| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/06981/И |
| Дугаар | 210/МА2025/00673 |
| Огноо | 2025-04-25 |
| Маргааны төрөл | үл хөдлөх эд хөрөнгийг дуудлга, худалдаагаар худалдах журам зөрчсөн , |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2025/00673
*******ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 197/ШШ2025/00963 дугаар шийдвэртэй,
*******ы нэхэмжлэлтэй,
*******т холбогдох
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 10 сарын 15-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай ******* тоот тогтоол, 2024 оны 10 сарын 16-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тоот тогтоол, 2024 оны 10 сарын 18-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай ******* тоот тогтоол, 2024 оны 10 сарын 22-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай ******* тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 10 сарын 15-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай ******* тоот тогтоол, 2024 оны 10 сарын 16-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тоот тогтоол, 2024 оны 10 сарын 18-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай ******* тоот тогтоол, 2024 оны 10 сарын 22-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай ******* тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2.1. Хариуцагч нь төлбөр төлөгчийн эд хөрөнгүүдийг битүүмжлэх, хураах баталгаажуулах арга хэмжээг явуулахдаа хуульд заасны дагуу хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг оролцуулсан, төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан Баз интернэшл ХХК-ийн ерөнхий менежер д мэдэгдэх хуудсаар болон ажиллагааны талаар утсаар мэдэгдэж байсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэх үндэслэл заан эс зөвшөөрч, маргажээ.
2.2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тайлбар, татгалзлыг дэмжин оролцож байгаа талаарх байр суурийг шүүхэд илэрхийлсэн байна.
3. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
3.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/01328 дугаар шийдвэрээр -ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, хаягт байрлах 544 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын дугаарт бүртгэлтэй 1458 м.кв талбайтай -ийн газар эзэмших эрх, Баянзүрх дүүргийн 5500 м.кв талбайтай 0231241 тоот гэрчилгээний дугаар, 3018/0354 нэгж талбайн дугаар бүхий газар эзэмших эрх зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг албадан худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хариуцагч ******* болон , ******* нарт даалгаж шийдвэрлэсэн. /хх18-31/
3.2. Уг шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШЗ2024/12141 дугаар захирамжаар албадан гүйцэтгэхийг даалган 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 181/ГХ2024/00721 дугаартай гүйцэтгэх хуудас олгож, хариуцагч ******* нь шийдвэрийг албадан гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. /хх69-86/
3.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ******* тоот, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн тоот, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ******* тоот, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаартай тогтоолуудаар дээрх шүүхийн шийдвэрт заасан -ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, хаягт байрлах 544 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 1458 м.кв талбайтай -ийн газар эзэмших эрх, Баянзүрх дүүргийн 5500 м.кв талбайтай газар эзэмших эрх зэргийг битүүмжлэх, хураах ажиллагаа тус тус явуулсан нь Шүүхийн шийдвэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв байна. /хх88-101/
Учир нь нэхэмжлэгчийн дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлэх, хураан авах ажиллагааг явуулахдаа тухайн хөрөнгийн талаар шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдэж, төлбөр төлөгч *******ыг зарлан дуудах хуудас болон мэдэгдэх хуудсаар дуудаж хөрөнгө битүүмжилсэн, хураасан ажиллагааны тогтоолыг мэдэгдсэн, мөн төлбөр төлөгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч утсаар мэдэгдэх зэрэг ажиллагааг явуулсан талаарх үйл баримт хэргийн баримтаар тогтоогджээ. /хх90, 93, 96-98, 101-103/
3.4. Нэхэмжлэгчид шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гүйцэтгэхэд байлцах эрхийг хангах зорилгоор хариуцагч байгууллага нь уг ажиллагаанд оролцуулахаар түүнд зарлан дуудах хуудас болон мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч ирээгүй тул энэ ажиллагааны талаар шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн гэрчийг байлцуулж тэмдэглэл үйлдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасантай нийцсэн байна.
3.5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно. гэж заасан бөгөөд хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч нь эрх бүхий этгээдэд зохих журмын дагуу гомдол гаргаж шийдвэрлүүлсэн байна. Иймд нэхэмжлэгч *******ы эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.
4. Хариуцагч *******т холбогдох үл хөдлөх хөрөнгө болон газрын эзэмших эрх барьцаалсан 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 02 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 03 тоот эд хөрөнгө хураах тухай, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 04 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасантай нийцсэн тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
5. Харин хууль хэрэглээний хувьд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэг, 49, 54 дүгээр зүйлийг баримталсан нь оновчгүй байгааг зөвтгөж энэ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгийг баримталсан өөрчлөлт оруулна.
6. Мөн анхан шатны шүүх шийдвэрийн удиртгал хэсэгт шүүхийн нэрийг Нийслэл дэх Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх гэж буруу бичснийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын 2 дугаар зүйлд заасны дагуу Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх гэж залруулна.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 197/ШШ2025/00963 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэг, 49, 54 дүгээр зүйлд тус тус... гэснийг ...44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ