Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 1120

 

 

 

 

 

 

 

 

    2019         7          16                                  2019/ШЦТ/1120

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ундармаа,

улсын яллагч А.Ариунаа,

шүүгдэгч Л.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Бор ишигт овогт Лхайсүрэнгийн Нт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 02473 0898 дугаар хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Л.Н

 

Үйлдсэн хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Л.Н нь 2019 оны 4 дүгээр сарын 22-ны шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөхийн өргөөний автобусны буудлын орчимд иргэн Г.Нармандахын эзэмшлийн самсунг галакси А-5 маркийн гар утсыг утсаар ярьж байхад нь булааж илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                       

              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 02473 0898 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Л.Н нь хохирогч Г.Нармандахын эзэмшлийн самсунг галакси А-5 маркийн гар утсыг утсаар ярьж байхад нь булааж илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Г.Нармандахын мөрдөн байцаалтанд өгсөн:

Би өнөөдөр орой буюу 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 20:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Бөхийн өргөөний автобусны буудал дээр гэртээ харих гээд явж байсан чинь замд 30-40 орчим настай, 165 орчим насны, туранхай биетэй, онигор нүдтэй, шар царайтай согтуу архи үнэртүүлсэн эрэгтэй хүрч ирээд утсаараа нэг яриулаач гэж хэлэхээр нь би тэр эрэгтэйд надад нэгж байхгүй гэсэн. Тэгтэл тэр эрэгтэй надруу хандаж нэг юм яриад байж байсан чинь тухайн үед манай охин Мөнхжаргал надруу залгаж таарсан. Тэгэхээр нь би утсаа гаргаж ирээд охинтойгоо утсаар ярьж байсан чинь тэр эрэгтэй миний гарнаас миний утсыг булааж аваад халаасандаа хийчихээд өгөхгүй байсан. Би тухайн үед тэр хавиар явж байсан хүмүүст миний утсыг дээрэмдчихлээ гэж орилоод гүйсэн боловч тэнд явж байсан хүмүүс тоогоогүй. Тэгсэн чинь нөгөө миний утсыг авсан эрэгтэй бөхийн өргөөний автобусны буудлын ертөнцийн зүгээр баруун талд баригдсан шинэ худалдааны төвийн зүг харанхуй газарлуу ороод алга болсон. Тэгээд би гэртээ ороод охиндоо болсон явдлын талаар хэлсэн чинь манай охин цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/,

 

“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн:

Самсунг А5 маркийн хуучин, 2018 оны 11 сард авч байсан гар утас 240.000 төгрөгийн үнэлгээтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 19-20 тал/,

 

Шүүгдэгч Л.Нийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр би сансрын түнел орчим үл таних хэсэг бүлэг хүмүүстэй 5 шил архи уусан. Хамт архи уусан хүмүүсээ танихгүй, гудманд явж байгаад архи ууж байгаа хэсэг хүмүүстэй таараад л архинаас нь уусан. Тэгээд орой 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо бөхийн өргөөний автобусны буудал орчим нэгэн үл таних хөгшин эрээс гар утсаараа нэг яриулаач гэхэд нэгжгүй гэж хэлээд яриулахгүй байсан. Тухайн үед уусан архи гарч эрүүл болж байсан ч надаас архи үнэртсэн болохоор надад тэр хүн гар утсаа өгөөгүй байх. Тэгтэл хөгшин эрийн гар утас нь дугархаар нь би харж байгаад аваад зугтаасан. Миний авч зугтаасан гар утас самсунг а-5 маркийн гар утас байсан. Би гар утсыг нь авч зугтаагаад явж байгаад Хөдөө аж ахуйн яамны орчим үл таних хүнд гар утсыг 30.000 төгрөгөөр зараад архи авч Санхүү Эдийн Засгийн сургуулийн орчим ганцаараа уугаад тасарсан байсан. Согтуу байх үедээ нэг байрны орцонд нь ороод унтаад өгсөн байсан. Одоо аль байрны ямар орцонд унтсан талаараа санахгүй байна. Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 44 тал/,  

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 2, 3 тал/,

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5 тал/,

-эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 12 тал/,

-эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 13 тал/,

-камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14 тал/ зэрэг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Л.Нийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 24 тал/, эрүүгийн хариуцлага ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26 тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч нь хохирогч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Л.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Л.Н нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Л.Нийн иргэн Г.Нармандахын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Г.Нармандах нь “240.000 төгрөг бэлнээр төлж хохирол барагдуулсан, цаашид гомдол саналгүй, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” /хх-ийн 111 тал/ гэх баримт хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгч Л.Нт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг төлж барагдуулсан байдал, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Л.Нийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн хэргийн талаарх тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулж, өмнө оногдуулсан ялыг эдлээгүй байх учир энэ тогтоолоор оногдуулсан ялд нэмж нийт ялыг тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Л.Н нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 75 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Нийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нийг 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих хүнд ялд 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож нийт 50 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 7 сар 50 хоногийн хугацаагаар тогтоосугай.   

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нт оногдуулсан 7 сар 50 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Нийн цагдан хоригдсон 75 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч Л.Н нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ADATA гэсэн бичигтэй хар өнгийн флаш 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БААСАНБАТ