Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 1110

 

                                                                                                                       

 

 

 

 

 

 

   2019        07         09                                 2019/ШЦТ/1110

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч М.Очбадрах,   

Нарийн бичгийн дарга Ш.Ундармаа,

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баярбаясгалангийн Дд холбогдох эрүүгийн 1906 03011 1462 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.Д

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар” их сургуулийн сагсан бөмбөгийн талбай дээр иргэн М.Ууганбаатар биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

         

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 03011 1462 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Д нь иргэн М.Ууганбаатарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч М.Ууганбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Дараа нь би дахин бөмбөг аваад шийдэнд оруулаад орчихлоо гээд багийхандаа хэлэхэд надруу нөгөө залуу бөмбөгөө аваад шидчихээд надруу тэр залуу дөхөж ирээд “чи хэн юм яах гээд байгаа юм” гэж хэлэхээр нь “зүгээр байгаарай цагдаа дээр уулзаж болно шүү” гэж хэлсэн чинь миний нүүр рүү баруун гараараа 3-4 удаа цохисон. Миний дээд уруул язарч цус гарч хоёр шүд цаашаа цөмөрсөн. Амаа дараад тэр залуугаас холдоод явсан чинь араас ирээд 5-6 удаа толгойруу цохисон. Би тэнд байсан хүнээс утсыг нь гуйж аваад цагдаа дуудсан. Цагдаа дуудаж байхад хувцасаа тэр залуу өмсөж байсан. Хувцсаа өмсөж дууссаныхаа дараад над дээр чи хэн юм гэж хэлээд 2 удаа нүүр рүү цохичоод яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,

 

Гэрч Г.Дашдондогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 17-18 цагийн хооронд санагдаж байна. Улаанбаатар их сургуулийн шийдэн дээр 3-ийн эсрэг 3 хүний бүрэлдэхүүнтэй сагсан бөмбөг тоглосон. Манай багт танихгүй ах бас өмнө 69 дүгээр сургуулийн 9а бүлэгт хамт сурч байсан Дын хамт нэг багт тоглосон. Эсрэг талын өндөр төвд залуутай Д тоглоомноос болж муудалцсан. Сүүлдээ хоорондоо мөргөлдөж ширүүн тоглож эхэлсэн. Хоорондоо эхлээд хэл амаараа маргалдаж байснаа сүүлд Дд зодуулдаг залуу би алдаатай гоол оруулчихлаа гээд чанга орилсон. Д чи яаж тоглоод байгаа юм бэ гээд уурлаад дайрсан. Нөгөө залуу нь Дд хандаж би чамайг мэднэ чи манай ангийн хүүхдэд зодуулсан биздээ гэхэд Д тэр залууг 2-3 удаа цохисон. Нөгөө залуу цагдаа дуудлаа гэж хэлсэн. Тэнд байсан хүмүүс тэр хоёрыг салгасан. Нөгөө залуугийнх нь амнаас цус гарч байсан. Д хувцсаа өмсөөд тэр залуу дээр очоод нэг удаа нүүрэн тус газар нь цохьчихоод яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

 

Гэрч Ц.Билгүүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Тэгээд бид нар сагс тоглож байхад тухайн 2 залуу нэгэнтэйгээ шүргэцэлдээд, хэрэлдээд бохир тоглоод байсан. Тэгж байхад Ууганбаатар нь шийдний доор зогсож байсан Дыг бөмбөгтэй очиж биеэрээ түлхэх үед Д нь хойшоогоо бөгсөөрөө газар унаад босож ирсэн. Тэгээд Д нь Ууганбаатарыг гараараа хацар хэсэг рүү нь нэг удаа цохьсон. Тэгээд Д нь яваад өгсөн. Тэгэхэд Ууганбаатар нь манай ах нар цагдаа шүү гээд орилоод үлдсэн ба амнаас нь бага хэмжээний цус гарч байсан гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,

 

Гэрч С.Артагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Улаанбаатар их сургуулийн талбай дээр зүс таних залуу Ууганбаатартай сагс тоглож байхад үл таних залуу Ууганбаатартай бохир тоглоод маргалдаад байсан. Тэгж байхад Ууганбаатар шийд рүү орох үед үл таних ах түлхэж алдаа гаргасан. Тэгээд би доошоо сууж гутлын үдээсээ үдэж байх үед Ууганбаатарын алдаа гаргасан ах гараараа ам хэсэг рүү нь нэг удаа цохиж харагдсан. Талбай дээр байсан хүүхдүүд салгасан. Ууганбаатарын амнаас цус гарсан гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 5905 дугаартай:

М.Ууганбаатарын биед баруун дээд 1, 2 дугаар шүдний сулрал, буйлны цус хуралт, дээд уруулын баруун булангийн шарх, завьжны салстын язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх. Гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар  эрүүл  мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21/,

 

Шүүгдэгч Б.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Тэгэхэд Ууганбаатар нь сагс тоглож байхад намайг тохойлдож, мөргөж бохир тоглоод байсан. Би Ууганбаатарт чи бохир тоглоод байна, цээж рүү тохойлдоод байна гэж хэлсэн. Тэгэхэд Ууганбаатар нь тоохгүй, үл ойшоогоод байсан. Тэгэхэд Ууганбаатар нь бөмбөг эзэмшиж шийдний доор зогсож байсан над руу хүчтэй зорьж ирээд мөргөж унагаагаад би хийчихлээ гээд багийхандаа орилоод зогсож байсан. Тэгээд би босож ирээд яаж тоглоод байгаа юм бэ, аятайхан тоглооч гэж хэлхэд надад Ууганбаатар нь муухай харж байгаад чи тэгээд яах юм, манай ах цагдаа шүү гэх хэлсэн. Тэгээд би Ууганбаатар дээр очиж зүүн гараараа толгой хэсэг рүү нь нэг удаа цохих үед хамар амаа дараад орилоод үлдсэн. Тэгээд би яваад өгсөн гэх  мэдүүлэг /хх-ийн 14-15/, 

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 3 тал/, хохирлын талаарх баримт /хх-ийн 38 тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Дын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33 тал/ зэрэг нотлох баримтыг судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.Дын иргэн М.Ууганбаатарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчийн зүгээс 2.800.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өгч хохирол төлбөрийг барагдуулсан байх ба хохирогчоос гомдолгүй болохоо илэрхийлсэн баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас учирсан бусад хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирол нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэйгээр үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Д нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгч Б.Дд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, шүүх хуралдааны оролцогч нарын гаргасан санал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид учирсан хохиролыг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эртэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БААСАНБАТ