Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 1111

 

 

                                                                                                                      

 

 

 

 

 

   2019        07         09                                  2019/ШЦТ/1111    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч М.Очбадрах,   

Нарийн бичгийн дарга Ш.Ундармаа,

Шүүгдэгч Г.П нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганбатын Пд холбогдох эрүүгийн 1806 05799 1028 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Г. П

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.П нь 2018 оны 7 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ганц модны боомт дахь “Анд” нэртэй зочид буудалд иргэн Д.Дэлгэрсайхантай маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.        

 /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806 05799 1028 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

 

Хохирогч Д.Дэлгэрсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 07 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 02:00 цагийн үед БНХАУ-ын нутаг дэвсгэрт байрлах Ганцмодны боомтын “Анд” нэртэй газарт байх Меню нэртэй буудлын 2 давхарын 323 тоот өрөөнд Ганбатын П болон түүний эгч Мөөгий гэгчтэй 6 шил пиво авч орсон. Тэгээд пиво ууж байх зуур Мөөгий гэгч эгч нь намайг "Дархадууд өмхий, давхар санаатай" гэх мэтээр нутаг усаар доромжилж эхэлсэн. Би эгчийг нь “дуугүй бай гичий минь” гээд хэлчихсэн. Тэгээд П уурлаж эгчийг минь доромжиллоо гээд барилцаж аваад буудлын коридорт гарсан. Би Пг мушгиад унагатал түүний эгч Мөөгий миний араас татхаар нь би Пг босгосон. Тэгтэл П миний цамны захаар намайг боож ухаан алдуулсан. Нэг мэдэхэд шатны уруу өнхөрч байсан. Тэгээд арай гайгүй болоод босоод эргээд гараад иртэл П эгчийн хамт өрөөндөө орчихоод хаалгаа тайлж өгөөгүй. Миний уруул сэтэрч үүдэн шүд унасан байсан. Үүдэнд нь өглөө болтол оръё гэж гуйсан боловч онгойлгож өгөөгүй. Цаашаа яв паспортоороо буудал авч хоно гээд оуулаагүй. Өглөө нь буудлын үйлчилэгч нарын өрөөнд цусаа цэвэрлээд хөтөч дээрээ очсон. Хөтөч цагдаа дуудъя гэхээр нь яах юм хүний нутагт нэгнээ хэрэггүй гээд 2018 оны 07 дугаар сарын 04-нд Гашуун сухайтын боомтоор орж ирээд 07 дугаар сарын 05-нд Улаанбаатарт ирсэн. гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,

 

Гэрч Г.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Тэгээд П түлхсээр байгаад барилцаж аваад гарсан. Нөгөөх нь гарахгүй эсэргүүцээд байсан. Тэр хоёр бүр аймар зодолдоогүй, бие биенээ нэг, хоёр цохилцож байгаад П нөгөө эрэгтэйгээ дэгээдээд унагахад нөгөө эрэгтэй нь газарт унаж байсан. Тэгээд нөгөө залуу газар уначихаар нь би Пг татаад өрөөндөө оруулаад хаалгаа түгжсэн. Тэр эрэгтэй буцаж ирээгүй, бид хоёр өрөөндөө хоносон. Түүнээс хойш Птэй тааралдаагүй байж байгаад саяхан тааралдахад нөгөө эрэгтэй чинь намайг цагдаад өгчихсөн байна, та очоод мэдүүлэг өгчихөөрэй гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 50 тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 8486 дугаартай:

Д.Дэлгэрсайханы биед уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, 1 шүдний булгарал, 2 шүдний сулрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31 тал/,

 

Шүүгдэгч Г.Пүрэв-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би Дэлгэрсайханыг нуруугаар нь тэвэрч буудлын коридорт гаргаж доош буудаг шатан дээр аваачихад Дэлгэрсайхан нь миний энгэрээс заамдаж барьчихаад тавихгүй байхаар нь нүүрэн хэсэгт нь нэг удаа мөргөөд тавихгүй болохоор нь хавсарч унагаад шатны уруу түлхэж орхиод эргэж өрөөндөө ороод унтсан. Дэлгэрсайхан хэсэг хугацаанд хаалга нүдэж байгаад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 тал/, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 13 тал/, хохирлын талаарх баримт /хх-ийн 32-34 тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 тал/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 52 тал/ хохирогчийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 89 тал/, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 91 тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.П нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Г.Пг иргэн Д.Дэлгэрсайханы бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.

 

Тухайн гэмт хэрэг нь 2018 оны 07 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө үйлдэгдсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тухайн гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа дуусах хууль зүйн зохицуулалттай.

 

Шүүгдэгчийн үйлдсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол үүсч байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахгүйгээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хохирогч Д.Дэлгэрсайхан нь “шүүгдэгчээс эмчилгээний зардлаа бүрэн гүйцэд авсан нь үнэн болно. Иймд ямар нэгэн гомдол санал байхгүй болохыг бичгээр илэрхийлж байна” гэх хүсэлт хавтас хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Пг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.        

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Пд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.  

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Пд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ