Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 01222

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/01123/И

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч  Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум ******-р баг Цэнгэлдэхийн ****** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум ******-р баг Үйлдвэрийн ****** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт *******ын *******т холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч Т.*******, нарийн бичгийн дарга Г.Хулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Т.*******тай гэр бүл болж 2009 оноос 2015 он хүртэл амьдарсан. Бидний дундаас 2 охин төрсөн. сүүлийн жилүүдэд таарамжгүй байх болж 2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс өнөөг хүртэл тусдаа амьдарч ирсэн. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. ******* өөр хүнтэй гэр бүл болж одоо эхнэр нь төрөх дөхсөн учраас гэрлэлтээ цуцлуулна. Хоёр хүүхдээ өөрийн асрамжинд авч эцгээс нь тэтгэлэг тогтоолгоно гэв.

 

Хариуцагч Т.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид 2009 онд танилцсаж, гэр бүл болсон. Эхнэр маань өөр хүнтэй холбогдож байсан боловч би уучилж хамтран амьдарч байсан. Би улирлын чанартай ажил хийдэг, ихэвчлэн хөдөө ажилладаг. Хоёр охин миний хүүхэд мөн. Бид муудалцсаны дараа эхнэр 2 охинтой минь орхиод явсан. Тэр хойгуур нь хүүхэд өвдсөн бөгөөд би интернэтээр танилцсан эмэгтэйг ирүүлж эмчилж байсан. Тэгээд тэр эмэгтэйд дасаад хайр сэтгэлтэй болсон. Одоо бид хамтран амьдарч байгаа бөгөөд бидний дундаас хүүхэд төрсөн. хоёр охин хамтдаа байсан нь дээр тул ээжийнх нь асрамжинд үлдээхэд татгалзахгүй, тэтгэлэг төлнө, эд хөрөнгийн маргаангүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Т.*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Т.******* нар нь 2009 онд танилцаж, улмаар 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулан хамтран амьдарч байх хугацаандаа 2010 оны 12 дугаар сарын 03-нд охин , 2012 оны 11 дүгээр сарын 14-нд охин М. нарыг төрүүлсэн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэг, хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн хуулбар, Гос хот өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолт, ****** сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 8-12/

 

Зохигчид нь зан харьцааны таарамжгүй байдлаас болж 2015 оноос тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон тэмдэглэл зэргийг үндэслэн тэднийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

 

Зохигчид нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул , М. нарыг эх Ч.*******гийн асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Т.*******аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******ын *******, ******* овогт *******ын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2010 оны 12 дугаар сарын 03-нд төрсөн охин , 2012 оны 11 дүгээр сарын 14-нд төрсөн охин М. нарыг эх Ч.*******гийн асрамжинд үлдээж, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа нөхцөлд 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Т.*******аар тэжээн тэтгүүлсүгэй.

3. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг Т.*******, эх Ч.******* нарт даалгасугай.

5. Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2–т заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн үнийн дүнгээр тооцож улсын тэмдэгтийн хураамж  46495 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Золбаярт даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

    

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНТУЯА