Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 047

 

К.Хуандагийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Туяа, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 410 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух Ахтай овогт Көлшийн Хуандагийн нэхэмжлэлтэй, Өлгий сумын 5 дугаар багт оршин суух Секел толыхбай овогт Хавдылын Хуантханд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Маншүк, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Алтай, хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып нар оролцов.
 

ТОДОРХОЙЛОХ нь:


Нэхэмжлэлийн шаардлага: Хохирол болох нэхий дээлийн үнэ 500000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлд: Р.Хуатбек нь 2015 оны 3 дугаар сарын 08-ны өдөр аймгийн МАН-ын байранд надтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар миний зүүн мөрнөөс татаж, миний өмсөж байсан Дархан үйлдвэрийн нэхий дээл урагдаж өмсөх боломжгүй болсон. Би нэхий дээлээ төлүүлж авахаар аймгийн Цагдаагийн байгууллагад болон шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч Р.Хуатбек нь одоо хүртэл миний дээлийг төлж өгөхгүй байх тул Р.Хуатбекээс нэхий дээлийн үнэ 500000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсье. гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Миний бие иргэн К.Хуандахын нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Иргэн Х.Хуандах нь хуурамч нотлох баримт бүрдүүлэн надаас мөнгө шаардсан байна. Цагдаагийн газрын тодорхойлолтыг миний бие эрс үгүйсгэж байна. Намайг торгож байсан мэтээр тодорхойлолт бичиж өгсөн байна. Надад цагдаагийн байгууллагаас хэзээ ч захиргааны арга хэмжээ ногдуулж байгаагүй тул тэр тодорхойлолтыг гайхаж байна. Мөн тэрхүү намын дэд даргын тодорхойлолт гэх бичигт байгаа тодорхойлолт нь хэзээ хаана үйлдсэн нь тодорхойгүй бөгөөд хувь хүний гар бичмэл дээр намын хорооны тэмдгийг дарж баталгаажуулсан нь үндэслэлгүй байна. Дүгнэж хэлэхэд К.Хуандахын хувцсыг урж хаясан гэдэг нь худал гүтгэлэг учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 410 дугаар шийдвэрээр: 1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Секел толыхбай овогт Хавдылын Хуантхан /хоч нэр Х.Хуатбек/-аас хохирол болох нэхий дээлийн үнэ 500000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ахтай овогт Көлший Хуандагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д, Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэгч К.Хуандагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15650 /арван таван мянга зургаан зуун тавин/ төгрөгийг улсын орлого болгосугай. гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт З.Хуандагийн нэхий дээл урагдаж гэмтсэн нь нотлогдоогүй, Х.Хуантханы үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгээгүй, захиргааны арга хэмжээ аваагүй, цагдаагийн газрын жижүүрийн офицерын явуулсан 0448 дугаартай, захиргааны зөрчилд явуулсан хэрэг бүртгэлт хуурамч болсон, нэхий дээлийг хаанаас авсан нь тодорхой бус ба зураг нь эргэлзээтэй, гэрчүүдийн тодорхойлолт шууд нотлох баримт болохгүй гэсэн байдлаар бичиж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. К.Хуандаг нь Х.Хуантханаас 10-аад насаар ах, урьд өмнө нь танихгүй, өс хонзонгүй, ямар нэгэн байдлаар харьцаж байгаагүй бөгөөд Монгол Ардын намын орон нутгийн бага хуралд хүмүүсийг мандатаар Намын байрны гадна хаалганд шалгаж оруулж байх үед К.Хуандаг нь Х.Хуантханы дайралтад өртөж, нэхий дээлийнхээ ханцуйг уруулж хохирсон байдаг. Улмаар болсон явдлын талаар тэр өдөртөө цагдаагийн байгууллагад урагдсан дээлээ авч очин өргөдөл гомдол гаргасан байдаг. Түүний өргөдлийг а/х З.Зангар хүлээн авч шалгасан бөгөөд Х.Хуандаг нь төвийн аймагт улирлын чанартай хөлсний ажил хийхээр яваад 2016 оны эхээр ирж а/х З.Зангартай уулзахад хэрэг шалгаж дууссан. Х.Хуантханд захиргааны арга хэмжээ авсан. Та нэхий дээлийнхээ хохирлыг шүүхээр нэхэмжилж аваарай гэсэн байдаг.

Нэхий дээлийн урагдсаныг а/х З.Зангар, хаалган дээр мандат шалгаж оруулж байсан хүмүүстэй харьцаж байсан 2 гэрч, н.Болат нар гэрчилдэг. Дээлийн ханцуй урагдаж оёсон гэж а/х З.Зангар шүүх хуралдаан дээр гэрчилсэн зэрэг нь нэхий дээлийн ханцуй урагдсан, ханцуйг Х.Хуантхан хаалгаар оруулсангүй гэж К.Хуандагтай ноцолдох, дайрч татах үед урсан, Х.Хуадаг нь өөрийнхөө хувцсыг урах, өөрийгөө хохироох шалтгаангүй. Энэ байдлаар К.Хуандагийн нэхий дээлийн ханцуйг К.Хуантхан урсан нь тодорхой байхад анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлээгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх нь нотлох баримтыг үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн зохих зүйл ангийг үндэслэн нэхэмжлэлийг хангаж, анхан шатны шүүхийн 410 дугаар шийдвэрийг хүчингүйд тооцож өгнө үү. гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаантай харилцаанд Иргэний хуулийн гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэлийг зохицуулсан заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болж байгаа нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, нотлох үүрэгтэй ба хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хариуцагч Х.Хуантхан нь нэхэмжлэгч К.Хуандагийн эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан үйл баримт тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

К.Хуандагийн дээл урагдсаныг харсан гэх М.Шакиртийн тодорхойлолт, нэхий дээлийн гэрэл зураг зэрэг баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шүүхээс үнэлэх боломжгүй юм. Нэхэмжлэгч шаардлагаа үндэслэхээр шүүхэд гаргаж өгсөн цагдаагийн байгууллагын албан тушаалтны 2015 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хариу мэдэгдэх хуудаст дурдагдсан үйл баримт нь хариуцагч талын хүсэлтээр эрх бүхий байгууллагаар шалгуулсны үндсэн дээр Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 5/03 дугаар прокурорын тогтоолоор үгүйсгэгджээ.

 

Иймээс дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн нотлох баримтыг буруу үнэлсэн тул шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15650 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 410 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.650 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН

 

 

ШҮҮГЧИД Н. ТУЯА

 

 

С.ӨМИРБЕК