| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 102/2016/04671/И |
| Дугаар | 524 |
| Огноо | 2016-08-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 524
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 37 дугаар гудамж, 22 тоотод оршин суух Бэсүд овогт Жигжидийн Хүрэлбаатар/РД-РЭ59101278/-ийн,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 38 дугаар гудамж, 4 тоотод оршин суух Гал овогт Ордосын Ганзориг/РД-ЧМ77103176/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 4.044.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр хүлээн авч, мөн оны 05 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Хүрэлбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алтанцэцэг, гэрч Х.Энхбаатар, О.Байгалмаа, В.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Саранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Хүрэлбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч О.Ганзориг нь надаас 2014 оны 10 дугаар сарын 01-ны өдөр 4.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлж авсан. Мөнгө зээлсэн шалтгаан нь О.Ганзориг надаас зээл хаавал хэдэн төгрөг олж болох юм байна хамтарч ажиллая гэсэн. Би тэр үед банкнаас 10.000.000 төгрөгийн зээл аваад 2.000.000 төгрөгийг зээл хаасан хүндээ өгөөд 8.000.000 төгрөг үлдсэн. Тэгээд О.Ганзоригт 4.000.000 төгрөгийг нь өгсөн. Энэ хүнийг сайн ажилласан бол би өөрт үлдсэн 4.000.000 төгрөгийг нэмж өгнө гэж бодож байсан боловч эсрэгээрээ хэрүүл маргаан болоод 3 жил өнгөрч байна. Тухайн үед гарын үсгээ зураад эхнэртэйгээ хамт аваад явсан. Миний мөнгө гэрээ ёсоор 6.400.000 төгрөг болсон. Би банкинд одоо болтол хүү төлж байгаа. Банкны алдагдалд энэ хүн намайг оруулсан. 2015 оны 05 дугаар сарын 08,09-ний орчимд манай хүүхдэд 200.000 төгрөг бэлнээр өгсөн байсан. Дараа нь 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 200.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 800.000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 200.000 төгрөгийг тус тус “Капитал” банкаар, мөн “Хаан” банкны дансаар нэр усгүй орлого 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 400.000 төгрөг орсон байсан. Гэхдээ Т.Алтанцэцэгийг өгсөн гэж бодож байгаа. Мөн би зээлдээ тооцуулахаар газар дээрээс нь очиж энэ хоёроос мод авсан. Авахдаа Т.Алтанцэцэгийн нөхрийг би дагуулж явсан. 281 ширхэг шуудай мод авсан. Би модоо 1.800 төгрөгөөр тооцож байгаа, бэлэн мөнгөөр аваагүй. Мод нийт 505.800 төгрөг болж байсан. Хөргөгчний тал дээр эвдэрхий хөргөгчийг намайг засаад өг гээд манай хашаанд тавьсан. Одоо ч тэр чигтээ байгаа. Би өөрөө угаалгын машин, хөргөгч засдаг хүн би сайн мэднэ. Би зээлийн гэрээндээ аваагүй. Ийм хөргөгчийг барьцаалах ямар ч үндэслэл байхгүй. Би засахгүй, хөргөгчийг ч авахгүй. 2 жил манай хашаанд байгаа. Нэхэмжлэгч хариу тайлбартаа 600.000 төгрөг бэлнээр өгсөн гээд байгаа. Энэ хүн хаана, хэзээ, надад өгсөн, хэдэн сарын хэдэнд өгсөн юм би мэдэхгүй. Надад өгөөгүй. Обой наалгасан ажлын хөлсөө би 50.000 төгрөгөөр үнэлж зээлээс хасаж тооцож болох юм. Би нэхэмжлэлийн шаардлагаа 4.094.200 төгрөг болгож багасгаж байна, үүнээс 50.000 төгрөгөө хасаж тооцоод 4.044.200 төгрөг болгож багасгаж болох юм хүнийг үнэгүй ажиллуулахгүй гэж бодоод би уул нь 50.000 төгрөг тухайн үед өгнө гэж бодож байсан өгөх нөхцөл тухайн үед бүрдээгүй юм гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алтанцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгчээс 4.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн. Зээл авсан асуудал дээр маргахгүй, харин 4.400.000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь бид тухайн үед би сар бүр хүүгээ төлдөг байсан. 2015 оны 1 сард сарын 400 000 төгрөгийг сар болгон өгч бэлнээр хүүгээ 6 сарын туршид төлж байсан. Хүүнд 2.400.000 төгрөг төлсөн. Тухайн үед би дэлгүүр ажиллуулж тодорхой хэмжээний орлого олдог байсан. Бэлнээр 600.000 төгрөг өгөөгүй гэж ярьж байна. Би дүүгээсээ 600.000 төгрөг зээлж аваад 400.000 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сарын хүүнд, үлдсэн 200.000 төгрөгийг үндсэн төлбөрөөсөө хасуулна гэж хэлээд өгсөн. Энэ нь 2015 оны 04 дүгээр сарын дундуур өгсөн. Үүнээс гадна 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 200.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 800.000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 400.000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 200.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр 500.000 төгрөг дансаар, нийт 2.200.000 төгрөгийг өгсөн. Нэг өдөр Ж.Хүрэлбаатар ахын гэрт нь очиход хоёр хүү нь бас нэг эгч байсан. Би гэрт нь орж 300.000 төгрөгийг хүүд нь бэлнээр өгсөн. Түнхэлд манай хадам байдаг. Би тэнд очин хүнээс 285 ширхэг шуудай модыг 2500 төгрөгөөр бодож өгсөн. Тэр нь нийт 712.500 төгрөг болсон. Тухайн үеийн ханшаар 2500 төгрөгөөр л тооцож бодно. Тухайн үед манай нөхөр Ж.Хүрэлбаатар ахын гэрт тааз, шалыг нь хийж өгсөн, ажлын үнэ хөлс тохиролцоогүй, зээлээс хасна гэж хэлж байсан. Би өөрөө обой наасан. Хөргөгч засуулах гэж өгсөн гэж ярьж байна. Тухайн үед Ж.Хүрэлбаатар ах хөргөгч засвар хийдэггүй байсан. Би хөргөгчийг цэвэрлээд хүлээлгэж өгсөн. Солонгос хөргөгч байсан. Ж.Хүрэлбаатар ах гэртээ оруулаад тавьсан байсан. Би бүрэн бүтэн, ажилладаг хөргөгч өгсөн. Хөргөгчийг би 200 000 төгрөгөөр тооцож байна гэв. Ингээд тооцохоор би 2.400.000 төгрөг бэлнээр, банкаар дамжуулж 2.200.000 төгрөг, 1 шуудайг нь 2.500 төгрөгөөр тооцон 285 шуудай мод буюу 712.500 төгрөг, 2 хаалгатай хөргөгч 200.000 төгрөгөөр бодож өгсөн, мөн нөхрийнхөө дүүг зээл авахад нь 600.000 төгрөг бэлнээр, түүний бага хүүд 300.000 төгрөг өгсөн, мөн барьсан байшиндаа зээлээс чинь хасна гэж хэлээд надаар обой, замасканы ажлыг хийлгэж байсан тул би авсан мөнгөө өгч дууссан гэж бодож байна, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Ү Н Д Э С Л Э Х Н Ь:
Нэхэмжлэгч Ж.Хүрэлбаатар нь хариуцагч О.Ганзоригт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4.400.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад хариуцагч О.Ганзоригоос зээлийн гэрээний үүрэгт 4.044.200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.
Нэхэмжлэгч Ж.Хүрэлбаатар, хариуцагч О.Ганзориг болон Т.Алтанцэцэг нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 4.000.000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр бэлнээр зээлдүүлж зээлийн гэрээг байгуулсан болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан зохигчдын хооронд хийгдсэн хэлцэл/ХХ-ийн 4 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна.
Уг зээлийн гэрээг зохигчид тохиролцон, хүсэл зоригоо илэрхийлэн Монгол улсын Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар 4.000.000 төгрөгийг зээлдүүлэгчид шилжүүлж өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох тул зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Иймд шүүх зохигчдын хооронд байгуулсан Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ хүчин төгөлдөр байх тул уг гэрээний үүрэгт зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд 4.000.000 төгрөг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлсэн ижил хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээсэн байх тул нэхэмжлэгч Ж.Хүрэлбаатар нь хариуцагч О.Ганзоригоос уг зээлийн гэрээний үндсэн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт зааснаар зээлийн гэрээнд хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийсэн байхыг шаардах тул зохигчид үндсэн зээлийн 10 хувиар, 6 сарын хугацаатай зохигчид зээлийн хүүг төлөхийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Иймд уг тохиролцооны дагуу нэхэмжлэгч сард 400.000 төгрөгийн хүүг 6 сарын туршид төлөх үүрэгтэй байх тул хариуцагч О.Ганзоригоос зээлийн гэрээний хүүнд 2.400.000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч уг зээлийн гэрээний үүрэгт бэлнээр 200.000 төгрөг, дансаар 1.600.000 төгрөг, 281 ширхэг шуудай мод 505.800/281*1.800=505.800 төгрөг/ авсан, нийт зээлийн гэрээний үүрэгт 2.305.800 авсан, обой наасан ажлын хөлс 50.000 төгрөг нэмээд 2.355.800 төгрөг төлсөн, одоо зээлийн гэрээний үүрэгт 4.044.200 төгрөг хариуцагчаас гаргуулна гэж, харин хариуцагч зээлийн 6 сарын хүү 2.400.000 төгрөг бэлнээр, 500.000 төгрөг бэлнээр, дансаар 2.100.000 төгрөг, 285 ширхэг шуудай мод 712.500/285*2.500=712.500/ төгрөг, Солонгос улсад үйлдвэрлэсэн хөргөгч 200.000 төгрөгөөр тооцож өгсөн, мөн байшингийн тааз хийж, обой нааж өгсөн, нийт би 5.912.500 төгрөг төлсөн гэж үзэж байгаа, хийсэн ажлынхаа хөлсийг оруулж тооцвол би зээлээ төлж дууссан гэж мэтгэлцдэг.
Уг зээлийн гэрээний үндсэн зээл болон хүүнд 4.044.200 төгрөг нэхэмжилнэ гэж нэхэмжлэгч тайлбарладаг. Хариуцагч би үндсэн зээлээ төлж дуусгасан гэж маргадаг. Гэвч хариуцагч О.Ганзориг нь зээлийн гэрээний үүрэгт шаардсан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хэдий ч энэ талаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн татгалзлаа нотлох үүргээ зарим хэсгийг нь хэрэгжүүлээгүй, үүнтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй болно.
Гэвч шүүх зээлийн гэрээний үндсэн үүрэг болон хүүнд төлөх 6.400.000 төгрөгөөс баримтаар болон зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа төлөлтүүд болох хариуцагчийн дансаар шилжүүлсэн 2.100.000/200.000*2+800.000+400.000+500.000=2.100.000/ төгрөг болон нэхэмжлэгч бэлнээр авсан болохоо зөвшөөрсөн 200.000 төгрөг, 281 шуудай мод 562.000/281*2.000=562.000/, обой наасан ажлын хөлс 50.000 төгрөгийг хасаж тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд уг зээлийн гэрээний үүрэгт хариуцагч 3.488.000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна.
Хариуцагч бэлнээр төлсөн гэх 2.900.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй тул шүүх хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд шуудайтай мод авсан тал дээр маргадаггүй, харин тухайн үед 1 шуудайг нь хэдэн төгрөгөөр тооцсон болон хэдэн шуудай мод байсан талаар тохиролцсон баримт байхгүй тул маргадаг. Уг модыг авсан эсэхийг тодруулах зорилгоор гэрч Х.Энхбаатарыг оролцуулахад тухайн үед 281 шуудай мод байсныг би хамт ачилцаж ирсэн, 280 шуудайг нь ачаад, үлдсэн 1 шуудай модыг би задалж машинд багтааж ачсан, үнийг тухайн үед тохиролцоогүй ч Ж.Хүрэлбаатар 1 шуудайг нь тухайн үед 2.000 төгрөгөөр зарж байсан гэсэн мэдүүлгийг үндэслэж 1 шуудай модны үнэлгээг 2.000 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хариуцагч хөргөгч зээлийн гэрээний үүрэгт өгсөн гэж маргадаг боловч хөргөгч хүлээлцсэн болон хэдэн төгрөгөөр үнэлсэн баримтгүй, эвдэрхий байсан намайг засаж өг гэж хариуцагч өгсөн гэж нэхэмжлэгч маргадаг, харин хариуцагч эвдрээгүй 200.000 төгрөгөөр тооцон өгсөн гэж хариуцагч маргадаг. Нэхэмжлэгч хөргөгчөө аваарай, би гэрээний үүрэгт тооцохгүй гэсэн тул зээлийн гэрээний үүргээс хасаж тооцох үндэслэлгүй байна.
Хариуцагч зээлийн гэрээний үүрэгт бэлнээр 2.900.000 төгрөгийг төлсөн гэх боловч нэхэмжлэгч Ж.Хүрэлбаатарын тайлбар болон гэрч Х.Энхбаатарын мэдүүлгээр 200.000 төгрөг бэлнээр өгсөн болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Иймд хариуцагч О.Ганзоригоос Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт заасныг үндэслэн зээлийн гэрээний үндсэн үүрэг болон хүүнд 3.488.000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Ж.Хүрэлбаатарт олгуулж, зээлийн гэрээний үүрэгт 4.044.200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 3.488.000 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 556.200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон хариуцагч О.Ганзоригоос Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 282 дугаар зүйлийн 282.3 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэгт 4.044.200 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 3.488.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 556.200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Мөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч О.Ганзоригоос 70.758 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Ж.Хүрэлбаатарт олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол улсын иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 282 дугаар зүйлийн 282.3 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэгт хариуцагч О.Ганзоригоос 4.044.200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 3.488.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Ж.Хүрэлбаатарт олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 556.200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч О.Ганзоригоос 70.758 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Хүрэлбаатарт буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б. БАЯРМАА