Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/00030

 

З.Цын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

   Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01369 дүгээр шийдвэр,                                                                      

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1970 дугаар магадлалтай,                          

           Нэхэмжлэгч: З.Цын

           Хариуцагч: НШГАнд холбогдох

          Тогтоол болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

           Нэхэмжлэгч З.Цын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

           Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

     Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Би Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 15 байрны 52 тоот хаягт байрлах Ү-2203008850 тоот улсын бүртгэлийн дугаартай 29 м.кв хоёр өрөө орон сууцыг 2002 оноос хойш өмчилж байгаа. Уг орон сууцыг миний төрсөн ээж Д.Ургамалмаа, мөн иргэн З.Мэргэн, З.Балжмаа нарын хамт өмчилдөг. Гэтэл НШГА-аас миний өмчлөлийн орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгааг би интернетээс мэдлээ. Уг үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулахад өмчлөгч миний эрх, ашиг хөндөгдөж байхад намайг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулаагүй байгаад гомдолтой байна. НШГА нь орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахдаа өмчлөгч надаас үнэлгээ аваагүй, албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаа талаар надад огтхон ч мэдэгдээгүй. Хамтран өмчлөгчийн хувьд З.Ц би албадан дуудлага худалдаанд оролцож, тэргүүн ээлжинд худалдан авах эрхтэй. Гэтэл надад албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаа талаар мэдэгдээгүйн улмаас миний эрх ашиг зөрчигдөж байна. НШГА нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйл 47.2.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Иймд эд хөрөнгийн үнэлгээ тогтоох, орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд оруулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 100 дугаар захирамжаар Д.Ургамалмаагаас 48 877 330 төгрөгийг гаргуулж "Ориент инвест" ББСБайгууллагад олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөр төлөгч Д.Ургамалмаагийн хамтран өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2203008850 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол 15 дугаар байрны 52 тоот хоёр өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2015/02 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2015/04 дугаартай тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч, төлбөр авагч талуудаас үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон. Хөндлөнгийн шинжээч 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар уг хоёр өрөө орон сууцыг 112 600 000 төгрөгөөр үнэлсэн. Дээрх барьцаа хөрөнгийг НШГАнаас зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаанд шинжээчийн үнэлсэн үнэлгээ болох зах зээлийн үнийн 70 хувиар бууруулан 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр оруулахаар нийтэд мэдээлэхэд төлбөр төлөгч Д.Ургамалмаа нь үнэлгээнд гомдол гаргаж, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд хандсан бөгөөд 3 шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Мөн барьцаа хөрөнгийг НШГАнаас зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаанд шинжээчийн үнэлсэн үнэлгээ болох зах зээлийн үнийн 70 хувиар бууруулан 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр оруулахаар нийтэд мэдээлэхэд төлбөр төлөгч Д.Ургамалмаа нь албадан дуудлага худалдааны тогтоолуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 181/Ш32016/03393 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1107 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 81 дүгээр магадлалаар тус тус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. НШГА-аас зохион байгуулсан албадан дуудлага худалдаанд шинжээчийн үнэлсэн үнэлгээ болох зах зээлийн үнийн 70 хувь буюу 78 820 000 төгрөгөөр 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр, мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу шинжээчийн үнэлгээний 50 хувь буюу 56 300 000 төгрөгөөр 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр тус тус оруулахад худалдан борлогдоогүй. Иймд төлбөр төлөгч Д.Ургамалмаа нь үндэслэлгүйгээр удаа дараа гомдол гаргаж төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж, хугацаа хожих шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ориент инвест ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Өмнө нь уг маргаан Улсын Дээд шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн. Энэ маргаан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу тогтоогдсон үйл баримт байгаа. Дуудлага худалдаанд оролцох боломжтой. Нийтэд ил тод нээлттэй явагдаж байгаа. Дэнчингээр нь худалдаж авах бүрэн боломжтой. Тэргүүн ээлжинд худалдан авахад нь хориглосон заалт байхгүй. Үндсэн үнэлгээ нь 116 сая төгрөг, 50 хувиар нь дуудлага худалдаа хийх юм бол 50сая гаран төгрөг төлөөд авах эрх нь нээлттэй байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс харахад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатайгаар удаашруулж, төлбөр төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.   

        Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01369 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч НШГАны үнэлгээ тогтоох, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох нэхэмжлэгч З.Цын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч З.Цын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр  сарын 04-ний өдрийн 1970 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01369 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгч З.Ц хяналтын гомдолдоо: “...хуулийг буруу тайлбарлан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж чадаагүй, нэг талын байр суурийг илтэд давуу баримтлан гаргасанд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь томилсон шинжээчийн үнэлгээний дүнгийн талаар болон орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг З.Ц надад ерөөсөө мэдэгдээгүй нь миний эрх ашгийг хохироосон үйлдэл болсон гэж үзэж байна. Иймд ...шийдвэр, ...магадлалыг хүчингүйд тооцож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

      З.Ц нь НШГАнд холбогдуулан 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, үнэлгээ тогтоох, анхны албадан дуудлага худалдаанд оруулах ахлах гүйцэтгэгчийн 2017-02-09-ний өдрийн 2/12 дугаар /хх 10/ тогтоолыг хүчингүй болгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах шаардлага тавьжээ. /хх 1/

      Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй /хх 24/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ориент инвест ББСБ” ХХК 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Я2/17/050 дугаар албан бичгээр хүсэлт гаргаж /хх 26/ бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон байна.

       З.Цын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ давж заалдах шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй. 

       Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч 2015-03-13-ны өдөр 100 дугаар захирамж гаргаж, 48.757.330 төгрөг гаргуулах тухай “Ориент инвест ББСБ “ХХК-ийн нэхэмжлэлийг Д.Ургамалмаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй /хх 30/ болгосон, 2015-05-14-ний өдөр 1448 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн /хх 29/, 2015-06-02-ны өдрийн 2015/02 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг битүүмжилсэн /хх 31/, 2015-08-07-ны өдөр 2015/04-ны тогтоолоор эд хөрөнгийг хураасан /хх 34/, 2015-10-08-ны өдөр 96 дугаартай тогтоолоор шинжээч томилж  дүгнэлт /хх 43-47/ гарсан, 2015-08-16-ны өдрийн 9/280 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдаанд оруулах /хх 61/ болсон нь тогтоогдсон бөгөөд энэ талаар  зохигчид маргаагүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзлээ. 

        Хариуцагч төлбөрт хураасан эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгож, албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гаргахдаа өмчлөгчийн эрхийг зөрчсөн үйл баримт нотлогдоогүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01369 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1970 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.                                

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн  57.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                        Б.УНДРАХ