Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2025/00845

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/01990 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, ажилласан хугацааны ээлжийн амралтын олговрыг олгуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Миний бие 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр *******-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, Захиргаа, үйл ажиллагаа хариуцсан захирлын албан тушаалд томилогдож, туршилтын 3 сарын хугацаагаар ажилд орсон. Гэтэл Ерөнхий захирлын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 24/58 дугаар тушаалаар хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргаж, ажлын 3 өдөр ажил тасалсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, үндэслэлгүйгээр ажлаас халсан.

1.2 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр компанийн сургалтын төлөвлөгөөг гаргаж хэрэгцээт шаардлагатай байгаа нийт ажилтнуудыг хамарсан ХАБЭА-н А-73 тоот сургалтанд байгууллагын бүх ажилтнуудыг хамруулсан. Сургалт дуусаад караоке орж хоол идэж дуулж сууцгаасан. Ингээд үргэлжлүүлэн бааранд орж өглөө 05 цаг хүртэл сууж байгаад тарцгаасан. Ерөнхий нягтлан бодогч ******* бид хоёр хотхон зүгт гэртэй учир хамт таксинд сууж хотхоны урд байдаг ******* хотхоны гадаа иртэл *******ийн нөхөртэй нь хамт ууж байсан Ерөнхий захирал ******* нөхөр ******* нартай таарсан. Гэтэл *******, Ерөнхий захирал , гагнуурчин *******, , нар намайг нийлж зодсон.

1.3 Ингээд би зодуулсны дараа эмнэлэгт үзүүлэх, эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаагаа Ерөнхий захирал д өөрийн биеэр хэлж албан ёсоор чөлөө авч телеграммын чатаар чөлөө авч явсан ба өвчтэй байгааг мэдсээр байж сахилгын шийтгэлээр ажил тасалсан үндэслэлээр ажлаас халсан нь үндэслэлгүй байна.

Иймд *******г Захиргаа, үйл ажиллагаа хариуцсан захирал албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, ажилласан хугацааны ээлжийн амралтын олговрыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Манай байгууллагын зүгээс нэхэмжлэгчтэй 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хамтран ажилласан. Нийт ажилчдын сургалтад хамрагдсаны дараа ажлын бус цагаар караоке орсны улмаас хувь хүн хоорондын маргаан үүсэж нэхэмжлэгчид гэмтэл учирсан. Үүнийг захиралд мэдэгдсэний дагуу нэхэмжлэгчид цалинтай чөлөөг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл олгосон. Үүний дагуу нэхэмжлэгч чөлөө дууссанаас буюу 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ажилдаа ирж, хэвийн ажиллаж байсан.

2.2 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр яаралтай ажилтай болчихлоо гэдэг үндэслэлээр цагаа бүртгүүлээгүй явсан байдаг. Энэ талаар тодруулж асуухад өвчтэй гэдэг хариу өгсөн ба зохих журмын дагуу эмнэлгийн баримт өгч зохих журмын дагуу чөлөө авах ёстойг удаа дараа сануулсан боловч ирүүлээгүй тул улмаар мэдэгдэх хуудас өгөхөөр 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр утсаар холбогдоход өвчтэй байгаа учраас чөлөө авах шаардлагагүй. Угаасаа би асуудлаа өөр аргаар шийдүүлнэ гэх зэргээр хариуг өгсөн. Ямар нэгэн эмнэлэгт үзүүлсэн тухай баримт тайлбар ирүүлээгүй. Чөлөө авах тухай хүсэлтийг албан ёсоор гаргаагүй. Байгууллагаас чөлөө олгох шийдвэр гаргаагүй байхад үндэслэлгүйгээр ажлаа хоёр ба түүнээс дээш өдөр тасалсан ба хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан.

2.3 Нэхэмжлэгч 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл ажиллахдаа байгууллагын архив, ажилчдын хувийн хэрэг материалаас өөрийн хувийн хэрэг материалыг авч явсан. Өөрийн хөдөлмөрийн дотоод журам, байгууллагад үлдэх ёстой хувь хүний мэдээллүүдийг авч явсан ба энэ талаар тодруулахад энэ нь хувь хүний нууц учраас та нарт үлдээх шаардлагагүй гэх хариуг өгсөн. Энэ мэт шалтгаанаар хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан учраас нэхэмжлэгчийг цааш ажиллуулах боломжгүй үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн. Үүнтэй холбоотой чөлөөлөх хүртэлх ээлжийн амралт, цалинг түүнд өгсөн.

Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******г *******-ийн Захиргаа, үйл ажиллагаа хариуцсан захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 11,812,979 төгрөгийг хариуцагч *******-аас гаргуулж, *******д олгож, амралтын мөнгө гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан *******гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулалт хийхийг *******-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 203,958 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 *******-ийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 24/58 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 болон талуудын харилцан тохиролцож байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.6-д ...ноцтой зөрчил, 8.6.3-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 3 өдрөөр ажил тасалсан, чөлөөний хугацаа хэтрүүлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 60.1.3, 60.1.7-д заасан албан тушаал хадгалагдах хугацаа дууссан өдрөөс хойш ажлын 15 өдрийн дотор ажилдаа ирээгүй гэж заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн ба ажилтан ******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүй, чөлөө авах хүсэлт баримтыг ирүүлэлгүйгээр ажил тасалсан бөгөөд тухайн ажил албан тушаалд ажиллахгүй тухайгаа эрх бүхий этгээдэд мэдэгдсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасны дагуу ноцтой зөрчилд тооцон ажлаас чөлөөлөх үндэслэл бүрдсэн атал тодорхойгүй гэх үндэслэлээр ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

4.2 Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйл 100.1 дэх хэсэгт Ажил олгогч ажилтны хүсэлтээр хувийн чөлөө олгож болно., 100.2 дахь хэсэгт Хувийн чөлөө олгох журам, чөлөөний хугацаа, хувийн чөлөөтэй байх хугацаанд олговор олгох эсэхийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулна. гэж тус тус заасан ба хөдөлмөрийн гэрээний 3.4-т ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэж чадахааргүй буюу өвчтэй тохиолдолд хүний нөөцийн менежерт албан ёсоор мэдэгдэж эмнэлгийн хуудсаар баталгаажуулах ..., 3.5-д ажилтан чөлөө авах зайлшгүй гэнэтийн шаардлага гарсан үед тухайн ажлын өдрийн 08:00 цагаас өмнө, ээлжийн хуваарь эхлэхээс 24 цагийн өмнө шууд удирдах удирдлага захиралд утсаар мэдэгдсэн байх ёстой. Ажилтан хувийн чөлөө авах хүсэлтийг маягтын дагуу бичгээр гаргах ба нэг ба түүнээс дээш хоногийн чөлөөг гүйцэтгэх захирал шийдвэрлэн чөлөөний хуудсыг хүний нөөцийн менежерт өгсөн байна. гэж заасан хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасан чөлөө авах журмыг зөрчсөн атал хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэлгүй юм.

4.3 Хэрэгт авагдсан баримтаар компанийн чиг үүрэг бүхий хариуцсан ажилтанд мэдэгдэлгүй хувийн хэрэгт авагдсан баримт, гэрээг авч явснаа нэхэмжлэгч ******* хүлээн зөвшөөрсөн тухай тэмдэглэл бүхий баримт болон нэхэмжлэгчийн шүүх хурлын явцад зөвшөөрч баталгаажсан үйл баримтыг үнэлэлгүйгээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр *******г ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

5.1 Би шалтгаангүй ажлаа таслаад явсан бол надад шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлага байхгүй. Манай Ерөнхий захирлын нөхөр намайг эхнэртэй нь хамт шоудсан гэх үндэслэлээр сургалтад суусан орой хоол идээд гарч ирэнгүүт хаана явж байгааг минь ажилчдаасаа асуугаад бидний байсан газар ирж намайг 5 гагнуурчин залуутай хамт хэвтэрт ортол зодсон. Би эхний 3 өдөр ажилдаа очсон. Гэтэл толгой эргээд нуруу татаад байхаар нь захиралдаа үнэн учраа хэлэхэд чи яваад эмчид үзүүл гэсэн.

5.2 Тухайн үйл баримт болоод 4, 5 сар өнгөрсөн байхад миний нүд хөх, хамар хугархай хэвээрээ байгаа. Гэтэл хариуцагч би танихгүй хүнтэй гудамжинд явж байгаад асуудал үүсгэсэн мэтээр тайлбарладаг. Хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, ажилласан хугацааны ээлжийн амралтын олговрыг олгуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.

2.1 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг ....******* нь чөлөө авах тухай хүсэлтийг албан ёсоор гаргаагүй атлаа 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн ажилдаа ирээгүй. Үндэслэлгүйгээр ажлаа хоёр ба түүнээс дээш өдрийн хугацаагаар тасалсан ба хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ажлаас халсан. Өөрийн хувийн хэрэг материалыг авсан гэх агуулгаар эс зөвшөөрч маргажээ.

3. *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/24-37 дугаар тушаалаар *******г 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд Захиргаа, үйл ажиллагаа хариуцсан захирал албан тушаалд туршилтаар ажиллуулахаар томилсон. /хх 12/

3.1 Улмаар *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 24/58 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйл, 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн №ХГ/24-0919-01 тоот Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.6, 8.6.3 дахь заалтыг тус тус үндэслэн Захиргаа, үйл ажиллагаа хариуцсан захирал албан тушаалтай *******тэй байгуулсан 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн №ХГ/24-0919-01 тоот хөдөлмөрийн гэрээг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөр тасалбар болгон Хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байна. /хх 13/

4. Дээрх тушаалын агуулга нь ажилтан буюу нэхэмжлэгч ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан үндэслэлийг заажээ.

4.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.

5. Талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ХГ/24-0919-01 тоот хөдөлмөрийн гэрээний 8.6.3-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 3 өдрөөр ажил тасалсан, чөлөөний хугацаа хэтрүүлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 60.1.3, 60.1.7-д заасан албан тушаал хадгалагдах хугацаа дууссан өдрөөс хойш ажлын 15 хоногийн дотор ажилдаа ирээгүй тохиолдолд сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж компанийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах сахилгын шийтгэл ногдуулж болно гэж заажээ.

5.1 Нэхэмжлэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр бусдад зодуулсны улмаас ажилдаа ирээгүй, хариуцагч уг хугацаанд эмнэлэгт үзүүлэх, цагдаад гомдол гаргах боломжийг олгосон, нэхэмжлэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй талаар зохигч маргаагүй.

5.2 Дээрх хугацаанд нэхэмжлэгч эрүүл мэндийн шалтгаанаар ажилдаа ирээгүй болох нь хэрэгт авагдсан *******гийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дүрс оношилгооны шинжилгээний хариу, хариуцагч байгууллагын захиралтай харилцсан зурвас, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна. /хх 86, 93/

Иймд нэхэмжлэгчийг ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гэж нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт нийцээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, чөлөө авах хүсэлт баримтыг ирүүлэлгүй, чөлөө авах журам зөрчсөн гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Хариуцагч нь нэхэмжлэгчийг компанийн чиг үүрэг бүхий хариуцсан ажилтанд мэдэгдэлгүй хувийн хэрэгт авагдсан баримт, гэрээг авч явсан гэх тайлбар, гомдлоо баримтаар нотлоогүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч *******г хариуцагч *******-ийн Захиргаа, үйл ажиллагаа хариуцсан захирлын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

7. Түүнчлэн, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 11,812,979 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, уг үнийн дүнгээс шимтгэл төлж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт тус тус нийцсэн байна.

7.1 Мөн шүүх 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх ажилласан хугацааны ээлжийн амралтын олговрыг олгосон гэж дүгнэж, уг хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд зохигч давж заалдах гомдол гаргаагүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/01990 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203,960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

М.БАЯСГАЛАН