| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/1119/Э |
| Дугаар | 1125 |
| Огноо | 2019-07-17 |
| Зүйл хэсэг | 11.7.1.2., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 1125
2019 07 17 2019/ШЦТ/1125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Г.Цэрэнжамц,
Нарийн бичгийн дарга Ш.Ундармаа,
Хохирогч А.Бадамцоо,
Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ат холбогдох эрүүгийн 1906 01444 1503 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Д.А
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Д.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр А.Бадамцоотой байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлан, тарчлааж, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай 1037 дугаартай шийтгэвэр, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай 637 дугаартай шийтгэвэрээр тогтоож байх ба 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлэгийн 9-416а тоотод буюу өөрийн гэртээ эхнэр А.Бадамцоог янхан, гичий, писда гэж доромжлон байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлан, тарчлааж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 01444 1503 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Д.А нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Б.Бадамцоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр А бид хоёр архи уучихсан байсан юм. Тэгтэл А намайг хэл амаар доромжлоод байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. А өмнө нь намайг цохиж зоддог байсан. Тухайн үед нь цагдаагийн байгууллагад хандаж эрүүлжүүлж, торгуулаад л болчихдог байсан. Зодуулснаасаа болж шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгож байгаагүй. А нь 7-10 хоног завсарлаж байгаад нэг уухаараа 10-14 хоног тасралтгүй архи уудаг. А нь архи уухаараа гэртээ агсам согтуу тавьж, намайг хэл амаар байнга доромжилдог. Аын аав нь 2010 онд нас барсан юм. Архи уухаараа л намайг “чи миний аавыг алсан, янхан, писда, гичий” гэх мэтээр байнга харааж зүхдэг гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,
-зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/,
-хохирогчийн аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 53 тал/,
-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1037 дугаар шийтгэвэр, 2018 оны 04 дугаар 18-ны өдрийн 637 дугаар шийтгэвэр /хх-ийн 27-70 тал/,
-цагдаагийн газрын бүртгэлийн сангийн мэдээлэл /хх-ийн 54-62/,
Шүүгдэгч Д.Аын мөрдөн байцаалтанд өгсөн:
2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр манай эхнэрийн найз Болороогийн төрсөн өдөр болоод тэдний гэрт нь орж манай эхнэр, Болороо, түүний нөхөр бид 4 хамт архи уусан юм. Тэгээд бүгд нэлээн согтоцгоогоод би хүүтэйгээ хамт Бадамцоог бараг хүчээр шахуу чирч гэртэй оруулсан. Тухайн үед Бадамцоо согтчихоод гэртээ орохгүй, дахиж архи ууна гээд байсан юм. Тэгээд гэртээ орж ирээд Бадамцоо уурлаад надад “чи намайг манай найзынхаас намайг авч явдаг хэн юм” гээд бид хоёр маргалдаад би гэрээс гарч явахад Бадамцоо цагдаа дуудсан. Дэлгүүр орчихоод буцаад гэртээ ирэхэд гэрт цагдаа ирчихсэн байсан. Намайг эрүүлжүүлэхэд аваачиж хийсэн гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Д.Аын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 29 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 31 тал/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 37 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.А нь эхнэртэйгээ байнга хэрцгий харьцаж, тарчлаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шүүхийн шийтгэвэрүүд, хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Хэрцгий харьцсан гэдэг нь дээрх тохиолдолд хэл амаар доромжлох үйлдэл хамаарна. Шүүгдэгч согтууруулах ундааны зүйлийг ойр ойр давтамжтайгаар их хэмжээгээр хэрэглэх нь гэр бүлийн бусад оролцогч нарын амар тайван, ая тухтай байдлыг байнга алдагдуулж, хохирогчийн хувьд сэтгэл санааны шаналал зовиурыг үүсгэж байгаа байдал юм.
Иймд шүүгдэгч Д.Аын гэр бүлийн харилцаатай хүнтэйгээ хэрцгий харьцаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Уг хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.
Хохирогч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй байх тул Д.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, бусдад төлөх төлбөргүй байдал, хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Тэнссэн хугацаанд хязгаарлалт тогтоох тодорхой төрлийн албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Аыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй байнга харгис хэрцгий хандсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Д.Аыг нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Амгалагбаатарт согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Д.Ат хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Д.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ат хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ