Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 205/МА2025/00009

 

                                                                                          Г.Б-ны нэхэмжлэлтэй иргэний

                                                                                                        хэргийн тухай

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Намхайдорж даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар  сарын 31-ний өдрийн 311/ШШ2025/00137 дугаар шийдвэртэй

Г.Б-ны нэхэмжлэлтэй З.Д-д холбогдох, үхрийн махны үнэ 1,280,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхтөр, нэхэмжлэгч Г.Б /цахимаар/ нар оролцов.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч З.Д-д холбогдуулан 1,280,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл:  ... Г. Б би 2023 оны 11 сарын 30-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын иргэн 3.Д-оос өвлийн хүнсэнд сувай үнээ 1,280,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож төлбөрийг 3.Д-ийн ХААН банкны ……… дансанд шилжүүлж, 2023 оны 12 сарын 05-ны өдөр идэшний үхрийг хүлээн авсан боловч, ирүүлсэн мах нь туранхай, муудсан, чанахад үнэртэй, чанарын шаардлага хангахааргүй байсан тул 2023 оны 12 сарын 08-ны өдөр худалдагч 3.Д-д мэдэгдээд, үхрийн махыг буцаан Завхан аймгийн унаанд дайж явуулсан. 3.Д-той удаа дараа холбогдож шилжүүлсэн төлбөрөө авах гэхээр өгөхгүй өнөөг хүрч байгаа тул 1,280,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

2. Хариуцагч талын хариу татгалзал, тайлбарын агуулга: Миний бие 3.Д нь Завхан аймгийн ….. сумд оршин суудаг. 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр …. сумын 1-р сургуулийн орчимд Б гэдэг танил найзтайгаа таарч мэнд, мэдээд надаас идэшний үхэр сураглахад нь би Д гэдэг манай авга ах цөөн тооны үхэр зарна гэсэн, би хадам дүү нартайгаа идэшинд явах гэж байна гэхэд Б, манай Улаанбаатар хотод байдаг танилд сувай хязаалан үхэр хэрэгтэй байгаа, Улаанбаатар хотод байдаг танилдаа өгч явуулах юмаа гээд, тэр дор нь надад Г.Б гэсэн ХААН банкны ….. тоот данснаас 2023.11.30-ны өдөр 1,280,000 /нэг сая хоёр зуун наян мянга/ төгрөг орж ирсэн. Хөдөө очоод Б-ын захисан хязаалан үхрийг авга ах Д-ээс авах гэсэн ч үхэр, үхрийн үнэнд тохиролцоогүй ирсэн. Ирээд Б руу авч ирж чадсангүй гэж ярихад захисан хүнд нь гайгүй үхэр аваад явуулаад өгөөрэй гэсэн. Яг тэр үед Фейсбүүк …. групп-д Л /Утасны дугаар-…../ "сувай үнээний мах зарна" гэсэн зарыг хараад, уг махны зургийг Б-т Фейсбүүкээр холбогдож дүрсийг харуулаад, болноо явуулаа гэсний дагуу 1,300,000 /нэг сая гурван зуун мянган төгрөгөөр худалдан авч, УБ хот руу ачааны машинд ачуулж явуулсан. Махны үнэ 1,300,000 төгрөгийг Л-ийн эхнэр Н-ийн ХААН банкин дахь …… тоот дансанд 2023.12.08-ны өдөр 500,000 төгpөr, 2023.12.08-ны өдөр 500,000 төгрөг, 2023.12.12-ны өдөр 240,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Үхрийн махны үнэ 1,300,000 төгрөгнөөс Л-оос эмээлийн даруулга, оломны үнэ 60,000 төгрөг суутгаж авсан болно. Мах хүлээж авсан хүн нь махаа хүлээж авснаас хойш ойролцоогоор 20 гаран хоногийн дараа /сайн санахгүй байгаа/ чиний өгч явуулсан мах гашуу амтагдаж, идэхэд хэцүү байна гэж ярьсан. Тэгээд ахиад хэсэг хугацааны дараа Б гэдэг найз маань чиний дайсан махыг буцаалаа гэсэн. Дайсан мах буцаж ирэх өдөр Б надруу залгаад мах УБ-аас ирсэн байнаа, эхнэр жирэмсэн би боломжгүй байнаа, чи тосоод аваадахаач гэхэд нь би ачааны машинаас махны ачааны хөлс 40,000 /Дөчин мянган төгрөг/ төлж махыг авсан. Ингээд махыг авлаа гээд Б-т хэлэхэд нөгөө мах буцаасан хүн махны мөнгийг авья гээд байнаа, чи махыг нь борлуулаад мөнгийг нь өгвөл сайн байнаа гэсэн. Тэр үед 2024.01.06-ны өдөр Завхан аймгийн нэгдсэн группд, дүү 3.С-ийн фейсбүүкээс зар оруулсан. Ингээд 2024.01.07-ны өдөр ….. дугаараас хүн холбогдож үхрийн махыг ирж авч явсан. Үхрийн махыг авч явангуут эргүүлээд Б-т …… утасны дугаарыг өгч мах авсан хүн энэ шүү гээд холбож өгсөн. Мах авсан, махаа өгч явуулсан 2 хүн хоорондоо холбогдож, хоорондоо тохиролцсон байсан учир би тэгээд холбогдуулаад орхисон. Б нь мах авсан хүний гэрт очиж уулзсан гэсэн. Сүүлд холбогдоход хонь мал оролцуулж өгөхөөр тохиролцсон байсан. Үүнээс жилийн дараа 2024 оны 12 сард надаас мах авч дамжуулж өгсөн Г.Б гэх хүн утасдаад үхэр нэхэхэд би боломжгүй, та нарыг холбогдуулж өгсөн, тэр үед та нар нэгнээ таньж байсан, би чиний өгсөн мөнгөөр мах худалдаж авч өгч явуулсан, та нар холбогдоод тохиролцсон байсан гэдгийг хэлээд утсаа салгасан. Миний дансанд орж ирсэн 1,280,000 төгрөгөөр 1,300,000 төгрөгийн үнэтэй мах худалдан авч мөнгийг шилжүүлж махыг өгч явуулсан. Шилжүүлсэн мөнгөний дансны хуулгыг хавсаргав. Ийм учир би энэ явдалд хамааралгүй тул үнийг төлөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч 3.Д-оос үхрийн махны үнэ 1,280,000 /нэг сая хоёр зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,720 /гучин таван мянга долоон зуун хорь/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч 3.Д-оос 35,720 /гучин таван мянга долоон зуун хорь төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч З.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие З.Д нь 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр миний дансанд орж ирсэн үхрийн махны үнэ болох 1,280,000 төгрөгийг хувьдаа, өөртөө хэрэглээгүй, ашиглаагүй ба үхрийн махыг худалдан авч явуулсан бөгөөд, Улаанбаатар хотоос мах 20 гаран хоногийн дараа буцаж ирэх үед дамжуулж зуучилж байсан Б над руу залгаад автобуснаас нөгөө махыг аваад түр хадгалж байхыг хүссэн. Тэр хэлэхдээ “...би Говьд ажиллаж байна, эхнэр завгүй байна гэж хэлсэн”. 2 хоногийн дараа махаа аваач гээд Б руу залгахад манай эхнэр жирэмсэн, ажилтай, боломжгүй, би байхгүй байгаа учир махыг зараад өгөөч гэж хүссэний дагуу зар тавьж, зарын дагуу Я гэх хүн ирж махыг худалдаж аваад явах үед би Б руу залгаж, энэ хүнд махыг зарлаа гээд утасны дугаарыг нь өгч, Я, Б хоёрыг холбож өгөөд орхисон. Үүнээс хойш надад ийм нэхэмжлэл ирсэн учир /1 жил гарсны дараа/ би төлөх боломжгүй ба манайх мөнгийг хэрэглээгүй, мөнгийг мах авсан дансанд шилжүүлсэн. Энэ хэрэгт хамааралгүй гэж үзэж байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, мах авсан хүнээр төлүүлэх ёстой гэж үзэж байна гэжээ.

 5. Нэхэмжлэгч Г.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Д гомдолдоо, үхрийн махыг 20 гаран хоногийн дараа ирсэн гэж бичсэн байна. Би тэр махыг ирснээс хойш 3 хоног болгоод буцаасан. Махны амтыг нь үзье гээд чанахад муухай үнэртэй мах байсан. Тийм учраас Завхан аймаг руу замын унаанд дайгаад явуулсан. Үхрийн мах авсан хүний утасны дугаарыг Б над руу явуулсан. Утсаар ярихад мөнгөн дүнд нь хонь оролцуулаад өгье гэсэн. Тэгэхээр нь би мөнгөө авмаар байна, өөр зүйл хэрэггүй гэж хэлсэн. Түүнээс хойш залгахаар утсаа авдаггүй байсан. Тэгээд 1 жил өнгөрсөн, би холбогдоод надад өгөх мөнгөндөө шүдлэн үхэр гаргаад явуулаач гэхэд, З.Д би чамд яагаад үхэр өгөх ёстой юм бэ?, гэдэг байдлаар хариу өгсөн.  Ингээд 2024 оны 11 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

2.  Нэхэмжлэгч Г.Б хариуцагч З.Д-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,280,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.  Нэхэмжлэгч Г.Б-ны 1,280,000 төгрөгөөр идэшний үхэр авах хүсэл, зоригийг иргэн Б нь хариуцагч З.Д-д уламжилснаар, Г.Б нь үхрийн мах худалдан авахаар хариуцагч З.Д-д 1,280,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч З.Д нь уг мөнгөнд нь үхрийн мах авч Г.Б-д шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

4. Дээрх үйл баримтаас харахад нэхэмжлэгч Г.Б, хариуцагч З.Д нар нь хэдийгээр амаар болон бичгээр харилцан тохиролцоогүй боловч, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар тэдний хооронд бодит үйлдлээр худалдах, худалдан авах хэлцэл хийсэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “ Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус, тус хүлээнэ гэж заажээ.

5. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт “гэрээгээр тогтоосон тоо хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ” гэж, мөн 251 дүгээр зүйлийн 251.3 дахь хэсэгт “Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас  харахад гэрээний зүйл болох “үхрийн мах”-ыг нэхэмжлэгч Г.Б нь өвлийн идэшинд хэрэглэх зорилготой худалдан авсан гэх ба уг мах нь туранхай, муудсан, чанахад үнэртэй байсан зэрэг нь хүнсний бүтээгдэхүүний хувьд чанарын шаардлага хангахгүй, гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй гэж худалдан авагч үзсэн тул доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч Г.Б нь эд хөрөнгийн доголдлын талаар З.Д-д мэдэгдэж, улмаар үхрийн махыг З.Д-д буцаан хүргүүлсэн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

6. Худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч нь уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх, мөн доголдлыг арилгахтай холбогдсон зардлыг худалдагч хариуцах талаар Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1, 253.2 дахь хэсэгт, мөн худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй, Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах, түүнтэй холбоотой учирсан хохирол, зардлаа нэхэмжлэх талаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэг, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт тус, тус зохицуулжээ.

6. Дээрх хуульд заасан худалдах, худалдан авах гэрээний  зохицуулалтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Г.Б нь доголдолтой холбоотойгоор гэрээнээс татгалзах, энэ тохиолдолд учирсан хохирол, зардлаа нэхэмжлэх эрхтэй байна. Хэрэгт авагдсан баримтуудаар тэрээр худалдан авсан гэх үхрийн махыг хариуцагч З.Д-д мэдэгдсэнээр буцаан хүргүүлсэн, З.Д үхрийн махыг хүлээн авсан нөхцөл байдал тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй байна.

7.  Иймд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч З.Д-оос буцааж шилжүүлсэн үхрийн махны үнэ 1,280,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

8. Хариуцагч З.Д нь уг үхрийн махыг Л-оос авсан, мөн буцаж ирэхэд нь зар тавьж худалдсан, нэхэмжлэгчийг худалдаж авсан гэх хүнтэй холбож өгсөн гэх тайлбаруудыг өгсөн боловч, хариуцагчийн энэ тайлбарууд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүйн зэрэгцээ, энэ тайлбар нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байна.

9. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлж, Иргэний хуулийн худалдах, худалдан авах гэрээнээс үүссэн, эд хөрөнгийн доголдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байна. Харин маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шаардах эрхийн зохицуулалт болон маргааныг шийдвэрлэхэд хүргэсэн хуулийн зохицуулалтыг бүрэн дүүрэн, оновчтой хэрэглээгүй тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 311/ШШ2025/00137 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт” гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр тул хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.НАМХАЙДОРЖ

                                                               ШҮҮГЧИД                                                     Ч.ЭНХТӨР

                                                                                                                                     Б.АРИУНБАЯР