Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2017/ДШМ020

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Б.Намхайдорж, В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Яллагдагч *******

Яллагдагчийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нарыг оролцуулан

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаагийн гаргасан 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 91 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Гантулгын бичсэн 2017 оны 06 дугаар эсэргүүцлээр *******д холбогдох 201705000049 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, ...................багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /*******/

******* нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны орой 19 цагийн орчимд Баянхонгор аймгийн Жинст сумын 3 дугаар багийн нутагт өөрийн гэртээ эхнэр *******тэй мөнгөний асуудлаас болж хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдах үедээ галын хайч шидсэний улмаас өөрийн хүүхэд *******ын толгойн тус газарт нь цохиж бие махбодид нь хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн Д.Бат- Ирээдүйд холбогдох хэргийг буруу зүйлчилсэн дараах үндэслэл тогтоогдов.

Хохирогч *******ийн “...тухайн өдөр нөхөр маргаж байгаад надруу галын хайч аваад шидсэн, тэгэхэд би орноосоо босож таараад хүүхэд миний хажуугаар гүйгээд галын хайчинд оногдож цохигдсон. Хүүхдийн толгойн зүүн чамархай орчимд гэмтэл үүссэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36/,

яллагдагч *******н “...эхнэр бид хоёрын хооронд хэрүүл маргаан үүсч тэр үед эхнэр *******ийн хөл рүү галын хайчийг шидтэл ******* орноос босч таараад эхнэрийн цаагуур хүүхэд гүйгээд хүүхдийн толгойн тус газарт хайч очиж цохьсон юм. Үүний улмаас хүүхдийн толгойн зүүн чамархай хэсэгт гэмтэл үүссэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-64/ болон хэрэгт авагдсан баримтаас үзэхэд яллагдагч ******* нь галын хайч шидсэний улмаас өөрийн хүүхэд *******ын толгойн тус газарт нь цохиж бие махбодид нь хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талд гэм буруу, сэдэлт, зорилго хамаарах бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйд болон түүний улмаас учирсан хор уршигт хандаж буй ухамсар, хүсэл зоригийн байдлыг илэрхийлдэг. Гэм буруу нь санаатай эсхүл болгоомжгүй хэлбэрээр илрэх ба санаатай гэм буруу нь шууд санаатай, шууд бус санаатай хэлбэрээр, болгоомжгүй гэм буруу нь хайхрамжгүй хандах, хөнгөмсөгөөр найдах гэсэн хэлбэрээр тодорхойлогддог.

Яллагдагч ******* нь эхнэр *******тэй маргалдаж улмаар түүн рүү галын хайч шидсэн байх ба түүний шидсэн галын хайчинд эхнэр ******* бус харин түүний хүүхэд ******* оногдож бие махбодид нь хүнд гэмтэл учиржээ.

*******н галын хайч авч шидэж байгаа үйлдэлд хайхрамжгүй хандах, хөнгөмсөгөөр найдах хэлбэрийн аль ч хамаарагдахгүй байх ба тухайн галын хайчийг эхнэр ******* рүү санаатай шидсэн бөгөөд түүний шидсэн галын хайчинд ******* оногдож шууд бус санаатайгаар түүний бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл галын хайч авч шидэхэд хэн нэгэнд гэмтэл учирч болох хор аюултайг ухамсарласан, урьдчилан мэдсэн боловч тухайн галын хайчийг санаатай шидсэн нь гэм буруугийн санаатай хэлбэр болно.

Харин яллагдагч ******* нь өөрийн хүүхэд *******ын бие махбодид нь хүнд гэмтэл учруулахыг хүсээгүй ба энэ нь гэм буруугийн шууд бус санаатай үйлдэгдсэн гэж үзнэ.

Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхгүйн тулд яллагдагч *******д холбогдох хэргийг мөрдөн байцаалтанд буцаах нь зүйтэй гэж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаан шийдвэрлэжээ.

Прокурор ******* 2017 оны 06 дугаар эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй ба захирамжинд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

Эрүүгийн хуульд гэм буруугийн санаатай болон болгоомжгүй 2 хэлбэртэй байна, санаатай хэлбэр нь шууд ба шууд бус санаа, болгоомжгүй хэлбэр нь хөнгөмсгөөр найдах, хайхрамжгүй хандах гэсэн хэлбэртэй байхаар заасан. Эдгээрээс гэм буруугийн шууд бус санаа болон хайхрамжгүй хандах 2 хэлбэр нь хоорондоо ижил төстэй болон мөн ялгаатай зохицуулалттай. Шууд бус санаатай үйлдэл нь гэмт хэрэг үйлдэгч этгээд өөрийн үйлдэл, эс үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн үйлдэл байна. Харин хайхрамжгүй хандах хэлбэр нь гэмт хэрэг үйлдэгч этгээд өөрийн үйлдэл, эс үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй хийсэн үйлдэл байна гэж хуульд заасан.

Яллагдагч *******н хувьд эхнэр рүүгээ галын хайч авч шидсэн нь зөвхөн эхнэрээ онох гэсэн санаатай үйлдэл буюу өөрөөр хэлбэл шүүгчийн захирамжид дурьдсан “...өөрийн үйлдэл, эс үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн..." үйлдэл юм.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд ******* нь эхнэртэйгээ маргалдаж улмаар түүн рүү чиглүүлж галын хайч шидсэний улмаас яг тэр мөчид гүйж явсан охин нь шидсэн хайчинд оногдож гэмтэл учирч түүний зориуд хор уршиг учруулахыг хүссэн эхнэрт нь ямар нэг хор уршиг учраагүй үйл явдал болсон байдаг. Гэтэл тухайн үед ******* охиндоо ямар нэг байдлаар уурлаагүй, түүнтэй харилцаа үүсгээгүй, охин руугаа чиглүүлж хайч шидээгүй буюу түүний эсрэг үйлдэл хийгээгүй байдгаас дүгнэхэд *******д охиноо гэмтээх гэсэн санаа байгаагүй гэж үзэхээр байна. Харин тэрээр эхнэр рүүгээ галын хайч шидсэний улмаас охин нь урдуур нь орж оногдож гэмтэх боломжтойг мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй галын хайч шидсэний улмаас охин *******ын биед хүнд гэмтэл учруулсан. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27 дугаар зүйлд заасан гэмт хэрэг болгоомжгүй үйлдэх хэлбэрийн хайхрамжгүй хандсан хэлбэрт заасантай тохирч байх тул прокурор *******н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлд зааснаар яллахаар яллах дүгнэлт үйлдсэн.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч *******гийн өмгөөлөгч Ц.Мөнхтул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэв эхнэрийнхээ хөлийг оносон бол ямар гэмтэл учирах байсан нь эргэлзээтэй байдал төрүүлдэг. Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд заасны дагуу анхан шатны шүүхээс хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамжийг хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг давж заалдах шатны шүүхээс бүхэлд нь хянан үзлээ.

Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан хохирогч ******* болон яллагдагч ******* нарын мэдүүлгээс үзвэл ******* нь галын хайч шидсэний улмаас өөрийн хүүхэд *******ын толгойн тус газарт нь цохиж бие махбодид нь хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна, галын хайч авч шидэхэд хэн нэгэнд гэмтэл учирч болох хор аюултайг ухамсарласан, урьдчилан мэдсэн боловч тухайн галын хайчийг санаатай шидсэн нь гэм буруугийн санаатай хэлбэр болно. ******* нь өөрийн хүүхэд *******ын бие махбодид нь хүнд гэмтэл учруулахыг хүсээгүй ба энэ нь гэм буруугийн шууд бус санаатай үйлдэгдсэн гэж үзэн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэж хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэхээр буцаасан нь үндэслэлтэй зөв болсон байна.

Иймд шүүгчийн захирамжийн уг хэсгийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Харин анхан шатны шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээгүй өөрөөр хэлбэл яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхийн өмнө шүүгчийн захирамжаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан атлаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон барьж хэргийг буцаасан нь буруу байх тул энэ талаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Түүнчлэн шүүгч прокуророос шилжүүлж ирүүлсэн хэргийг хүлээн авсан даруйдаа яллагдагчид Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлд заасан таслан сэргийлэх арга хэмжээнүүдээс аль тохирохыг оновчтой, зөв сонгон хэрэглэж шүүгчийн захирамж гарган шийдвэрлэж байх нь зүйтэйг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар

зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 91 дүгээр захирамжийн Удирдлага болгох хэсэгт “...230 дугаар зүйлийн 230.1...” гэснийг “...225 дугаар зүйлийн 225.1.2...” гэж өөрчилж захирамжийн бусад хэсгүүдийг хэвээр үлдээн прокурор Э.Гантулгын 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 06 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг уншиж сонсгомогц нэн даруй заавал биелүүлэх бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА

      ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

                        В.ЦЭЦЭНБИЛЭГ