гараараа толгойгоо хамгаалахад толгой бие нуруу хэсэг рүү хэд хэдэн өшиглөлт орж ирсэн. Түүнээс хойшхи хугацааны талаар санахгүй байна. Ухаан ороод босоод иртэл хамарнаас цус гоожсон. Тэгээд тонгойгоод байж байтал толгой руу дахин нэг хүн цохьсон хэн цохьсоныг хараагүй. Цусаа угаахаар 00 ороод толинд нүүрээ хартал баруун хөмсөг задарч цус гарсан байсан. ...Би царайг нь хараагүй надаас намхан залуу миний нүүр рүү цохиод тонгойтол дахиад нэмээд тухайн залуу өшиглөөд би толгойгоо бариад газар унатал тал талаас өшиглөсөн. Тэгээд бостол төрсөн өдөр нь болж байсан залуу намайг бас цохьсон энийг бол би сайн санаж байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 13/,
Гэрч А.Ангарагийн мөрдөн байцаалтанд өгсөн:
...Би эхлээд нэг залуугийн бөгсөн бие рүү нь барьж байсан цамцаараа шавхуурдсан. Явахуу гээд би ортол "тэгээд зайлаач" гэж хэлсэн учир би тэр залууг цохьсон юм. Тэгтэл тэр залуу намайг босч ирээд баруун хөлийн өвдөг тушаа газар өшиглөсөн. Тэгээд би тэр залуутай барилцаж аваад хартал Норовоо нэг залууг газар унагааж байсан. М тухайн залуугийн нүүрэн тус газар нь цохиж байсан. Хохирогчийн биед гэмтэл учруулсан нь М, Норовоо хоёр юм. Миний муудалцсан залуу бид хоёр зууралдаад салсан нэг нэгэндээ гэмтэл учруулаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 25/,
Гэрч Б.Жавзангийн мөрдөн байцаалтанд өгсөн:
... намхан залуу Бямбанасангийн нүүр рүү цохиод авсан. ...баруун шанаа хавьд нь цохьсон. Ямар ч байсан нүүрэн хэсэг рүү цохьж байсан. ...Бямбанасанг 00 шатны хажууд аваачаад хамрын цусыг тогтоох гэтэл М гэж дуудаад байсан залуу шатан дээрээс үсэрч Бямбанасангийн нуруу руу жийхээр нь би 00 ороод цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 27/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 5759 дугаартай:
Э.Бямбанасангийн биед баруун ухархайн доод хананд хугарал, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, дух, дээд уруулын дотор салстад цус хуралт, доод уруулын дотор салстад цус хуралт, язрал, нэг шүдний сулрал, буйлны цус хуралт, хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна гэх дүгнэлт /хх-ийн 39/,
Шүүгдэгч М.Мгийн мөрдөн байцаалтанд өгсөн:
...Бямбанасан гэх залуугийн хөмсөг /одоо хөмсөг гэдгийн санахгүй байна/ орчмоос нь цус гарч байхаар нь би нэмээд нүүрэн тус газар нь 2 удаа, толгой руу нь нэг удаа цохисон. Түүнээс өмнө Н Бямбанасанг унагаагаад зодсон юм байна лээ би хараагүй. Ангараг гэх найз маань тэгж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 72/,
Шүүгдэгч Н.Нгийн мөрдөн байцаалтанд өгсөн:
...Би өөрөө нилээн уучихсан учир сайн санахгүй байгаа. Өөрөө хүнд цохиулаад байснаа мэдэж байна. Хэн нэгнийг цохьсоноо санахгүй байгаа найз нарын ярьж байгаагаар би цохиулж унаад босч ирээд энэ хохирогч гэх залууг унагааж зодсон гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 78/,
-гэмт хэргийн талаар хохирогчийн цагдаагийн байгууллгада гаргасан өргөдөл /хх-ийн 4/,
-Н.Н, М.М нарын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23, 31-32/,
-шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 118-120/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Н.Н, М.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Н, М.М нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Н.Н, М.М нарын бүлэглэн иргэн Э.Бямбанасангийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Н, М.М нар нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүгдэгч нарын эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдний хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүх хуралдааны оролцогч нарын санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н, М нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нг зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч М.Мг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н, М.М нарт оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэргийн учир шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Н, М.М нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ