| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 183/2023/00589/И |
| Дугаар | 210/МА2025/00672 |
| Огноо | 2025-04-25 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2025/00672
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
*******ийн нэхэмжлэлтэй,
*******, *******-д тус тус холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Би *******-д 2010-2011 онд ээлжийн монтёр, диспетчер инженерээр, 2011-2016 онд Реле хамгаалалт, автоматикийн инженерээр, 2016 оноос Ерөнхий инженерээр тус тус ажиллаж байгаад *******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн 27 дугаар тогтоолоор гүйцэтгэх захирлаар томилогдож, компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргатай жил бүр контрактыг шинэчлэн байгуулж, дүгнэж сунгалт хийж ажилласан.
Түүнчлэн, *******-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн гүйцэтгэх захирлын контрактыг дүгнэх тухай 06 дугаар тогтоолоор гүйцэтгэх захирлын 2021 оны контрактын биелэлтийг хангалттай гэж дүгнэсэн. Төлөөлөн удирдах зөвлөлийн даргатай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл шинэчлэн байгуулж, компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж ажилласан.
1.2. Би *******-д тасралтгүй 13 дахь жилдээ ажиллахдаа ажлын алдаа дутагдал гаргаагүй, хуулийн хугацаанд ажлаа тайлагнаж дүгнүүлсэн, сахилгын шийтгэл авч байгаагүй. Харин өөрийн эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандан хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд ажиллаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг тухай бүр хийж гүйцэтгэн ажилласан. Гэтэл Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай 20 дугаар тогтоолоор намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн. Уг тогтоолд Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4 дэх хэсэг, мөн онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 5.2.1-д заасныг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол хууль зүйн шаардлага хангахгүй байгаа бөгөөд хяналт шалгалтын дүнг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь илт хууль бус, шалгалтаас гарсан зөвлөмжийг өнөөдрийг хүртэлх хугацаанд танилцуулаагүй.
1.3. Гүйцэтгэх захиралтай байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 4.2-т хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 04 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан эрчим хүчний салбарын төрийн өмчит компанийн гүйцэтгэх захиралтай байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг дүгнэх түр журмаар гүйцэтгэх захирлын гэрээний биелэлтийг дүгнэнэ гэж заасан. Гэвч Төлөөлөн удирдах зөвлөл нь уг журмын дагуу онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг дүгнээгүй. Мөн Төлөөлөн удирдах зөвлөлөөс ямар шийдвэр гаргах талаар тодорхойгүй байхад ажил хүлээлцүүлэх комисс Увс аймагт ирсэн байсан.
Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал дуусмагц ажил хүлээлцүүлэх комиссын гишүүд *******-ийн төв байранд ирж ажил хүлээлцэхийг шаардсан үйлдлийг гаргасан нь ёс зүйгүй, анхнаасаа хууль бусаар гүйцэтгэх захирлыг солих даалгавартай ирсэн байсан. Хууль журам зөрчиж, мэдэгдэхгүйгээр шалгалт хийсэн, уг шалгалтаар тодорхой зөрчлүүд илэрсэн хэдий ч засаж болох зөрчил байсан. Тиймээс Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, уг тогтоол Компаний тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн.
Иймд *******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 20 дугаар тогтоолыг хүчингүй болгож, *******-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, түүнтэй адилтгах нэмэгдлийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ******* болон ******* нарын татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 76.1.9, Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн *******-ийн Төлөөлөн удирдах зөвлөл түүнийг төлөөлж, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, тус компанийн гүйцэтгэх захирал ******* нар нь харилцан тохиролцож, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулсан.
2.2. Эрчим хүчний сайдын баталсан 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн удирдамжийн дагуу *******-ийн үндсэн үйл ажиллагаа, санхүү эдийн засаг, худалдан авах үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээний гүйцэтгэл, хүний нөөцийн бодлого, санхүүгийн дотоод хяналт хэрэгжилтэд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд *******ны хяналт, шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга *******ээр ахлуулсан ажлын хэсэг ажилласан. Уг дүгнэлтээр *******-д нийт 15 асуудал илэрсэн.
Үүнд: *******-ийн дүрмийн 7.3.4 дэх хэсэгт компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг Төлөөлөн удирдах зөвлөл батлахаар заасан. Гэтэл Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг 2021 онд 2 орон тоогоор, 2022 онд 4 орон тоогоор хэтрүүлж ажилласан. Мөн гүйцэтгэх захирлын тушаал, шийдвэрийн үндэслэл буруу, цалин хөлснөөс сахилгын шийтгэлийн суутгал дутуу хийгдсэн, тушаал шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавиагүй, компанийн хүчин төгөлдөр үйлчилж буй дотоод дүрэм журмыг мөрдөж хэрэгжүүлж ажиллаагүй, 2022 оны эхний хагас жилийн байдлаар 33,292.4 сая төгрөгийн орлоготой, 29,616.4 сая төгрөгийн зардалтай 3,675.8 сая төгрөгийн ашигтай ажилласан боловч нийт зардалд 27.3 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөснөөс 29.6 тэрбум төгрөг зарцуулан зардлыг 2.4 тэрбум төгрөгөөр хэтрүүлсэн нь онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 3.26-д заасан гүйцэтгэх захирал компанийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний хүрсэн түвшинг бууруулахгүй байх заалтыг зөрчсөн зэрэг асуудлууд илэрсэн.
2.3. Хяналт, шалгалт хийсэн ажлын хэсгээс онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 3.2-д заасан компанийн менежментийг боловсронгуй болгох, техник технологийг шинэчлэх, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг үзүүлэлт бүрээр биелүүлэх, өртөг, зардал, өр авлагыг бууруулах ажилтнуудын нийгмийн асуудлыг оновчтой шийдвэрлэж ажиллах үүргээ гүйцэтгэх захирал *******ийг хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзсэн тул 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хяналт шалгалтын дүнгийн тухай 6/4431 тоот албан бичгийг Төлөөлөн удирдах зөвлөлд, Зөвлөмжийн мөрөөр арга хэмжээ авч ажиллах тухай" 6/4432 тоот албан бичгийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр *******-нд тус тус хүргүүлсэн. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.15 дахь хэсэгт гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг зогсоох шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ хэдийд ч гаргах эрхтэй гэж, гүйцэтгэх захиралтай 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 5.2.6-д гүйцэтгэх захирал хууль тогтоомж зөрчсөн, компанийг удирдан зохион байгуулах үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг дуусгавар болгохоор заасан.
Эрчим хүчний сайдын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн удирдамж, *******-ийн гүйцэтгэх захирал *******ийг дээрх хяналт, шалгалтын дүнг үндэслэн онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 5.2.6-д гүйцэтгэх захирал хууль тогтоомж зөрчсөн, компанийг удирдан зохион байгуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэж, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 20 дугаар тогтоолоор үүрэгт ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Түүнчлэн, *******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 22 дугаар тогтоолоор тус компанийн гүйцэтгэх захирлын ажил хүлээлцэх комиссыг томилсон. Ажил хүлээлцүүлэх комисс 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус компанид очиж холбогдох хууль тогтоомжийн дагуу ажиллаж ажил хүлээлцсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.15, гүйцэтгэх захиралтай байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 5.2.1, хяналт шалгалтын дүнг тус тус үндэслэн *******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Иймд *******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 20 дугаар тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч *******ны сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Эрчим хүчний сайдын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн удирдамжийн дагуу Баруун бүс эрчим хүчний систем ТӨХК-ийн худалдан авах ажиллагааны үндсэн хөрөнгө ашиглалт, худалдан борлуулалт, хөрөнгө оруулалт, их засвар техник зохион байгуулалтын арга хэмжээний гүйцэтгэлд 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 12 сарын 28-ны өдрийн хооронд хяналт шалгалтыг хийсэн. Гэтэл Баруун бүс эрчим хүчний систем ТӨХК-ийн гүйцэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/220, 221, 222 тоот тушаалаар *******, *******, ******* нарыг Ховд салбарын нарны ээлжийн монтёрын үүрэгт ажилд томилж гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/1481, 491, 150 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Ховд салбарын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 32 тоот албан бичгээр ирүүлсэн тайлбараас тухайн 3 ажилтан 9 сарын хугацаанд ажиллаагүй байхад 9 сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл, цалин хөлсөнд 16,867,203 төгрөгийг компаниас олгож, үргүй зардал гаргасан .
Иймд 9 сарын хугацаанд цалин, нийгмийн даатгалд зарцуулсан 16,867,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
Гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б\220, Б\221, Б\222 дугаар тушаалаар ******* ******* ******* нарыг Ховд салбарын ээлжийн монтёрын үүрэгт ажилд томилсон боловч нэг ч өдөр ажиллаагүй гэдэг нь худал болно. 2022 онд эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байсан бөгөөд тус ойд зориулж эрчим хүчний салбарын ажилчдын олон төрөлт спортын наадам 4 дүгээр сарын 06-10 хооронд зохион байгуулагдахаар албан бусаар зарлагдсан. Уг тэмцээнд бэлдэх үүднээс дээрх 3 ажилтан 1 дүгээр сард ажлаас чөлөөлөн бэлтгэлд гаргасан. Энэхүү тэмцээн 2, 3 дахин хойшилж, 9 дүгээр сард болсон бөгөөд дээрх хугацаанд 3 ажилтан нь ББЭХС ТӨХК ийн шигшээ багт багтаж, шигшээ багаа бэлтгэх, дасгалжуулах ажлыг бүрэн хариуцаж Увс аймагт болон Улаанбаатар хотод бэлтгэл хийлгэж, компанийн нэр хүндийн төлөө ажиллаж байсан. Мөн оны 9 дүгээр сард өөрсдийнхөн гаргасан өргөдөл хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлсөн.
Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасны дагуу төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах гэж заасныг хэрэгжүүлж ажиллаагүй гэж дээрх нэхэмжлэлдээ дурджээ. 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ББЭХС ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн компанийн орон тоо, бүтэц зохион байгуулалт шинэчлэн батлах тухай 20 дугаар тогтоолд зааснаар 2022 онд Ховд салбар нь 53 хүний бүрэлдэхүүнтэй ажиллахаар заасан боловч тухайн үед компанийн төсөв хэмнэх зорилгоор дотоод нөөц бололцоогоо ашиглан Ховд салбарыг 46 хүний бүрэлдэхүүнтэй ажиллуулж тухайн жилд буюу 2022 онд ББЭХС ТӨХК-ийн толгой компанийн цалингийн санг 3283.9 сая төгрөг байхаар төлөвлөж 3070.8 сая төгрөгт багтаан ажиллаж зөвхөн цалингийн сангаас 213 сая төгрөг хэмнэсэн.
Иймд дээрх үндэслэлийг харгалзан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т зааснаар нэхэмжлэгч *******ийн *******-д холбогдуулан гаргасан ажлаас чөлөөлөх тухай төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 20 дугаар тогтоолыг хүчингүй болгож, гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ны *******т холбогдуулан гаргасан 16,867,200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөний дурдаж шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
6.1. Шүүхийн шийдвэрт шүүхэд гаргасан нотлох баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үндэслэл бүхий дүгнэлтээр үгүйсгээгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй, тодорхой бус, Хөдөлмөрийн тухай хууль болон компанийн дүрмийг зөрүүтэй тайлбарласан байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд нийцээгүй. Учир нь шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлийг бүрэн дүүрэн буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хууль хэрэглээний талаар болон *******наас төлөөлөн удирдах зөвлөлд өгсөн удирдамж, хяналт шалгалтын талаар гаргасан зөвлөмжийн талаархи гаргасан тайлбар нотлох баримтыг хэт богиноор бичилт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын тайлбар, гаргасан нотлох баримт, үйл баримтыг дүгнэсэн дүгнэлт хариуцагч нартай хэрхэн холбогдож байгааг дурьдаагүй.
6.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.1 дэх заалт буюу онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ болон гэрээ байгуулсан хугацаатай маргаагүй. Харин 5.2 дахь заалт нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 65.4 дүгээр зүйлийн 65.1-д заасан гэрээ байгуулах эрхийг нийт хувьцаа эзэмшигчдийн хурлаас тогтоол хэлбэрээр төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрөл өгдөг болох нь хэрэгт авагдсан 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 06 дугаартай гүйцэтгэх захирлын контрактыг дүгнэх тухай тогтоолоор батлагдаж байгаа бөгөөд гүйцэтгэх захиралтай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатайгаар Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн шинэчлэн байгуулахыг Төлөөлөн удирдах зөвлөлд удирдамж болгосугай гэж хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл болох ******* болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрыг төлөөлж эрх бүхий итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тогтоол гаргасан байгаагаас харагдаж байна.
6.3. Компанийн 100 хувийн хувьцааны 70 хувийг эзэмшиж байгаа *******ыг хамтран хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлтэй байхад хариуцагч *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.
6.4. Эрчим хүчний сайдын баталсан 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн удирдамжийн дагуу *******-ийн үндсэн үйл ажиллагаа санхүү эдийн засаг, худалдан авах үйл ажиллагаа зэрэг санхүүгийн дотоод хяналт шалгалтын ажлыг хийж 15 алдаа зөрчил илэрсэн. Нэхэмжлэгч энэ талаар маргаагүй, харин залруулж болох алдаа зөрчил байсан. Шүүх огноо тавьсан боловч ямар дугаартай удирдамжаар хэдэн сарын хэдэнд гарсан шалгалтын баримт бичгийг талаар дүгнэж байгаа нь тодорхой бус энэ ажлын хэсгийн дүгнэлт хөдөлмөрийн гэрээг цуцлах ямар үндэслэлд хамаарч байгаа нь эргэлзээтэй энэ нотлох баримт буюу хяналт шалгалтын ажилд нэхэмжлэгч мэдсэн эсэх тухайн ажлын тайлантай танилцсан эсэх талаарх шүүх хуралд гаргасан тайлбарыг эсрэгээр нь мушгин гуйвуулж маргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
-6.5. *******наас 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 6/4431 тоот хяналт шалгалтын үр дүнгийн тухай гэх албан бичгээр хяналт шалгалтын үр дүнгээр илэрсэн асуудлын хүрээнд холбогдох арга хэмжээ авч ажиллана уу гэж ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд ирүүлсэн, энэ хяналт шалгалтын хүрээнд *******наас 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 6/4432 тоот зөвлөмжийн мөрөөр арга хэмжээ авч ажиллах тухай гэх албан бичгийг гүйцэтгэх захирал *******т гэж албан тоот дээрээ тусгасан. Нэхэмжлэгч ******* эдгээр хяналт шалгалтын тайлан, зөвлөмж гэх баримтуудтай танилцаагүй, сүүлд ажлаас халагдсаны дараа танилцсан боловч дээрхи зөрчлүүдийг залруулж хэрэгжүүлээд явах зөрчил байсан талаар шүүх аливаа хяналт шалгалтын ажлын тайлангын талаар гаргасан дүгнэлтийг түүнийг хариуцан залруулах, гүйцэтгэх захиралд танилцуулж түүнээс тайлбар гаргах, цаашид хэрэгжүүлэх ажлын саналыг сонсохгүйгээр шийдвэр гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй талаар шүүх хуралд тайлбарлан мэтгэлцсэн боловч энэ талаар ямар нэгэн хариу тайлбарыг хариуцагчаас гаргаагүй.
6.6. Хөдөлмөрийн тухай хуулийн 65.4 дэх заалтын талаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тогтоол хууль зүйн факт болохын хувьд эрх зүйн үр дагавар үүсгэдэг тул гэрээг дуусгавар болгох үндэслэлээ хариуцагч тодорхой болгох ёстой, нөхөн тогтоол дээрээ гэрээг цуцлах үндэслэл бичих гэсэн хууль байхгүй. Өөрөөр хэлбэл, гэрээг дуусгавар болгож халсны дараа халах фактыг гаргаж ирэх ёсгүй гэсэн үг бөгөөд 65.4 дүгээр зүйлийн аль үндэслэлээр гэрээг дуусгавар болсоныг тодорхой тусгах ёстой бөгөөд нэхэмжлэгчээс дээрх гэрээг цуцалсан тогтоолд Хөдөлмөрийн тухай хуулийн аль заалт хэсгийг үндэслэж гаргасан нь тодорхойгүй байх тул гэрээг цуцалсан 20 дугаар тогтоол нь үндэслэлгүй.
6.7. Хяналт шалгалтаар илэрсэн гэх баримт Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4 хэсгийн аль заалтыг үндэслэж тогтоол гаргасан болох нь бичэгдээгүй, илэрхий алдаатай, хууль зүйн үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байхад шүүүх дүгнэлт хийж нэг талын тайлбарыг шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэсэн нь хариуцагч талын тайлбар, нэхэмжлэгчийн тайлбарт дүгнэлт гаргалгүй, няцаасан үндэслэлийг тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.
ХХК-ийн дүрмийн 6.10, 7.3.9-т заалтыг үндэслэж хариуцагчийн тайлбарыг үндэслэж байгаа бол, дүрмийн 5 дугаар зүйл Компанийн удирдлагын тодорхойлсон 5.1-т Компанийн удирдлага дараах бүтэцтэй, 5.1.1-д хувьцаа эзэмшигчдийн хурал, 6.1-д Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна гэж заасан бөгөөд өмгөөлөгчийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээс гүйцэтгэх захирлын гэрээг сунгах эрх хувьцаа эзэмшигчдийн хуралд байдаг ба бүрэн эрхээ тогтоол хэлбэрээр гаргадаг. Компанийн гүйцэтгэх захиралтай байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 5.2.1-д хувьцаа эзэмшигчээс гэрээг цуцлах талаар Төлөөлөн удирдах зөвлөлд удирдамж чиглэл өгсөн бол... гэх энэ заалтыг үндэслэл болгож байгаа бол мөн гэрээний 2.10 дугаар зүйлд заасан... гүйцэтгэх захиралд хүлээлгэх хариуцлагын саналаа хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж шийдвэрлүүлэх энэ заалтуудыг харицуулан дүгнэлт гаргах ба Төлөөлөн удирдах зөвлөлөөс хувьцаа эзэмшигчдийн хуралд гүйцэтгэх захирал *******т хариуцлага тооцож гэрээ дуусгавар болгох санал гаргаагүй, мөн Компанийн дүрмийн 3.1-т заасан.... 30 хувийн хувцаа ээзэмшигч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын гүйцэтгэх захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохыг зөвшөөрсөн тогтоол, тэмдэглэл байхгүй. Компанийн гүйцэтгэх захирлын гэрээг дуусгавар болгох эрх биш, өөрчлөх гэрээ дуусгавар болгох 2 ойлголт хууль зүйн фактын хувьд эрс өөр хоёр ойлголт болно. 13-н авч хэрэгжүүлэх зөвлөмж хүргүүлж зөвлөмжийн биелэлт түүний мөрөөр хэрэгжүүлсэн ажлын үр дүнгийн талаар авсан тайланг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор холбогдох баримтын хамт ирүүлэхийг үүрэг болгосон атлаа зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлсэн ажлын тайлантай танилцах боломжоор хангаагүй, хугацаанаас өмнө 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн а/4444 тоот албан бичгээр гүйцэтгэх захирал *******ийг чөлөөлөх асуудлыг хүргүүлж гэрээг дуусгавар болгох үндэслэлээ 6/4431 тоот албан бичгийг үндэслэж гэж хууль зөрчсөн. Өөрөөр хэлбэл, хяналт шалгалтын үр дүнгийн үнэн зөвийг тогтоохгүйгээр нэг талын байр суурьнаас хандаж зохион байгуулалттайгаар хиййгдсэн ажиллагаа гэж үзэж байна.
Удирдамж гэж тодорхой ажил хэрэг гүйцэтгэхэд удирдлага болохыг заасан баримт бичгийг хэлэх ба 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн а/4444 тоот албан бичгээр ээлжит хурлаар хэлэлцэх асуудлыг хүргүүлсэн боловч хурлаас гарах шийдвэрт удирдамж өгнө гэсэн нь үндэслэлгүй байгааг хууль зөрчиж байна гэж үзэж хариуцагчийн хууль бус удирдамж гаргаж байгаад *******ыг хариуцагчаар хамтран татах үндэслэл болгосон ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар хариуцагчийг тодорхойлж гаргаж байгаа зохигчийн эрх юм. 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 20 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тогтоол, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн, хуульд нийцээгүй гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй болно гэж дүгнэж байгаа шүүхийн шийдвэр нь өмгөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн болон нотлох баримт гаргуулах хүсэлтээр цуглуулсан нотлох баримт, нэхэмжпэгчийн тайлбарыг нотлох баримтаар тооцогдох болон үгүйсгээгүй байна.
6.8. Нэхэмжлэгч ******* нь Эрчим хүчний чиглэлийн мэргэжлээр мэргэшиж энэ салбарт 12 гаруй жил ажиллахдаа анхан шатны ажилтан болох цахилгааны монтёроос эхэлж ажилласан бөгөөд эрчим хүчний салбар хариуцсан компанийн захирал, Монгол улсын зөвлөх инжинер болох хүртэл төрийн албаны мерит зарчмаар өгсөж 2020 оноос эхлэн Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдож ажиллаж байсан. Салбар хариуцсан мэргэжлийн шилдэг менежерийг салбарын сайд өөрчлөгдсөнөөр Төлөөлөн удирдах зөвлөлд гүйцэтгэх захирлыг оролцуулахгүйгээр хууль бус удирдамжаар Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл тодорхой бус шийдвэрээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь тогтоогдсон.
Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
******* 70 хувийн хувьцааг, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар 30 хувийн хувьцааг эзэмшдэг. 2022 онд хувьцаа эзэмшигчдийн хурлаас ******* захирлыг ажлыг дүгнээд 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр *******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргатай харилцан тохиролцоод онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг байгуулж ажилласан. Ажиллаж байх хугацаандаа хэд хэдэн зөрчлүүдийг гаргасныг дотоод аудитын ажлын хэсгээр илэрсэн тул 15 зөрчлийг нотлох баримтаар анхан шатны шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгч талаас Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4.4 дэх хэсэгт заасныг үндэслэн маргаж байна. Энэ бол ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас ажил олгогчийн итгэлийг алдсан, байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг давтан, эсхүл ноцтой зөрчсөн гэдэг асуудал юм. Мөн гүйцэтгэх захирал нь онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 5.2.4, 5.2.5, 5.2.6 дахь заалтууд, компанийн дүрмийн 8.11.5, 8.11.9 дэх заалтыг ноцтой зөрчсөн. Компанийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 83.15 гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг зогсоох шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал хэдийд ч гаргах эрхтэй гэж заасан.
Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйл болон компанийн дүрмийн 5.6, 8.5, 8.6 зүйлд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх болохоор гүйцэтгэх захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй. Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйл 76.1.8 дахь хэсэгт компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох бүрэн эрхтэй. Хувьцаа эзэмшигчдийн хурлаас зөрчил гаргасан тул Төлөөлөн удирдах зөвлөлд чиглэл өгсний дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд ажлаас чөлөөлсөн. Яагаад онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулдаг бэ гэхээр гүйцэтгэх захирал ажилдаа менежментийн хувьд алдаа, дутагдал гаргасан, өртөг, зардлаа бууруулж ажиллаж чадаагүй тохиолдолд үүнийг ноцтой зөрчил гэж үздэг. Үүний дагуу гүйцэтгэх захирлыг ажлаас нь чөлөөлсөн. *******ны болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын нарийн бичгүүд удирдамж чиглэлүүдийг тухай бүрд нь хувьцаа эзэмшигч нарт танилцуулж байсан. Дийлэнх хувьцааг ******* эзэмшдэг учраас удирдамж гаргах бүрэн эрхтэй. Компанийн дүрэм болон онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн учраас ажил олгогчийн зүгээс ажлаас нь чөлөөлсөн гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******-д тус тус холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч ******* сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
3. *******-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь *******тэй 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээгээр *******ийг *******-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд 1 жилийн хугацаагаар ажиллуулахаар тохиролцсоноор тэдгээрийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн болох нь талуудын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдсон. /хх-ийн 5, 8-12/
3.1. Талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, онцгой нөхцөл бүхий гэрээ байгуулагдсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.
4. *******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 20 дугаар тогтоолоор *******ийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөр тасалбар болгон гүйцэтгэх захирлын үүрэгт ажил албан тушаалаас чөлөөлж, түүнтэй байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. Хариуцагч компанийн ТУЗ-ийн тогтоолд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ хяналт шалгалтын дүнг үндэслэн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул ажлаас халсан гэж тайлбарласан. /1-р хх-ийн 7/
4.1. Эрчим хүчний сайдын баталсан 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн удирдамжийн дагуу *******-ийн үндсэн үйл ажиллагаа, санхүү эдийн засаг, худалдан авах үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээний гүйцэтгэл, хүний нөөцийн бодлого, санхүүгийн дотоод хэрэгжилтэд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хийсэн хяналт шалгалтаар 15 төрлийн алдаа зөрчил илэрсэн. Гүйцэтгэх захиралтай байгуулсан контрактын гэрээний 3.2-т тохирсон компанийн менежментийг боловсронгуй болгох, техник технологийг шинэчлэх, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг үзүүлэлт бүрээр биелүүлэх, өртөг, зардлыг хямдруулах, өр авлагыг бууруулах, ажилтнуудын нийгмийн асуудлыг оновчтой шийдвэрлэж ажиллах үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэжээ. /1-р хх165-250, 2-р хх1-12/
4.2. *******ны *******-ийн гүйцэтгэх захирал *******т ирүүлсэн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 6/4432 тоот Зөвлөмжийн мөрөөр арга хэмжээ авч ажиллах тухай албан бичгээр ...компанийн үйл ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 31-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн хяналт шалгалтын үр дүнд өгсөн дараах зөвлөмжийн мөрөөр холбогдох арга хэмжээ авч, ...зөвлөмжийн биелэлт, түүний мөрөөр хэрэгжүүлсэн ажлын тайланг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор холбогдох баримтын хамт ирүүлнэ үү гэжээ. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...хяналт шалгалтын тайлан, зөвлөмж гэх баримтуудтай танилцаагүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй. /2-р хх16-17/
4.3. Мөн Эрчим хүчний сайдын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн а/4444 дугаартай *******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлсэн удирдамжид ...*******ны Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 6/4431 тоот хяналт шалгалтын үр дүнгийн тухай албан бичгийг танилцуулж, гишүүдийн саналыг тусган *******-ийн гүйцэтгэх захирал *******ийг дээрх шалгалтын дүнг үндэслэн чөлөөлж, түүнтэй байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу цуцлах... гэжээ. /1-р хх-ийн 163/
4.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4 дэх хэсэгт хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 80 дугаар зүйлд зааснаас гадна дараах үндэслэлээр ажил олгогч санаачлан цуцалж болно, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.4.1-д хөдөлмөрийн гэрээг дүгнэхэд ажилтан гэрээнд заасан ажил үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр хангалтгүй биелүүлсэн гэж, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.15 дахь хэсэгт Гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг зогсоох шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ хэдийд ч гаргах эрхтэй гэж заасан.
4.5. Талууд онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 5.2-т ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 65, 80 дугаар зүйлд зааснаас гадна гэрээг хугацаанаас өмнө цуцлах хэд хэдэн нөхцөлийг харилцан тохиролцсон байна. Үүнд хөдөлмөрийн гэрээний 5.2.1-д хувьцаа эзэмшигчээс гэрээг цуцлах талаар Төлөөлөн удирдах зөвлөлд удирдамж, чиглэл өгсөн бол, гэрээний 5.2.4-д гүйцэтгэх захирал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол, гэрээний 5.2.6-д гүйцэтгэх захирал хууль тогтоомж зөрчсөн, компанийг удирдан зохион байгуулах үүргээ биелүүлээгүй бол ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар тохиролцжээ.
4.6. *******-ийн дүрмийн 1.4-д компани нь 100 хувь төрийн өмчит хувьцаат компани бөгөөд хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгч нь Засгийн газраас эрх олгосон этгээд байна, 3.1-д ...70 хувийг *******, 30 хувийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар тус тус эзэмшинэ гэж, дүрмийн 6.1-д компанийн эрх барих дээд байгууллага нь Хувьцаа эзэмшигчдийн хурал байна. Хувьцаа эзэмшигчдийн хурал ээлжит, ээлжит бус байна, 6.12-т хувьцаа эзэмшигчдийн хурлаас шийдвэрлэсэн асуудлаар тогтоол, хурлын тэмдэглэл гаргана гэж тус тус заасан.
4.7. Хувьцаа эзэмшигчдийн хурлаас тогтоол гарч, үүнд хувьцаа эзэмшигчдийн саналыг тусгасан удирдамжийг үндэслэн ажлаас чөлөөлөх байсан гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй боловч онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээнд ажилтны хүлээх үүргийг талууд харилцан тохиролцсон байна.
4.8. Хэрэгт авагдсан *******ны Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын тайлангаас үзвэл хяналт шалгалтаар *******-д дээрх алдаа зөрчил илэрснийг нэхэмжлэгчийг буюу гүйцэтгэх захирлыг онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 3.2, 3.25, 3.26-т заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймээс хяналт шалгалтын дүн, Эрчим хүчний сайдын удирдамж зэргийг үндэслэн *******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоол гаргаж, нэхэмжлэгч *******тэй байгуулсан онцгой нөхцөл бүхийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4, 65.4.1-т тус тус заасанд нийцсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, *******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 5.2.4, 5.2.6-д заасан гүйцэтгэх захирал компанийг удирдан зохион байгуулах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Иймд гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл бий болсон тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч ...Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол үндэслэлгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
4.9. Түүнчлэн, нэхэмжлэгч нь хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг гаргаагүй гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
4.10. Дээрхээс дүгнэвэл, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь харьцуулж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй... гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй.
5. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******т холбогдуулан хохирол 16,867,200 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган, үндэслэлээ ...нэр бүхий 3 иргэн нэг ч өдөр ажиллааагүй байхад 9 сарын хугацаанд цалинжуулж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн... гэж тодорхойлжээ.
5.1. Анхан шатны шүүх хариуцагч ******* ажил олгогч биш тул эд хөрөнгийн хохирлыг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй гэж дүгнээд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч тал гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй.
6. Нэхэмжлэгч ******* нь хариуцагчаар *******, ******* нарыг тодорхойлсон байхад анхан шатны шүүх хариуцагч ******* нь хувьцаа эзэмшигч бөгөөд хариуцагчаар оролцвол зохих этгээд биш гэж дүгнээд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байх тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хариуцагч ******* гэснийг нэмж, мөн тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/01453 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан хариуцагч *******, *******-д тус тус холбогдохажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ