| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | цагаатгал |
| Дугаар | 56 |
| Огноо | 2016-03-04 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Р.Мөнхтариа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 56
Б.Ч, А.Ц нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг
Шүүгч Б.Бат-Эрдэнэ даргалж,
шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,
прокурор Р.Мөнхтариа,
нарийн бичгийн дарга Б.Наранжарал нарыг оролцуулан,
Увс аймгийн Шүүн таслах газрын 1952 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 73 дугаар тогтоолтой Б.Ч, А.Ц нарт холбогдох хэргийг прокурорын дүгнэлтээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1889 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б-ийн Ч нь 1942 оны Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлд заасан “Ямар нэгэн ашгийг хичээж ард иргэдийн дотор мухар сүсгийг төрүүлэн гаргах зорилгоор зальт мэхт явдлуудыг гаргах” гэмт хэрэг
2. Монгол Улсын иргэн, 1909 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, А-ийн Ца нь 1942 оны Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлд заасан “Ямар нэгэн ашгийг хичээж ард иргэдийн дотор мухар сүсгийг төрүүлэн гаргах зорилгоор зальт мэхт явдлуудыг гаргах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Увс аймгийн ардын шүүх таслах газрын шүүх Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлд зааснаар Б.Ч-ыг 3 жил, А.Ц-г 1 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн байна.
Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Р.Мөнхтариагийн саналыг сонсоод
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокурор Р.Мөнхтариа хяналтын шатны шүүхэд гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Анхан шатны шүүх Б.Ч, А.Ц нарт ял шийтгэл оногдуулахдаа тухайн үед мөрдөж байсан Эрүүгийн хуулийн заалтуудыг баримталсан боловч бусдаас өргөл барьц залилан мэхэлж аваагүй, тэдний хүсэлт гуйлтаар ном уншиж, сан тавьж өгдөг байсан нь ард түмний дунд урьдаас уламжлагдаж ирсэн шашны зан үйлдлүүд байжээ. Энэ хэргийн улмаас улс нийгэмд ямар нэгэн хор хохирлыг учруулаагүй байхад ял шийтгэсэн нь улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа ял төлөвлөсөн Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйл дээр 135 дугаар зүйлийн 1 гэсэн байхгүй зарим ангийг нэмж ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Увс аймгийн Шүүх таслах газрын 1952 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 73 дугаар тогтоолоор шүүгдэгч тус бүрт Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлээр ял шийтгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Ч, А.Ц нарыг цагаатгах нь зүйтэй байна...” гэв.
Б.Ч, А.Ц нарыг “шашин шүтлэгээр ард түмэнд нөлөөлж хувийн ашгийг хичээж барьц авч байсан болон лам, зоточ, гүрэмч мяндаг тушаал бүхий лам байсан нь эрүүгийн гэмт хэрэг мөн болох шинж чанар байгаа” гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагад татаж улмаар “хуучны хоцрогдмол шашны хуурамч аргаар залилан мэхлэж ард түмний ариун бүтээлтэй зүйлийг ... хувьдаа ашигласан” гэм буруутай гэж үзэж 1942 оны Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлд заасан “ямар нэгэн ашгийг хичээж ард нийтийн дотор мухар сүсгийг төрүүлэн гаргах зорилгоор зальт мэхт явлуудыг гаргах” гэмт хэргээр холбогдох хэргийг зүйлчлэн шүүх ял шийтгэжээ.
Б.Ч, А.Ц нарыг 1952 оны 6 дугаар сарын 20-ны өдөр дайчлан баривчилснаар эрүүгийн хэрэг үүсгэж 1952 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 73 дугаар шийтгэх тогтоол гаргаж эцэслэн шийдвэрлэсэн хэргийн материалыг шинжлэн судлахад тэдгээр нь ашгийг хичээж бусдаас эд зүйл гаргуулсан, заль мэх хэрэглэж эд хөрөнгийг салгасан гэх баримт тогтоогдохгүй, харин ардын өөрийн хүсэлтээр шашны болон уламжлалт зан үйлийг хийж ном гүрэм уншиж тэдний сайн дураар сүсэглэн өгсөн эд зүйлийг авсан нь нотлох баримтаар батлагдаж байна. Мөн ард олны дотор мухар сүсгийг төрүүлэн гаргах зорилготой байсан гэсэн нь хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдоогүй болно. Б.Ч, А.Ц нарын үйлдэл нь нийгэмд аюулгүй учир түүний улмаас бусдад ямар нэгэн хохирол учраагүй байна.
Б.Ч, А.Ц нарт холбогдох хэргийн талаар шүүхээс тогтоосон үйл баримт хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх ба хуулийг агуулгаас нь зөрүүлж хэрэглэсэн, тэдгээрийг нийгмийн гарлаар ангийн дайсан гэж үзэж хилсээр ял шийтгэсэн нь тогтоогдож байх тул улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.
Иймд прокурорын Б.Ч, А.Ц нарыг цагаатгах тухай дүгнэлтийг хүлээн авч, Увс аймгийн Шүүн таслах газрын 1952 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 73 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Б.Ч, А.Ц нарыг цагаатгахаар хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 362 дугаар зүйлийн 362.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Увс аймгийн Шүүн таслах газрын 1952 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 73 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар Б.Ч, А.Ц нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ч.ХОСБАЯР