Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 01161

 

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                        Хэргийн индекс 135/2016/1122/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч Д.Алтантуяа би

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ****** дугаар баг, ****** тоотод оршин суух Бэсүд овогт Шарбандийн Сарантуяа, /РД: ВЕ73112200, утас: 9937-2392/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ****** дугаар баг, Хүнсчдийн ****** тоотод оршин суух Ш.Оюунцэцэг, /утас: 9939-5360/

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын 5 дугаар баг, Ханжаргалантын 10-17 тоотод оршин суух Т.Мөнгөнцэцэг, /утас: 9452-0633/

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ****** дугаар баг, Зурагтын ****** тоотод оршин суух Г.Нэргүй, /утас: 9926-4909/ нарт холбогдох

“420.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Сарантуяа шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ:

           “Миний бие 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр манай гэрт хулгай орж 800.000 төгрөг алдагдсан бөгөөд хулгайчид болох Г.Алдармөнх, Б.Бат-Эрдэнэ, Б.Отгонцэцэг, Э.Бат-Ирээдүй нарыг 05 дугаар сарын 10-ны өдөр Соёмбо кино театраас барьж авсан. Мөрдөн байцаагч хэргийг шалгаж 380.000 төгрөгийг олгосон боловч үлдэгдэл 420.000 төгрөг олдохгүй байна. Иймд үлдэгдэл 420.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Б.Бат-Эрдэнэ, Б.Отгонцэцэг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнгөнцэцэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Б.Бат-Эрдэнэ, Б.Отгонцэцэг нарын ээж болох Т.Мөнгөнцэцэг миний бие нэхэмжлэгч Ш.Сарантуяагийн хохирлыг барагдуулж өгнө. 220.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өгч дуусгана. Одоо бол эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа тул энэ төлбөр төлөх хугацааг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр болгож өгнө үү” гэжээ.  

 

Хариуцагч Г.Алдармөнхийн ээж Ш.Оюунцэцэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Ш.Сарантуяагийн нэхэмжилсэн 110.000 төгрөгийг би 2016 оны 09 дүгээр сард багтааж төлж дуусгана. Энэ төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч Ш.Сарантуяа нь хариуцагч Ш.Оюунцэцэг, Т.Мөнгөнцэцэг, Г.Нэргүй нарт холбогдуулан 420.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Мөнгөнцэцэг, Ш.Оюунцэцэг нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тухай тайлбартаа шүүхэд бичгээр ирүүлсэн, нэхэмжлэгч Ш.Сарантуяа нь хариуцагч Г.Нэргүйд холбогдуулан гаргасан 110.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар Ш.Сарантуяагийн нэхэмжлэлтэй хариуцагч Ш.Оюунцэцэг, Т.Мөнгөнцэцэг нарт холбогдох иргэний хэргийн хариуцагч нарын “...энэ төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна...” гэсэн зөвшөөрлийг баталж, нэхэмжлэгч Ш.Сарантуяагийн хариуцагч Г.Нэргүйгээс татгалзсан татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13.000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Оюунцэцэг, Т.Мөнгөнцэцэг нараас тус бүр улсын тэмдэгтийн хураамж 1.444 төгрөг, Төрийн сангийн 190000941 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 4.333 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ш.Сарантуяад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                       Д.АЛТАНТУЯА