Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 1097

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

    2019        07         08                                  2019/ШЦТ/1097

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Б.Ганбулган,   

Нарийн бичгийн дарга Ш.Ундармаа,

Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Янжив овогт Чулуунбаатарын Бд холбогдох эрүүгийн 1906 02364 1414 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ч. Б,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 35 дугаар гудамжны 4 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Б.Нямдавааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                               /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 02364 1414 дүгээр хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Ч.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Б.Нямдаваагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Шөнийн 23 цаг өнгөрөөгөөд гэртээ харихад хамтран амьдрагч Ч.Б өөрийнхөө дүү гэх Пүүжээтэй хамт архи уугаад сууж байсан. Намайг гэр рүү ороход Ч.Б “Машин дотор эрэгтэй хүний цамц бас задалсан архи байна чи хаагуур явж байгаад ирж байгаа юм” гээд орилхоор нь би айсандаа гэрээс гарч зугтаах гэсэн чинь Пүүжээ гэх дүү нь намайг барьчихаад явуулаагүй. Тэгээд хашаа байшингийн голд оруулаад Ч.Б намайг баруун гараараа зүүн хацар руу 3 удаа алгадаад өшиглөөд унагаасан. Дараа нь гэр рүүгээ үсдэж чирж оруулаад, үсдэж байгаад 4 удаа нүүрээр шал мөргүүлсэн гэх мэдүүлэг /хх 8-9 тал/,

 

Гэрч М.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Тухайн өдөр би оройн 22:00 цагийн үед Б ах руу утсаар ярихад намайг дуудсан юм. Тэгээд би гэрт нь очоод бид хоёр 2 том савтай пиво хувааж уусан. Тэгээд байж байтал 01 цагийн үед Нямдаваа архи уучихсан согтуу орж ирсэн. Тэгтэл Нямдаваа, Б хоёр маргалдаад Нямдаваа Бгийн үснээс нь зуурахад Б ах Нямдавааг түлхэж газарт унагаасан. Тэгээд тэр хоёр нэг хэсэг ноцолдож байгаад Б ах Нямдаваагийн дээр нь гараад суучихсан хоёр гарыг нь барьчихсан байхаар нь би очиж салгахад Нямдаваа гэрээс гарч явсан. Араас нь Б ах гарч явсан. Тэгэхээр нь би бас гэрээс гарсан. Тэгтэл Нямдаваа согтуу машинаа унаж явах гээд байхаар нь Б ах надад Пүүжээ ахын дүү Нямдавааг явуулж болохгүй шүү наадах чинь согтуу байна гэж хэлээд гэр рүүгээ орсон. Тэгэхээр нь би Нямдавааг тэвэрч оруултал тэр хоёр дахиад хэрэлдэж маргалдаад дахиад ноцолдоод байхаар нь би гэр рүүгээ явсан гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 04 сарын 16-ны өдрийн 4682 дугаартай:

Б.Нямдаваагийн биед баруун нүдний зовхи болон хацар, шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, уруулын дотор салстад язарсан шарх, тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, жавьжинд цус хуралт, хүзүү, цээжинд цус хуралт гэмтэп тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20 тал/,

 

Шүүгдэгч Ч.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Тухайн шөнө би гэртэй байж байхад эхнэр Нямдаваа гаднаас согтуу ирсэн. Нямдавааг ирэхэд нь Пүрэвдорж бид хоёр гэрт архи, пиво уучихсан байсан юм. Пүрэвдорж манай гэрт ирэхдээ архи уучихсан халамцуу ирсэн. Тэгээд надтай хамт пиво уугаад нэлээн согтсон. Тэгээд Нямдаваа гэрт орж ирээд бид хоёр хоорондоо маргалдаж муудалцсан. Нямдаваа миний үснээс зулгаагаад нүүрийг хумсаараа майжихаар нь би өөрийгөө хамгаалаад Нямдаваатай зууралдаад ноцолдсон. Тэгэж байгаад би Нямдаваагийн цээж рүү гараараа түлхэж өөрөөсөө холдуулах гээд түлхтэл газарт унасан. Би Нямдавааг яг аль хэсгээрээ унасаныг нь хараагүй. Тэгээд босч ирэхэд нь харахад хамраас нь цус гарсан, нэг талынх нь шанаа хэсэг хөхөрсөн байсан. Тэгээд бид хоёр хэсэг хэрэлдэж байгаад унтацгаасан гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/,

-Хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 4 тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Ч.Бгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 33 тал/ зэрэг нотлох баримтуудийг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ч.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Б нь гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Ч.Бгийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Б.Нямдаваагийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Б.Нямдаваа нь нотлох баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх ба шүүх хурлын тов мэдэгдэхэд нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Шүүгдэгч Ч.Б нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч. Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.           

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ