| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/01119/И |
| Дугаар | 01288 |
| Огноо | 2016-10-05 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 01288
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01119/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Дархан сум ******-р баг, ****** дугаар хороолол, ****** дугаар байр ****** тоотод оршин суух, регистерийн дугаар МВ86062902, Боржигон овогт, Доржданы Наранцэцэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг Дархан сум ******дугаар баг, Хабитат “****** р цэцэрлэгт” холбогдох
2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/23 тоот тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын бичилтыг нөхөн бичүүлэх, 2016 оны 05 дугаар сарын 02 өдрийн хавсран ажил гүйцэтгэсний ****** тоот тушаалын 05,06,07 сарын 40%-ийн 398602 /гурван зуун ерөн найман мянга зургаан зуун хоёр/ төгрөгний цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 08 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цуурай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амгалан, нарийн бичгийн дарга Г.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цуурай нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2008 онд Дархан Дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгсөөд 6 жил тасралтгүй нягтлан хийж 2016 оны 01 дүгээр сарын 11 өдөр 24-р цэцэрлэгт няраваар үндсэн ажилтангаар орсон. 2016 оны 04 сард Монголын Мэргэшсэн НБИнститут нярав мэргэжил олгосон 14 хоногийн сургалтанд хамрагдаж нярав хийх эрх авсан /хавсралт 01,02/. Ажилд орсон хугацаанаас хойш хамт олонтойгоо баг болж ажиллаж, цалингаа ч тогтмол авсан. 2016 оны 06 дугаар сарын 01- өдрөөс хойш амрах тушаал гарж цалин ажилласан хугацааны амралт авсан. Боловсрол соёлын газраас ажиллах график гаргасан. Үүнд:
2016 оны 06 дугаар сард Эрхлэгч, нярав, нягтлан, жижүүр бүтэн ажиллах
2016 оны 07 дугаар сард Эрхлэгч, нягтлан, жижүүр бүтэн нярав 7 дугаар сарын 10 хүртэл ажиллах графикаар ажиллаж 7 сарын цагийн бүртгэл 6 хоног ажиллаж цалингаа авсан. Гэтэл 2016 оны 07 дугаар сарын 18 өдөр амраж байх хугацаанд нягтлан дуудаж эрхлэгчийн өрөөнд хуралтай гэж зарласан зарласан хурал дээр байгууллагын эрхлэгч намайг халсан тушаал гаргасан байсан. Би ажлаас халсан тушаалыг: Үүнд
а/ 2016 оны 04 сарын 04 даалгаврыг 104 тоот даалгаврыг 04 сарын 25-нд 04 тоот албан бичгээр хүргүүлсэн.
б/ 2016 оны 06 сард ирсэн даалгаварыг Эрхлэгч Оюунчимэгтэй хуралдаж даалгавар авч 6 сарын 15 өдөр тоног төхөөрөмж, хүүхдийн бүртгэлийн баримтыг бүрдүүлж албан тооттой өгсөн үлдэх 4 даалгаврыг эрхлэгч Оюунчимэг хойшлуулж нягтлан ирэхээр болий гэх мэтээр 06 сарын 25-нд хариу өгөх байсныг хойшлуулсан албан даалгаврын тушаалыг нярав надад өгөөгүй. Иймд өгсөн 2 даалгаврыг цаг тухайд биелүүлсэн болно.
Ийм ийм шалтгаанаар үндэслэлгүй гэж үзэж байна. иймд шүүхэд хандаж байна. 2016 оны 07 дугаар сарын 18 өдрийн Б/23 тоот тушаалыг болнож ажилд эргүүлж тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж мөн ажил хавсран гүйцэтгэсэн 40%-ийн цалинд 2016 оны 05, 06, 07 сарын 398602 төгрөгийг гаргуулахаар тус тус нэхэмжилж байна.
Хариуцагч 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Д.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амгалан нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан Д.Наранцэцэгийн нэхэмжлэлд дараах тайлбарыг өгч байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь тус цэцэрлэгт няраваар ажиллаж байсан нэхэмжлэгч Д. Наранцэцэг нь албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа МУ-ын нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хуулиудын холбогдох заалтуудыг зөрчсөн цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аймгийн санхүү хяналт шалгалтын албаны дарга М.Батбаатар, санхүү хяналт шалгалтын Б.Лхамхүү нарын шалгалтын танилцуулга дүгнэлт, Мэргэжлийн хяналтын газар, Дархан-Уул аймгийн Боловсрол соёлын газруудын шалгалт, албан даалгавар зэргээр тогтоогдож байгаа болно.
Дээрхи шалгалтуудаар илрүүлсэн зөрчил:
Санхүүгийн албаны газрын дүгнэлтэд цэцэрлэгт нийлүүлэгдсэн (тоног төхөөрөмж, хүүхдийн ширээ,сандал, компьютер техник хэрэгсэл )-ийг өөрсдөө очиж аваагүй ямар тээврийн хэрэгсэлээр хэзээ ирсэн нь тодорхойгүй зэрэг шаардлага хангаагүй ажил гүйлгээг хийснийг тодорхой дүгнэсэн байна.
Мөн БСШУЯамнаас 32,0 сая төгрөгийн санхүүжилтийг 2015 оны 12 сарын сүүлээр 32,0 сая төгрөгийг тус цэцэрлэгт тоног төхөөрөмж, зөөлөн эдлэл авахаар шийдвэрлэгдсэн байдаг. Цэцэрлэгийн удирдлага дээрх мөнгийг 12 сард багтаан шилжүүлсэн. Нярав Д.Наранцэцэг нь 2016 оны 01 сарын 11-нд ажилд анх орсон 2016 оны 04 сарын 01-ний өдөр аймгийн БСГ-ын даргын удирдамжаар байгуулагдсан ажлын хэсэг тус цэцэрлэгт хяналт шалгалтаар очиход цэцэрлэгт ширээ, сандал, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж ирсэн байсан боловч нярав агуулахыг бүртгэл, багш ажилчдад ашиглалтын карт хөтлөөгүй зэрэг зөрчил илэрсэн нь НББ-ын 13.1, 13.7-р зүйлийг зөрчсөн төдийгүй хөдөлмөрийн гэрээнд тусгасан ажил албан үүргээ хангалтгүй биелүүлсэн. Байгууллагын үндсэн хөрөнгийн бүртгэл хийгдээгүй, эд хөрөнгө хэрхэн авсан талаар анхан шатны баримт цуглуулаагүй, бичиг хэрэг, ажлын байрны тодорхойлолт, тушаал шийдвэрийн бүртгэл хөтлөөгүй зэрэг няравын ажил хангалтгүй дүгнэгдэж албан даалгаварт тусгагдсан. Мөн хавсран ажилласны нэмэгдэл олгох тухай тушаал хууль зөрчиж гарсан тухай, нэмэгдэл олгох үндэслэлгүй болохыг 2016.06.25-ны өдөр өөрт нь албан ёсоор хэлж мэдэгдсэн. Мөн нярав Д.Наранцэцэгтэй ажил хүлээлцэх үед өөрийн суурин комьпютер дээр хийж байсан ажлуудаа файлаар бүгдийг нь устгасан ба агуулахын үлдэгдэлийн бүртгэлийн дэвтэр гүйцэд хөтлөөгүй, нягтлан бодогчоор баталгаажуулалт хийгээгүй, эд хөрөнгө эзэмшигчийн карм хөтлөөгүйгээс ажил хүлээлцэхэд хүндрэл гарч ня-бо Э.Амгалангаас санхүүгийн үлдэгдэлийн жагсаалтыг хэвлэн авч тулгаж ажил хүлээлцсэн болно.
Ажил хүлээлцэхэд:
Иймд эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж, холбогдох хуулиуд, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журам тус тус хүлээсэн үүргээ хэнгэлтгүй биелүүсэн болох нь эрх бүхий хяналтын байгууллагын шалгалт, дүгнэлтээр тогтоогдсон, байгууллагын удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаварыг хангалтгүй биелүүлж ажил олгогчийн итгэлийг алдсан, Д.Наранцэцэгтэй 2016.01.11-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч цаашид сунгагдахгүй болсон тул хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцласан болно. Д.Наранцэцэг “ Ажлаас халах тухай” 2016.07.18-ны өдөр Б/23 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журам, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль зэрэг бусад холбогдох хууль тогтоомжинд нийцэн гарсан тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Д.Наранцэцэг нь Дархан сумын 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 07 дугаар сарын 18- өдрийн Б/23 тоот тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын бичилтыг нөхөн бичүүлэх, 2016 оны 05 дугаар сарын 02 өдрийн хавсран ажил гүйцэтгэсний 19 тоот тушаалын 05,06,07 сарын 40%-ийн 398602 /гурван зуун ерөн найман мянга зургаан зуун хоёр/ төгрөгний цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь тушаал үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.
Нэхэмжлэгч Д.Наранцэцэг нь Дархан сумын 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 07 дугаар сарын 18- өдрийн Б/23 тоот тушаалыг эс зөвшөөрч 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэсэн хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Д.Наранцэцэг нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дугаартай тушаалаар тус цэцэрлэгийн няравын ажилд томилогдон ажиллаж байгаад тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б/23 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Д.Наранцэцэг нь Дархан сумын 24-р цэцэрлэгийн эрхлэгчтэй 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна” гэж зааснаар дээрхи ажлын байр нь байнгын ажлын байранд хамаарахаар байна.
Хариуцагч Дархан сумын 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/23 тоот тушаалд ...Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 23 дугаар зүйлийн 23.2.3, 2016 оны 24-р цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журмын 8.2 дахь заалтыг үндэслэн 24-р цэцэрлэгийн нярав Дорждан овогтой Наранцэцэг нь БСГ-ын даргын 239 тоот албан даалгаврыг хангалтгүй биелүүлсэн. Мөн МХГ, Аудитын шалгалтаар хангалтгүй үнэлэгдсэн. Ажлын байрны тодорхойлолтод заагдсан шаардлага хангаагүй, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараалан биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн зэрэг ажлын зөрчил дутагдал гаргасан тул 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, няравын үүрэгт ажлаас халсугай гэжээ.
Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн бөгөөд ...ажил олгогчийн мэдлийн буюу өмчлөлийн тодорхой хэмжээний мөнгө буюу эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж хамгаалахад эсхүл мөнгө эд зүйлийг тогтоогдсон журмын дагуу зарцуулах, ашиглах эрх мэдлийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн ажилтны гаргасан эд хөрөнгийн зөрчил нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч санаачлагаараа цуцлах үндэслэл болохоор зохицуулсан дээрхи заалтыг нэхэмжлэгч Д.Наранцэцэг нь хэрхэн зөрчсөн ямар зөрчлийн улмаас ажлаас чөлөөлөх болсон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д зааснаар ажлаас халсан байх бөгөөд Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргах, сахилгын зөрчил давтан гаргасан, удаа дараа зөрчил гаргасан тохиолдолд ажлаас халахаар зохицуулсан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Д.Наранцэцэг нь БСГ-ын даргын 239 тоот албан даалгаврыг хангалтгүй биелүүлсэн. Мөн МХГ, Аудитын шалгалтаар хангалтгүй үнэлэгдсэн. Ажлын байрны тодорхойлолтод заагдсан шаардлага хангаагүй, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараалан биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн зэрэг ажлын зөрчил дутагдал гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Хариуцагч нь ажлаас халсан тушаалын үндэслэлийг ... удаа дараа зөрчил гаргасан гэж дурьдсан боловч Хөдөлмөрийн хуулийн 40.1.5-д зааснаар ажлаас халсан зөрүүтэй байх тул нэхэмжлэгч Д.Наранцэцэгийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэж, Дархан сумын 24 дүгээр цэцэрлэгийн няравын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Наранцэцэгийн ажилгүй байсан хугацааны цалинг 2016.07.18-2016.10.05-ныг хүртэл 56 хоног, үндсэн цалин 416 251 төгрөг : 21,5 =19360 /1 хоногийн цалин/, 56 х 19360 = 1 084 160 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь 2016 оны 05 дугаар сарын 02 өдрийн хавсран ажил гүйцэтгэсний 19 тоот тушаалын дагуу 05,06,07 сарын 40%-ийн 398602 төгрөгийн цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч ажил хавсран гүйцэтгэх болсон тушаал болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтыг ирүүлээгүй, нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Наранцэцэгийг Дархан сумын 24 дүгээр цэцэрлэгийн няравын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин 1 084 160 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, ажил хавсран гүйцэтгэсний 398602 төгрөгийн цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагч Дархан сумын 24 дүгээр цэцэрлэгт ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж суутган бичилт хийхийг даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА