Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2025/00802

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/02545 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, төлбөрт шилжүүлсэн 19,536,500 төгрөг, алданги 9,768,250 төгрөг, нийт 29,304,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* *******той 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр БА22/08 дугаартай ******* аймгийн ******* сумын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Гэрээгээр ******* нь ******* аймгийн ******* суманд байрлах ны барилгын суурь цутгалт, тоосго хана өрлөг, шугам бохир, шал цутгах, гадна фасад, хашаа тохижилт, дотор сан нойлын өрөө тохижуулах, дээврийн ажил, цахилгаан монтаж, дотор заслын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсон. ******* нь ажлын хөлсөнд нийт 19,536,500 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн.

1.2 Гэтэл хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, гэрээнд заасан 2 сарын хугацааг хэтрүүлж, ажлыг хаяж явсан. ны барилгын ажлыг манай компани өөрөө болон бусдаар хийж гүйцэтгүүлсэн. Барилгын суурь цутгалт тэгш биш хийгдсэн, жилийн хугацаа өнгөрсөн тул ашиглах боломжгүй, бүгдийг шинээр хийлгэсэн.

Иймд ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, төлбөрт шилжүүлсэн 19,536,500 төгрөг, алданги 9,768,250 төгрөг, нийт 29,304,750 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 ******* нь *******-тай ******* аймгийн ******* сумын ны барилгыг захиалан бариулахаар 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, ажлын хөлсөнд 65,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон.

2.2 ******* нь гэрээний 3.3.1-т заасан суурь цутгалт, тоосгон хана өрлөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэрээний 3.3.2-т заасан шугам, бохир шал цутгах ажлыг хийсэн. Гэрээний 3.3.1-т заасан ажил 15,000,000 төгрөгөөр, гэрээний 3.3.2-т заасан ажил буюу бохир шугам, шал цутгах ажлыг 3,000,000 төгрөгөөр, гэрээний 3.3.5-т заасан дээврийн ажил 5,000,000 төгрөгөөр, гэрээний 3.3.4-т заасан ажил дотор сангийн ажил, нойлын тохижуулалтын ажил ороод 4,000,000 төгрөгөөр тохиролцсон.

Дээрх ажлуудаас гэрээний 3.3.4-т заасан ажлаас дотор сангийн ажлыг бүрэн гүйцэтгэсэн, харин нойлын тохижуулалтын ажлыг хийж гүйцэтгээгүй бөгөөд нийт 25,000,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. ******* нь уг нэхэмжлэлд дурдагдаагүй ажлын хөлсийг надад өгөөгүйгээс болж маргаан эхэлсэн. Мөн ажлыг хурдан хугацаанд гэрээнд заасны дагуу хийж гүйцэтгэх гэхээр бараа материалаа авч өгдөггүй зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан ажил гүйцэтгэх гэрээ цааш үргэлжлээгүй гэрээ цуцлагдсан.

2.3 Миний бие гэрээний 3.3.1-т заасан ажлыг 100 хувь, 3.3.2-т заасан ажлыг 100 хувь, 3.3.4-т заасан ажлыг 50 хувь, 3.3.5-т заасан ажлыг 97 хувь хийж гүйцэтгэсэн ба цаашид ажиллах нөхцөлөөр хангаагүй.

Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******оос 29,304,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 443,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамж 304,474 төгрөг, Улсын орлогоос 139,476 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 ******* нь гүйцэтгэгч *******тэй 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр, *******тай 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр, *******тэй 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр тус тус Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан гэж хэн нь мэдэгдэхгүй хүнээр гарын үсэг зуруулсан, дүр үзүүлсэн нотлох баримтыг шүүхэд гаргасан. Хариуцагч талаас уг гэрээнүүдийн гүйцэтгэлийг харуулсан талаарх нотлох баримт, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөний баримтыг шаардахад нэхэмжлэгч гаргаж өгөөгүй, энэ талаар баримт байхгүй гэдгийг шүүх хуралдаанд илэрхийлсэн байхад анхан шатны шүүх дээрх гэрээ байгуулсан 3 хүнд мөнгө шилжүүлсэн нь 2 дугаар хавтас хэргийн 11-22, 22-52 дүгээр талд авагдсан нотлох баримтаар нотлон тогтоогдсон гэж үзэж нотлох баримтын эх сурвалжийг магадлахгүй ******* руу шилжүүлсэн мөнгийг андуурч, дээрх 3 этгээдэд ******* нь мөнгө шилжүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүх дээрх нотлох баримтыг буруу үнэлж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч нь энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нотолж чадаагүй.

4.2 Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд миний хийж гүйцэтгэсэн ажил чанарын хувьд доголдолтой, суурь цутгалт тэгш биш, барилга бүхэлдээ ашиглах боломжгүй гэдэг талаар барилгын мэргэшсэн этгээдээр, өөр эрх зүйн этгээдээр гаргасан дүгнэлт байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар барилгын суурь цутгалт тэгш биш гэдгийг, барилга чанарын хувьд миний хийж гүйцэтгэсэн ажил тэр чигээрээ бүтнээр юм уу эсхүл аль нэг хэсэг нь доголдолтой гэдгийг, ашиглах боломжгүй гэдэг нь барилгын аль хэсэг нь хамаарах зэрэг эдгээр нөхцөл байдлыг хэрхэн нотолж байгаа талаар Шинжээчийн дүгнэлт-ээр нотлоогүй, гагцхүү нэхэмжлэгчийн тайлбараар барилга ашиглах боломжгүй, суурь тэгш биш гэж өрөөсгөл дүгнэлт хийсэн нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцэхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар миний хийж гүйцэтгэсэн барилгын ажлыг дахин нураасан бол энэ талаар нурааж байгаа талаар нотлох баримт, нураахад гарах санхүүгийн болон ажиллах хүчний зардал, нураасан барилгын ажлын хог хаягдлыг тээвэрлэсэн баримт зэрэг анхан шатны санхүүгийн баримтаар шүүхэд гаргаж, нэхэмжлэгч нь шаардлагаа нотлох ёстой. Гэтэл анхан шатны шүүх талуудын маргаж буй зүйл, түүний үндэслэлийн талаар хөндлөнгийн байр суурьнаас гагцхүү нотлох баримтад тулгуурлан, тогтоогдсон үйл баримтад үнэлэлт өгөх замаар дүгнэх байтал дээрх байдлыг анхааралгүй, нэхэмжлэгчийн тайлбарыг үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

4.3 Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсанаар гэрээнээс үүсэх үүргийн харилцаа дуусгавар болсон, нэхэмжлэгч нь хохирол бий болсон гэсэн үндэслэлээ нотлох замаар шаардаагүй байхад анхан шатны шүүх алдангийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Энэ талаар Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №3 дугаар Гэрээний зарим эрх зүйн маргааны хууль хэрэглээ болон гэрээг цуцлах, гэрээнээс татгалзахад анхаарах асуудлууд зөвлөмжид заасан агуулгад ...гэрээнээс татгалзсан, гэрээг цуцлахад үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог байхад гэрээний үүрэг болох анз гаргуулсан-ыг хууль хэрэглээний алдаатай гэж зөвлөмждөө тусгасан.

Дээрх байдлаас дүгнэн үзвэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн мөртлөө үүргийн эрх зүйн харилцааг үргэлжлүүлж алдангийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.4 Миний хувьд нэхэмжлэгчтэй байгуулсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон ажлуудаас гэрээний 3.3.1, 3.3.2, 3.3.4, 3.3.5-т заасан ажлыг хийж гүйцэтгэсэн. Уг ажлуудыг хийж гүйцэтгэхэд гэрээгээр 27,000,000 төгрөгийн төсөвт ажлаас нэхэмжлэгч нь 19,926,500 төгрөгийг шилжүүлж, үлдэх 7,073,500 төгрөгийг өгөөгүй.

Дээрх мөнгө нь дан ганц ажлын хөлс биш гэрээний гүйцэтгэлд орох бараа материалын төлбөр хамтдаа нийлсэн байгаа юм. Гэтэл дээрх төлбөрийг цаг хугацаанд нь шилжүүлээгүй, гэрээгээр тохиролцсон нөхцөлд зааснаар бүрэн биш өгсөн нь зохигчдын хооронд байгуулсан гэрээний 3.2, 3.3, Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт заасныг нэхэмжлэгч нь тус тус зөрчиж хөлс болон бараа материалын бүх зардал нийлсэн төлбөрийг гэрээний 3.3-т заасан хугацаанд бүрэн төлөөгүй.

Гэрээний 3.1-т зааснаар барилгын ажлыг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаанд би хийж гүйцэтгэх ёстой байсан. Энэ хугацаанд надад нэхэмжлэгчийн хувьд нийт 65,000,000 төгрөг шилжүүлэх үүрэгтэй байсан. Гэтэл гэрээний зөвхөн 3.3.1-3.3.9 заасан төлбөрийг төлөлгүй, гэрээний 3.3.1, 3.3.2, 3.3.4, 3.3.5-т заасан ажлын хөлс, материал зардлын мөнгө гэдэг утгаар 27,000,000 төгрөгийг ч бүрэн төлөөгүй 19,926,500 төгрөгийн санхүүжилтийг өгөхөөр гэрээт ажлыг хариуцагч би цааш үргэлжлүүлэх санхүүгийн чадамжгүй болсон. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээний xvraцaa дууссаны дараа буюу 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 17-ний өдрийг хүртэл нийт 10,936,500 төгрөгийг шилжүүлсэн. Энэ нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2, 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтад тулгуурлан эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг шүүх хийгээгүй гэж үзэж байна.

4.5 Хэрэгт авагдсан миний ажлын гүйцэтгэлтэй холбоотой зургуудын он cap дараалал, хийж байгаа ажлын гүйцэтгэл зэрэг фото зурагт шүүх үзлэг хийсэн. Дээрх үзлэгт дурдагдсан зургууд тэдгээрийн он cap дарааллаар миний хийж хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлийг харуулж байгаа шууд нотлох баримт юм. Миний бие хийсэн ажлуудаа гар утсаар фото зургаар авч бэхжүүлдэг. Тэр зургуудыг нотлох баримтаар өгсөн байхад шүүх нэг талын нотлох баримтыг үнэлэхдээ нөгөө талын нотлох баримтыг хэрхэн үгүйсгэгдэж байгаа талаар мөн л хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт өгч чадаагүй, дүгнэлт хийгээгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, тодорхойлох, хариуцагч хариу тайлбараа нотлох үүргийг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, эх хувиар нь өгсөн гурван гэрээг жинхэнээсээ байгуулсан эсэх нь тодорхой бус гэж үзсэн бол анхан шатны шүүхэд уг асуудлыг тодруулах хүсэлт гаргах нь нээлттэй байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг хүсэлтийг гаргаагүй байж анхан шатны шүүх тухайн 3 гэрээг үндэслээд шийдвэрээ гаргасны дараа гэрээг үндэслэж шийдвэрлэх нь буруу байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

5.2 Хариуцагчийн гүйцэтгэсэн ажил нь тендерийн ажил биш хариуцагч ажил гэж тайлбарласан. Учир нь тендер нь зөвхөн Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа бараа үйлчилгээ, худалдан авах ажиллагаанд хамаардаг. Уг маргаанд буюу хувийн аж ахуй эрхлэгчээс тодорхой үүргийн барилга байгууламжийг барьж гүйцэтгэх асуудал яригдсан. Мөн -аас нэхэмжлэгч буюу *******-д холбогдуулан хохирлын асуудал үүсгэсэн эсэх нь хариуцагчид хамааралгүй. -аас ийм хохирол шардаад байгаа учраас би уг хохирлыг шаардаж байна гэх нэхэмжлэлийн шаардлага байхгүй. Өөрөөр хэлбэл, үүнийг заавал нэхэмжлэгч тодорхойлох буюу тогтоох шаардлагагүй.

5.3 Талуудын хооронд 2022 оны 08 дугаар сард гэрээ байгуулагдсан. Тухайн гэрээний 3.1-т заасны дагуу гэрээний хугацааг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр барилгыг бүрэн барьж гүйцэтгэж ашиглалтад оруулж өгснөөр харилцаа дуусгавар болох ёстой байсан. Хэрэгт цугларсан нотлох баримтаас хариуцагчид удаа дараа үүргээ хугацаандаа биелүүлэх шаардлага тавихад үүргээ биелүүлээгүй нь тодорхой харагдана. Хариуцагч үүргээ биелүүлэхгүй явсаар байгаад 2023 оны зун болсон. Тухайн ажил нь жил гаруй хугацаа хэтэрсэн тул өөр үүрэг гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж тухайн ажлыг хийж дуусгасан.

5.4 2022 оны 08 дугаар сард гэрээ байгуулснаас хойш татгалзах хүртэл хугацааны алдангийн асуудал яригдсан ба шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны алдангийн асуудал яригдаагүй. Гэрээний харилцаа дуусгавар болсон байхад алданги шаардаад байгаа асуудал биш ба өмнөх үүргийн дуусгавар болоогүй байгаа хугацааны алдангийн хувь хэмжээ тооцогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******од холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, төлбөрт шилжүүлсэн 19,536,500 төгрөг, алданги 9,768,250 төгрөг, нийт 29,304,750 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан гэх 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн БА22/08 дугаартай ******* аймгийн ******* сумын ажил гүйцэтгэх гэрээ-г нотлох баримтаар гаргаж өгсөн. Анхан шатны шүүх уг гэрээг шийдвэрийн үндэслэл болгосон.

3.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх үүрэгтэй. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь бичмэл нотлох баримтад тавигдах шаардлага болох эх хувиар эсхүл нотариатчаар гэрчлүүлсэн байх, боломжгүй бол үзлэг хийлгүүлсэн байх шаардлагад нийцээгүй хуулбар байдлаар авагдсан байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна. /1хх 3-6/

4. Мөн талууд ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болох гүйцэтгэсэн ажлын хэмжээнд маргасан. Гэтэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Үзлэгийн тэмдэглэл-ээр *******-ийн гүйцэтгэх захирал ийн фэйсбүүк мессенжерээс хариуцагч *******ын хаягтай харилцсан 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гэрээ хийсэнтэй холбоотой ажлын төлбөрийг урьдчилж авсантай холбогдох хэсгийн чатад үзлэг хийсэн баримт болон 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн фото зургуудад үзлэг хийсэн баримтуудыг үнэлж гүйцэтгэсэн ажлын хэмжээ болон үр дүнг тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцээгүй байна.

4.1 Хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, уг ажлаас ямар хэмжээний ажил нь доголдолтой байсан, мөн хариуцагчийн хийж гүйцэтгэх ёстой байсан ажлаас ямар хэмжээний ажлыг бусдаар хийж гүйцэтгүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх үзлэгийн баримтуудаар ажил гүйцэтгэх гэрээний ажлын гүйцэтгэл тогтоогдсон гэж үзэх боломжгүй. Учир нь, барилгын ажлын гүйцэтгэлийн хэмжээг тогтооход тусгай мэдлэг шаардагдах бөгөөд дээрх үзлэгийн тэмдэглэл, фото зургууд нь дангаараа уг үйл баримтыг нотлох баримт болохгүй юм. Иймд хэргийн үйл баримт тогтоогдсон гэж үзэхгүй.

5. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулах, нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7 дахь хэсэгт заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/02545 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304,474 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

М.БАЯСГАЛАН