Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2025/00799

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 193/ШШ2025/00162 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: 15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь *******аас 15,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлээч гэж гуйсан. ******* нь 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр *******гийн данс руу уг мөнгийг шилжүүлсэн. Үүнээс хойш огт холбоогүй, зээлсэн мөнгөө буцаан өгөөгүй.

1.2 ******* нь *******д Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу шаардах эрхээ шилжүүлсэн. Иймд *******гаас 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Миний бие болон төрсөн ах ******* нар нь 2022 оны 07 дугаар сард бэр эгч *******гийн нэр дээрх 15,000,000 төгрөгийн үнэлгээтэй зуслангийн газраар *******-ийн гүйцэтгэж байгаа ******* чиглэлийн автозамын ажилд яаралтай хэрэгтэй байсан 4 төрлийн багаж төхөөрөмжийг *******тэй бартер хийсэн.

2.2 ******* нь *******-ийн нягтлан бодогчоор ажилладаг бөгөөд миний бие *******тай ямар ч төлбөр тооцоогүй, мөнгө аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч *******гаас 15,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 232,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хэргийн үйл баримтад, бодит байдлыг мэдэх боломжтой тухайн үеийн төслийн хөрөнгө оруулагч байсан мөнгө авах талаар *******тай тохиролцсон гэх *******ыг гэрчээр асуух хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг шийдвэрлэж шүүгчийн захирамж гаргалгүйгээр шууд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хариуцагчийн хуульд заасан эрхийг эдлүүлээгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

4.2 Хариуцагчийн дансанд мөнгө орохдоо *******-аас гэж олгосон байдаг. Энэ нь *******-тай харилцаанд орсон төлбөрийг ******* гэх хувь хүн *******гаас нэхэмжлэх эрхтэй эсэхийг тогтоогоогүй. ******* бусдын мөнгийг шилжүүлсэн нь нэхэмжлэх эрх үүссэн гэх үндэслэл болохгүй.

4.3 Хэргийн үйл баримтад ******* нь *******, нараас цалингийн авлагатай байсан бөгөөд тухайн авлагыг авах талаар шүүх гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн баримтыг хэрэгт хавсаргасан ч хэрэгт авагдсан үйл баримтыг үнэлэхгүй, хэрэгт хамааралгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасанд нийцээгүй.

Иймд хэргийг дахин хянуулж, ач холбогдол бүхий гэрч асуух, нотлох баримтыг үнэлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

5.1 Хариуцагч талын хүсэлтээр анхан шатны шүүх хуралдаан 4, 5 удаа хойшилсон. Мөн хариуцагч тал огт баримт нотолгоо гаргаж өгөөгүй. Харин ******* нь өөрийнхөө данснаас *******гийн данс руу зээл гэх утгатай шилжүүлсэн.

5.2 Гэрч ...*******ын зээлсэн мөнгийг ******* төлөхгүй алга болсон тул хариуцагч төлөх үндэслэлтэй гэж хэлсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 15,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд үндэслэлээ ...******* нь *******аас 15,000,000 төгрөг зээлсэн. *******ын уг шаардах эрхийг ******* шилжүүлж авсан гэж тодорхойлсон. Хариуцагч шаардлагыг ...*******аас 15,000,000 төгрөг зээлж аваагүй гэж үгүйсгэн маргасан.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нотлох зорилгоор *******ыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан. /хх 100/ Мөн өдрийн 193/ТМ2025/00129 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд ...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан *******ыг гэрчээр шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг хангахаас татгалзаж гэж тусгагдсан байна.

3.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ. Ийнхүү шийдвэрлэхдээ мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар шүүгч захирамж гаргана.

3.2 Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан дээрх хүсэлтийг шүүгч захирамжаар шийдвэрлэсэн тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, уг хүсэлтийг хангахаас татгалзсан талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан байх боловч шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй байх тул шүүх тухайн хүсэлтийг ямар үндэслэлээр хангахаас татгалзсан нь тодорхойгүй болжээ.

4. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлт гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай тохиолдолд шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрчээс мэдүүлэг авахаас гадна мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй.

5. *******аас *******д 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 15,000,000 төгрөгийг zeel буюу ******* зээл гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн тухай баримт хэрэгт авагдсан /хх 7/. Энэхүү баримтад тусгаснаар ******* нь тухайн мөнгөн хөрөнгийг хариуцагчид зээлүүлсэн эсэх үйл баримтыг тогтоох нь маргааныг шийдвэрлэхэд буюу нэхэмжлэгчийн шаардах эрхийг тодорхойлоход ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтаар хэргийн үйл баримт тогтоогдсон гэж үзэхэд учир дутагдалтай байх тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангана.

Дээрх байдлаар анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг бүрдүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу хэрэгжүүлээгүй, дутуу бүрдүүлснийг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн бүрдүүлэх, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 193/ШШ2025/00162 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

М.БАЯСГАЛАН