| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 101/2024/06515/И |
| Дугаар | 210/МА2025/00882 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2025/00882
*******ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг, хохиролд 5,288,500 төгрөг, нийт 11,288,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь *******тай танилууд байсан. ******* нь эмчилгээнд мөнгө хэрэгтэй болсон тул 6,000,000 төгрөг зээлж авах хүсэлт гаргасны дагуу нэхэмжлэгчээс түүнд мөнгө зээлэхээр болж түүний Хаан банк дахь дансанд эхний удаа 1,000,000 төгрөг, дараагийн удаа 5,000,000 төгрөгийг зээлдүүлсэн.
1.2 ******* нь гадаадад гэр бүлийн хамт амьдардаг байсан бөгөөд 2023 оны 4 дүгээр сард амралтаараа Монголд ирсэн байх үедээ *******тай холбогдсон. Гэтэл *******ын зүгээс нэхэмжлэгч рүү эхнэрээсээ сал гэж удаа дараа дарамталсан. Үүний улмаас гэр бүлд нь асуудал үүсэж эхнэр ******* болон 11 настай охин нь сэтгэлзүйн дарамтанд орж мэргэжлийн этгээдүүдээс зөвлөгөө авсан, энэ зөвлөгөөг авахад нэхэмжлэгчээс 5,288,500 төгрөгийн зардал гаргасан.
Иймд *******аас зээл 6,000,000 төгрөг, сэтгэл зүйн зөвлөгөө авсантай холбоотойгоор гарсан зардал 5,288,500 төгрөг, нийт 11,288,500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 *******ыг эхнэрээсээ салаад 2 жил болсон гэдэгт итгэн, уулзаж, хайр сэтгэлийн холбоотой болсон. Гэвч эхнэр нь гэнэт гарч ирээд, над руу болон миний эргэн тойрны хүмүүс рүү янз бүрийн фэйсбүүк хаягаас дарамталж, худал гүтгэлэг тарааж би сэтгэл санааны хямралд орсон.
2.2 ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр итгэмжлэл олгосон байх бөгөөд ******* миний эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргах хүн биш. Тус өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэл гаргах, гарын үсэг зурах бүрэн эрх олгогдоогүй, мөн тамга тэмдэг дарагдаагүй хуулбар хувь байхад шүүх нэхэмжлэлийг хүлээж авсан нь үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ы хариуцагч *******аас 11,288,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195,566 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Нэхэмжлэгч ******* нь *******ад 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 5,000,000 төгрөгийг түүний Хаан банк дахь ******* тоот дансанд шилжүүлж зээлдүүлсэн. ******* нь *******тай танилууд байсан бөгөөд эмчилгээний зардалд мөнгө дутчихлаа, яаралтай мөнгө хэрэг болоод байна, 5,000,000 төгрөг өгч туслаач, удахгүй буцаагаад өгнө гэж гуйсан тул түүний данс руу 5,000,000 төгрөг шилжүүлсэн. ******* нь *******ад мөнгөө буцаан төлөх шаардлагыг гаргасан ч огт төлөлт хийгээгүй. Анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоож чадаагүй, хуулийг буруу тайлбарлаж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.
4.2 Нэхэмжлэгч ******* нь *******ад мөнгө зээлдүүлсний дараа АНУ руу буцсан. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчид надад зээлдүүлсэн мөнгөө зүгээр өгчих, надаас буцааж авна гэвэл эхнэрт чинь надтай холбоотой гэж хэлнэ гэх зэргээр худал зүйлс ярих болсон бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр болсон шүүх хуралдаанд мөн эдгээр худал, бодит үнэнд нийцээгүй зүйлсээ ярьсан. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн шүүхэд гаргасан зээлсэн мөнгөө буцаан өгөхгүйн тулд ярьсан худал тайлбарт үндэслэн талуудын хооронд зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг нэгдээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй.
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж үзсэн нь хууль хэрэглээний хувьд алдаа болсон.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 5,000,000 төгрөгийг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зээлсэн тухай албан бичиг, хоорондоо харилцсан чат гэх нотлох баримтыг гаргаж өгөх ёстой байсан. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нотлогдох боломжтой. Гэвч нэхэмжлэгч тал уг үүргээ биелүүлээгүй. Тодруулбал зээлийн харилцаа үүсээгүй.
5.2 Нэхэмжлэгч 05 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч руу 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Гэхдээ зээл гэх агуулгаар шилжүүлээгүй. Хэрэв зээл гэж шилжүүлэн бол хариуцагч уг мөнгийг авах шаардлага байхгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг, сэтгэл зүйн зөвлөгөө авсантай холбоотойгоор гарсан зардал 5,288,500 төгрөг, нийт 11,288,500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх талуудын хооронд мөнгө зээлэх, зээлүүлэх хүсэл зориг илэрхийлэгдсэн гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
4. ******* нь 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 5,000,000 төгрөгийг Эмнэлгийн зардал, ******* гэх гүйлгээний утгатай *******ад шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. Талууд үүнд маргаагүй.
4.1 Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн хүсэл зоригийн илэрхийлэл тогтоогдохгүй байх боловч хариуцагч ******* нь уг мөнгөн хөрөнгийг ямар үндэслэлээр нэхэмжлэгч *******аас хүлээн авсан болохоо буюу дээрх 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгөхгүй гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу бэлэг байсан гэх татгалзал болон үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй байна.
4.2 Тодруулбал, талуудын хооронд хэдийгээр гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байх боловч хариуцагч нь уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан өгөхгүй гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй нөхцөлд хариуцагчийг 5,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ. Учир нь, аливаа этгээд хөрөнгийг хууль болон гэрээний үндсэн дээр олж авах эрхтэй бөгөөд уг үндэслэлээ хариуцагч баримтаар нотлох үүрэгтэй. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар дээрх үндэслэл тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас тухайн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас 5,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулж, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангана.
5. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зээл 1,000,000 төгрөг болон сэтгэл зүйн зөвлөгөө авсантай холбоотой зардал 5,288,500 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх талуудын зарчимд үндэслэн энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.
6. Дээрх үндэслэлээр хариуцагчаас 5,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,288,500 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад тус тус өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/02168 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 5,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,288,500 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195,566 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 94,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
М.БАЯСГАЛАН