Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2025/00674

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/01294 дугаар шийдвэртэй

 

*******ын нэхэмжлэлтэй,

*******анд холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин 39,397,070 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Би Төрийн албаны зөвлөлийн ******* аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгуулсан аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалын тусгай шалгалтад орж тэнцэн, салбар зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 12 дугаар тогтоолын дагуу ******* аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар захирамжаар ******* аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргаар томилогдон ажиллаж байсан. Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдаас Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлсэн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1а/4410 тоот албан бичгийн дагуу ******* аймгийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар захирамжаар *******ыг ажилд томилсон захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

******* аймгийн Засаг даргын дээрх захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-т заасан журмын дагуу Боловсролын ерөнхий хууль болон Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг илтэд зөрчсөн хууль бус шийдвэр хэмээн үзэж хүчингүй болгуулахаар 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гомдол гаргаж Засаг дарга гомдлыг хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01-5/32 дугаар захирамжаар хууль, тогтоомжид нийцээгүй гэж үзэн хүчингүй болгож, уг захирамжийг ******* аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1-10/713 тоот албан бичгээр Боловсрол, шинжлэх ухааны сайдад хүргүүлсэн.

1.2. ******* аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргаар томилсон шийдвэр хүчин төгөлдөр байхад шууд түр орлон гүйцэтгэгчээр өөр хүнийг давхар томилж, ажил хүлээлцүүлж байгаа нь илтэд хууль зөрчсөн хэмээн үзэж, Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дүгээр тушаалыг, дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага болох Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс гомдлыг хэлэлцэж 117 дугаартай тогтоолоор Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дүгээр тушаал Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хуулийн зөрчсөн болохыг тогтоож, уг тушаалыг хүчингүй болгохыг Боловсрол, шинжлэх ухааны сайдад даалгаж шийдвэрлэсэн. Мөн уг тушаалын 4 дэх заалтаар ******* аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын ажлыг ******* надад хүлээлгэн өгөх арга хэмжээ авах зөвлөмжийг хариуцагчид хүргүүлсний дагуу Монгол Улсын Боловсролын сайдын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/07 дугаартай тушаалаар намайг ******* аймгийн Боловсролын газрын даргын албан тушаалд 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн томилсон.

1.3. Хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ажлаас чөлөөлөгдөж, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 117 дугаартай тогтоол, Монгол Улсын Боловсролын сайдын 2024 оны 07 дугаар сарын 30-ны -ны өдрийн Б/07 дугаартай тушаалаар эргэн томилогдох хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин 39,397,070 төгрөгөөр хохирч, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, тасалдаад байна.

Иймд ******* миний 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин 39,397,070 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсний дараа Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаснаар түүнийг ажилд эргүүлэн томилох нь зүйтэй гэх тогтоол гарч, Боловсролын сайдаас 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө эрхэлж байсан ажилд томилсон. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа 7 сар, 27 хоног байсан. Энэ хугацааны нэхэмжлэлийн мөнгөн нь дүн үндэслэл бүхий бол нөхөн олговрыг олгоход татгалзах зүйлгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******наас нэхэмжлэгч *******од ажилгүй байсан хугацааны цалин 16,517,000 төгрөгийг гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 22,880,070 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар 43.2.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг хариуцагч *******анд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 425,105 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас 240,535 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. ******* нь Төрийн албаны зөвлөлийн ******* аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгуулсан аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалын тусгай шалгалтад орж тэнцэн, Салбар зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 12 дугаар тогтоолын дагуу ******* аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар захирамжаар ******* аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргаар томилогдон ажиллаж байсан. Гэтэл ******* аймгийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар захирамжаар *******ыг ажилд томилсон хүчингүй болгож шийдвэрлэсэн. ******* аймгийн Засаг даргын дээрх захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-т заасан журмын дагуу Боловсролын ерөнхий хууль болон Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг илтэд зөрчсөн хууль бус шийдвэр хэмээн үзэж хүчингүй болгуулахаар 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гомдол гаргасан бөгөөд Засаг дарга гомдлыг хүлээн авч, Боловсрол шинжпэх ухааны сайдад хүргүүлсэн. Боловсрол, шинжлэх ухааны яамны салбарын хяналт хэрэгжүүлэх газрын дарга *******аар ахлуулсан ажлын хэсэг Дархан-уул аймагт хүрэлцэн ирж Боловсрол, шинжпэх ухааны сайдын тушаалыг танилцуулан ******* аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын ажпыг хүлээлцүүлсэн.

*******ыг ******* аймгийн Боловсрол, шинжпэх ухааны газрын даргаар томилсон шийдвэр хүчин төгөлдөр байхад шууд түр орлон гүйцэтгэгчээр өөр хүнийг давхар томилж, ажил хүлээлцүүлж байгаа нь илтэд хууль зөрчсөн гэж үзэж, Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Боловсрол, шинжпэх ухааны сайдын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дүгээр тушаалыг, захирамжийг хүчингүй болгуулахаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасны дагуу гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага болох Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал нь Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хуулийн зөрчсөн болохыг тогтоож, уг тушаалыг хүчингүй болгохыг Боловсрол, шинжпэх ухааны сайдад даалгаж шийдвэрлэж, улмаар Монгол Улсын Боловсролын сайдын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/07 дугаартай тушаалаар ******* намайг ******* аймгийн Боловсролын газрын даргын албан тушаалд томилсон.

4.2. Хууль бус шийдвэрийн улмаас ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ажпаас чөлөөлөгдөж, 2024 оны 07 дугаар сарын 30-ний өдөр Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 117 дугаартай тогтоол, Монгол Улсын Боловсролын сайдын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/07 дугаартай тушаалаар эргэн томилогдох хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин 39,397,070 төгрөгөөр хохирч, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, тасалдаад байна. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардпагыг агуулгын хувьд зөвшөөрсөн. Гэтэл шүүхийн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг иш татан, 5-т нэхэмжлэгч ******* нь 2023 оны 11 сараас 2024 оны 04 сар хүртэл 1,757,000 төгрөгийн, 2024 оны 4 сараах 2024 оны 8 сар хүртэл 1,933,000 төгрөгийн цалинтай болох нь Боловсрол шинжлэх ухааны газрын санхүүгийн баримтаар тогтоогдсон энэ талаар талууд маргаагүй. Иймд нэхэмжлэгч *******од 2023 оны 11 сарын 07-ний өдрөөс 2024 оны 07 сарын 30-ний өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 16,517,000 төгрөгийг /5сар*1,757,000 төгрөг=8,785,000 төгрөг, 4 сар* 1,933,000=7,732,000 төгрөг/ хариуцагч *******наас гаргуулан олгож, 22,880,070 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын амаар болон бичгээр гаргасан тайлбарт нийцэхгүй буруу дүгнэлт хийжээ.

*******ын хувьд ******* аймгийн Боловсролын газрын даргын албан тушаалтай бөгөөд ТЗ-4 зэрэглэлд хамаардаг. Уг албан тушаалын цалингийн доод хэмжээ нь Монгол Улсын Засгийн газрын Төрийн зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 241 дүгээр тушаалаар 1,757,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128 дугаартай тогтоолоор 1,933,000 төгрөг тус тус тогтоосон. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2024.02.28-ны өдрийн 82 дугаар хавсралт, Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 6 дугаарт хавсралт Төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэ" төрийн албан хаагчийн нэмэгдэл олгох журам-н 2.1-т Орон нутагт ажилласны нэмэгдлийг хөдөөгийн сум (тосгон)-д ажиллаж байгаа төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид тухайн эрхэлж байгаа албан тушаалын үндсэн цалингийн 40 хувь, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан Багануур Багахангай, Налайх дүүрэгт ажиллаж байгаа төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид тухайн эрхэлж байгаа албан тушаалын үндсэн цалингийн 20 хувиар тус тус бодож, сар бур олгоно, 2.3-т Орон нутагт ажилласны нэмэгдлийг тухайн орон нутгийн хөгжлийн бодлогын хүрээнд орон нутгийн болон улсын төсвийн байгууллагын төрийн захиргааны, үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид нэмж олгох асуудлыг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал тухай жилийн орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэж болно, 2.4-т Энэ журмын 2.1, 2.3-т заасан нийт нэмэгдлийг хэмжээ нь мөн журмын 2.2-т заасан цалингийн хэмжээ доод хэмжээний 100 хувиас хэтрэхгүй байна. гэж тус тус заасан байна.

Монгол Улсын Засгийн газрын дээрх тогтоолын дагуу ******* аймгийн хувьд иргэдийн төлөлөөгчдийн хурлын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 54 дугаартай улсын төсвийн байгууллын орон нутгийн нэмэгдэлийн 40 хувиар тогтоосон. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам-ын 2 -т заасны дагуу тухайн албан хаагчийн ажилласан 2 дахь жилээс албан тушаалын сарын үндсэн цалингаас жил бүр нэгтооцохоор заасан байна. Дээр дурдсан төрийн захиргааны албан хаагчийн суурь цалин, бусад үндсэн цалингийн бүрдэл болох нэмэгдлүүдийг тогтоосон Монгол Улсын Засгийн газрын холбогдох тогтоолуудаас үзвэл албан тушаалын цалин, орон нутгийн нэмэгдэл 60 хувь, зэрэг дэвийн нэмэгдэл буюу ахлах түшмэл, гутгаар зэргийн нэмэгдэл 28 хувь, төрийн албан ажилласан жилийн нэмэгдэл 25 хувь гэх нэмэгдлүүдээс нэхэмжлэгч *******ын Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.2-т заасан цалин хөлс тогтоохоор байна.

Дээрх цалин хөлсний талаар ******* аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын санхүүгийн тамга бүхий нягтлан бодогчийн гарын үсэгтэй тооцооллыг нотлох баримтаар 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд өгсөн бөгөөд хариуцагчийн зүгээс дээрх баримттай холбогдуулан маргаагүй. Гэтэл шүүхээс Монгол Улсын Засгийн газрын Төрийн зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 241 дүгээр тушаалаар 1,757,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128 дугаартай тогтоолоор тогтоосон 1,933,000 төгрөгөөр тооцож, цалинг гаргуулахаар шийдвэрлэсэн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх ашгийг илт хохироосон.

Иймд шүүхийн шийдвэрийн 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******анд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх 39,397,070 төгрөгийн хохирол гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ ...******* аймгийн Боловсролын газрын даргын албан тушаалд томилсон шийдвэр хүчин төгөлдөр байхад түр орлон гүйцэтгэгчээр өөр хүнийг давхар томилж, ажил хүлээлцүүлсэн нь хууль зөрчсөн гэж Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасныг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дүгээр тушаалыг Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны хууль зөрчсөн болохыг тогтоож шийдвэрлэсэн учир 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ажил үүргээ гүйцэтгээгүй хугацааны цалин хөлстэй тэнцэх хохирлыг гаргуулна... гэж тодорхойлжээ.

 

4. Нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын албан тушаалтаны буруу гаргасан шийдвэрээс хохирол учирсан гэж шаардсаныг шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг, Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3.5-д заасныг үндэслэн хохирлыг тодорхойлж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

 

5. Хэрэгт *******ыг ******* аймгийн Боловсролын газрын даргын албан тушаалд томилсон Монгол улсын Боловсролын сайдын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/07 тоот тушаал байна. Уг тушаалд *******ын сарын үндсэн цалинг ТЗ-4 зэрэглэлийн 1,933,000 төгрөгөөр тогтоож, төрийн алба хаасан нэмэгдлийг 21 хувиар, төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэвийн нэмэгдлийг 28 хувиар тус тус тооцож олгохыг даалгажээ.

 

6. Шүүх хуралдаанаар *******ын нэмэгдэл хөлсийг тодруулахад нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* төрийн албанд 25 жил ажилласан тул 25 хувийн нэмэгдэл, төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэвийн 28 хувийн нэмэгдэл, Засгийн газрын тогтоолооор орон нутгийн нэмэгдэл авах ёстой гэж тайлбарласан.

 

7. Нэхэмжлэгч *******од хохирлыг гаргуулж шийдвэрлэхэд тэрээр өмнө нь хэдэн төгрөгийн цалин хөлс авч байсан, хэдэн жил төрийн алба хаасан, хэдэн хувийн нэмэгдэл хөлс авч байсан гэх нөхцөл байдал тодорхой бус байхад анхан шатны шүүх тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

8. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/01294 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,360 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ