Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2025/0018

 

 

“М****” НҮТББ-ын

нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын

газарт холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч: М.Батсуурь

Шүүгчид:                  Г.Банзрагч

                                      Ц.Цогт

                                      П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:      Х.Батсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0442 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2024/0607 дугаар магадлал,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ШХТ2025/0015 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч “М****” НҮТББ-ын төлөөлөгч Ч.Д****, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б****, өмгөөлөгч Ч.А****, гуравдагч этгээд “Д***” ААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б****, өмгөөлөгч Г.Х****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я****, цахимаар хариуцагчийн өмгөөлөгч Ж.А**** нарыг оролцуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.“М****” НҮТББ-аас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдуулан “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.Төрийн өмчийн хорооны 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 500 дугаар тогтоолоор ... Монголын урлагийн ажилтны нийгэмлэгийн холбооны хорооны эзэмшиж байгаа барилга нь тухайн үеийн үл хөдлөх шилжүүлэх эрх эзэмшиж байгаа барилга нь тухайн үеийн үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх эрх зүйн актын дагуу шийдвэрлэгдсэн Монголын урлагийн ажилтны нийгэмлэгийн холбооны хорооны өмч болох нь нотлогдож байгааг үндэслэн Төрийн өмчийн хорооны 1997 оны 294 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцжээ.

3.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” 142 дугаар тогтоолын 1 дэх заалтаар ... дээрх Төрийн өмчийн хорооны 2001 оны 500 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцож; 2 дахь заалтаар: ***** дүүргийн **** дугаар хороонд ***** гудамжны ***** дугаар байрыг “Д*****” ТӨҮГ-ын эзэмшилд хэвээр үлдээжээ.

4.Нэхэмжлэгч “М****” НҮТББ-аас дээрх 142 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “... 1975 оноос хойш байгуулагдсан бөгөөд тус холбоо нь сайн дурын, олон нийтийн байгууллага байсан, 1989 онд Соёлын яам дэмжиж, өөрийн гэсэн байртай байх боломжийг бүрдүүлсэн, 1986 оноос хойш тухайн байрыг манайх эзэмшиж, ашигласан, Куба Улсын элчин сайдын яам байгаагүй, өөрийн байрны тал хэсэгт нь Куба Улсын элчин сайдын яам байхыг бидний зүгээс зөвшөөрч байсан, шилжүүлэн авсан талаар 1989-1991 оны санхүүгийн болон бусад баримтууд байгаа;

-Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль 1996 онд батлагдсан бөгөөд тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар төрийн өмчид байсан бүх байрууд төрийн өмчид шилжинэ гэж заасан, тухайн үед тус байр нь төрийн өмчид байгаагүй, төрийн өмч гэж үзэх эсэх нь эргэлзээтэй, нэхэмжлэгчийн эзэмшил, өмчлөлд байсан;  

-Төрийн өмчийн хорооны 2001 оны 500 дугаар тогтоолоор “М****” НҮТББ-ын өмч хөрөнгө мөн болох нь нотлогдож байх тул ***** дүүрэг, **** дугаар хороо, **** гудамж, ***** дугаар байр хавьд байрлах **** давхар байр нь эзэмшил, өмчлөх эрхтэй болох нь нотлогдож байна гэсэн үндэслэлээр 1997 оны 294 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон, үүнээс хойш өмчлөх эрхтэй болсон, холбогдох баримтуудыг өгсөн, өмчлөх болон түүнтэй хамаарах газруудыг эзэмшиж байгаа, тухайн байрны мөнгө, цахилгаан, дулааны төлбөрийг гадаад харилцааны байгууллагаар дамжуулан төлж байсан, 2012 онд шүүхээс шинжээч томилсон, Куба Улсын элчин сайдад ямар ч хамааралгүй байр гэсэн дүгнэлт гарсан;

-Захиргааны ерөнхий хууль 2015 оноос мөрдөгдөж эхэлсэн, тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.1.6, 24, 25, 26 дугаар зүйлд заасан үүргүүд зөрчигдсөн, нэхэмжлэгч талд шийдвэрийн талаар мэдэгдээгүй, эрх ашиг нь зөрчигдсөн этгээдийн оролцоог хангаагүй тул Төрийн өмчийн, бодлого зохицуулалтын газрын 2019 оны 142 дугаар тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй ...;

-Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын эрх зөрчигдсөн этгээд гэж үзэхэд ямар эрх нь зөрчигдөж байгаа талаар өөрөө батлах ёстой, 2002 оноос “М****” НҮТББ-ын өмчлөх эрх бүртгэгдсэн, өмчлөх эрхтэй, тухайн газарт 12 давхар барилга баригдаж эхэлсэн, өмчлөх эрхээ зохих ёсоор эдэлж байна, нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд эсэх талаар шүүх дүгнэх хэрэгтэй, нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 500 дугаар тогтоол хүчингүй болсон тул хэрэг үүсгэсэн, өмчлөл олгосон 500 дугаар тогтоолыг хүчингүй болгосноор нэхэмжлэл гаргасан, эрх ашиг сонирхлыг зөрчсөн ... нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй” гэж тодорхойлон (агуулгаар нь тусгав) маргажээ.

4.1.Хариуцагчаас дээрх нэхэмжлэлийг эс зөвшөөрч ... Бүгд Найрамдах Куба Улсын элчин сайдын яамны байрыг “М****” НҮТББ-д түр эзэмшүүлэхээр Төрийн өмчийн үйлчилгээ эрхлэх газрын даргын 1991 оны 09 дүгээр тушаал, Монголын урлагийн ажилтны холбоо хорооны даргын 1991 оны 273 дугаар шийдвэрээр томилогдсон 2 тал акт үйлдэн барилгыг хүлээлцсэн, үүнээс хойш уг барилгыг Холбоонд бүр мөсөн шилжүүлсэн талаар шийдвэр байхгүй байхад тэдний өмч гэж хүлээн зөвшөөрсөн нь хууль зүйн үндэслэлгүй, Төрийн өмчийн хорооны 2001 оны 500 дугаар тогтоол нь хууль тогтоомжийг үндэслээгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар төрийн өмчийн эд хөрөнгө байсан, тус хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчиж төрийн бус байгууллагад шилжүүлсэн Төрийн өмчийн хорооны 2001 оны 500 дугаар тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан хүчингүй болгосон, тухайлбал “М****” НҮТББ-ын эзэмшил болох нь тогтоогдож байна гэх үндэслэлгүй дүгнэлт гаргаж төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг төрийн бус байгууллагад хууль бусаар шилжүүлсэн гэж дүгнэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар тогтоолын 07-ны өдрийн 142 дугаар тогтоолыг гаргасан, маргаан бүхий **** дугаар байрыг “Д****” ААТҮГ-т хэвээр үлдээн шийдвэрлэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэйгэсэн хариу тайлбарыг (агуулгаар нь тусгав) гаргажээ.

4.2.Гуравдагч этгээд “Д****” ААТҮГ-аас ... хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна, 1952 онд манай байгууллага байгуулагдсан, Бүгд Найрамдах Куба Улсын элчин сайдын яам 1960 оноос 2019 он хүртэл хугацаанд байрлаж байсан, 2018 онд Кубын элчин сайдын яам нь ... 12 давхар барилга барихад элчин сайдын яамны аюулгүй байдал алдагдаж байна гэх хүсэлт өгч гарсан, тэр болтол элчин сайдын яам байрлаж байсан, ... энэ талаарх баримтууд байдаг;

-Төрийн өмчийн хороо нь төрийн бус байгууллагын өмч мөн эсэхийг тогтоох байгууллага биш, өмчийг Иргэний хуульд зааснаар тогтоодог, тус байр нь “М****” НҮТББ-д Иргэний хуулийн дагуу шилжиж ирсэн талаар иргэний шүүхийн шийдвэр байхгүй; 

-Бүгд Найрамдах Куба Улсын элчин сайдын яамны байрыг Засгийн газрын тогтоолгүйгээр шилжүүлэх эрх олгогдоогүй, төрийн байгууллагын хувьд өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй, зөвхөн тайлангаар баталгааждаг, төрийн тайлант хөрөнгийг дангаар хуулийн этгээдийн өмчөөр тогтоох эрх зүйн үндэслэл байгаагүй, өмч шилжүүлэх эрх Засгийн газарт байгаа;

-Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль 1996 онд батлагдсан, 1997 онд тухайн барилгыг “Д****” ТӨҮГ-т эзэмшүүлсэн 294 дүгээр тогтоол гарсан, Засгийн газрын 1998 оны 148 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан хувьчилж үл болох орон сууцны жагсаалтын **** дугаарт “Монгол Улс дахь бусад Элчин сайдын яамны байрууд” гэж заасан, Элчин сайдын яам байрлаж байсан эсэх талаар баримтуудыг гаргаж өгсөн;

-1997 оноос өмнө 1990 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд “... Засгийн газрын 16 дугаар тогтоолоор Куба Улсаас тус улсын элчин сайдын яам байрлаж байсан ***** гудамжны **** дугаар байранд Франц Улсын Элчин сайдын яаманд олгохоор бодож, уг байрыг 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдөр чөлөөлж Гадаад харилцааны яамд шилжүүлсүгэй” гэсэн байдаг, энэ тогтоолоор “Д****” ТӨҮГ-т өмчлүүлсэн нь нотлогддог;

-Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан тухайн үед хууль батлагдах үед төрийн өмчийн эд хөрөнгөд бүртгэлтэй байсан эд хөрөнгийг төрийн өмчид хэвээр үлдээнэ гэсэн заалт үйлчилнэ, 294 дүгээр тогтоол нь эд хөрөнгийн албан баланст бүртгэлгүй байна гэж үзэж л гарсан, гэтэл түүнээс өмнө манай тайланд бүртгэлтэй байсан талаар баримтуудыг гаргаж өгсөн;

-Төрийн өмчийн хорооны 2001 оны 500 дугаар тогтоолоор “М****” НҮТББ-д маргаан бүхий байрыг өмчлөх эрх үүсээгүй, Төрийн өмчийн хороо нь тухайн тогтоолыг гаргах эрхгүй байсан, мөн “Д****” ТӨҮГ-ын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл байгаагүй;

-Иймд маргаан бүхий байрыг “М****” НҮТББ-д олгох эрх зүйн үндэслэл байгаагүй байхад Төрийн өмчийн хороо 500 дугаар тогтоолоор олгосон тул илт хууль бусад тооцох үндэслэлтэй, 2019 оны 142 дугаар тогтоол гарсан нь үндэслэлтэй гэж нэхэмжлэлийг (агуулгаар нь тусгав) эс зөвшөөрөн маргасан байна.

5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3, 11 дүгээр зүйлийн 9-д заасныг баримтлан “М****” ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаар тогтоолыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлж; 2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаж буй 142 дугаар тогтоол хүчингүй болохыг тогтоож; 3 дахь заалтаар: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.7, 9.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан “Д****” ТӨҮГ-аас гаргасан Төрийн өмчийн хорооны 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 500 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0442 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М****” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай” гэж өөрчилж, 2 дахь заалтыг хасч, 3 дахь заалтын дугаарыг 2 болгон “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “Д****” ТӨҮГ-аас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдуулан гаргасан ““Төрийн өмчийн хорооны 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Төрийн өмчийн барилгын тухай” 500 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “М****” ТББ-ын төлөөлөгч Ч.Д****, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б**** нарын давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я****, нэхэмжлэгч бөгөөд гуравдагч этгээд “Д****” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б****, өмгөөлөгч Г.Х**** нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаагүй байна.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ШХТ2025/0015 дугаар тогтоолоор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я****-аас шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр (агуулгаар нь тусгав) гомдол гаргажээ. Үүнд:

8.1.Давж заалдах шатны шүүх маргаан бүхий Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 142 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

8.2.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэл нь маргаан бүхий барилгыг “М****” НҮТББ-ын өмч гэж үзэж, 142 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсон нь ... хууль зүйн үндэслэл байхгүй, шүүх өөрөө нотлох баримтыг нэг бүрчлэн шинжлэн судалж хууль, зүйн үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй, эхлэхээс дуусах хүртэлх шүүхийн дүгнэлт нь маргаан бүхий барилгыг холбооны өмч гэдгийг хүлээн зөвшөөрч тогтоосон, тэдний эрх, ашиг сонирхлыг хамгаалахад чиглэгдсэн, хэт нэг талыг барьсан шийдвэр болсон.

8.3.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 142 дугаар тогтоол үндэслэлтэй гарсан гэдгийг нотлохын тулд **** дүүрэг, **** дугаар хороо, ***** гудамж, **** дугаар байр, **** давхар орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн эзэмшил, ашиглалттай холбоотой болон уг барилга төрийн өмч болохыг нотлох хангалттай баримтуудыг гаргасан боловч тайлбар, нотлох баримтуудыг шүүх үнэлж, дүгнэсэнгүй. Нөгөө талаар давж заалдах шатны шүүх маргаан бүхий байрыг тухайн үеийн үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх эрх зүйн актын дагуу шийдвэрлэгдсэн Монголын урлагийн ажилтны холбооны өмч болох нь нотлогдсон гэж үзсэн.

8.4.Шүүх ***** дүүрэг, **** дугаар хороо, **** гудамж, **** дугаар байр, *** давхар орон сууцны зориулалттай байрны эзэмшил, ашиглалт, өмчлөлтэй холбоотой дүгнэлт хийхдээ “нэхэмжлэгч нь Соёлын яамны шийдвэрээр баланст нь шилжүүлсэн байраар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Үйлчилгээний аж ахуйн хэлтсийн даргын шийдвэрээр сольж авсан” нь тухайн үеийн үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх эрх зүйн актын дагуу шийдвэрлэгдэж, М****-д ёсоор өмчлөх эрх шилжсэн үйл явц өөрөөсөө биш.

8.5.Учир нь, 1-т маргаан бүхий **** дугаар байртай сольсон гэх барилгын хувьд Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас тусгай байрыг Соёлын яамны эзэмшилд шилжүүлсэн, Соёлын яам эрх хэмжээнийхээ хүрээнд соёл, урлагийн үйл ажиллагааг дэмжихийн тулд урлагийн ажилтны холбооны хорооны ашиглалтад өгсөн. 2-т энэ тусгай байрыг НҮБ-ын гудамж дахь **** дугаар байраар сольсон, энэ солигдсон барилгыг М**** холбооны эзэмшил, ашиглалтад Урлагийн өргөө болгон ашиглуулахаар шилжүүлсэн. Энэ үйл баримт нь төрийн байгууллага хооронд үйл ажиллагааны онцлогтой холбоотойгоор эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн болохыг харуулж байгаа болохоос Засгийн газрын шийдвэрээр уг барилгыг Монголын урлагийн ажилтны холбооны захиран зарцуулах эрхэд бүр мөсөн шилжүүлж өгсөн үйл явдал ерөөсөө биш юм. Хэрэв ийнхүү бүр мөсөн өмчлөлд нь өгч байгаа бол тухайн хөрөнгийн хувьд Засгийн газрын шийдвэр гарсан байна, мөн эд хөрөнгө тус бүр дээр шийдвэр гарсан байхыг ойлгоно. Тиймээс Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас Соёлын яаманд шилжүүлснийг Засгийн газрын шийдвэр гэж үзэхгүй, солигдсон **** дугаар барилга дээр Засгийн газрын байтугай Соёлын яамны ч шийдвэр байхгүй.

8.6.Харин 1990 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Засгийн газрын хуралдааны 16 дугаар протоколын 2 дахь заалтаар БНКУ-аас тус Улсад суугаа Элчин сайдын яам байрлаж байсан ***** гудамжны **** дугаар байрыг Франц Улсын Элчин сайдын яаманд олгохоор болж, уг байрыг 1991 оны 7 дугаар сарын 01-ний дотор чөлөөлж, Гадаад харилцааны яамны мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг төрийн өөрийн өмч байна.

8.7.Шүүхийн шийдвэрийг гаргахдаа хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх магадлалын тогтоох хэсгийн 1-д Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг баримталсан нь хууль хэрэглээний алдаатай болсон гэж үзэж байна.

8.8.Хоёр тусдаа нэхэмжлэлтэй хэргийг нэгтгэж, гуравдагч этгээдийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийг гуравдагч этгээд болгоод анхнаасаа процессын алдаатай явагдсан. Энэ нь шийдвэр хууль ёсны байх боломжгүй болгосон.

8.9.Дээрх тайлбар, үндэслэлүүдээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2024/0607 дугаар магадлал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 0442 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулан нэхэмжлэгч, гуравдагч этгээдээс тайлбарыг бичгээр гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

10.Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.

Тогтоогдсон үйл баримтын тухайд:

11.Нийгмийг аюулаас хамгаалах яам, Соёлын яамны сайдын 1989 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Барилга шилжүүлэх комисс томилох тухай” Б/398/342 тушаалаар НАХЯ-ны 1500000 төгрөгийн өртөгтэй тусгай байрыг Урлагийн ажилтны төв болгон ашиглуулахаар Соёлын яамны мэдэлд балансаар шилжүүлж өгөхийг гуравдугаар газрын даргад зөвшөөрч, барилга хүлээлцэх комиссын бүрэлдэхүүнийг байгуулжээ.

12.БНМАУ-ын Засгийн газрын 1990 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 16 дугаар протоколын “б” хэсэгт “БНКУ-аас тус Улсад суугаа Элчин сайдын яам байрлаж байсан **** гудамжны **** дугаар байшинг Франц Улсын Элчин сайдын яаманд олгохоор бодож, уг байрыг 1991 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн дотор чөлөөлж, Гадаад харилцааны яамны мэдэлд шилжүүлэх”-ээр тэмдэглэсэн байна.

13.Улсын Их Хурлаас 1996 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг баталж, тус хуулийн зургадугаар (Төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчлах) бүлгийг 1996 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс, бусад бүлгийг 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдсөн.

14.Төрийн өмчийн хорооны 1997 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 294 дүгээр тогтоолоор ****** гудамж дахь Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, М***** болон Монгол дахь Олон Улсын хүүхдийн байгууллага ЮНИСЕФ-ийн байрлаж байгаа барилгыг Гадаад харилцааны яамны дэргэдэх Д**** газарт  эзэмшүүлж; уг барилгыг тайлан тэнцэлдээ тусган Элчин сайдын яам байрлуулах зориулалтаар эзэмшихийг Гадаад харилцааны яамны дэргэдэх Д**** газарт даалгаж; барилгыг Гадаад харилцааны яамны дэргэдэх Дипломат байгууллагуудын үйлчилгээ, аж ахуйн газарт хүлээлгэж өгөхийг Төрийн өмчийн агентлагийн Төрийн өмчийн байрны ашиглалт, зохицуулалтын газарт даалгажээ.

15.Төрийн өмчийн хорооны 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Төрийн өмчийн барилгын тухай” 500 дугаар тогтоолоор БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах, Соёлын яамны сайдын 1989 оны Б/398/342 дугаар тушаал, Соёлын яамны коллеги, М**** хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 1990 оны 12/16 дугаар тогтоол, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Үйлчилгээ аж ахуйн хэлтсийн даргын 1991 оны 09 дүгээр тушаал, барилга хүлээлцсэн актуудаар Монголын урлагийн ажилтны нийгэмлэгийн холбооны хорооны эзэмшиж байгаа барилга нь тухайн үеийн үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх эрх зүйн актын дагуу шийдвэрлэгдэн М***** холбооны хорооны өмч болох нь нотлогдож байгааг үндэслэн Төрийн өмчийн хорооны 1997 оны 294 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсон байна.

15.1.“Д****” ААТҮГ-аас дээрх  тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж, ... 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн улмаар 2023 оны 128/ШЗ2023/5301 дүгээр шүүгчийн захирамжаар 128/2019/1010/з индекстэй “М****” НҮТББ-ын нэхэмжлэлтэй энэ хэрэгт нэгтгэжээ.

16.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” 142 дугаар тогтоолын 1 дэх заалтаар: Төрийн өмчийн хорооны 1997 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 294 дүгээр тогтоолоор ****** гудамж дахь Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, М**** болон Монгол дахь Олон Улсын хүүхдийн байгууллага ЮНИСЕФ-ийн байрлаж байсан барилгыг Гадаад харилцааны яамны дэргэдэх Д**** газарт эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг Төрийн өмчийн хорооны 2001.09.27-ны өдрийн 500 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэхдээ “М****-ны эзэмшиж байгаа барилга нь тус холбооны өмч болох нь нотлогдож байна” гэж үндэслэлгүй дүгнэлт гаргаж, төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг төрийн өмчийн бус этгээдэд хууль бусаар шилжүүлсэн байх тул Төрийн өмчийн хорооны 2001 оны 500 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцож; 2 дахь заалтаар: **** дүүргийн *** дугаар хороонд байрлах **** гудамжны ****-р байр (хуучнаар Бүгд Найрамдах Куб Улсын Элчин сайдын яам байрлаж байсан байр)-ыг “Д****” ТӨҮГ-ын эзэмшилд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хууль хэрэглээний хувьд:

Энэ хэргийн тухайд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж, хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:

-Төрийн өмчийн хөрөнгийг шилжүүлсэн харилцаанд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг шүүхүүд зөв тайлбарлан хэрэглэсэн  эсэхэд дүгнэлт өгөх тухай байна.

17.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн өөрийн өмчид энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад төр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж болох дараахь эд хөрөнгө хамаарна:”, 1/-д “төрийн байгууллага, албан газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө”; 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн өмчид эд хөрөнгийг дараахь хэлбэрээр олж авна”, 1/-д “энэ хууль хүчин төгөлдөр болох үед төрийн өмчлөлд байсан эд хөрөнгө” гэж тус тус заажээ.

18.Энэхүү маргааны зүйл болох ***** дүүргийн ***** дугаар хороонд байрлах **** гудамжны *** дугаар байр нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль 1996 онд батлагдахаас өмнө төрийн өмчийн хөрөнгө буюу БНМАУ-ын Засгийн газрын 1990 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 16 дугаар протоколын “б” хэсэгт “... уг байрыг 1991 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн дотор чөлөөлж, Гадаад харилцааны яамны мэдэлд шилжүүлэхээр” тэмдэглэгдсэн бөгөөд тус хууль хүчин төгөлдөр болох үед (1996 оны 08 дугаар сарын 01) мөн төрийн өмчийн эд хөрөнгө байсан нь баримтаар тогтоогдож байна.

19.Өөрөөр хэлбэл, маргаан бүхий дээрх байр нь төрийн өөрийн өмчид хамаарах эд хөрөнгө бөгөөд 1990 оноос хойш БНКУ-ын Элчин сайд, Франц Улсын Элчин сайдын яамд болон Монголын урлагийн ажилтны холбоо аль аль нь эзэмшиж, ашиглаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдох атал анхан шатны шүүх “... 2001 оны 500 дугаар тогтоол гарсан цагаас хойш ... төр, захиргааны байгууллагаас ... 18 байрны өмчлөлийн асуудлаар шийдвэр гаргаагүй, гэтэл 2019 оны 142 дугаар тогтоолоор ... 500 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцож, ... тухайн эд хөрөнгийг төрийн болон хувийн өмчид алинд нь хамаарах асуудлыг шийдвэрлэлгүйгээр орхигдуулжээ, ... шүүх урьд төрийн өмчид байсан, одоо хувийн өмчид бүртгэлтэй байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчийн эрх зүйн маргаантай хувийн эрх зүйн харилцаанаас үүссэн асуудлыг шийдвэрлэх боломжгүй ...” гэж; харин давж заалдах шатны шүүх “... Төрийн өмчийн хорооны 1997 оны 294 дүгээр тогтоол гарах хүртэл байрыг төрийн аль нэг байгууллагын үндсэн хөрөнгө, баланст бүртгэлтэй байсан эсэх үйл баримт тогтоогдоогүй учир төрийн өмчийн хөрөнгө байсан гэж шууд дүгнэх боломжгүй” гэж маргааны үйл баримтыг буруу дүгнэж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн хэрэглэвэл зохих холбогдох зүйл, заалтыг маргааны үйл баримтад холбогдуулан зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

20.Учир нь, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурал төрийн өмчийн талаар дараахь бүрэн эрхтэй”, 5/-д[1] “төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл, хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтыг батлах, түүнд өөрчлөлт оруулах” гэж заасан бүрэн эрхийн дагуу Улсын Их Хурлаас 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 64 дүгээр тогтоолоор[2] “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт”-ыг хавсралтаар баталж, хавсралтын 1 дэх хэсгээр хувьчилж үл болох “Төрийн байгууллага”-ын эд хөрөнгийн жагсаалтыг баталсны 4-т “Монгол Улс дахь гадаад улсын дипломат байгууллагуудын болон олон улсын байгууллагын ажилтнуудын ажиллаж, амьдарч байгаа байр, сууц” гэж зохицуулагдсанаас үзэхэд, маргаан бүхий байр нь гадаад улсын дипломат байгууллагууд ажиллаж, амьдарч байсан байр, сууц нь нийтэд илэрхий бөгөөд төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгө буюу гагцхүү төрийн өмчийн эд хөрөнгө байна.

21.Төрийн өмчийн хороо нь төрийн өмчийн хувьчилж үл болох эд хөрөнгийг 2001 оны 500 дугаар тогтоолоор “... Монголын урлагийн ажилтны нийгэмлэгийн холбооны эзэмшиж байгаа барилга нь ... тус холбооны өмч болох нь нотлогдож байгаа үндэслэлээр” шилжүүлснийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 142 дугаар тогтоолоор хүчингүй болгосон нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нийцжээ.

22.Тодруулбал, маргаан бүхий байр нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу “хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтад багтсан” бөгөөд тухайн үед Засгийн газраас төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдах, шилжүүлэх талаар аливаа шийдвэр гаргаагүй байхад дээрх тогтоолоор “... эзэмшиж, ашиглаж байсан” гэх хуульд заагаагүй үндэслэлээр Монголын урлагийн ажилтны холбоонд шилжүүлсэн нь илт хууль бус бөгөөд төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байсан нь төрийн өмчийн эд хөрөнгийг өмчлөх эрхийг олж авах хуульд заасан үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн “... төрийн өмчийн эд хөрөнгөд хамаарахгүй, 1990 оноос хойш эзэмшиж, ашиглаж байсан бөгөөд өмчлөх эрх үүссэн, өмчлөх эрх зөрчигдсөн” гэх тайлбарууд хууль зүйн үндэслэлгүй.

23.Шүүхүүд тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь “төрийн өмчийн эд хөрөнгө”-д хамаарахын зэрэгцээ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан үндэслэлээр “төрийн өмчийн эд хөрөнгийн эрх шилжсэн” эсэх талаарх дүгнэлтүүдийг хийлгүйгээр, зөвхөн нэхэмжлэгч талын эзэмшиж, ашиглаж байсан үйл баримт болон тус байрны өмчлөгчөөр бүртгүүлж, газрын төлбөр болон үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлсөн үйл баримтад дүгнэлт хийж, төрийн өмчийн эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид үүссэн агуулгаар хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

24.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 142 дугаар тогтоолоор төрийн өмчийн эд хөрөнгөд хамаарах (хувьчилж, шилжүүлж үл болох эд хөрөнгө) маргаан бүхий барилгыг “М****” НҮТББ-д шилжүүлсэн илт хууль бус захиргааны акт болох Төрийн өмчийн хорооны 2001 оны 500 дугаар тогтоолыг хүчингүй буюу эрх зүйн үр дагаврыг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д нийцсэн.

25.Иймд маргаан бүхий төрийн өмчийн хөрөнгийг төрийн бус байгууллагад шилжүүлэх эрх зүйн үндэслэл байхгүй буюу анхнаасаа эрх зүйн үйлчлэлгүй илт хууль бус актыг хүчингүй болгоход Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэг үйлчлэхгүй тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.4-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0442 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2024/0607 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “М****” НҮТББ-аас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдуулан гаргасан “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              М.БАТСУУРЬ

             ШҮҮГЧИД                                                                 Г.БАНЗРАГЧ

                                                                                                            Ц.ЦОГТ

                   П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                            Х.БАТСҮРЭН

 

 

[1] 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулахаас өмнөх.

[2] https://legalinfo.mn/mn/detail?lawId=6582