| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 101/2024/07145/И |
| Дугаар | 210/МА2025/00844 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2025/00844
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүрэгт 38,138,954.26 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь *******тай 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ-г байгуулж, 15,000,000 төгрөгийг бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй байгуулсан. Гэтэл зээлдэгч нь кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй 123 сар хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлд хугацаа хэтрэлт 39 сар буюу 1122 хоног хэтрүүлсэн.
Зээлийн үндсэн төлбөр 14,585,200.36 төгрөг, үүнээс бэлэн гүйлгээ 4,353,517.36 төгрөг, бэлэн бус гүйлгээ 10,231,683 төгрөг, зээлийн үндсэн хүү 19,628,128.25 төгрөг, үүнээс бэлэн гүйлгээний хүү 5,620,689.09 төгрөг, бэлэн бус гүйлгээний хүү 14,007,439.16 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний хүү 14,159,553.55 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 3,548,882.15 төгрөг, нийт 52,221,764.31 төгрөг төлөөгүй байна.
1.2 Хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний 3.6-д заасны дагуу 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 53 сар хугацаа хэтрүүлж нийт 3,548,882.15 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү нь 3.5-д заасны дагуу 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийн эрх 261,263.50 төгрөгөөр хэтэрч эхэлсэн тул 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 57 сарын хугацаанд нийт 14,459,553.55 төгрөг тус тус тооцсон.
Зээлдэгчийн нөхцөл байдлыг харгалзан үзэж нийт хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүү болох зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 100 хувь буюу 3,548,882.15 төгрөгийг хөнгөлж, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 14,459,553.55 төгрөгөөс 10,533,927.90 төгрөг нийт 14,082,810.05 төгрөгийг хөнгөлж хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүнээс үлдэх 3,925,625.65 төгрөгийг, картын үндсэн төлбөр 14,585,200.36 төгрөг, үндсэн хүү 19,628,128.25 төгрөгийг гаргуулна.
Иймд *******аас 38,138,954 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Хариуцагч ******* нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Монгол улсын хилээр гарсан бөгөөд *******-тай гэрээ байгуулсан гэх 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Япон улсад байсан болох нь гадаад паспортын хуулбараар нотлогдоно. *******-аас кредит картын үйлчилгээ авсан, картыг ашиглан гүйлгээ хийсэн гэх үйл баримтууд огт болоогүй буюу гэрээнд өөрийн биеэр гарын үсэг зурж, кредит картыг өөрийн биеэр хүлээн авч байгаагүй.
2.2 Зээлийн гэрээг хуурамчаар үйлдсэн, зээлийн мэдээллийн санд худал мэдээлэл нийлүүлсэн зэрэг *******-ийн эдгээр үйлдэл нь *******ын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа талаар тус банкны Хууль эрх зүй хариуцсан нэгжтэй 2022 оны 07 сард Монголд ирэхдээ уулзаж гомдол гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй.
Дээрх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй, бичиг баримт, гарын үсэг, утасны дугаар гэх мэт зээлийн гэрээнд дурдсан бүх мэдээлэл хуурамч байх тул зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус болох талаар *******-д мэдэгдсээр байхад өнөөдрийг хүртэл зээлийн мэдээллийн санд нийлүүлсэн худал мэдээллийг засварлаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь илт хууль зөрчсөн үйлдэл болно гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч *******т холбогдох 2018 оны 12 сарын 25-ны өдрийн Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүрэгт 38,138,954.26 төгрөг гаргуулах нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн, 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 348,645 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Зээлдэгч *******тай 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ-г байгуулж 15,000,000 төгрөгийг бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсний хүү 1.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Талуудын байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан.
Шүүх 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээнд зурагдсан гарын үсэг хариуцагч *******ынх мөн эсэхийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилсон ба 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 13 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд ...Карт эзэмшигчийг төлөөлж гэсэн хэсэгт зурагдсан гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн *******ын гэх бичгийн хэвийн харьцангуй чөлөөт туршилтын загваруудтай тохирохгүй байна гэж дүгнэсэн. Шинжээчийн дүгнэлтэд ирүүлсэн *******ын гарын үсгийн чөлөөт загвар гэгдэх 51-54 дүгээр талд авагдсан , хэргийн 55-56 дугаар талд бичсэн бичвэрүүдийг шүүхэд хэрхэн, яаж ирүүлсэн, тухайлбал Япон улсад амьдарч ажиллаж байгаа ******* өөрөө зурсан нь тодорхойгүй буюу эргэлзээтэй байна.
4.2 Мөн шүүхээс хариуцагч нь дурдсан цаг хугацаанд Монгол улсад байгаагүй болох нь хэрэгт авагдсан *******ын гадаад паспортын хилээр орж гарсан бичилт, Япон улсын ******* компанийн тодорхойлолтоор тогтоогдож байна гэсэн. Гэтэл хэргийн материалд авагдсан гадаад паспортын хуулбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй баримт байх бөгөөд уг баримтыг шүүхээс үнэлсэн нь үндэслэлгүй байна.
Гадаад паспортонд дарагдсан хилээр орсон гарсан тэмдэглэгээ дээр 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Монгол улсын хилээр гарсан тэмдэглэгээтэй байх ба буцаж орж ирсэн тэмдэглэгээ дарагдаагүй байх тул 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нотариат дээр биеэрээ очсон гэдэг нь эргэлзээтэй байх бөгөөд тухайн цаг хугацаанд Монгол улсын хилээр орсон, гарсан лавлагааг Хил хамгаалах ерөнхий газраас авч нотлох баримт бүрдүүлээгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй гадаад паспортын хуулбарыг авч дүгнэсэн нь хэт нэг талын тайлбарыг үнэлж дүгнэлт гаргасан гэж үзэхээр байна.
4.3 Хариуцагч *******ыг Япон улсын ******* компанийн тодорхойлолтоор уг байгууллагад ажилладаг гэдгийг дан ганц хэргийн материалд буй Япон хэл дээр бичсэн бичиг түүний орчуулгаар дүгнэх боломжгүй гэж үзэж байна. Учир нь тухайн байгууллагаас ирүүлсэн гэх тодорхойлолт нь Япон улсаас хэрхэн ирсэн нь хэргийн материалд авагдаагүй бөгөөд дан ганц уг материалаар тодорхойлох боломжгүй юм. Тухайн байгууллагад ажилладаг гэдгийг цалин хөлсний дансны хуулга болон бусад холбогдох баримтаар баталгаажуулах шаардлагатай байсан.
4.4 Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд зээл олгох үеийн материалыг эх хувиар хүргэж өгсөн бөгөөд шүүгч зээлийн зарцуулалтыг тусгасан хүү тооцооллын хүснэгтээс хариуцагчийн хэрэглээ, зарцуулалт, эргэн төлөлтийг огт шинжлэн судлаагүй. Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлд банканд хориглох үйл ажиллагааг заасан байх бөгөөд *******ны дансны хуулганы эх хувийг зөвхөн харилцагч өөрөө бүрдүүлж өгөх эсхүл бусдад тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрсний үндсэн дээр итгэмжлэлээр авах боломжтой. Энэ талаар *******наас лавлагаа, тодруулга авалгүй нотлох баримтыг зөвхөн хариуцагчийн ирүүлсэн нотлох баримт болох шаардлага хангаагүй дээрх баримтуудыг үндэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Мөн банкнаас 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр картын төлбөртэй холбоотой *******ын хаягаар зээл төлөх тухай мэдэгдэх хуудас хүргэхэд ээж ******* нь гарын үсэг зурж хүлээн авсан байдаг. Хариуцагчийн тайлбарлаж байгаагаар ******* дугаартай Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулаагүй бол тухайн хугацаанаас хойш банканд болон шүүхэд хандах эрх нь нээлттэй байсан.
Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 ******* тухайн үед Япон улсад байсан бөгөөд түүний гадаад паспорт надад эх хувиараа байна. Хариуцагч 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Монгол улсын хилээр гарсан болох нь гадаад паспортоос харагдаж байна. Гарын үсэгт хийсэн шинжээчийн дүгнэлтээр гарын үсгийн хэв тохирохгүй байна гэсэн дүгнэлт гарсан.
5.2 Нэхэмжлэгч тал гомдолдоо дурдсан *******ны хуулгыг анхан шатны шүүх хуралдаанд харахад 400,000,000 орчим төгрөгийн гүйлгээ хийсэн байсан. *******т тухайн үед орлого олж байсан зүйл байхгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан *******-тай байгуулсан ******* дугаартай кредит картын гэрээний үүрэгт нийт 38,138,954 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ... *******-тай гэрээ байгуулсан гэх 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр би Япон улсад байсан бөгөөд гэрээнд өөрийн биеэр гарын үсэг зурж, кредит картыг өөрийн биеэр хүлээн авч байгаагүй. Гэрээнд дурдсан бүх мэдээлэл хуурамч байх тул зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэж үгүйсгэн маргасан.
3. Анхан шатны шүүх гэрээнд зурсан гарын үсэг хариуцагч *******ынх биш болох нь тогтоогдсон, кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч ******* Монгол улсад байгаагүй буюу 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Буянт-Ухаа хилийн боомтоор гарсан үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хариуцагч *******ын гадаад паспорт болон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 13 дугаар Шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгосон.
3.1 Гэтэл хэргийн 28 дугаар талд авагдсан *******ын гадаад паспортын хуулбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичгийн нотлох баримтад тавигдах шаардлагад нийцээгүй болохыг анхаараагүй байна. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх үүрэгтэй. Хуулиар тогтоосон шаардлага хангаагүй баримтыг анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангана.
4. Дээрх баримтыг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх, нөхөн бүрдүүлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/02295 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348,645 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
М.БАЯСГАЛАН