Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2020/0168

 

“У и д” ХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, гомдол гаргагчийн төлөөлөгч В.Х, Б.П, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц, Б.Н, Н.С нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэрийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нарын гаргасан давж заалдах гомдлоор “У и д” ХК-ийн гомдолтой, Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Ц.Э-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйл 4.1, Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.2-дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 0055524 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий “У и д” ХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” тус тус шийдвэрлэжээ.

Гомдол гаргагч “У и д” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Х, Б.П нар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...1. Шүүх “У и д” ХК-ийг зөрчил үйлдсэн гэж дүгнэж байгаа гол үндэслэл нь 2013 онд 3.500.000 ам.долларын зээл авахаар Зээлийн гэрээ байгуулсан, Зээлийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Зээлийн нэмэлт гэрээ байгуулсан, уг гэрээний хавсралтаар зээлийн хэмжээ: 3.500.000 ам.доллар, зээлийн хугацаа 60 сар” байхаар харилцан тохиролцсон үйлдэл гэж дүгнэжээ.

2013 оны Зээлийн гэрээний хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг дээр ямар нэгэн маргаан байхгүй гэж үзэж байна. Тодруулбал, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8 дахь хэсэгт “гомдол гаргагч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байгаа боловч “2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээний нэмэлт гэрээ”-г байгуулснаараа хууль зөрчсөн гэж дүгнэснээс харагдаж байна.

2018 оны 10 дугаар сарын 01-ний Зээлийн гэрээний нэмэлт гэрээ, түүний хавсралтын хувьд Шүүх энэхүү гэрээний нэмэлтийг “гэрээ байгуулсан” гэж дүгнэсэн байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар энэ гэрээ байгуулсанд тооцогдохгүй юм. Тодруулбал:

Иргэний хуулийн 196 дугаар зүйл /Гэрээ байгуулсанд тооцох/-ийн 196.1.1 дэх хэсэгт “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэрээ байгуулсанд тооцохоор заасан. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зохицуулсан байна.

2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Зээлийн гэрээ”-нд нэмэлт өөрчлөлт хийснээр зээлдүүлэгчээс зээлдэгчид аливаа мөнгө, эд хөрөнгө шилжүүлэн өгөөгүй буюу 3,500,000 ам.долларыг зээлдэн авах болон өгөх тухай гэрээ байгаагүй. 2013 оны зээлийн гэрээний дүн нь 3,500,000 ам.доллар байсан бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 01-ний гэрээний нэмэлтийн Хавсралтад тухайн хугацаа сунгах өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл хэмжээг 3,500,000 ам.доллар байсан тул ийнхүү тэмдэглэснээс мөн харагдаж байна гэж үзэж байна.

Мөн энэхүү гэрээний нэмэлтээр 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн гэрээг сунгасан гэдэг нь Нэмэлт гэрээний 2 дугаар зүйлд зааснаас тодорхой харагдаж байгаа бөгөөд энэ тал дээр талууд маргаагүй. Гэрээний хугацааг сунгах гэдэг нь “гэрээ байгуулах”-аас өөр, тусдаа ойлголт гэдэг нь Иргэний хуулийн маш олон зүйл заалтаас харагддаг. Тухайлбал, тус хуулийн 72 дугаар зүйлийн 72.7-д “Хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно”, 296 дугаар зүйлийн 296.2-т “Орон сууц хөлслөх гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол ... гэрээг сунгах тухай хүсэлтээ хөлслүүлэгчид бичгээр гаргаж болох бөгөөд ... хөлслүүлэгч гэрээг сунгаж болно”, 330 дугаар зүйлийн 330.3-д “Гэрээг сунгах тухай санал болон татгалзлыг бичгээр үйлдэнэ”, 440 дүгээр зүйлийн 440.2-т “Даатгал төлөөлөгчид даатгалын гэрээ байгуулах эрх олгосон бол гэрээний нөхцөлийг өөрчлөх, хугацааг сунгах буюу гэрээг цуцалж болно” гэх зэрэг гэрээ байгуулах, гэрээний хугацааг сунгах нь хоёр тусдаа, өөр ойлголт гэдгийг илэрхийлэх заалтууд байна.

Иймд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр аливаа үнэ тогтоож гэрээ байгуулаагүй, гэрээ байгуулсанд тооцогдохгүй, харин өмнөх гэрээний хугацааг сунгасан бөгөөд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “гадаад валютаар үнэ тогтоосон” гэдэгт хамаарахгүй гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө” үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг гомдол гаргагч “У и д” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хянав.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

Гомдол гаргагч нь хяналт шалгалт явуулсан процесс ажиллагаанд биш, харин “2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээний нэмэлт гэрээ, түүний хавсралтын хувьд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар энэ гэрээ байгуулсанд тооцогдохгүй” гэсэн үндэслэлээр маргажээ. Өөрөөр хэлбэл “2018 онд зөрчил гаргаагүй” гэсэн үндэслэлээр маргаж, улмаар гомдол гаргажээ

“У и д” ХК болон “Н” ХХК-иуд нь Монголбанкнаас олгогдсон албан ёсны тусгай зөвшөөрөлгүйгээр 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ZH/7/18 дугаар Зээлийн гэрээ /шугамын зээл/ 3.500.000 ам долларыг 5 жилийн хугацаатай зээлсэн, гэрээний хугацаа дуусгавар болсонтой холбоотойгоор “Улсын их дэлгүүр” ХК нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Н” ХХК-тай ZH/7/18-01 дугаар ZH/7/18 тоот зээлийн гэрээний нэмэлт гэрээг байгуулан, гэрээний хавсралт Зээл, зээлийн хүүг төлөх хуваарьт Зээлийн хэмжээ: 3.500.000 ам доллар, зээлийн хугацаа 60 сар байхаар харилцан тохиролцсон нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйл 4.1-д “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно” гэх заалтыг зөрчсөн болох нь тогтоогджээ. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна гэж үзэв.

Энэхүү зөрчил нь хэрэгт авагдсан 1901000008 дугаар зөрчлийн хэрэг, Монголбанкны 2019 оны Б-10/1225 дугаар албан бичиг, “Л а” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/19/18 дугаар албан бичиг, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн огноо бүхий ZH/7/18 дугаар Зээлийн гэрээ /шугамын зээл/, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн огноо бүхий ZH/7/18-01 дугаар ZH/7/18 дугаар зээлийн гэрээний нэмэлт гэрээ, Зээл, зээлийн хүүг төлөх хуваарь, 120016005409 дугаар “У и д” ХК-ийн зээлийн дансны 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн харилцагчийн хуулга болон “У и д” ХК-ийн сар бүр зээл хүсэж байсан албан бичиг,  холбогдох бусад баримтаар тогтоогджээ.

Иймд Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.2-т “Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоосон, эсхүл төлбөр тооцоо гүйцэтгэсэн, эсхүл зарлан сурталчилсан бол тухайн үйл ажиллагаанаас олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу шийтгэл оногдуулсан хариуцагчийн үйлдэл хууль нийцсэн байна.  

Түүнчлэн нийтэд илэрхий болсон Улсын бүртгэлийн ерөнхий газрын http://opendata.burtgel.gov.mn сайтад мэдээлснээс үзвэл “У и д” ХК-д 3.500.000 ам доллар зээлдүүлсэн гэх “Н” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Ш овогтой Б өөрөө бөгөөд энэхүү “Н” ХХК нь УИД-ийн ерөнхий түрээслэгч болох “Н” ХХК-ийн хувьцааг нь эзэмшдэг ажээ.

Ерөнхий түрээслэгч гэх 5638771 регистрийн дугаартай, “Н” ХХК-ийн тухайд 2 хувьцаа эзэмшигчтэй бөгөөд Ш овогтой Б, “Н” ХХК нар ажээ.

Харин түрээслүүлэгч бөгөөд зээлдэгч болох 2117436 регистрийн дугаартай “У и д” ХК-ийн тухайд хувьцаа эзэмшигч нь Ш-ийн Б, Ш-ийн Э, Ш-ийн У, А-ын Ш болон бусад жижиг хувьцаа эзэмшигчтэй ажээ.

Ерөнхий зургаар нь авч үзвэл “У и д” ХК нь “Н” ХХК-тай түрээсийн гэрээний харилцаа үүсгэсэн бөгөөд сар бүр алдагдалтай ажилладаг. Улмаар сар бүрийн төлбөрөө төлж чаддаггүй тул “У и д” ХК сар бүр “Н” ХХК-д зээл хүссэн хүсэлт гаргадаг. “Н” ХХК сар бүрийн төлөөгүй, зээл болон хүүгийн төлбөрийг үндсэн зээл дээрээ нэмж бүртгэж, хүүгийн хүү бодож явдаг дүр төрх харагдаж байна.

Тус шүүхэд гаргасан гомдолд “... 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр аливаа үнэ тогтоож гэрээ байгуулаагүй, гэрээ байгуулсанд тооцогдохгүй, харин өмнөх гэрээний хугацааг сунгасан бөгөөд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “гадаад валютаар үнэ тогтоосон” гэдэгт хамаарахгүй гэж үзэж байна” гэжээ. Гомдол гаргагчийн гаргасан гомдлын дагуу дүгнэж үзлээ ч гэсэн Зөрчлийн тухай хуулийн “Зөрчил үйлдсэн хугацаа” гэсэн 2.4 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэж зааснаар зөрчил үргэлжилсээр байсан гэж үзэх үндэслэлтэй байгаа болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Дээрх нөхцөл байдлаас үзвэл “У и д” ХК болон “Н” ХХК-ийн хооронд байгуулсан Зээлийн гэрээгээр зээлийн хэмжээг 3.500.000 ам доллар гэж тогтоосон нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-д “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна. Нэгэнт дээрх хуулийг зөрчиж зээлийн хэмжээг тогтоосон байхад уг гэрээний хугацааг сунгасан Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн шийдвэр нь мөн хууль бус бөгөөд гомдол гаргагчийн хууль бус үйлдэлд хариуцлага тооцсон үйлдэл нь хуульд нийцсэн байх тул хариуцагчийг буруутгах, гомдлын шаардлага, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон