Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 212/МА2025/00025

 

Р.С-ийн хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 302/ШШ2025/00178 дугаар шийдвэртэй,  хүсэлт гаргагч **************** оршин суух хаягтай С овогт Р.С-ийн хүсэлттэй,

 

“Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Алтайн оргил нэгдэлд малчнаар 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, мөн Цэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид нормчноор 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, мөн Цэнгэл сумын “Сыргалы” ХК-д малчнаар 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тус тус тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хүсэлт гаргагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, хүсэлт гаргагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлтийн агуулга: 

1.1. Хүсэлт гаргагч Р.С- нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын уугуул иргэн. Одоо Цэнгэл суманд амьдарч байгаа. Энэ жил 61 нас хүрч байгаа. Р.С-ийн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “Алтайн оргил”-д 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан. Р.С-ийн ХААТР маягт дээр 1987 онд Цэнгэл сумны “Алтайн оргил”-д малчнаар ажиллаж байсан тухай тэмдэглэл хийгдсэн байна. 1987 оны 06 дугаар сард цэргээс ирсэн байгаа.

1.2. Мөн хүсэлт гаргагч Р.С- нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал нормчноор ажил эрхэлж байсан. Архивд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангийн материал болон бусад тушаал шийдвэрүүд нь байдаггүй юм байна.

1.3. Дараа нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Алтай оргил нэгдэл хувьчлагдаж тараад, “Сыргалы” ХК-д болж байгуулагдахад Р.С- тус компанид малчнаар 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажилласан. 1994 онд төрсөн хүүхдийн ХААТР дээр “Сыргалы” ХК-д малчнаар ажиллаж байсан талаарх тэмдэглэл үйлдэгдсэн байгаа. Урьд нь шүүхээс цэргийн алба хаасан байдлыг тогтоолгосон байгаа. Шүүхийн шийдвэрийг баримтаар гаргаж өгсөн.

 

1.4. Хүсэлт гаргагч Р.С- нь Цэнгэл сумын Алтайн оргил нэгдэлд малчнаар ажилд орсон гарсан тушаал байхгүй, мөн тус сумын Худалдаа бэлтгэл ангид нормчноор ажилд орсон гарсан тушаал архивд байхгүй, Хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул тэрээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохирч байна.

1.5. Иймд холбогдох бусад нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Р.С-ийн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “Алтайн оргил” нэгдэлд малчнаар 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, мөн Цэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид нормчноор 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, мөн Цэнгэл сумын “Сыргалы” ХК-нд малчнаар 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлын тус тус тогтоож өгнө үү.

 

2. 2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанерке хүсэлтийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбарт:

2.1. Хүсэлт гаргагч Р.С- нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “Алтайн оргил” нэгдэлд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хоньчноор, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “Алтайн оргил” нэгдэл болон “Сыргалы” ХК-д 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоолгохоор хүсэлт гаргасан байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад 1988 онд цалингийн картад 1-8 сар гэж бичигдсэн байна. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “Сыргалы” ХК-д 1991-1994 он хүртэл хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт дээр 1991, 1993, 1994 он гэж тооцсон байна. 1992 онд 750 төгрөг гэж мал, мах, түүхий эд гэж бичигдсэн байна. Энэхүү баримтад С- гэж бичигдсэн ба овог нь тодорхойгүй байна. Энэ өөр С- нэртэй хүнийх байж магадгүй.

2.2. Хэрэгт авагдсан 1991 онд төрсөн Е-ны ХААТР маягт дээр эцгийн мэдээлэл нь хоосон байсан. Архивын лавлагаанаас харахад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх баримт байхгүй байсан. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2 дахь хэсэгт ажилтны төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, хөдөө аж ахуйн нэгдэл, хоршоолол, шашны байгууллагад 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж, цалин хөлсний сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаагаар нь тооцно гэж заасан байгаа. Тийм учраас энэ хүний ажиллаж байсан байдлыг тооцох боломжгүй гэж үзэж байна.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 302/ШШ2025/00178 дугаар шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан хүсэлт гаргагч С овогт Р.С- Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Алтайн оргил нэгдэлд малчнаар 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, мөн Цэнгэл сумын Сыргалы ХК-нд малчнаар 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тус тус тогтоож, хүсэлтийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч Р.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.  

 

4. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хүсэлт гаргагч Р.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд би Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2025/00178 дугаартай шийдвэрийн “Хүсэлт гаргагч Р.С-ийн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын худалдаа бэлтгэл ангид 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосон” хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.2. Хүсэлт гаргагч Р.С- нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Худалдаа бэлтгэл ангид 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан нь шүүхэд гаргасан хүсэлт, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан дэлгэрэнгүй тайлбар, Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын архивын тасгаас гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Худалдаа бэлтгэл ангийн санхүүгийн архивын 1988 оны Р.С-ийн цалин хөлс авч байсан цалингийн цэс, шүүхийн онцгой ажиллагааны журмаар аймгийн архивын тасгаас ирүүлсэн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Худалдаа бэлтгэл ангийн 1988 оны нэр бүхий 77 ажилчдын нэрсийн 56-т С-ийн нэр бичигдсэн байдал зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзэж байна.

4.3. Гэтэл анхан шатны шүүх иргэний хэрэгт зохих журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтуудыг тухайн маргаанд хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй явдалд гомдолтой байна.

4.4. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2025/00178 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулан “Р.С-ийн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Худалдаа бэлтгэл ангид 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоон” шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж өгөхийг хүсье.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянав.

 

6. Анхан шатны шүүх Р.С-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн хүсэлттэй, ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэгт авагдсан баримтуудыг хуульд зааснаар үнэлээгүй учир шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

7. Хүсэлт гаргагч Р.С- нь хүсэлтийнхээ үндэслэлийг “...Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “Алтайн оргил” нэгдэлд малчнаар 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, мөн Цэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид нормчноор 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, мөн Цэнгэл сумын “Сыргалы” ХК-д малчнаар 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан боловч Цэнгэл сумын “Алтайн оргил” нэгдэлд малчнаар ажилд орсон, гарсан тушаал байхгүй, мөн тус сумын Худалдаа бэлтгэл ангид нормчноор ажилд орсон, гарсан тушаал архивд байхгүй, Хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул тэрээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохирч байна. Иймд хүсэлт гаргагч Р.С-ийн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “Алтайн оргил” нэгдэлд малчнаар 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, мөн Цэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид нормчноор 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, мөн Цэнгэл сумын “Сыргалы” ХК-нд малчнаар 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлын тус тус тогтоож өгнө үү” гэж тайлбарлажээ.

           

8. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан хүсэлт гаргагч С овогт Р.С- нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “Алтайн оргил” нэгдэлд малчнаар 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, мөн Цэнгэл сумын “Сыргалы” ХК-нд малчнаар 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тус тус тогтоож, хүсэлтийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах боловч энэ нь онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарахгүй гэж хуульчилсан тул хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж байгаа шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах замаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг сэргээн тогтооход чиглэгдсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан бүхий л боломж, бололцоогоороо  явуулах үүрэгтэй.

 

10. Гэтэл шүүх дээрх хуульд заасан ажиллагааг явуулаагүй буюу “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “Алтайн оргил” нэгдлийн 1988 оны цалингийн карт дахь С- гэсэн нэр бичигдсэн болохоос эцгийн нэр болон ямар ажил эрхэлж байсан талаар бичигдээгүй ба хүсэлт гаргагч Р.С- нь Цэнгэл сумын Худалдаа бэлтгэл ангид нормчноор ажилласан гэдэг нь бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна”  гэж хэрэгт цугларсан тухайн баримтын эх сурвалжийг нягтлахгүйгээр, архивд үзлэг хийхгүйгээр, бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэхгүйгээр дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журам зөрчигдөхөд хүрчээ.

 

Учир нь 1988 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Худалдаа бэлтгэх ангид  хүсэлт гаргагч  Р.С-ээс өөр ижил нэртэй С- гэдэг хүн ажиллаж байсан эсэх нь хэрэгт авагдсан баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдоогүй, энэ үйл баримтыг шалгаж магадлаагүй, тухайн онд Р.С-тэй хамт ажиллаж байсан хүмүүсийг гэрчээр асууж тодруулаагүй байна.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүх өөрийн санаачилгаар нотлох баримтыг бүрдүүлэхдээ энэ журмыг зөрчсөн нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь заалтаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэгт мэтгэлцэх зарчмын агуулгыг зөв хэрэгжүүлээгүй буюу нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хуульд заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх бүрдүүлэх, хэрэгт цугларсан, цуглуулсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлэх журмыг тус тус зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

 

12. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...анхан шатны шүүх иргэний хэрэгт зохих журмын дагуу цуглуулсан бичгийн нотлох баримтуудыг тухайн маргаанд  хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь нягтлан үзээгүй явдалд гомдолтой. …шийдвэрт өөрчлөлт оруулж, Цэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид нормчноор 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж өгөхийг хүсье” гэх давж заалдах гомдол гаргажээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Архивын тасгаас олгосон 1988 оны Р.С-ийн цалингийн цэс, 1988 оны нэр бүхий 77 ажилчдын нэрсийн 56-д “С-” гэж бичигдсэн байдал зэрэг баримтуудаар нотлогдож байгаа гэх боловч дээрх нотлох баримтууд нь эргэлзээтэй, 1988 оны цалингийн картад эцгийн нэр бичигдээгүй зэргээс үзэхэд гомдлын үндэслэл хангалттай нотлогдоогүй, анхан шатны шүүх дээрх баримтуудыг магадлаагүй, архивд үзлэг хийхгүйгээр бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэхгүйгээр нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах журмыг зөрчсөн байдал нь шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх үндэслэлд хамаарч байна.

 

Иймд хэргийг дахин шийдвэрлэхээр буцаасан тул хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Р.С-ийг Цэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид нормчноор 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж өгөхийг хүсье” гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

13. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2025/00178 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК 

                       

ШҮҮГЧ                                                Ж.ОТГОНХИШИГ

 

                                   ШҮҮГЧ                                                 Д.КӨБЕШ