Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 37

 

 

 

                                                       Хэргийн оролцогч нарын эвлэрлийг баталж,                                                       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа би, Д.Батбаатарын нэхэмжлэлтэй Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох 
Архангай аймгийн Цэнхэр сумын баг хариуцсан байгаль хамгаалагчийн албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож,  Архангай аймгийн Цэнхэр сумын баг хариуцсан байгаль хамгаалагчийн албан тушаалд томилохыг даалгуулж, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Батбаатар, хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Э.Болорцэцэг нараас эвлэрлийн гэрээ байгуулсныг хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Батбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл түүний нэмэгдүүлсэн шаардлагадаа: Д.Батбаатар миний бие Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу 2017 оны 2 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад оролцон, хамгийн өндөр оноо аван тэнцэж, туслах түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн.
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор намайг Цэнхэр сумын баг хариуцсан байгаль хамгаалагчийн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн юм. Мөн Архангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 54 дүгээр тогтоолын дагуу Цэнхэр сумын засаг даргын тамгын газарт 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 31 дүгээр албан бичгээр намайг тухайн албан тушаалд томилуулахаар миний нэрийг дэвшүүлсэн юм.
Гэтэл миний бие Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр тухайн албан тушаалд томилуулахаар хандахад шийдвэрлэж өгөөгүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулахаар гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Архангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлд 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гомдол гаргасан. Миний гаргасан гомдлыг Архангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөл нь үндэслэлтэй гэж үзэн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 41 дүгээр албан бичгээр Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга намайг баг хариуцсан байгаль хамгаалагчийн албан тушаалд томилохыг үүрэг болгосон.
Гэтэл хариуцагч нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй. 
Иймд Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын Цэнхэр сумын баг хариуцсан байгаль хамгаалагчийн албан тушаалд намайг томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тухайн албан тушаалд томилсон захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгаж өгнө үү. Мөн З.Отгонбаярыг Цэнхэр сумын баг хариуцсан байгаль хамгаалагчийн албан тушаалд томилсон Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн б/09 дүгээр тушаалыг хууль бус гэж үзэж байгаа тул тухайн захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Э.Болорцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Засаг даргын Тамгын газрын 2016 оны 05-дугаар сарын 09-ны өдрийн 3/112 дугаар албан бичгээр Архангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлд байгаль хамгаалагчийн ажлын байранд сонгон шалгаруулалтыг зохион байгуулж өгөх хүсэлтээ явуулсан.
Цаг үеийн ажлын шаардлагаар Орхон багийн иргэн Загданхорлоогийн Отгонбаяр сумын Засаг даргад байгаль хамгаалагчаар томилуулахаар хүсэлт гаргаж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтын дагуу байгаль хамгаалагчаар З.Отгонбаярыг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн б/09 дүгээр тушаалаар томилсон.
З.Отгонбаяр нь Төрийн албаны шалгалт өгсөн, сумын ойн анги, багийн байгаль хамгаалагчаар ажиллаж байсан. Төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй. З.Отгонбаярыг томилогдох үед сумын Засаг даргаар Б.Батжаргал ажиллаж байсан. 2017 оны 4 дүгээр сараас томилогдон ажиллаж байгаа М.Ганболдын төрсөн эгчийн хүүхэд нь үнэн боловч байгаль хамгаалагч З.Отгонбаярыг томилсон тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэж байна.
Иймд Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 31 дүгээр албан бичгээр байгаль хамгаалагчаар томилуулахаар нэр ирүүлсэн Дагвадоржийн Батбаатарыг томилох боломжгүй болно гэжээ.

Гуравдагч этгээд З.Отгонбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би 2012 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Төрийн албаны зөвлөлөөс Архангай аймагт зохион байгуулсан Архангай аймгийн Хотонт сумын Засаг даргын Тамгын газрын байгаль хамгаалагчийн албан тушаалд зарлагдсан Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтанд орж улмаар тэнцэн “Туслах түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалд орох иргэний нөөцийн жагсаалт”-д бүртгэгдсэн. Улмаар 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдөр буюу төрийн жинхэнэ албан тушаалд орох иргэний нөөцөд бүртгэлтэй байх хуулийн хугацаандаа Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн байгаль хамгаалагчаар томилогдон 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ажиллаж байгаад өөрийн хүсэлтээрээ уг албан тушаалаас чөлөөлөгдөн Сум дундын ойн ангид ойжуулагчийн албан тушаалд ажиллаж байгаад 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс одоог хүртэл Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон баг хариуцсан байгаль хамгаалагчаар ажиллаж байна.
Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Э.Болорцэцэг нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн үед Цэнхэр сумын Засаг дарга байсан Б.Батжаргалтай зөвшилцөн намайг томилсон. Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон баг хариуцсан байгаль хамгаалагчийн албан тушаал нь Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газарт харьяалагддаг ба тамгын газрын дарга нь үр дүнгийн гэрээний дагуу намайг өдөр тутмын ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотой шийдвэр гаргах, ерөнхийд нь удирдаж, хяналт тавьж, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ дүгнэх эрх бүхий албан тушаалтан бөгөөд би уг албан тушаалтантай гэр бүл, төрөл садангийн холбоогүй гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч нараас 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Д.Батбатаар, хариуцагч Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Болорцэцэг бид харилцан тохиролцон дараах нөхцөлөөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу энэхүү гэрээг байгуулав.
1.Нэхэмжлэгч Д.Батбаатарыг Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр баг хариуцсан байгаль хамгаалагчаар томилохыг нэхэмжлэгч хариуцагч бид харилцан тохиролцсон.
2.Нэхэмжлэгч Д.Батбаатарыг хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Э.Болорцэцэг нь 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс эхэлж байгаль хамгаалагчаар томилно.
3.Нэхэмжлэгч Д.Батбаатар нь захиргааны хэргийн шүүхэд гаргасан Цэнхэр сумын баг хариуцсан байгаль хамгаалагчийн албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, З.Отгонбаярыг Цэнхэр сумын Орхон баг хариуцсан байгаль хамгаалагчаар томилсон Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагаасаа татгалзаж байгаа болно.
4.Нэхэмжлэч хариуцагч бид харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр нэхэмжлэлийн Цэнхэр сумын баг хариуцсан байгаль хамгаалагчаар намайг томилсон захиргааны акт гаргахыг даалгах тухай шаардлагын хүрээнд эвлэрсэн болно гэжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбаруудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Батбаатараас Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Архангай аймгийн Цэнхэр сумын баг хариуцсан байгаль хамгаалагчийн албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож,  Архангай аймгийн Цэнхэр сумын баг хариуцсан байгаль хамгаалагчийн албан тушаалд томилохыг даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. /х.х-н 1-2/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн “Байгаль хамгаалагчийн албан тушаалд Загданхорлоогийн Отгонбаярыг түр томилох тухай” б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. /х.х-н 76/
Уг маргааны үйл баримтаас дурдахад: Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн  3/112 дугаар албан бичгээр Архангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлд тус сумын байгаль хамгаалагчийн ажлын байранд сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай хүсэлт гаргажээ. Уг хүсэлтийн дагуу Архангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн “Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах комисс томилох тухай” 05 дугаар тогтоолоор 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэдээс мэргэшлийн шалгалт авах салбар комисс байгуулагдан тус комиссын 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 01 дүгээр тогтоолын дөрөвдүгээр хавсралтын 5 дугаарт Дагвадоржийн Батбаатарыг Цэнхэр сумын байгаль хамгаалагчийн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэн Төрийн албаны зөвлөлийн мэргэшлийн төв комисст хүргүүлжээ.
Ийнхүү Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх тухай” 54 дүгээр тогтоолоор тухайн албан тушаалд томилуулах арга хэмжээ авахыг Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь Салбар зөвлөлд үүрэг болгосон байна.

Архангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 31,  2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 41 дүгээр албан бичгээр 2017 оны 2 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Төрийн жинхэнэ албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалтанд орж, өрсөлдөн ажлын байрандаа хамгийн өндөр буюу нийт 80 оноо авч нөөцөд бүртгэгдсэн Д.Батбаатарыг Цэнхэр сумын байгаль хамгаалагчаар томилуулахаар нэр дэвшүүлж Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын даргад хүргүүлжээ.

Нэхэмжлэгч Д.Батбаатар нь Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын даргад намайг баг хариуцсан байгаль хамгаалагчийн албан тушаалд томилохыг үүрэг болгосон. Гэтэл хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь Архангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс гаргасан шийдвэрийг биелүүлээгүй. Мөн З.Отгонбаярыг Цэнхэр сумын баг хариуцсан байгаль хамгаалагчийн албан тушаалд томилсон нь хууль бус гэж;
Хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь Загданхорлоогийн Отгонбаяр сумын Засаг даргад байгаль хамгаалагчаар томилуулахаар хүсэлт гаргаж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтын дагуу 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн б/09 дүгээр тушаалаар байгаль хамгаалагчаар томилсон. З.Отгонбаяр нь Төрийн албаны шалгалт өгсөн, сумын ойн анги, багийн байгаль хамгаалагчаар ажиллаж байсан. Төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй. Иймд Д.Батбаатарыг томилох боломжгүй гэж маргажээ.

Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан буулт хийж Цэнхэр сумын баг хариуцсан байгаль хамгаалагчаар томилсон захиргааны акт гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Э.Болорцэцэг нэхэмжлэгч Д.Батбаатарыг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс эхэлж Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр баг хариуцсан байгаль хамгаалагчийн албан тушаалд томилж, нэхэмжлэгч Д.Батбаатар захиргааны хэргийн шүүхэд гаргасан Цэнхэр сумын баг хариуцсан байгаль хамгаалагчийн албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, З.Отгонбаярыг Цэнхэр сумын Орхон баг хариуцсан байгаль хамгаалагчаар томилсон Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, дээрх нөхцөлүүдийг харилцан зөвшөөрч, тохиролцсоноо бичгээр илэрхийлэн эвлэрлийн гэрээ байгуулсан байна. /х.х-н 92/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1, 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед эвлэрэх эрхтэй бөгөөд харилцан буулт хийж, хоорондоо тохиролцож эвлэрснээ бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурсан нь хуульд харшлахгүй. 

Түүнчлэн нэхэмжлэгч Д.Батбаатар 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгаж, хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, Д.Батбаатарын нэхэмжлэлтэй Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох “Архангай аймгийн Цэнхэр сумын баг хариуцсан байгаль хамгаалагчийн албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож,  Архангай аймгийн Цэнхэр сумын баг хариуцсан байгаль хамгаалагчийн албан тушаалд томилохыг даалгуулж, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон   

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийн оролцогчид харилцан буулт хийж, хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Э.Болорцэцэг нэхэмжлэгч Д.Батбаатарыг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс эхэлж Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр баг хариуцсан байгаль хамгаалагчийн албан тушаалд томилж, нэхэмжлэгч Д.Батбаатар тус шүүхэд гаргасан Цэнхэр сумын баг хариуцсан байгаль хамгаалагчийн албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, З.Отгонбаярыг Цэнхэр сумын Орхон баг хариуцсан байгаль хамгаалагчаар томилсон Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хэргийн оролцогчид эвлэрснийг баталж, Д.Батбаатарын нэхэмжлэлтэй Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох “Архангай аймгийн Цэнхэр сумын баг хариуцсан байгаль хамгаалагчийн албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Цэнхэр сумын баг хариуцсан байгаль хамгаалагчийн албан тушаалд томилохыг даалгуулж, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг 180000280976 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.ОДОНТУЯА