Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1128

 

 

 

 

 

 

 

  2019         07          19                                  2019/ШЦТ/1128                                

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

нарийн бичгийн дарга Ш.Ундармаа,

улсын яллагч Э.Ундраххэрлэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Өлзийхүү, түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Л.Очбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Аыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1903 00331 0228 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б. А.

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 3 дугаар сарын 30-ны орой 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дүнжингарав худалдааны төвийн зүүн зүгт Улиастай гүүр явах замд “Тоёота Кроун” маркийн 41-89 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх заалт “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч /10 настай/ Ө.Мөнх-Эрдэнийг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогдсон.              

/яллах дүгнэлтэд бичигдэснээр/

 

                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

шүүгдэгч Б.А нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохирсон гэмт хэрэгт гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Өлзийхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр манай хүү Мөнх-Эрдэнийг ээж нь сургуулиас нь аваад Улиастай чиглэлийн автобусанд суулгаад Өлзийбаяр ахын гэр рүү явуулсан байсан. Тэр өдрөө ахынд хоносон. Манай ахынх Мөнх-Эрдэнийн орчим насны 3 банди байдаг, хамтдаа тоглож хононо гэхээр нь маргааш нь амралтын өдөр байсан болохоор явуулсан юм. Талийгаачийн оршуулгын зардалд 5.937.350 төгрөг гарсан. Баримтыг хэрэгт хавсаргасан. Жолоочтой уулзсан. 1 сая төгрөг өгсөн. Манай ахын хүүхэд Хишигдэлгэр хамт явсан байсан. Жолоочид гомдолтой байна. Хоёр хүүхдийг харсаар байж хурдаа тааруулж яваагүй. Хүүхдийг мөргөхгүй байх бүхий л арга хэмжээг авч чадаагүй гэж бодож байна гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,

 

Насанд хүрээгүй гэрч Ө.Шижирбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

Гэрт манай аав, ээж хоёр байхгүй, би дүү нарынхаа хамт байсан. Ингээд орой хоол хийх гээд байж байхад Мөнх-Эрдэнэ, Хишигдэлгэр 2 тоглоно гээд гэрээс гарсан. Гэртээ байж байхад манай дүү Хишигдэлгэр уйлаад ороод ирсэн. Яасан талаар асуухад урд зам дээр машинд дайруулчихлаа гэсэн. Ингээд замруу очоод харахад машин замын урд талд явган хүний зам дээр дээшээгээ харсан байдалтай ухаангүй, ам, хамраас нь цус гарчихсан байсан. Мөнх-Эрдэнийн хоёр хөлөнд рольк нь байхаар нь тайлаад гутлыг нь өмсүүлсэн. Түргэн дуудсан гэж байсан. Мөргөсөн машин энэ байрандаа байсан гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 тал/,

 

Гэрч М.Амгалангийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би тухайн өдөр 2 дугаар эгнээгээр 40 орчим км/цагийн хурдтай явж байхад надаас 100-200 метрийн урд явж байсан суудлын автомашин 1 дүгээр эгнээнд гэнэт зогсоод жолооч нь машинаасаа буугаад гараа өргөхөөр нь би уг машины ард талд нь зогссон. Тэгээд машинаасаа буугаад харахад замын урд талд нэг хүүхэд шороон хэсэг дээр дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Хөлөндөө рольк өмссөн байсан. Би хүүхэд дээр явж очиход хүүхэд амьсгалж байсан. Нөгөө хүүхэд юм ярьж чадахгүй, амнаас нь цус гарч байсан. Тэгээд би шууд 103 руу утсаараа дуудлага өгсөн. 15-20 минутын дараа замын цагдаа ирээд миний машиныг Тоёота Кроун маркын автомашины урд гаргаж зогсоогоод хэргийн газрыг хамгаалсан гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 тал/,

 

Насанд хүрээгүй гэрч Ө.Хишигдэлгэрийн мөрдөн байцаалтад өгсөн:

Манай хамаатны найз Мөнх-Эрдэнэ урд өдөр нь ирж хоносон. Тэгээд маргааш нь бид хоёр тоглож байгаад ролькоороо засмал зам дээр гулгахаар гэрээсээ урагш яваад машин замын хойд талын явган хүний зам дээр очсон. Мөнх-Эрдэнэ ролькоо өмсөөд би гуталтайгаа явсан. Бид хоёр хамтдаа зогсож байхад Мөнх-Эрдэнэ би зам гарчихаад ирье гээд урагш зам хөндлөн гарсан. Тэгтэл нэг машин аймар хурдтай ирээд Мөнх-Эрдэнийг мөргөсөн. Би шууд Мөнх-Эрдэнэ дээр гүйгээд очиход Мөнх-Эрдэнэ шороон хэсэг дээр дээшээгээ хараад уначихсан байсан. Машин зогсчихсон нэг ах буугаад ирчихсэн байхаар нь жолооч ахад эмнэлэг дуудаж байгаарай гэж хэлчихээд хойшоо гэр рүүгээ гүйсэн гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 тал/,  

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 838 дугаартай амь хохирогч Ө.Мөнх-Эрдэнийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний онош:

Авто осол: Гавал тархины битүү гэмтэл: Гавлын суурь ясны хугарал. Хоёр тал бөмбөлгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт. Баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн няцрал. Ховдлын цус харвалт. Бага тархины орой хэсгийн аалзан хальсан доор цур харвалт. Хуйхны дотор гадаргуугийн цус хуралт. Хоёр уушгины уг, баруун уушигны дээд доод дэлбэнгийн ар гадаргуу, элэгний холбоосын цус хуралт. Зүүн дээд зовхины шарх, зөөлөн эдийн няцрал. Дух, зүүн нүдний гадна талд, зүүн хацар, хамрын нуруу, уруулын дээр, цээж хэвлий, зүүн шилбэний зулгаралт. Зүүн атгаал ясны далд хугарал. Баруун шилбэний өнгийн цус хуралт.

Талийгаач Ө.Мөнх-Эрдэнийн биед суурь ясны хугарал. Хоёр тал бөмбөлгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт. Баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн няцрал. Ховдлын цус харвалт, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доор цус харвалт. Хуйхны дотор гадаргуугийн цус хуралт. Хоёр уушгины уг, баруун уушгины дээд доод дэлбэнгийн ар гадаргуу, элэгний холбоосын цус хуралт. Зүүн дээд зовхины шарх, зөөлөн эдийн няцрал. Дух, зүүн нүдний гадна талд, зүүн хацар, хамрын нуруу, уруулын дээр, цээж хэвлий, зүүн шилбэний зулгаралт. Зүүн атгаал ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна. Талийгаач дээрх гавал тархины битүү гэмтэл болох суурь ясны хугарал, хоёр тал бөмбөлгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн няцрал, ховдлын цус харвалт, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доор цус харвалт гэмтлүүдийн улмаас шууд нас баржээ. Талийгаач В /III/ бүлгийн цустай байжээ. Үхэлд хүргэх өвчин тогтоогдсонгүй. 2019 оны 03 дугаар сарын 30-ны 21:30 цагийн үед хийсэн цогцосны гадна үзлэгээр талийгаач нас бараад 2-4 цаг болсон байжээ гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 83-85 тал/,

 

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 16899 дугаартай:

Toyota Crown маркийн 4189БРА дугаартай автомашин нь техникийн бүрэн бүтэн байдлын хувьд: Урд капод зүүн талдаа 25х5см орчим хэмжээтэй хонхойсон, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -10.6мм (стандарт 5мм), урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2,5 кН, баруун талдаа 2,6 кН, зөрүү нь 3,85% (стандарт <20%), хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2,5 кН, баруун талдаа 2,5 кН, зөрүү нь 0,0% (стандарт <30%) тоормос хэвийн ажиллагаатай байна. Зогсоолын тоормос зогссон. Зүүн талын гэрлийн чадал ойр дээрээ 11800cd, хол дээрээ 21800cd, баруун талын гэрлийн чадал ойр дээрээ 10000cd, хол дээрээ 18100cd байна. Урд капод зүүн талдаа 25х5см орчим хэмжээтэй хонхойсон, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -10,6мм (стандарт 5мм) буюу тохиргоо алдагдсан байна. Урд капод зүүн талдаа 25х5см орчим хэмжээтэй хонхойсон нь ослын өмнө болон ослын дараа үүссэн эсэхийг тогтоох боломжгүй. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 10,6мм (стандарт 5мм) байгаа нь ослоос өмнө ашиглалтын явцад үүссэн хуучин эвдрэл гэмтэл байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -10,6мм(стандарт 5мм) байгаа нь ослоос өмнө ашиглалтун явцад үүссэн хуучин эвдрэл гэмтэл байна. Энэ нь зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй гэх шинжээч нарын дүгнэлт /хх-ийн 92-93 тал/,

 

Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 186 дугаартай:

Тоёота Кровн 41-89 БРА улсын дугаартай автомашины жолооч Балжиннямын А нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.4. “Тээвийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэх магадлагаа /хх-ийн 97 тал/, 

 

Шүүгдэгч Б.Аын мөрдөн байцаалтанд өгсөн:

2019 оны 03 дугаар сарын 30-ны 18 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн нутаг Дүнжингарав худалдааны төвөөс өөрийнхөө эзэмшлийн 41-89 БРА дугаартай Тоёота Кроун маркын автомашиныг жолоодоод ганцаараа ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгээ Багануур орохоор хөдлөөд явсан.Ингээд Дүнжингарав худалдааны төвөөс хөдлөөд 5-6 км газар 1 дүгээр эгнээгээр явж байхад миний зүүн урд талд буюу 2 дугаар эгнээнд явж байсан 2 суудлын автомашины араар гэнэт нэг хүүхэд рольктой ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа буюу миний зүүн гар талаас зам хөндлөн ороод ирэхээр нь хурдаа хасаад явах үед нөгөө хүүхэд нэг зогсох гэснээ зогсоогүй шууд тэр чигээрээ урагшаагаа зам хөндлөн явахаар нь шууд тоормос гишгээд жаахан баруун гар тийшээгээ жолоогоо дараад замын урд талын хашлага шүргээд хашлага давалгүй чигээрээ яваад уг хүүхдийг машины зүүн урд хэсгээр мөргөхөд нөгөө хүүхэд миний машины хамар дээгүүр даваад замын хажуу урд талын шороон хэсэг дээр унасан. Би тэр үед зогссон. Ингээд би машинаасаа буух гээд хамгаалах бүсээ тайлж байхад машинд мөргүүлсэн хүүхэд баруун хажуу талд уйлж байгаа сонсогдсон. Миний машины баруун урд талын цонх бүтэн онгорхой байсан юм. Би бүсээ тайлчихаад машинаасаа буугаад мөргүүлсэн хүүхэд дээр явж очиход мөргүүлсэн хүүхэд дээшээ харсан байдалтай их өндөр амьсгаатай цээж нь оволзож байсан. Би шууд 102 руу утсаараа дуудлага өгсөн. Миний араас нэг машин ирж зогсоод нэг залуу бууж ирээд 103 руу дуудлага өгсөн. Эхлээд замын цагдаа ирсэн. 30-40 минутын дараа түргэн ирж мөргүүлсэн хүүхдийг үзээд нас барсан байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 тал/,

 

-Гэмт хэрэг гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/,

-Зам тээврийн осол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-18 тал/,

-Цогцосонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /18-20/,

-Амь хохирогч Ө.Мөнх-Эрдэнийн тухайн үед өмсөж явсан хувцас болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21 тал/,

-Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-ийн 23-24 тал/,

-амь хохирогчийн төрсний бүртгэлийн гэрчилгээ болон нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 29 тал/, 

 -Хохирлын талаарх баримтууд /хх-ийн 33-61 тал/,

 -Дуудлага, мэдээллийн бүртгэлийн систем /хх-ийн 71 тал/,

 -Дуудлагын лавлагаа /хх-ийн 76 тал/,

 -Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 78 тал/,

 -Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 95 тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

-Хавтаст хэргээс шүүгэдэгч Б.Аын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 104 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 106 тал/, жолоочийн үнэмлэхний хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 107 тал/, жолоочийн лавлагаа /хх-ийн 108 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 109 тал/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 112 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 115 тал/, бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирол төлсөн баримтуудыг шинжлэн судлав.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, яллагдагчаас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 3 дугаар сарын 30-ны орой 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дүнжингарав худалдааны төвийн зүүн зүгт Улиастай гүүр явах замд “Тоёота Кроун” маркийн 41-89 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх заалт “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч /10 настай/ Ө.Мөнх-Эрдэнийг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Тухайн зам тээврийн осол гархад явган зорчигч Ө.Мөнх-Эрдэнэ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6, 5.12-т заасан заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй хэдий ч шүүгдэгч Б.А нь Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн зорчих хурдыг суурин газарт 60 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн, мөн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зураг зэргээс харахад жолоочийн аюулыг харснаас хойшхи самбаачлага дутаж, тухайн нөхцөл байдалд бодитойгоор үнэлэлт өгч оновчтой арга хэмжээг авч чадаагүй байна. Зам тээврийн осол болоход зам орчны байдал нөлөөлөөгүй байна. 

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Шүүх шүүгдэгч Б.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Аын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн төрлийн гэмт хэргийн болгоомжгүйгээр үйлдэгддэг байдал, амь хохирогчийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой байна.

 

Харин жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон дариу биелүүлж, хугацааг тооцохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Б.Аын 100940 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Цаашид уг гэмт хэргийн улмаас үүссэн хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй. 

 

Шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Өлзийдхүүд 1.561.383 төгрөгийн хохиролыг шүүгдэгч Б.Ааас гаргуулан олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.      

Шүүгдэгч Б.Аын өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.А нь шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд хохиролыг төлж барагдуулсан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.3, 36.4, 36.5 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Аыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр гурван жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Ат хорих ял оногдуулахгүйгээр гурван жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.3, 182 дүгээр зүйлийн 182.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд Б.Ат хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Хэргийн учир шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролын талаарх баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Аын 100940 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ