Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 221/MА2020/0026

 

Д.Д-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, гуравдагч этгээдийн төлөөлөгч Э.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.П нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 746 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “Э т” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор Д.Д-ын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0528 дугаар шийдвэрээр: “ ... Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13, 43 дугаар зүйлийн 43.6, 46 дугаар зүйлийн 46.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1-д заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/355 дугаар тушаалын Д-д холбогдох 2.78 га газрыг цуцалсан хэсэг, мөн сайдын “Э т” ХХК-д 2.66 га газрыг ашиглуулах зөвшөөрөл олгосон 2019 оны А/315 дугаар захирамж тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож,.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож” тус тус шийдвэрлэжээ.

            Гуравдагч этгээд “Э т” ХХК-ийн төлөөлөгч Э.Б шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр тушаалын холбогдох заалтыг хүчингүй болгох, газар ашиглах эрхийг хэсэгчлэн болон бүхэлд нь хүчингүй болгох тухай А/355 дугаар тушаалаар Д.Д-ын 2.94 га газрыг цуцалсан бөгөөд ийнхүү цуцалсан асуудлыг нэхэмжлэгч мэдсэн төдийгүй ийнхүү газрыг цуцлахтай холбоотой мэдэгдлийг удаа дараа мэдэгдсэн төдийгүй мэдэгдэх үйл ажиллагааг Цагдаагийн байгууллагатай хамтран хийсэн байсан талаар хариуцагч талаас шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцдэг.

            Хавтаст хэрэгт авагдсан 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас гаргасан 577 дугаар албан бичгийг илт хууль бус, танил талаа ашиглан гаргасан байх үндэслэлтэй болох нь нэхэмжлэгчийн 2019 оны өвлөөс эхлэн нарийвчилсан үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэх гэсэнтэй холбоотойгоор бусадтай хамтран үнэлгээ хийлгэсэн гэх баримтаас харагдаж байна. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасны дагуу захиргааны актыг мэдэгдсэн болохыг нэхэмжлэгч өөрийн тайлбараар хэлж байх бөгөөд тус хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-д заасны дагуу захиргааны актыг мэдэгдвэл зохих этгээд нэлээдгүй тооны байсан тул цуцлахтай холбоотой асуудлыг Цагдаагийн байгууллагатай хамтран хийсэн байна. Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д санаатайгаар цуцалсан тухай захиргааны актыг санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн болох нь нэхэмжлэгч тухайн Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нэг биш нэлээдгүй газар эзэмших эрхтэй байгаагаас харагдаж байна.

            Тиймээс Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, 94.2-т заасан хугацаанд гомдол гаргах эрхээ эдлээгүй байтал шүүх анхаарч үзэлгүй хэт нэг талын барьсан гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн шийдвэр гаргасан нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх үндэслэл болж байна.

Иймд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0746 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

            Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            Анхан шатны шүүх холбогдох нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, хэргийн үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэжээ.

            Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/224 дүгээр тушаалаар иргэн Д.Д-д Богдхан уулсын дархан цаазат газрын Зайсангийн аманд 2.94 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгож, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 2016/509 дугаартай гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгосон байна. Харин Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар гурвалсан гэрээг байгуулаагүй ба энэ нь газрын төлбөрийн асуудал маргаантай байсан гэх үйл баримттай талууд маргаагүй, энэ үндэслэлээр маргаантай холбогдуулсан захиргааны байгууллагын шийдвэр гаргаагүй байна.

            Хариуцагчаас “Газрын тухай хуулийн 16 дугаар зүйл, 43 дугаар зүйлийн 43.6-д заасныг үндэслэл болгосон байх бөгөөд энэ тохилдолд Захиргааны ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлд заасан сонсох ажиллагаа хийхгүй байхаар хуульчилсан. Дэд станц барих асуудал нь нийгмийн зайлшгүй ажиллагаа байсан учраас нэхэмжлэгч компанийн газрыг хүчингүй болгосон” гэж тайлбарладаг ба маргаан бүхий А/355 дугаар тушаал гарах болсон  үндэслэл нь “... 220 кВ-ын Сонгино дэд станцаас Зайсан дэд станц хүртэлх 110 кВ-ын 50 км 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил” болох нь тогтоогджээ.

           Гэхдээ энэхүү ажил нь нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй 2.94 га газрын зөвхөн  хойд хэсгээр нь  хэсэгчилсэн давхцалтай байна.

           Энэ үүднээсээ хариуцагчаас өмнө нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны А/03 дугаар тушаал гаргаж 0.06 га газрыг, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн  А/163 дугаар тушаал гаргаж, 1 дүгээр заалтаар А/03 тушаалыг хүчингүй болгож, 2 дугаар заалтаар 2.97 га газраас 0.16 га газрыг ашиглах эрхийг хүчингүй болгож байжээ.

           Үүнийг нэхэмжлэгч нь тухайн газар хэсэгчилсэн давхцалтай хэмээн ойлгож хүлээн зөвшөөрч ямар нэгэн гомдол, нэхэмжлэл гаргаагүй бөгөөд А/355 дугаар тушаалаар Д.Д-ын ашиглах эрх бүхий газрыг бүхэлд нь буюу 2.97 га газрын ашиглах эрхийг цуцалсан нь хууль бус гэж үзээд маргаж байна. А/355 дугаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал хууль бус болох талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтүүд нь үндэслэлтэй.

            Гуравдагч этгээдийн давж заалдах гомдолдоо Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, 94.2.7-д заасан хугацаанд гомдол гаргах эрхээ эдлээгүй  гэсэн үндэслэлийг дурдаж байна.

            Гэвч Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд зааснаар захиргааны акт буюу сайдын А/355 тушаалын талаар зайлшгүй мэдэгдэх, гардуулах ёстой байсан бөгөөд ийнхүү гардуулсан болохоо өөрөө нотлох ёстой.

            Гэтэл энэ байдал тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагчаас “Газар ашиглагч Д.Д-д мэдэгдэхийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд  даалгасан” гэх боловч тухайн этгээд буюу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас мэдэгдсэн, гардуулсан гэх ямар ч нотлох баримтыг ирүүлээгүй байна. Иймд нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй.

            Хариуцагчаас иргэн Д.Д-ын ашиглах эрх бүхий газрыг улсын тусгай хэрэгцээний газар хэмээн бүхэлд нь хүчингүй болгосон атал дараа нь “Э т” ХХК-д 2.66 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн байгаа нь Захиргааны байгууллага хууль дээдлэх, мөн газар өмчлөх, эзэмших ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зэрэг Захиргааны ерөнхий хууль болон Газрын тухай хуульд заагдсан зарчмуудыг бүхэлд нь зөрчжээ. Иймд анхан шатны шүүхээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны A/355 дугаар тушаалын Д.Д-д холбогдох 2.78 га газрыг цуцалсан хэсэг, мөн сайдын “Э Т” ХХК-д 2.66 га газрыг ашиглуулах зөвшөөрөл олгосон 2019 оны А/315 дугаар захирамжуудыг тус тус хүчингүйд тооцсон анхан шатны шүүхийн үндэслэлтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон