| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 183/2021/04251/И |
| Дугаар | 210/МА2025/00803 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2025/00803
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/01833 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Авто машин худалдах, худалдан авах гэрээ-г баталсан нотариатын үйлдлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, ******* улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид хүлээлгэн өгөхийг даалгах
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: тээврийн хэрэгслийн өмчлөгчийн нэрийг шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь 2011 онд үйлдвэрлэгдсэн, 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр орж ирсэн, ******* маркийн тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгч. 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ******* нь уг тээврийн хэрэгслийг зарж өгнө гэж авч явсан боловч *******-ийн захирал *******ын ах нь 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр *******тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 43,000,000 төгрөгөөр тээврийн хэрэгслийг худалдаж, 42,000,000 төгрөгийг хүлээн авсан. *******-ийн захирал *******ын ах нь 2024 оны 09 сард нас барсан.
1.2 Дээрх гэрээг өмчлөгч *******-ийн зөвшөөрөлгүйгээр байгуулсан тул уг гэрээг баталсан нотариатчийн үйлдэл нь хуульд заасан шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус байх гэрээ.
Иймд ******* маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч *******-д хүлээлгэн өгөхийг *******т даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 ******* нь 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ******* маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гарын үсэг зурж, нотариатаар батлуулж худалдан авсан. *******-иас тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь шилжүүлж авах гэсэн боловч захирал нь гадаад улсад байгаа, одоо шилжүүлэх боломжгүй байна гэж удаа дараа тайлбар өгч байсан.
2.2 Нэхэмжлэгч нь 2019 оноос эхлэн ...10,000,000 төгрөг өг, өгөхгүй бол шүүх рүү шилжүүлнэ гэж сүрдүүлж байсан. Тухайн үед гэрээ хийж, нотариатаар баталгаажуулсан тул шүүхээр явахад асуудалгүй гэж бодсон. , ******* хоёр нь төрсөн ах, дүү хүмүүс. Нэхэмжлэгч нь гэрээ байгуулснаас хойш 5 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн.
Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:
3.1 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 1,000,000 төгрөгийг тээврийн хэрэгслийн гэрчилгээ шилжүүлэх үед төлөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл нэр шилжүүлж өгөөгүй. Гэрээ байгуулснаас хойш тээврийн хэрэгслийн эзэмшил, ашиглалт *******т байгаа.
Иймд тээврийн хэрэгслийн өмчлөгчийн нэрийг *******т шилжүүлэхийг *******-д даалгаж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:
4.1 Маргаан бүхий тээврийн хэрэгсэл нь *******-ийн өмчлөлийн эд хөрөнгө бөгөөд бүртгэлтэй компанийн хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлгүй бусад этгээдүүд хоорондоо тохиролцож, худалдан борлуулсан байна. Нотариатын бүртгэлийн дэвтэр дээр бүртгэл хийхдээ ямар нэг байдлаар компаниас , ******* бусад этгээдүүдэд шилжүүлэхийг зөвшөөрсөн итгэмжлэл хэрэгт авагдаагүй.
4.2 *******-ийн гүйцэтгэх захирлаар ******* итгэмжлэлгүйгээр төлөөлдөг. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу зохих этгээдийн зөвшөөрлийг аваагүй хийгдсэн хэлцэл тул хариуцагчид өмчлөгчөөр тогтоолгох шаардлага үүсэхгүй.
Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
5.1 Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч -ийн хариуцагч *******т холбогдуулан гаргасан 2016 оны 04 сарын 27-ны өдрийн Авто машин худалдах, худалдан авах гэрээг баталсан нотариатын үйлдлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, ******* улсын дугаартай маркийн автомашиныг хууль ёсны эзэмшигчид хүлээлгэн өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгслийн өмчлөлийг *******ын нэр дээр шилжүүлэн бүртгүүлэхийг -д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,60 дугаар зүйлийн 60.1,56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
6.1 *******-ийг үүсгэн байгуулагч, эцсийн ганц эзэмшигч ******* нь тухайн тээврийн хэрэгслийг бусдад худалдсан үйл явдлыг мэдсэн даруйдаа 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй.
6.2 Анхан шатны шүүх хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан сөрөг нэхэмжлэл, тайлбар, мэтгэлцээний явцад үлдэгдэл мөнгөө төлөөд манайх тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах ёстой гэсээр байтал ...худалдах, худалдан авах гэрээний үүргийг ******* биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул гэрээний зүйл болох ******* улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгслийн өмчлөлийг *******ын нэр дээр шилжүүлэн бүртгүүлэхийг *******-д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй... гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
7.1 Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага, хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримттай нийцсэн учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээе гэсэн байр суурьтай оролцож байна. *******ын хувьд бол -ийг төлөөлөх эрх бүхий этгээд байсан. Энэ хүний оролцоогоор гэрээ байгуулагдсан гэдэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүхий л нотлох баримт хоёр талын хүсэлтээр болон шүүхийн журмаар хэрэгт авагдсан байгаа. Гэрээний зүйл буюу автомашиныг өгөлцөж, авалцсан үйл баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогддог. Гэтэл -ийн хувьд гэрээ байгуулагдсанаас хойш 5 жилийн дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүссэн. Энэ 5 жилийн хугацаанд ямар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нь шүүхэд нэхэмжлэл гаргаагүй вэ гэдэг нь ойлгомжгүй.
7.2 Нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаад байгаа юм уу, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд зааснаар шаардлага гаргаад байна уу гэдгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой ярьдаггүй ба эрх бүхий этгээд гэрээ хийгээгүй учраас гэрээг хүчингүй болгуулъя гэж ярьж байсан. Энэ дээр холбогдуулан шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн шаардах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.
7.3 Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэгэнт нэхэмжлэгчийн зүгээс шаардлага гаргах эрхээ алдсан, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учраас хариуцагчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, тухайн автомашиныг шилжүүлэхийг даалгасан нь хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр болсон гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь *******т холбогдуулан 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ-г баталсан нотариатын үйлдлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, ******* маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, тээврийн хэрэгслийн өмчлөгчийн нэрийг шилжүүлэхийг даалгуулахаар сөрөг шаардлага гаргасан. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
2.1 Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ худалдах, худалдан авах гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус үндэслэлээр гэрээний дагуу хариуцагчид шилжсэн тээврийн хэрэгслийг буцаан гаргуулахаар тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ-г баталсан нотариатын үйлдлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэх шаардлага нь тээврийн хэрэгслийг хариуцагчаас гаргуулах шаардлагын үндэслэл болохоос, бие даасан шаардлага биш байна.
2.2 Хариуцагч дээрх үндэслэлийг зохих этгээдтэй худалдах, худалдан авах гэрээг байгуулж, гэрээний үүргийг гүйцэтгэсэн үндэслэлээр нэхэмжлэгчээс хариу үүргийг шаардаж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.
3. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шийдлийн хувьд зөв боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхээс уг хэсгийг залруулан дүгнэсэн өөрчлөлт оруулна.
4. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.
4.1 ******* нь *******-ийн үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд мөн болох. /хх 178/
4.2 ******* маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчээр 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл , 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс ******* тус тус бүртгэлтэй. /хх 53/
4.3 Нэхэмжлэгч нь тухайн тээврийн хэрэгслийг худалдах зорилгоор 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн. /хх 1, 223/
4.4 *******-ийг төлөөлж нь хариуцагч *******тай 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Автомашин худалдах худалдан авах гэрээ-г байгуулсан. Гэрээгээр ******* нь дээрх тээврийн хэрэгслийг 43,000,000 төгрөгөөр *******т худалдах, худалдан авагч ******* нь тээврийн хэрэгслийн үнэ 43,000,000 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төлж дуусгахаар гэрээнд заасан байна. /хх 35, 69/ ******* нь гэрээний дагуу 42,000,000 төгрөгийг т төлсөн үйл баримтад талууд маргаагүй.
4.5 Нотариатын бүртгэлийн дэвтэрт ...*******-ийг төлөөлж болон ******* нар нь Автомашиныг худалдах, худалдан авах гэрээ-г улсаас оруулж ирсэн *******, өнгөтэй ******* маркийн, арлын дугаартай автомашиныг 43,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулав. Урьдчилгаа 42,000,000 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр бэлнээр, үлдэгдэл 1,000,000 төгрөгийг гэрчилгээ шийдвэрлүүлэхдээ төлөхөөр тохиролцов гэснийг баталгаажуулжээ. /хх 71/
4.6 нь *******ын төрсөн ах бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр нас барсан. /хх 203-204/
5. Дээрх хэргийн үйл баримт болон талуудын тайлбараар нэхэмжлэгч нь тухайн тээврийн хэрэгслийг бусдад худалдах хүсэл зоригтой байсан. Үүний дагуу тээврийн хэрэгслийн эзэмшлийг гуравдагч этгээд буюу т шилжүүлсэн. Улмаар нь хариуцагчтай Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээг байгуулсан гэж дүгнэхээр байна. Өөрөөр хэлбэл, хэдийгээр тухайн гэрээг байгуулах цаг хугацаанд тээврийн хэрэгслийн эзэмшигчээр нэхэмжлэгч бүртгэлтэй байсан /хх 53/ байх боловч нь тээврийн хэрэгслийг бодитоор хариуцагчийн эзэмшилд шилжүүлж, үнэ 42,000,000 төгрөгийг хариуцагчаас хүлээн авсан нь хариуцагчид Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэг заасан үндэслэлийг бий болгож байна.
5.1 Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй гэж заасан. Хариуцагч нь гэрээ байгуулах цаг хугацаанд *******-ийг төлөөлж тээврийн хэрэгслийг бусдад худалдах эрхгүй этгээд гэдгийг мэдэх боломжгүй. Учир нь, тээврийн хэрэгсэл нь хөдлөх эд хөрөнгийн хувьд бодитоор шилжүүлснээр нөгөө талд эзэмшил үүсдэг. *******ыг энэхүү маргааны хувьд тухайн тээврийн хэрэгслийн эзэмших эрхийг бусадтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шударгаар олж авсан гэж үзэх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас тээврийн хэрэгслийг шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл, дээрх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар маргааны зүйл болох тээврийн хэрэгслийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй.
5.2 Түүнчлэн, тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчээр ******* бүртгэлтэй байх боловч энэ нь талуудын хооронд үүссэн маргаанд буюу нэхэмжлэгчийн шаардах эрхийг бүрэн тодорхойлохгүй.
6. Хариуцагч нь тээврийн хэрэгслийн өмчлөгчийн нэрийг шилжүүлэхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасан. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчээс маргааны зүйл болж буй тээврийн хэрэгслийн өмчлөгчийн нэрийг шилжүүлэхийг шаардах эрхтэй. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Энэхүү маргаанд буюу талуудын шаардах эрхэд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа болох 10 жил үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийн өмчлөл, эзэмшилтэй холбоотой талуудын шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлтийг залруулан дүгнэж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/01833 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтын 75 дугаар зүйлийн 75.2.1, 243 дугаар зүйлийн 243.1 гэснийг 492 дугаар зүйлийн 492.1.1, 106 дугаар зүйлийн 106.2 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
М.БАЯСГАЛАН