Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 1095

 

 

 

 

 

 

 

 

   2019        07          08                                  2019/ШЦТ/1095

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Ш.Ундармаа,

Улсын яллагч Г.Цэрэнжамц,

Шүүгдэгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.От холбогдох эрүүгийн 1806 09490 0300 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С. О.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.О нь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Сайхан хотхоны 7-Б тсотод хохирогч Ц.Энхцэцэгт хүүхдийг чинь цэцэрлэгт оруулж өгч чадна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон итгэлийг нь урвуулан ашиглаж залилан мэхэлж 550.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.               /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

         

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806 09490 0300 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судалхад шүүгдэгч С.О нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч С.Энхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр фэйсбүүкийн 0-2 настай нярай хүүхдүүдийн эцэг эхчүүдийн групп дээр Баянзүрх дүүргийн бүх цэцэрлэгт найдвартай хүүхэд оруулж өгнө гэсэн зарыг "Шинээ Шинээ" гэсэн акаунтаас оруулсан байхаар нь би мессенжер чат руу нь 21 дүгээр цэцэрлэгт оруулж чадах уу? гэж чат бичсэн. Тэгтэл тэр хүнээс 99867776 гэсэн дугаарыг өгөөд наад дугаар луугаа холбогд гэсэн. Тэгэхээр нь тэр дор нь өгсөн дугаар руу нь залгахад утсаа авахгүй байхаар нь авахгүй байна гэхэд мессеж бич гэсэн. Тэгээд  би 21 дүгээр цэцэрлэгт хүүхэд оруулж чадах уу гэж мессеж бичихэд удалгүй тэр дугаараас эмэгтэй хүн ярихаар нь "21 дүгээр цэцэрлэгт оруулж өгч чадах уу" гэхэд "чаднаа 700.000 төгрөг болно" гэхээр нь "үнэтэй байна, болий" гэж хэлсэн. Тэгээд 09 дүгээр сарын 03-ны өдөр над руу залгаад "хүүхдээ цэцэрлэгт оруулахгүй юм уу" гэхээр нь "700.000 төгрөг их байна, надад байгаа нь 500.000 төгрөг байна" гэхэд "550.000 төгрөгөөр оруулж өгий гэхээр нь нөхрөөсөө 50.000 төгрөг аваад Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуун овоо дахь Төрийн банкны салбараас 106600084312 гэсэн дансруу 550.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш утсаар худлаа яриад хойшлуулсаар сүүлдээ бүр утсаа авахаа болихоор нь цагдаагийн байгууллагад хандсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 20-24/,

 

Гэрч С.Шинэжилийн мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны намар би фэйсбүүкийн ээжүүдийн группт байхад нэг хүүхэн цэцэрлэгт хүүхэд оруулж өгч чадах уу гэсэн пост байхаар нь санаандгүй доор нь Баянзүрх дүүрэгт цэцэрлэгт хүүхэд оруулж өгөх танилтай байгаа гэж бичсэн. Хүмүүс доор нь хаана вэ? гэж асуухаар нь сайн мэдэхгүй байна гэж бичээд О багш руу залгаад ийм хүмүүс асуугаад байна та хаана оруулж өгч чадах вэ? гэж асуухад О багш Сансарын колонк, 16 дугаар хороолол, КТМС-ийн тэр хавьд гээд 3-4 цэцэрлэг хэлсэн. Тэгэхээр нь би чатаар Энхцэцэгт чадна гэж байна гээд О багшийн 99867776 гэсэн дугаарыг бичиж үлдээсэн. Би оруулсан үгүйг нь мэдэхгүй байсан. Энхцэцэг гэх эмэгтэй нөгөө эгч чинь оруулж өгч чадахгүй байна. Мөнгөө авмаар байна гэж байсан. Бас утсаа авахгүй, мессеж бичээд байна гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/,

 

-С.Энхцэцэгийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 6/,

-С.Оийн 106600084... дугаарын дансанд 550.000 төгрөг Ц.Энхцэцэгээс орлого хийсэн баримт /хх-ийн 7/,

-хохирогч, шүүгдэгч нарын хоорондоо харилцсан зурвасууд /хх-ийн 14-18/,

 

Шүүгдэгч С.Оийн мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 08 дугаар сарын сүүлээр Ц.Энхцэцэг надруу залгаад манай хүүхдийг 21 дүгээр цэцэрлэгт оруулаад өгөөч гэж ярихаар нь оруулж өгөхийг бодъё гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөөс хойш 3 хоногийн дараа Энхцэцэг над руу залгаад уулзая гэхээр нь би завгүй байна гэхэд таны байгаа газар чинь очиж уулзая гэж хэлээд манай гэрийн гадаа 14 цагийн үед ирж уулзаад хүүхэд оруулаад өгөөч, мөнгө төгрөгийг нь өгье гэж хэлэхээр нь би хүнээс асууж үзье гээд салсан. Тэгээд маргааш нь над руу Энхцэцэг залгаад та дансаа өгчих таны дансруу мөнгө хийчихье гэхээр нь би төрийн банкны 106600084312 дансаа өгсөн. Маргааш нь 550.000 төгрөг дансанд орж ирсэн. 21 дүгээр цэцэрлэгт надад нэг таньдаг хүн байсан. Утсаар ярьж чадаагүй. 21 дүгээр цэцэрлэг дээр өөр таньдаг хүн олох санаатай байсан. Мөнгөө автобусанд алга болгосон гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/ зэрэг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс С.Оийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 42-44/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.      

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүссэн шүүгдэгчийн идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно. Хохирогчийн хувийн байдал болон зүй бус хүсэл, шаардлага нь шүүгдэгчид энэ гэмт хэргийг үйлдэх шалтгаан болохгүй. Хохирогч С.Энхцэцэг нь гар цайлгаж гэсэн үндэслэлээр мөнгө өгсөн гэж үзэх ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Гар цайлгах гэх ойлголт нь сайн дураараа бусдад эд зүйл буцааж авахгүйгээр өгөх ба ямар нэгэн хариу үйлдэл нэхээгүй байх юм.

 

Сургуулийн өмнөх боловсролыг олгох ажиллагаа нь Монгол Улсад төрийн захиргааны байгууллагаас батлан гаргасан тодорхой журмын дагуу явагддаг. Өөрийн хамрах тойргийн хүүхдийг хамаарах цэцэрлэг нь бүртгэж авч ямар нэгэн шан харамж, үнэ төлбөргүйгээр сургуулийн өмнөх боловсролыг олгодог. Шүүгдэгч С.О нь СӨБ-ын байгууллагад хүүхэд бүртгэх эрх бүхий субект биш болохоо өөр сайтар ухамсарлаж байсан ч хохирогч С.Энхцэцэг рүү 2018 оны 08 дугаар сарын 27, 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр өөрөө утсаар холбогдож итгэл төрүүлэн 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн данс руу мөнгө шилжүүлэн авсан байна.

 

Шүүгдэгч С.О нь хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч С.О нь иргэн Ц.Энхцэцэгт “хүүхэд цэцэрлэгт оруулж өгч чадна. 700.000 төгрөг болно. ...550.000 төгрөгөөр оруулъя. Мөнгө шилжүүл” гэж хэлэн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн орлогын баримт зэрэг хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч С.О нь хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

 

Шүүгдэгч С.Оийг Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Энхцэцэгт учирсан 550.000 төгрөгийн хохиролыг шүүгдэгч С.О төлж барагдуулаагүй байх тул түүнээс гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгч С.От ял оногдуулахад гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохиролыг мөнгө төгрөг олдохгүй байгаа гэх шалтгаанаар төлж барагдуулаагүй байгаа байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаа тогтоон хийлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч С.О нь төлбөрийн нөхцөл байдлаас шалтгаалан өмгөөлөгч сонгож авч чадахгүй учир төлбөрийн чадваргүй хүнийг өмгөөлдөг өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх талаар хүсэлтийг шүүхэд гаргасан ба шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэн шүүх хуралдааныг хойшлуулсан боловч тэрээр өөрөө энэ эрхийг хэрэгжүүлээгүй байна. Төлбөрийн чадваргүй болохыг нотлох баримтыг шүүх болон хууль зүйн туслалцааны төвд гаргаж өгөөгүй болно.

 

Шүүгдэгч нь С.О нь шүүх хуралдааны явцад хохиролыг төлөх талаар 1-т С.Энхцэцэгт мөнгийг нь өгөх гэсэн боловч мөнгө орж ирэхийг хүлээж байна. Манай ээж цагаатгалын мөнгө авах юм. Тэрнээс аваад хохиролыг төлнө. 2-т Хохиролын мөнгийг төлж болно. Надад одоо ч мөнгө цүнхэнд бэлэн байна. 3-т Би хохиролд өгнө гээд бэлдэж байсан. Одоо гэрт байгаа. 4-т Энхцэцэгтэй тодорхой хугацаа тогтож байгаад хохиролыг төлнө гэх байдлаар 4 өөрөөр мэдүүлсэн.

Энэ байдлыг шүүхээс харгалзан үзэж хохирол төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах боломжгүй гэж дүгнэн шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно. Мөн дээрх энэ байдлыг ял шийтгэл оногдуулахдаа харгалзаж үзсэн болно.

 

Шүүгдэгч нь тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, уг гэмт хэрэг нь хөнгөн төрлийн гэмт хэрэг, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруу үзэл бодол нөлөөлсөн байх тул шүүгдэгчид хорих ял оногдуулах нь зохимжгүй юм.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Оийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оийг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.От оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3 цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оээс 550.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Энхцэцэг /ОЮ86051207/-д олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.От хувийн баталгаа гарагах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэснийг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ