| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 130/2024/00963/И |
| Дугаар | 212/МА2025/00024 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 212/МА2025/00024
А.Ж-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 302/ШШ2025/00105 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *************** оршин суух Б овогт А.Ж-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар /дарга А.Г/-д холбогдох,
“Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/53 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус газрын харьяа Асрамжийн төвийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох” тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагчийн төлөөлөгч А.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга:
1.1. Миний бие Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Асрамжийн төвийн нягтлан бодогчоор 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхэлж туршилтын хугацаатай томилогдон ажиллаж эхэлсэн. 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний цахим системийн сургалтад томилолтоор оролцож, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ирсэн.
1.2. Гэтэл ажил олгогчоос намайг ажилд томилсон тушаалаа миний ажилд орсон өдөр болох 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн гаргаагүй, ажилд томилсон тушаал шийдвэрийг 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гаргаж, 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 6 сарын хугацаатай түр томилсон тушаал гаргасан. Туршилтын хугацааг шууд 6 сараар тогтоохыг Хөдөлмөрийн тухай хуульд хориглосон байна.
1.3. Намайг ажилд томилсон тушаалдаа 6 сарын хугацаагаар түр томилсон боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Би уг албан тушаалд тасралтгүй 6 сар 15 хоног ажилласны дараа намайг ажлаас чөлөөлсөн. Ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь тодорхой бус юм. Би энэхүү ажилласан хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй бөгөөд үүрэгт ажлаа хангалттай гүйцэтгэж ирсэн.
1.4. Хэрэв ажил олгогчоос намайг ажлын байранд тавигдах шаардлага хангаагүй гэж ажлаас чөлөөлсөн бол холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг гаргаж, улмаар уг дүгнэлтийг надад мэдэгдэж, танилцуулсны дараа ажлаас чөлөөлөх ёстой. Тухайн ажлын байрны шаардлагыг би хангаагүй байсан бол анх яагаад намайг туршилтын хугацаагаар томилсон юм бэ? Мөн даргын зөвшөөрөлгүйгээр төлөвлөөгүй зардлыг гаргаж хууль зөрчсөн гэсэн ба даргын гарын үсэг, зөвшөөрөлгүйгээр нягтлан бодогч хэзээ ч гүйлгээ хийж чадахгүй тул түүний тайлбар үндэслэлгүй. Намайг байнгын ажлын байранд томилсон бөгөөд 7 дахь сардаа ажиллаж байгаа надтай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ ажил олгогч зөрчсөн. Үүний улмаас ажилтан миний эрх ашиг сонирхол зөрчигдөх ёсгүй.
1.5. Төрийн албаны ёс зүйг баримталж ажиллаагүй гэсэн ба би ёс зүйн зөрчил гаргасан бол Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасны дагуу төрийн байгууллага болгон ёс зүйн дэд хороотой байдаг бөгөөд төрийн албан хаагч нарын ёс зүйн зөрчил гаргасан асуудлаар дүгнэлт гаргадаг юм. Би ямар нэгэн ёс зүйн зөрчил гаргаагүй. Хөдөлмөрийн тухай хуульд туршилтын хугацаандаа үүрэгт ажилдаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй бол үргэлжлүүлэн ажиллуулах ёстой. Гэтэл намайг түр хугацаагаар ажиллаж байгаа тул шууд ажлаас чөлөөлж болно гэж үзээд ажлаас чөлөөлж байгаа нь хууль бус юм.
1.6. Иймд Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/53 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус газрын харьяа Асрамжийн төвийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.
2. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын тайлбар, татгалзал:
2.1.Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/223 дугаартай захирамжаар Асрамжийн төвийн бүтэц орон тоог шинэчлэн баталж, үүгээр нягтлан бодогчийн орон тоог шинээр нэмж баталж өгсөн. Төрийн үйл ажиллагааг түргэн шуурхай явуулах зарчмыг хангах үүднээс урьд нь уг орон тоог хавсран гүйцэтгүүлэх хэлбэрээр хариуцуулан ажиллуулж байсан байдлаар явуулж ирсэн. Төрийн албаны үйл ажиллагаа тасралтгүй, түргэн шуурхай явагдах зарчимтай. Уг зарчмын дагуу нягтлан бодогчийн орон тооны сонгон шалгаруулалт явагдах хүртэл нэхэмжлэгч А.Ж-ыг 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр тус газрын даргын Б/25 дугаартай тушаалаар 6 сарын хугацаатай, туршилтын хугацаатай түр томилон ажиллуулсан.
2.2.Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн гэрээг хугацаатай, хугацаагүй байгуулж болох тухай зохицуулсан. Хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулах эрх зүйн үндэслэлийг зохицуулж өгсөн. Хуульд туршилтын хугацааг 3 сар, шаардлагатай тохиолдолд нэмж 3 сарын хугацаатай сунгах буюу нийтдээ 6 сарын хугацаатай байж болох тухай зохицуулсан. Анх А.Ж-ыг ажилд авахдаа түр хугацаагаар ажилд томилж байгаа талаар сануулсан бөгөөд уг орон тоог олон нийтэд ил тод, нээлттэй зарлаж сонгон шалгаруулалт хийж тухайн ажилд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангасан нягтлан бодогчийг томилох тухай хэлж байсан байна. Мөн түүнийг түр томилсон тушаалын 3 дахь заалтад А.Ж-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллахыг хүний нөөц, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэнд үүрэг болгосон байсан.
2.3. Нэхэмжлэгч А.Ж-ыг туршилтын хугацаанд байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусаж байгаатай холбогдуулан газрын даргын дэргэдэх орон тооны зөвлөл хуралдаад нэхэмжлэгч А.Ж-ын хийсэн ажилтай танилцаад, ажиллах хугацаанд үр дүнтэй ажилласан алдаа, дутагдал гаргасан эсэх, цаашид энэ хүнийг үргэлжлүүлэн ажиллуулах боломжтой эсэх талаар хуралдсан байдаг. Уг орон тооны зөвлөлийн хурлаар А.Ж- нь тухайн ажлын байранд тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарсан.
2.4.Тэрээр ажилласан зургаан сарын хугацаандаа даргын зөвшөөрөлгүй, төлөвлөөгүй зардал гарган байгууллагад өр тавьсан, төрийн албан хаагчийн ёс зүйг баримталж ажиллаагүй, ажлын тайланг хэлэлцэх явцад байгууллагын нууцын хэмжээнд байх санхүүгийн тайланг өөрийн төрсөн ах Б.М-д фейсбүүк чатаар явуулсан зэрэг алдаа, зөрчил, дутагдлууд гаргасан. Хөдөлмөрийн тухай хуульд ажилтны ажил үүргийн тухай тусгасан байдаг. Тус хуульд ажил үүргээ гүйцэтгэх явцад байгууллага, хувь хүний нууц, ажил олгогчийн бизнестэй холбоотой мэдээллийг олж мэдсэн, түүнтэй танилцсан бол задруулахгүй байх гэж зохицуулсан байдаг. Гэтэл А.Ж- нь байгууллагын нууцын хэмжээнд байх албаны нууцыг задруулсан нөхцөл байдал тогтоогдсон.
2.5. Аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитаас 2024 оны 9 дүгээр сард Асрамжийн төвийн 2022, 2023 онуудын санхүүгийн хяналт, дотоод аудитаас шалгалт хийгдсэн. Гэхдээ тухайн үед А, Ф нар нягтлан бодогчоор ажиллаж байсан байна. Нягтлан бодогч нарын буруутай ажиллагаанаас болж аудитаас акт тавигдсан байдаг.
Харин А.Ж-ын ажиллаж байх хугацаанд ямар нэгэн алдаа гаргаагүй гэсэн дүгнэлт гарсан гээд нэхэмжлэгч тал худал мэдээлэл гаргасан байна. Харин А.Ж-ын ажилласан хугацаа нь 2024 он бөгөөд аудит 2 жилд нэг удаа хийгддэг тул 2026 оны аудитаар хянагдах ёстой. Өөрөөр хэлбэл А.Ж-ын хийсэн хугацааны ажилд аудит хийгдээгүй болно.
2.5. А.Ж-ыг ажлаас халахаас өмнө түүний ажиллаж байгаа орон тоонд сонгон шалгаруулалт явуулна, та тухайн сонгон шалгаруулалтад оролцох боломжтой хэмээн сануулан хэлж байсан. Үүнээс гадна Сангийн Сайдын 2012 оны 294 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Төсвийн ерөнхий, ахлан нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журмын 2.1 дэх хэсгийн 2.1.5 дахь заалтад шууд захирагч нарын ахлах нягтлан бодогч нь нягтлан бодогчоор 2-оос доошгүй жил ажилласан бие даан санхүүгийн тайлан гаргах чадвартай байх гэж заасан шаардлагыг нэхэмжлэгч А.Ж- нь хангахгүй байсан учраас өөрөө тухайн албан тушаалд тэнцэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрөөд сонгон шалгаруулалтад ороогүй гэдгийг нотолж байна. Энэ хүнийг ажиллуулахад яагаад анхнаасаа шаардлага хангаагүй хүнийг ажиллуулсан талаар тайлбарлах байх. Үүнтэй холбоотой тайлбар гаргахад манай байгууллагын зүгээс ажилгүй иргэдийг түр хугацаагаар ч болов ажиллуулах, дадлагажуулдаг бөгөөд нэхэмжлэгчийг ч сонгон шалгаруулалт явагдах хүртэл түр хугацаагаар ажиллуулсан болно.
2.6. Удирдлагын зүгээс одоо мөрдөгдөж байгаа хууль, журмыг баримтлан хэн нэгэнд давуу байдал бий болгохгүйгээр тус албан тушаалыг олон нийтэд ил тод зарлан байгууллагын цахим хаягаар 5 хоног мэдээлж, нийт оролцсон иргэдээс тавигдах шаардлагыг илүү хангасан, 8 жил нягтлан бодогчоор ажилласан албан хаагчаар сул орон тоог нөхөж, нягтлан бодогчоор томилон ажиллуулж байна. Мөн нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэдгийг бас дурдсан. Хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөрийн харилцааг үүссэнээр тооцдог. Энэ тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлд тусгасан. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүйгээс А.Ж-ын ямар нэгэн эрх ашгийг зөрчөөгүй.
2.7.Нэхэмжлэгч А.Ж-ыг цаашид үргэлжлүүлэн ажиллуулахгүйгээр ажлаас чөлөөлсөн нь тэрээр ажилласан хугацаанд хариуцсан ажилдаа эзэн байж чадаагүй, байгууллагын нууцыг задруулсан зэрэг ноцтой алдаа дутагдлууд гаргасан байдаг. Үүнээс гадна Сангийн сайдын баталсан журамд заасан нягтлан бодогчийн шаардлага хангаагүй тул түүнтэй холбогдох хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон байдаг.
2.8. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 302/ШШ2025/00105 дугаар шийдвэрээр:
3.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсгийн 158.2.2 дахь заалтыг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/53 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Ж-ыг Баян-Өлгий Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газрын харьяа Асрамжийн төвийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилж,
3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.Ж-ын энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 302/ШШ2025/00105 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт хамааралтай ач холбогдолтой үйл баримтуудыг тогтоосон тухай дурджээ. Үүнтэй холбогдуулан хуулийн хүрээнд тайлбарлахад:
4.2. А.Ж- нь Олон улсын Эдийн засгийн бизнесийн их сургуулийг 2023 онд нягтлан бодогч мэргэжлээр төгссөн боловч мэргэжлээрээ 2-оос дээш жил ажиллаагүй буюу ажлын байранд тавигдах шаардлага хангаагүй. Асрамжийн төвийн нягтлан бодогч нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, удирдан зохион байгуулах, санхүү, татварын тайлан гаргах, төсөв зарцуулах үүрэгтэй буюу санхүүгийн 2 дугаар гарын үсэг мөн. Тиймээс Аймгийн Засаг даргын захирамжид нягтлан бодогч гэж баталсан боловч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, чиг үүргийг нь үзэхэд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1.8, Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалаар батлагдсан “Төсөвт байгууллагын нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журам”-д зааснаар “Ерөнхий, ахлах нягтлан бодогч” мөн.
Асрамжийн төвийн нягтлан бодогч нь Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 240 дүгээр тогтоолын 7 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний мэргэжлийн бусад байгууллагын албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт /Засгийн газрын 2024 оны 84 дүгээр тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан/-ын ТҮМ-7-ийн гүйцэтгэх ангиллын “Ерөнхий, ахлах нягтлан бодогч”-оор цалинждаг ба А.Ж- энэ шатлалаар цалинжсан болно. Ерөнхий нягтлан бодогчид Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалаар батлагдсан “Төсөвт байгууллагын нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журам”-ын 2.1-д “Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид дараах шаардлага, шалгуурыг бүрэн хангасан байвал зохино” гэж тусгасан буюу 2.1.5-д “Шууд захирагч нарын ерөнхий, ахлах нягтлан бодогч нь нягтлан бодогчоор 2-оос доошгүй жил ажилласан бие даан санхүүгийн тайлан гаргах чадвартай байх” гэсэн шаардлага тавигддаг. Иймд А.Ж-ын эрхэлж байсан ажил, албан тушаал ахлах нягтлан бодогчийн ангилалд хамрагддаг болох нь дээрх эрх зүйн баримт бичгүүдээр нотлогдож байгаа ба тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангахгүй болно.
4.3. А.Ж-ыг Улаанбаатар хотод сургалтад хамруулсан нь албан ёсоор тушаал гарган тухайн ажлын байранд томилж, хөдөлмөрийн харилцаа үүссэнд тооцогдохгүй. Тухайн үед ажиллаж байсан нягтлан бодогч Т.Ф- өвчтэй байсан тул оронд нь дадлагажуулах зорилгоор А.Ж-т сургалтад оролцох зөвшөөрөл олгосон.
4.4. Аймгийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/223 дугаар захирамжаар Асрамжийн газрын бүтэц, орон тоо шинэчлэгдэн батлагдаж үүгээр нягтлан бодогчийн орон тоо нэмэгдсэн юм. Урьд нь уг орон тоог ажил хавсран гүйцэтгүүлэх хэлбэрээр хариуцуулан ажиллуулж байсан. Төрийн албыг түргэн, шуурхай тасралтгүй явуулах, ажлын зайлшгүй шаардлагын дагуу тухайн үед уг албан тушаалд сонгон шалгаруулалт зарлагдах хүртэлх хугацаанд А.Ж-ыг тус газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар 6 сарын хугацаатай ажилд түр томилон 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллуулсан. Анх А.Ж-ыг ажилд авахдаа түр хугацаагаар ажилд томилж байгаа талаар сануулсан бөгөөд уг орон тоог олон нийтэд ил тод, нээлттэй зарлаж сонгон шалгаруулалт хийж тухайн ажилд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангасан нягтлан бодогчийг томилох тухай хэлж байсан. 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн газрын даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн хурлаар А.Ж-ын тайланг сонсох мөн тухайн орон тоог холбогдох хууль журмын дагуу олон нийтэд зарлаж, сонгон шалгаруулалт явуулах тухай хуралдаж, А.Ж-т ажилд түр томилсон хугацаа дууссан, цаашид сонгон шалгаруулалт зарлаж, орон тоог нөхөх тухай мэдэгдсэн. Хурлын үеэр А.Ж- энэ байгууллагаас их зүйлд суралцаж, туршлага хуримтлуулсан талаар ярьж, талархал илэрхийлж өөр хэлэх зүйл байхгүй гэж хэлж байсан. Өөрөөр хэлбэл энэ албан тушаалд тавигдах шаардлагын дагуу сонгон шалгаруулалт хийгдэх болсныг хүлээн зөвшөөрсөн нь харилцан тохиролцсон явдал мөн бөгөөд үүгээр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан.
4.5. А.Ж- удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэн ажиллаж байсан хэдий ч зарим ноцтой алдаа дутагдал гаргасан. Тухайлбал даргын зөвшөөрөлгүйгээр төлөвлөөгүй зардал гарган байгууллагад өр тавьж ажил гүйцэтгүүлэн төлбөр төлөх аргагүй нөхцөл байдалд хүргэсэн. Төрийн албан хаагчийн ёс зүйг баримталж ажиллаагүй бөгөөд ажлын тайланг хэлэлцэх өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгууллагын санхүүтэй холбоотой мэдээллийг гаднын хүн буюу ах нь болох Б.М-д фейсбүүк чатаар дамжуулан төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн нь тухайн албан тушаалд тохиромжгүй, хариуцлагагүй хүн болохоо харуулсан хэдий ч шүүгчийн зүгээс энэ асуудлыг судлаагүй, нотлох баримтыг авч хэлэлцээгүй, сайн судлаагүйн улмаас алдаатай дүгнэлт гаргажээ. Учир нь А.Ж-ын тайлан хэлэлцэх хурал 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хуралдсан ба хурлын дараа буюу оройн цагаар фейсбүүкээр дамжуулан ах Б.М-д мэдээлэл дамжуулсан. Иймд шүүгч тайлан хэлэлцэх хурлын дараа болсон үйл явцыг өмнө нь болж зөвлөлийн хурлаар энэ асуудлаар хэлэлцээгүй мэтээр буруу дүгнэжээ.
4.6. Үндэслэх хэсгийн 15-д А.Ж-ын тайланг хэлэлцэх явцад даргын дэргэдэх орон тооны зөвлөлийн гишүүдийн нэг нь болох Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргын албан тушаалтай Т.С-ы хэлсэн саналыг шүүгчийн зүгээс ажил олгогчийн дүгнэлт мэтээр дурдсан нь шүүгчийн зүгээс гаргасан алдаа байна. Учир нь зөвлөлийн аль нэг гишүүний хэлсэн санал нь зөвлөл болон ажил олгогчийн эцсийн шийдвэр, дүгнэлт биш бөгөөд Т.С-ы хувьд 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ажилд шинээр томилогдсон, байгууллагын дотоод асуудал, Асрамжийн газрын үйл ажиллагаа, нягтлан бодогч А.Ж-ын 6 сарын хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар тодорхой мэдээлэлгүй байсан. Тухайн үед даргын дэргэдэх зөвлөлд хэлтсийн даргын хувьд оролцож, А.Ж-ын 6 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлантай танилцаад саналаа хэлсэн болохоос өмнөх нөхцөл байдал, ажлын үр дүн, алдаа дутагдлын талаар ямар ч мэдээлэлгүй байсан. Иймд шүүгч хурлын тэмдэглэлд дурдагдсан зөвлөлийн ганц хүний саналыг хурлын дүгнэлт мэтээр тайлбарлаж, шийдвэр гаргах түвшний албан тушаалтан буюу байгууллагын даргын санал, зөвлөлийн хурлын хамтын шийдвэрийг авч хэлэлцээгүй байна.
4.7. Үндэслэх хэсгийн 16-д хариуцагчийн зүгээс ирүүлсэн фейсбүүк чатаар дамжуулсан санхүүгийн тайлангийн зураг, нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтаар авч, эсрэгээр үнэлсэн байдал нь хариуцагчийн эрхийг зөрчиж, нэг талыг барьж нэхэмжлэгчийн талд давуу байдал бий болгосон гэж үзэж байна.
4.8. Үндэслэх хэсгийн 17-д хариуцагчийн талд ач холбогдол өгөх тайлбар буюу Ерөнхий нягтлан бодогчид Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалаар батлагдсан “Төсөвт байгууллагын нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журам”-ын 2.1-д “Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид дараах шаардлага, шалгуурыг бүрэн хангасан байвал зохино” гэж тусгасан буюу 2.1.5-д “Шууд захирагч нарын ерөнхий, ахлах нягтлан бодогч нь нягтлан бодогчоор 2-оос доошгүй жил ажилласан бие даан санхүүгийн тайлан гаргах чадвартай байх” гэсэн тайлбарт дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн нь тухайн ажлын байранд тавигдах үндсэн шалгуур үзүүлэлт, шаардлагад дүгнэлт хийгээгүй байна.
4.9. А.Ж-ыг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэл болгосон. Аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитаас 2024 оны 9 дүгээр сард Асрамжийн газрын 2022, 2023 оны үйл ажиллагаанд дотоод аудит хийгдсэн бөгөөд тухайн үед нягтлан бодогчоор Х.Айдынбек, Т.Ф- нар хариуцан ажиллаж байсан. Нягтлан бодогч нарын буруутай ажиллагаанаас аудитаас акт тавигдсан бөгөөд зөрчил гарсан. Харин Ж- гомдолдоо "туршилтын хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй. Аудитын хяналт шалгалтаар зөрчилгүй гарсан" гэж худал мэдээлэл бичжээ. Өөрөөр хэлбэл А.Ж-ын ажиллах хугацаанд буюу 2024 оны Асрамжийн газрын санхүүд аудит хийгдээгүй ба ямар нэгэн дүгнэлт гараагүй болно.
4.10. Иймд А.Ж- шүүх болон хөдөлмөрийн маргаан таслах комисст худал мэдээлэл өгсөн. Энэ асуудлыг анхан шатны шүүхийн шүүгч судлаагүй, тогтоогоогүй. Гэтэл хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж нэг талыг барьж шийдвэрлэсэн нь шударга ёсонд нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянаж Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 302/ШШ2025/00105 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга А.Галия миний гомдлыг давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэж өгнө үү.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
5.1. Энэхүү нэхэмжлэлийг гаргасан үндэслэлд хэд хэдэн Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн асуудлыг дурдсан. Гэхдээ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлд дурдсан зарим хууль зөрчсөн үндэслэлүүдийг үндэслээгүй. Харин ажилтны гомдлыг хангаж, ажилд эгүүлэн тогтоосон учраас шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй.
5.2. Ажилтныг ажлаас чөлөөлж байгаа шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийг, ажилтны эрхийг зөрчсөн талаар тайлбар гаргая. Хариуцагч байгууллагын төлөөлөгч “А.Ж-ыг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс томилсон, туршилтын 6 сарын хугацаагаар 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан гэж үзнэ” гэж тайлбарлаж байна. А.Ж- нь тухайн байгууллагад 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаагүй, 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс ажиллаж эхэлсэн. 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс ажиллаж эхлэхэд А.Ж-т ажилд томилсон тушаал, шийдвэрийг гардуулж өгөөгүй. Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь ажилтан А.Ж-тай 5-6 сар ажиллуулсан хугацаанд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Хариуцагчийн зүгээс ажилд томилсон тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2 дахь заалтад заасныг бичсэн учраас туршилтын хугацаагаар томилсон гэж үзэх ёстой байсан гэж тайлбарлаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2 дахь заалтыг баримталсан атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн туршилтаар ажиллуулах тухай тусгайлсан зохицуулалтыг уг хуулийн 64 дүгээр зүйлд зохицуулсан. Уг тушаал шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн холбогдох зүйл заалтыг үндэслээгүй, хэдэн сарын хугацаагаар туршилтаар авч ажиллуулахаар гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй байсан.
5.3. Хариуцагч талын зүгээс анхны тайлбар дээр А.Ж- 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс ажилласан гэдгийг үгүйсгээгүй. Анх дагалдангаар ажиллаж яваад байсан. Тухайн ажилтан чөлөөлөгдсөний дараа 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр томилолтоор Улаанбаатар хотод сургалтад яваад 4 дүгээр сарын 30-ны өдөр ирсэн. Энэхүү хугацааг манайд ажиллаж байгаагүй гэж тайлбарлаж байна. Яагаад 4 дүгээр сарын, өмнөх асуудлыг оруулахгүй байгаа гэхээр 6 сарын туршилтын хугацааг тааруулах ёстой, 5 дугаар сарын 01-ний өдрийг сонгож аваад тушаалыг гаргасан. Томилолтоор ажиллах гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 “Энэ зүйлд заасан "ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа" гэдэгт ажил үүргээ гүйцэтгэх, албан томилолтоор ажиллах, ажилдаа ирэх очих, ээлж солилцох, ажил хүлээлцэх, сургалтад хамрагдах болон ажил олгогч, аж ахуйн нэгж, байгууллагаас зохион байгуулсан олон нийтийн арга хэмжээ зэрэг хамаарна” гэж заасан. Гэтэл Хөдөлмөрийн хэлтсийн дарга 5 дугаар сарын 01-ний өдрөөс 15 хоногийн хугацаанд ажилласан хугацааг оруулахгүй байгаа. Уг тушаал хэзээ гарсан гэдгийг ажилтан мэдэхгүй. Гэхдээ томилолт авсан дансны хуулга, сургалтад хамрагдсан сертификат зэрэг баримтуудыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.
5.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь заалтад “Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно” гэж заасан. Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь 6 сараар туршилтын хугацаагаар томилсон, хуулийг зөрчөөгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Эхлээд 3 сарын хугацаагаар томилох ёстой. 3 сарын хугацаанд тухайн ажилтанд дүн шинжилгээ өгөөд, тухайн ажилтны ажлыг дүгнэж, цаашид үндсэн ажилтнаар томилох эсэхтэй холбоотой шийдвэр гаргах ёстой. Гэхдээ энэ шийдвэр гаргах боломжгүй тохиолдолд, тухайн ажилтантай харилцан тохиролцож дахиад 3 сараар сунгах боломжтой. Хэрвээ 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ажилд томилсон тушаал шийдвэрийг гардуулж өгөөд, хөдөлмөрийн гэрээг байгуулах зэрэг үүргийг биелүүлсэн бол асуудал байхгүй байсан. Ажилд томилсон тушаалыг ажлаас чөлөөлсөн үед хамтад нь өгсөн гээд нэхэмжлэгч хэлж байгаа. Хэрвээ тушаал, шийдвэрийг хугацаанд нь өгсөн, өмгөөлөгч худлаа хэлж байгаа гэж байгаа бол түүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөх ёстой.
5.5. Нэхэмжлэгч А.Ж- нь уг албан тушаалд нийтдээ 6 сар 15 хоног ажилласан. Энэхүү хугацаанд ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх хэсэгт зааснаар ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр ажилтныг ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа. Ажилтантай харилцан тохиролцоогүй. Хөдөлмөрийн гэрээ байсан ч магадгүй, гэрээг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгөөгүй. 6 сараас хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэдэг асуудалд итгэхгүй. Бид баримтад үндэслэж тайлбар гаргах ёстой.
5.6. Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь нэхэмжлэгч А.Ж- Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалаар батлагдсан Төсөвт байгууллагын нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журамд заасан шаардлагыг хангахгүй гэж тайлбарлаж байна. Сангийн сайдын 2012 онд батлагдсан, Хөдөлмөрийн тухай хууль 2021 онд батлагдаж, 2022 оноос хэрэгжиж эхэлсэн. Цаг хугацааны хувьд хууль хойно батлагдсан. Уг орон тоо төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчийн ажлын байр мөн эсэхтэй холбоотой баримт гаргаж өгөөгүй. Энэтэй холбоотой анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг үгүйсгэхгүй, зөвтгөж байна. Анхан шатны шүүх өөрт нь харилцан тохиролцсон гэж чөлөөлж байгаа, ажлын байрны шаардлага хангахгүй гэснээр ажлаас чөлөөлөөгүй гэдгээр дүгнэлт хийгээгүй. Ажилтан эрхэлж байгаа албан тушаалтад тохирохгүй байгаа гэдэг заалт Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд байгаа. Ажил олгогч анх ажилтныг уг албан тушаалын шаардлагыг хангаж байгаа гэж авч ажиллуулсан. Мөн шаардлага хангахгүй байгаа хүнийг туршилтын хугацаагаар авч ажиллуулж болно гэдгээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Холбогдох хуулиар шаардлага хангахгүй байгаа хүнийг туршилтын хугацаагаар ажиллуулж болно гэдэг зөвшөөрөл олгогдоогүй.
5.7. Мөн Сангийн сайдын 2012 оны баталсан ажлын байрны шаардлагыг хангахгүй байгаа эсэхтэй холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын харьяанд байгаа Асрамжийн газрын хэлтэс нэгжийн нягтлан бодогчийг ерөнхий, ахлах нягтлан бодогч гэж үзэх үү, А.Ж-ын хувьд ахлах нягтлан бодогчоор цалинжаагүй, нягтлан бодогчоор цалинжиж байсан. Иймд хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
ХЯНАВАЛ:
6. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх заалтыг маргааны үйл баримтад буруу тайлбарлан хэрэглэсэн, Төсвийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн хэрэглэвэл зохих заалтыг хэрэглээгүй ба ажил олгогчийн шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа Асрамжийн төвийн нягтлан бодогчийн ажилд түр буюу туршилтын хугацаагаар томилогдон ажиллаж байсан А.Ж-ыг тус ажлын байранд эгүүлэн тогтоосон шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.
7. А.Ж- нь Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулж, тус газрын даргын 2024.10.31-ний өдрийн Б/53 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус газрын харьяа Асрамжийн төвийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргаж үндэслэлээ “2024.4.15-ны өдрөөс эхэлж туршилтын хугацаатай томилогдсон, 2024.4.24-ний өдөр Улаанбаатар хотод Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний цахим системийн сургалтад томилолтоор оролцож 2024.4.30-ны өдөр ирсэн. Гэтэл ажил олгогчоос намайг ажилд томилсон тушаалаа миний ажилд орсон өдөр болох 2024.4.15-ны өдрөөс эхлэн гаргаагүй, 2024.5.06-ны өдөр гаргаж, 2024.5.01-ний өдрөөс 6 сарын хугацаатай түр томилсон. Туршилтын хугацааг шууд 6 сараар тогтоохыг Хөдөлмөрийн тухай хуульд хориглосон. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Би уг албан тушаалд тасралтгүй 6 сар 15 хоног ажилласны дараа намайг ажлаас чөлөөлсөн. Ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь тодорхой бус юм. Би энэхүү ажилласан хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй бөгөөд үүрэгт ажлаа хангалттай гүйцэтгэж ирсэн” гэж тайлбарлажээ.
Хариуцагчаас А.Ж-ын дээрх гомдлыг эс зөвшөөрч “Төрийн алба тасралтгүй байх зарчмыг хангахын тулд нягтлан бодогчийн орон тооны сонгон шалгаруулалт явагдах хүртэл А.Ж-ыг 2024.5.06-ны өдөр 6 сарын туршилтын хугацаагаар түр томилон ажиллуулсан. Хуульд туршилтын хугацааг 3 сар, шаардлагатай тохиолдолд нэмж 3 сарын хугацаагаар сунгах буюу нийтдээ 6 сарын хугацаатай байж болох тухай зохицуулсан. Анх А.Ж-ыг ажилд авахдаа түр хугацаагаар ажилд томилж байгаа талаар сануулсан, А.Ж-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллахыг хүний нөөц, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэнд үүрэг болгосон. А.Ж-ын туршилтын хугацаа дуусаж байгаатай холбогдуулан газрын даргын дэргэдэх орон тооны зөвлөл хуралдаад, А.Ж- нь тухайн ажлын байранд тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарсан. Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журмын 2.1 дэх хэсгийн 2.1.5 дахь заалтад шууд захирагч нарын ахлах нягтлан бодогч нь нягтлан бодогчоор 2-оос доошгүй жил ажилласан бие даан санхүүгийн тайлан гаргах чадвартай байх гэж заасан шаардлагыг нэхэмжлэгч А.Ж- нь хангахгүй байсан учраас өөрөө тухайн албан тушаалд тэнцэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрөөд, сонгон шалгаруулалтад ороогүй. Түүнийг сонгон шалгаруулалт явагдах хүртэл түр хугацаагаар ажиллуулсан. Сангийн сайдын баталсан журамд заасан нягтлан бодогчид тавих ажилласан жилийн шаардлагыг хангаагүй тул түүнтэй холбогдох хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон” гэж шүүхэд хариу тайлбар ирүүлсэн байна.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэгч А.Ж-ын гомдлыг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсгийн 158.2.2 дахь заалтаар ажил олгогчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/53 дугаартай тушаалыг хүчингүй болгож, түүнийг Асрамжийн төвийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилохдоо “Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй, ажилтныг түр томилсон ажил олгогчийн үйл ажиллагаа Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт нийцээгүй, ... талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа аль хэдийн үүссэн байхад ажил олгогч нь ажилтныг түр хугацаагаар томилсон гэж ажлаас чөлөөлсөн нь мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсгийг зөрчсөн, байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулах байтал гэрээ байгуулаагүй атлаа талууд харилцан тохиролцсон, түр томилсон хугацаа дууссан үндэслэлээр гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх заалтад нийцээгүй. Ажил олгогчоос А.Ж-ыг “нягтлан бодогчоор 2-оос доошгүй жил ажилласан шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй, тухайн шаардлага нь ажилтныг ажилд томилохоос өмнө тавигдах шаардлага тул шүүхээс энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй” гэсэн үндэслэлүүдийг шийдвэрт тусгажээ.
9. Хариуцагч байгууллага анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “А.Ж- нь 2-оос доошгүй жил нягтлан бодогчоор ажиллаагүй тул тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй. Түүнийг ажилд томилогдохоос өмнө Т.Ф- өвчтэй байсан тул оронд нь дадлагажуулах зорилгоор сургалтад оролцуулсан. А.Ж-ыг 6 сарын хугацаатай ажилд түр томилж, 2024.10.31-ний өдрийг хүртэл ажиллуулсан. Анх А.Ж-ыг ажилд авахдаа түр хугацаагаар ажилд томилж байгаа талаар сануулсан, тухайн ажилд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангасан нягтлан бодогчийг томилох тухай хэлж байсан. 2024.10.29-ний өдрийн газрын даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн хурлаар А.Ж-ын тайланг сонсох, тухайн орон тоог холбогдох хууль журмын дагуу олон нийтэд зарлаж, сонгон шалгаруулалт явуулах тухай хуралдаж, А.Ж-т “ажилд түр томилсон хугацаа дууссан, цаашид сонгон шалгаруулалт зарлаж, орон тоог нөхөх” тухай мэдэгдсэн. Хурлын үеэр А.Ж- “энэ байгууллагаас их зүйлд суралцаж, туршлага хуримтлуулсан” талаар ярьж, талархал илэрхийлж “өөр хэлэх зүйл байхгүй” гэж сонгон шалгаруулалт хийгдэх болсныг хүлээн зөвшөөрсөн нь харилцан тохиролцсон явдал мөн бөгөөд үүгээр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан” гэж давж заалдах гомдол гаргажээ.
10. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргийг харьцуулан судлахад, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
- Дипломатч Б.Должинцэрэнгийн нэрэмжит Олон Улсын эдийн засаг бизнесийн их сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр 2023.05.26-ны өдөр төгссөн бакалаврын дипломтой А.Ж-ыг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2024.5.06-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 50 дугаар зүйлийн 50.1.2 дахь заалтыг баримтлан тус газрын харьяа Асрамжийн төвийн нягтлан бодогчоор 2024.05.01-ний өдрөөс эхлэн түр томилон ажиллуулжээ.
- Дээрх тушаалын 3 дахь заалтаар А.Ж-тай хөдөлмөрийн гэрээг 6 сарын хугацаагаар байгуулан ажиллуулахыг хүний нөөцийн мэргэжилтэнд үүрэг болгосон боловч ажил олгогч болон түүний төлөөлөгчөөс ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд А.Ж- нь 2024.05.01-ний өдрөөс ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна.
- Ажил олгогчийн 2024.10.31-ний өдрийн Б/53 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 /талууд харилцан тохиролцсон/, 78.1.9 /хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан/ дэх заалтаар Асрамжийн төвийн нягтлан бодогчийн орон тоонд түр хугацаагаар ажиллаж байсан А.Ж-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
- Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон дээрх тушаалыг гаргахаас өмнө ажил олгогчийн орон тооны бус зөвлөлийн 2024.10.29-ний өдрийн хуралдаанаар Асрамжийн төвийн нягтлан бодогчийн орон тоонд туршилтын хугацаагаар ажиллаж байгаа А.Ж-ын 6 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлантай танилцах, Асрамжийн төвийн нягтлан бодогчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зохион байгуулах талаар хэлэлцсэн бөгөөд тухайн хуралдаанаар Асрамжийн төвийн нягтлан бодогчоор түр хугацаагаар ажиллаж байсан А.Ж-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг анх томилогдсон тушаалын дагуу 2024.10.31-ний өдөр дуусгавар болгох, уг сул орон тоог олон нийтэд нээлттэй зарлаж, сонгон шалгаруулалт явуулахаар шийдвэрлэсэн, тухайн хуралд оролцсон орон тооны бус зөвлөлийн гишүүд А.Ж-ыг анх туршилтын хугацаагаар авч ажиллуулсан, туршилтын 6 сарын хугацаа дуусгавар болсон тул ажлаас чөлөөлөгдөх ба хөдөлмөрийн хугацаатай гэрээг байгуулаагүй хүний нөөцийн ажилтны тухай, мөн тухайн ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах талаар тус тус санал, тайлбараа хэлсэн, тухайн хуралд ажилтан А.Ж- ч оролцож, хэлэлцсэн дээрх асуудлуудын талаар “Ажилласан хугацаанд их юм сурч, туршлагатай болсон, өөр хэлэх юм байхгүй” гэж тайлбар гаргаж байжээ.
- А.Ж- нь тухайн ажлын байранд ажиллаж эхлэхээс өмнө 2024.4.24-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний цахим систем”-ийн сургалтад хамрагдаж, сургалтын зардал болон томилолтыг ажил олгогч байгууллага бус тухайн сургалтыг зохион байгуулагч тал хариуцсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.
11. Хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргийг хооронд нь харьцуулан үзэхэд, ажил олгогч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон ажилтан А.Ж- нарын хооронд 2024.05.01-ний өдрөөс үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа 6 сарын хугацаагаар үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд ажил олгогч буюу түүний төлөөлөгч хөдөлмөрийн хугацаатай гэрээг ажилтантай бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг зөрчсөн буюу ажил олгогчоос хуулиар хүлээсэн эл үүргээ биелүүлээгүй нь тогтоогджээ.
А.Ж-ыг ажилд түр томилохоос өмнө ажил олгогчийн томилолтын хуудсаар /сургалтад оролцох зөвшөөрлөөр/ 2024.04.24-ний өдөр Улаанбаатар хотод зохиогдсон “Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний цахим систем”-ийн сургалтад оролцуулсан нь тогтоогдсон бөгөөд ажилтан 2024.05.01-ний өдрөөс эхлэн ажил үүргээ бодитой гүйцэтгэж эхэлсэн нь зохигчийн тайлбараар тогтоогдсон тул мөн өдрөөс эхлэн талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж дүгнэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт нийцнэ. Харин ажилтан ажилдаа түр томилогдохоос өмнө ажил олгогчийн захиалга-зөвшөөрлөөр, сургалтыг зохион байгуулагч талын томилолт-зардлаар мэргэшүүлэх сургалтад хамрагдсан нөхцөл байдал нь түр хугацаагаар ажиллаж байсан А.Ж-ыг тухайн ажлын байранд эгүүлэн тогтоох хуульд заасан үндэслэл болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.
12. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2024.5.06-ны өдрийн Б/25 дугаартай “А.Ж-ыг ажилд түр томилох тухай” тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2 дахь заалтыг баримталж, хөдөлмөрийн гэрээг 6 сарын хугацаагаар байгуулахыг Хүний нөөцийн мэргэжилтэнд үүрэг болгосныг зохигчийн тайлбартай харьцуулан дүгнэвэл, ажил олгогч ажилтан А.Ж-тай хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг хуульд заасан тодорхой хугацаагаар буюу туршилтын хугацаагаар ажиллуулахаар харилцан тохиролцсон боловч туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй, туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацааг эхлээд гурван сараас илүүгүй хугацаагаар тохирох, дараа нь харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2 дахь хэсгийг тус тус зөрчсөн нь тогтоогдсон.
Ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй, туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг хуульд заасан хугацаагаар байгуулах хуулийн заалтыг зөрчсөн талаар анхан шатны шүүх тус тус үндэслэлтэй, зөв дүгнэсэн боловч эдгээр нөхцөл байдлууд туршилтын хугацаагаар ажиллаж байсан ажилтны хөдөлмөрлөхтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулаагүй бөгөөд ажлын байрны шаардлагад заасан ажилласан хугацаатай холбоотой хуульчилсан шаардлага, шалгуурыг хангаагүй буюу нягтлан бодогчоор 2 жил ажиллаагүй, түр хугацаагаар ажиллаж байсан ажилтныг тухайн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэл болохгүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
13. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчийн тайлбартай харьцуулан дүгнэвэл ажилтан А.Ж- нь 2023.05.26-ны өдөр нягтлан бодогч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөнөөс хойш 2024.05.01-ний өдөр тус аймгийн Асрамжийн төвийн нягтлан бодогчоор түр томилогдох хүртэл хугацаанд нягтлан бодогчоор ажиллаж байгаагүй бөгөөд тэрээр Монгол Улсын Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журам”-ын 2.1.5 дахь заалтад “Шууд захирагч нарын ахлах нягтлан бодогч нь нягтлан бодогчоор 2-оос доошгүй жил ажилласан бие даан санхүүгийн тайлан гаргах чадвартай байх” гэж заасан шаардлага, шалгуурыг хангаагүй нь тогтоогдсон.
Төсвийн байгууллагын нягтлан бодогчийн хувьд хуульд заасан шаардлага, шалгуурыг хангаагүй, нягтлан бодогчоор 2 жил ажиллаагүй А.Ж-ыг (1) туршилтын хугацаагаар түр авч ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй, (2) туршилтын хугацааг хуульд заасан журмаар тохиролцоогүй, (3) туршилтаар авч ажиллуулах үед ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй эсэх нь баримтаар тогтоогдоогүй гэх үндэслэлээр Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа Асрамжийн төвийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр нь Төсвийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хууль нь төсвийн байгууллага, түүний албан тушаалтан, Засгийн газрын болон орон нутгийн тусгай сан, төрийн болон орон нутгийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг болон хууль тогтоомжийн дагуу төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг хүлээдэг төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд хамаарна” гэж, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт “Бүх шатны төсөв нь тухайн шатны төсвийн ерөнхий нягтлан бодогчтой байна” гэж, 19.7 дахь хэсэгт “Төсвийн байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн ерөнхий нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно” гэж, Монгол Улсын Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журам”-ын 2.1.5 дахь заалтад “Шууд захирагч нарын ахлах нягтлан бодогч нь нягтлан бодогчоор 2-оос доошгүй жил ажилласан ... байх” гэж заасантай нийцээгүй буюу хууль дээдлэх эрх зүйн нийтлэг зарчмыг хангаагүй байна.
14. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Хөдөлмөрийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэх бөгөөд мөн зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд хуульд зааснаас бусад тохиолдолд Хөдөлмөрийн тухай хууль, Монгол Улсын бусад хууль, захиргааны хэм хэмжээний акт гэсэн эрэмбээр үйлчлэх ба төсвийн шууд захирагчийн ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуурын талаар Хөдөлмөрийн тухай хуульд тухайлан зохицуулаагүй, харин Монгол Улсын бусад хууль болох Төсвийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль, түүнд үндэслэн гарсан Монгол Улсын Сангийн сайдын тушаалаар батлагдсан захиргааны хэм хэмжээний актад тухайн ажлын байранд тавигдах шаардлага, шалгуурыг нарийвчилж тусгасан байх тул хуулиар тодорхойлсон, хууль хэрэглээний эрэмбэ дараалал ёсоор санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас хуульд заасан үндэслэлийн дагуу, бүх нийтээр дагаж мөрдүүлэхээр баталсан Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журмаар тогтоосон тухайн ажлын байранд тавигдах шалгуурыг баримтлах нь хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаар дүгнэж, А.Ж-ын ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, энэ талаар гаргасан хариуцагчийг давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
15. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа Асрамжийн төвийн нягтлан бодогч нь төсвийн шууд захирагч болох тус Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын ахлах нягтлан бодогчийн статустай ажлын байр мөн болох талаар талууд маргаагүй бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар Монгол Улсын Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журам”-ын 2.1.5, 3.1.10 дахь заалтад тус тус үндэслэгджээ.
16. Ажил олгогч ажилтан А.Ж-ыг анх Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2 дахь заалтаар түр хугацаагаар нягтлан бодогчоор авч ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах, туршилтын хугацааг хуульд заасан журмаар, ажилтантай тохиролцож тогтоох зэрэг мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн нь тогтоогдсон боловч ажилтан А.Ж- нь орон нутгийн төсөвт байгууллага болох Асрамжийн төвийн төсвийн шууд захирагчийн ахлах нягтлан бодогчид хууль тогтоомжид заасан ажлын байранд тавигдах шаардлага, шалгуурыг хангаагүй учраас түүнийг тухайн ажлын байранд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлгүй байхаас гадна түүнийг анх ажилд түр томилох үед тэрээр 6 сарын туршилтын хугацаагаар ажиллах болсон талаар мэдсэн, улмаар уг 6 сарын хугацаанд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж эрх бүхий бусад байгууллага, шүүхэд мэдүүлээгүй, ажил олгогчийн 6 сарын туршилтын хугацаагаар ажиллуулах шийдвэрийг зөвшөөрч ажилласан, 2024.10.29-ний өдрийн ажил олгогч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн хуралд өөрөө биечлэн оролцож, Асрамжийн төвийн нягтлан бодогчийн туршилтаар ажилласан хугацаа дууссан тул түүнийг ажлаас чөлөөлөх, уг орон тооны сонгон шалгаруулалтыг нээлттэй зохион байгуулах талаар хэлэлцэх үед байр сууриа илэрхийлж “ажилласан хугацаандаа их юм сурч, туршлагатай болсон бөгөөд өөр хэлэх юм байхгүй” гэж тайлбар гаргаж байсан, тухайн сонгон шалгаруулалтад оролцоогүй зэргийг тал бүрээс нь харгалзаж үзвэл, ажил олгогчоос туршилтын хугацаагаар авч ажиллуулж байсан А.Ж-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх заалтаар, талууд харилцан тохиролцсон үндэслэлээр дуусгавар болгосныг хуульд нийцээгүй гэж үгүйсгэх үндэслэлгүй гэж дүгнэв.
17. Иймд дээр дурдсан үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтаар шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Төсвийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн хэрэглэвэл зохих заалтыг хэрэглээгүй ба шийдвэрийг өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсгийн 158.2.2 дахь заалтыг баримтлан А.Ж-ын Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан гаргасан, тус газрын даргын 2024.10.31-ний өдрийн Б/53 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа Асрамжийн төвийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.
18. А.Ж-ын гомдлоор авч хэлэлцсэн хэргийн нэхэмжлэл болон хариуцагч төсвийн байгууллагын давж заалдах гомдол тус тус хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 302/ШШ2025/00105 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсгийн 158.2.2 дахь заалтыг баримтлан А.Ж-ын Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан гаргасан “тус газрын даргын 2024.10.31-ний өдрийн Б/53 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа Асрамжийн төвийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын давж заалдах гомдлыг хүлээж авсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5 дахь заалтаар А.Ж-ын гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл болон төсвийн байгууллагын давж заалдах гомдол тус тус улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК