Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 205/МА2025/00010

 

                                                                                         “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                                                             иргэний хэргийн тухай

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 311/ШШ2025/00188 дугаар шийдвэртэй

“З” ХХК-ийн нэхэмжлэлтэй С.С-д холбогдох, 8,749,834 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхтөр, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А /цахимаар/ нар оролцов.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч “З” ХХК нь хариуцагч С.С-д холбогдуулан 8,749,834 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл:  ... Иргэн С.С манай компанид 2015 оны 04-р сарын 01-ний өдөр манай толгой компани болох "М" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын №143 тоот тушаалаар "З" ХХК-ийн захирлын албан тушаалд томилогдон, 2023 оны 09-р сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. С.С нь ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 03 дугаар сард өөрийн хариуцаж буй "З" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хуулийн хугацаанд сунгуулаагүйгээс үүдэн, мөн оны Эрүүл мэндийн даатгалын сангаас манай компанид олгох байсан 5,596,514 /Таван сая таван зуун ерэн зургаан мянга таван зуун арван дөрвөн/ төгрөг, мөн тус сангаас олгодог жороор олгох эмийн хөнгөлөлтийн нөхөн төлбөр 3,153,320 /Гурван ая нэг зуун тавин гурван мянга гурван зуун хорин/ төгрөг нийт 8,749,834.00/Найман сая долоон зуун дөчин есөн мянга найман зуун гучин дөрөв/ төгрөгийн хохирол учруулаад байна. Иймд хариуцагч С овогтой С /РД:……/-аас компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, компанийн хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэгт ажлаа дутуу, дулимаг, компанийн үйл ажиллагаа хэвийн явагдахад нөлөөлөх эрх бүхий байгууллагаас зайлшгүй авах ёстой тусгай зөвшөөрлийг цаг тухайд нь мэдүүлэг өгч аваагүйгээс үүдэн манай компанид учирсан нийт 8,749,834.00 /Найман сая долоон зуун дөчин есөн мянга найман зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулж манай компанид олгож өгнө үү.... гэжээ.

2. Хариуцагч талын хариу татгалзал, тайлбарын агуулга: “...С.С миний бие “З” ХХК-д ажиллаж байхдаа ажлаараа хэд хэдэн удаа түрүүлж, З аймагт эм ******* байдаг гэдгийг сурталчлан таниулсан. Миний бие ажиллах хугацаанд гарсан дээрх мөнгөн дүнгийн асуудал надтай хамааралгүй болно. 2023 оны 02 дугаар сарын 01-нээс 2023 оны 02 дугаар сарын 28-ныг хүртэлх жорын дүн юм. Тухайн үед Д Б гээд нягтлан бодогч сар бүрийн 5-ны өдрийн дотор мөнгөө дүнгээ нэхэмжлэл, албан бичиг 2 дээр гарын үсэг зуруулж, тамга даруулж, даатгалын газар руу явуулдаг байсан. Тухайн үед 3 дугаар сарын 5-ны бүтэн сайн өдөр таарч байсан. Манай нягтлан 3 дугаар сарын 03-ны өдөр явуулсан гэж надад хэлсэн. Тэгээд би ч өөрөө нягтлангаас дахин асууж лавлаад нэг өдөр болсон. Ингээд 3 дугаар сарын 06-ны өдөр ирээд хартал [email protected]. дээр явуулсан байсан ба mn тавиагүй байсан. Иймээс тухайн үеийн нягтлан хариуцах болно. Д.Б ч би өөрөө хариуцна гэж хэлсэн. Дараагийн 3,153,320 төгрөг нь иргэдэд өгсөн жорын мөнгө. Тухайн үед манай тусгай зөвшөөрөл 3 дугаар сарын 10-нд дуусах байсан. Миний бие 2023 оны 02 дугаар сарын 10-ны дотор буюу хуулийн хугацаанд тусгай зөвшөөрлийн материалаа, Г.Ц-т хүлээлгэн өгч байсан. Би хуулийн хугацаанд өгсөн тул 3 дугаар сарын 10-ны дотор зөвшөөрөл гарна гэсэн итгэлтэй, 3 дугаар сарыг дуустал жор олгосон юм. Иймээс энэ асуудал мөн надад хамаагүй болно...” гэжээ.

3.  Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан, “З” ХХК-ийн нэхэмжилсэн 8,749,834 төгрөгийн хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 155,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй С овогтой С-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр хэлэлцэгдэн 2025 оны 04 сарын 30-ны өдрийн 311/12025/00188 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байдаг. Харамсалтай нь анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл, энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно. /Тухайн хэрэг нь тусгайлсан журмаар хянан шийдвэрлэгдсэн болно/ гэснийг үндэслэн, 2025 оны 04 сарын 30-ны өдрийн 311/2025/00188 дугаартай Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтад зааснаар "анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох" гэж заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар дараах үндэслэлүүдээр энэхүү гомдлыг давж заалдах журмаар гаргаж байна.

Нэг. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй тухай:

Нэхэмжлэгч “З” ХХК нь С овогтой С-г тухайн зөрчлийг гаргах хүртэл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлаагүй, ажиллуулсаар ирсэн. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 09 сарын 01-ний өдрийн “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/04/237 тоот тушаалаар цуцалсан байдаг. Хавтаст хэргийн 3 хуудас/ Өөрөөр хэлбэл, талууд хөдөлмөрийн гэрээ хийснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болно гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэтэл анхан шатны шүүх үндэслэх хэсгийн 4 дүгээр хэсэгтээ ... хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна хэмээн, шүүхэд нотлох шаардлагагүй үйл баримтыг дурдсан байна. Мөн хөдөлмөрийн гэрээнээс үүссэн шалтгаант холбоог бүрэн дүүрэн үнэлээгүй гэж үзэж байна. Үүнийг иргэний эрх зүйн онолын хүрээнд, иргэний эрх зүйн зохицуулалтын аргаар тайлбарлавал, тухайн харилцаанд үндэслэл, үүргийн зөрчил шийдвэрлэх онцлог, бусдын эрхийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх албадлагын нөлөөлөл буюу хариуцлагын онцлогийг харгалзан үзэх ёстой. Гэтэл анхан шатны шүүх нь тухайн С овогтой С нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд орсон бол ажил олгогчийн өмнө үүрэг хүлээж, хариуцлагатай ажиллах ёстой гэдгийг үнэлээгүй. Тодруулбал, С овогтой С нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт …Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулна. “М” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээний 4.2.2-т …Ажилтан үүрэгт ажлаа чанарын өндөр түвшинд, ажлын шаардлагыг бүрэн хангаж, цаг хугацаанд нь мэдлэг чадвараа дайчлан, идэвх зүтгэлтэй, санаачилгатай, үр бүтээлтэй ажиллаж "Хедөлмөрийн дотоод журам", "Газрын үйл ажиллагааны журам", ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллах үүрэгтэй. Хавтаст хэргийн 5 дугаар хуудас/ “М” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын …Удирдах ажилтан нь үүрэг, хариуцлагаа ухамсарлан, аливаа ажилд нухацтай хандаж, нарийн судлан шинжилж, шийдвэр гаргах түвшинд ажиллана. Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 3.2-т зааснаар удирдах ажилтан... салбар компанийн захирал орох бөгөөд тухайн салбар компанийн захирлаар ажиллаж байх хугацаандаа ажилдаа нухацтай хандаагүй гэж дүгнэх үндэслэл болж байна. Өөрөөр хэлбэл, иргэний эрх зүйн хариуцлагын арга буюу эд хөрөнгийн хариуцлагын арга нь онолын хүрээнд эрх зөрчсөн этгээдийн хувийн зан төлөв, хувийн эд хөрөнгөнд шууд нөлөөлөх зохицуулалтын арга гэж үздэг. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн эрх зөрчигдсөн бол хохирлоо төлүүлэх, зөрчигдөхөөс өмнөх байдалд сэргээх тодорхой аргуудаар иргэний эрх зүйн хариуцлага тодорхойлогдоно гэдгийг анхан шатны шүүх үнэлээгүйд гомдолтой байна. Мөн анхан шатны шүүх тухайн этгээд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд орсон бол, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна уу?, Хөдөлмөрийн дотоод журмаар хүлээсэн хариуцлагаа ухамсарлан ажиллах ёстой юу гэдэгт огт дүгнэлт хийгээгүй байна.

Хоёр. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай:  

Анхан шатны шүүх нь тогтоох хэсэгтээ …Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгийг үндэслэсэн байдаг. Иргэний хуулийн 498.1-т Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ. Өөрөөр хэлбэл, ажилтан нь бусдад хохирол учруулсан бол тухайн хохирлыг ажил олгогч хариуцахаар байна. Гэтэл бид бүхэн бусдад ямар нэгэн байдлаар хохирол учруулаагүй. Харин “З”-н захирлын албан тушаалд ажиллаж байсан С овогтой С нь ажил мэргэжлийн үүрэгтээ хариуцлагагүй хандсаны улмаас манай компанид Эрүүл Мэндийн даатгалын сангаас олгох ёстой байсан 8,749,834 төгрөгийг одоог хүртэл олгоогүй нь бид бүхний хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөж байна гэдгийг анхан шатны шүүх харгалзан үзээгүй. Мөн тогтоох хэсэгтээ, ямар учир шалтгааны улмаас Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг буюу бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд, уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө огох, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэснийг үндэслэсэн нь хууль зүйн хувьд нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, хэнээс, хэнд хариуцлага хүлээлгэх гээд байгаа шалтгаант холбоог шүүх дутуу дулимаг дүгнэсэн гэж үзэж байна. Шүүх тухайн эрх зүйн харилцааг үндэслэх хэсэгтээ …хөдөлмөрийн гэрээн дээр үүссэн, хөдөлмөрийн эрх зүйн харилцаа гэж тодорхойлон, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн атлаа, тодорхойлох хэсэгтээ гэм хорын эрх зүйн зохицуулалтаар зүйлчилсэн нь илт үндэслэлгүй байна. Мөн шүүх гэм хорын харилцаа гэж үзсэн тохиолдолд, гэм хор учруулсан үйлдэл, эс үйлдэл бий болсон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог тодорхойлох шаардлагатай. Гэтэл гэм хор гэж үзэн шийдвэрээ гаргасан байж, тухайн шалтгаант холбоо хэрхэн, яаж, үүссэн талаар дурдаагүй нь үндэслэлгүй байна. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү…гэжээ.

5. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл, энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно. /Тухайн хэрэг нь тусгайлсан журмаар хянан шийдвэрлэгдсэн болно/ гэснийг үндэслэн 2025 оны 04 сарын 30-ны өдрийн 311/2025/00188 дугаартай Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. …Хөдөлмөрийн гэрээ гэдэг нь нэг талаасаа ажил олгогч хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн гэрээг хэлнэ. Гэрээ хэлэлцсэн ухагдахуунд хэд, хэдэн шалгуурт дурдан ангилал хийж байна. Эрх үүргийн хуваарьт нэг тал, хоёр тал, олон тал гэж ангилаад байгаа. Хөдөлмөрийн гэрээний үүргийн хувьд болохоор 2 тал нь эрх эдэлж үүрэг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, ажил олгогч, ажилтан хоёр үүрэг хүлээж байгаа. С.С нь Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2 дахь хэсэгт зааснаар ажилтан үүрэгт ажлаа чанарын өндөр түвшинд, ажлын шаардлагыг бүрэн хангаж, цаг хугацаанд мэдлэг чадвараа дайчлан идэвх санаачилгатай үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрийн дотоод журам, газрын үйл ажиллагааны журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн ажиллаж биелүүлэх үүрэгтэй байсан. Мөн хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.5.9 дэх хэсэгт заасан хариуцан ажилласан ажилдаа хайнга хандаж, зохицуулагч байгууллага болон хяналт тавих байгууллагад хүргэдэг мэдээ, тайланг алдаатай хүргэсэн байдаг. Энэ талаар хариуцагч хариу тайлбартаа тэмдэглэгээ тавиагүй талаараа дурдсан байдаг. Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол, зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногоос доошгүй хоногийн өмнө, зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдөл, хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн баримт бичгийг эрх бүхий этгээдэд гаргана гэж хуульчилж өгсөн байгаа. Хариуцагч хариу тайлбартаа ...тусгай зөвшөөрлийн хугацааг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр дуусах байсан учраас хугацаа дуусахаас өмнө хүсэлтээ өгсөн гэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх тухай хугацааны явцад дараах үүргийг хүлээх буюу Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Хариуцагч нь хариу тайлбартаа холбогдуулж шүүхэд ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй нь хариу тайлбараа нотолж чадахгүй гэж үзэж байгаа. Мөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.2 дугаар зүйлд заасан хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж хуульчилсан бөгөөд, энэхүү үүргээ хариуцагч нь биелүүлээгүй гэж үзэж байна. Үүнээс шалтгаалан манай компанид 2023 оны эрүүл мэндийн даатгалын сангаас авах ёстой байсан 8,749,834 төгрөгийг өнөөдрийг хүртэл авч чадаагүй нь манай компанийн хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байна. Мөн газрын захирал нь тухайн газрын бүхий л ажилтнуудын чиг үүргийг хангаж, өдөр тутмын үйл ажиллагааг хангах ёстой байтал, үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор нягтлан бодогчийн буруу байсан мэтээр тайлбарладаг. Тодруулбал, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн буюу “З” ХХК нь эрүүл мэндийн даатгалын сангийн нөхөн олговрыг аваагүй гэдгийг нотолж байхад, анхан шатны шүүх эрүүл мэндийн газраас даатгалын мөнгийг олгохгүй гэх нотлох баримт шүүхэд ирүүлээгүй тул хохирсон гэж үзэх үндэслэлгүй байна гэж тайлбарлаад байгаа нь алдаа дутагдалтай болоод байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн олговор авахдаа алдаа гаргасан буюу аваагүй болохоо хариуцагч нь өөрөө хариу тайлбараар зөвшөөрсөн байгаа. Анхан шатны шүүх хохирлыг тооцохгүй гэж тайлбарласан нь нэхэмжлэгчийн зүгээс үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, энэхүү мөнгөн дүнгийн хохирол нь хэрхэн учирсныг хариу тайлбараараа нотолж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

                                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч компанийн …анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн...” гэсэн агуулга бүхий гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ. 

2. Нэхэмжлэгч “З” ХХК нь хариуцагч С.С-д холбогдуулан компанид учируулсан хохиролд 8,749,834 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа …иргэн С.С нь ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 03 дугаар сард өөрийн хариуцаж буй “З” ХХК-ны тусгай зөвшөөрлийг хуулийн хугацаанд сунгуулаагүйгээс үүдэн, мөн оны Эрүүл мэндийн даатгалын сангаас манай компанид олгох байсан 5,596,514 төгрөг, мөн тус сангаас жороор олгох эмийн хөнгөлөлтийн нөхөн төлбөр 3,153,320 төгрөг, нийт 8,749,834 төгрөгийн хохирол учруулсан гэжээ.

5. Хэрэгт авагдсан баримтуудаар “М” ХХК-ны захирлын тушаалаар хариуцагч С.С нь “З” ХХК-ны захирлын ажилд томилогдон, талууд хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажиллаж байсан бөгөөд “М” ХХК-ны захирлын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/04/237 дугаартай тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байна. Дээрхи нөхцөл байдлаас харахад талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байна.

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.1 дэх хэсэгт өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд хариуцлага хүлээлгэж болохоор заасан ба мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2,  дэх хэсэгт   эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх, хэрэв эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй бол эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх талаар тус тус заажээ.      

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дугаар зүйлийн 131.1.1-131.1.5-д заасан тохиолдол үүссэн үед эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх ба хэрэгт авагдсан баримтаар ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.2 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтан нь, мөн хуулийн 130, 131 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх боловч, нэхэмжлэгч байгууллагын хувьд энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.

9. Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлд …бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд, гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй талаар зохицуулсан байна.

Гэвч нэхэмжлэгч компани хариуцагч С.С нь ажиллаж байсан хугацаандаа хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмын ямар заалтыг зөрчсөний улмаас компанид 8,749,834 төгрөгийн хохирол учируулсан гэдгийг шүүхэд баримтаар нотолж чадаагүй тул компанид хохирол учирсан гэж үзэн, хариуцагчаас хохирлыг гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны үндэслэл бүхий байна.

10. Харин анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч компани нь хариуцагчаас хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс компанид учирсан хохирол шаардсан байхад “байгууллага, албан тушаалтан бусдад гэм хор учруулсны хариуцлага болон эд хөрөнгөнд гэм хор учруулсны хариуцлага болох Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг баримталсныг хасаж, шүүхийн шийдвэрийг зөвтгөж, шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

11. Нэхэмжлэгч компаниас давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбртаа …анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох гэж, өөрийн эсрэг тайлбарыг гаргаж байсан боловч, давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч компаниас тодруулсны үндсэн дээр андуурч бичиж, тайлбарласан гэснийг дурьдах нь зүйтэй байна.

12. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч компанийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр   сарын 30-ны өдрийн 311/ШШ2025/00188 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх гэснийг тус тус хасаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 131 дүгээр зүйлийн 131.1.2 дэх заалтыг нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,948 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр тул хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Б.АРИУНБАЯР

                                                                            ШҮҮГЧИД                              Ч.ЭНХТӨР

                                                                                                                           Б.НАМХАЙДОРЖ